Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00674

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00674

 

 

 

БТН- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/00516 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч БТН- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч м.Э,, Э.Г нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 930 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, хариуцагчийн итгэмжэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, нар ирснийг илтгэв. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч БТН- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч БТН- ХХК нь хариуцагч нартай 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 60 хоногийн хугацаатай, 6% хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нар гэрээний хугацаанд нийт 740.000 төгрөг төлсөн. Төлсөн мөнгөнөөс 1 сарын хүү 180,000 төгрөг буюу нийт 380.000 төгрөгийн хасаж тооцсон. Зээлийн үндсэн төлбөрт 2,620,000 төгрөг ба талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1-т зааснаар алдангийг үндсэн төлбөрийн 50 хувиар тооцоход 1.310.000 төгрөг болох ба нийт 3.950.000 төгрөгийг хариуцагч нараас гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч м.Э,, Э.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх лангуу ажиллуулдаг ба нэхэмжлэгч байгууллагаас байнга мөнгө зээлдэг байсан. Өмнөх гэрээний дагуу манайх илүү төлөлт хийсэн тул үүнийг хасах нь зүйтэй гэж үзэж байна. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөгийн гэрээ хийсэн боловч 2.970.000 төгрөгийг хүлээн авсан буюу дутуу өгсөн. Хариуцагч нар 837.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр буцааж өгсөн. Мөн 740.000 төгрөгийг цувуулж байгаад төлсөн. 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 200.000, 8 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 6 дугаар сарын 24-ний өдөр 100.000 төгрөг, 80.000 төгрөг, нийт 1.577.000 төгрөгийг төлсөн. Тэгэхээр зээлийн үлдэгдэл 1.393.000 төгрөг, алдангид 696.500 төгрөг, нийт 2.089.500 төгрөгийг төлж болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр үйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч м.Э,, Э.Г нараас 3.879.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БТН- ХХК-д олгон, үлдэх 50.400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 77.830 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, хариуцагчаас 77.023 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид огож шийдвэрлэжээ.

Хариуцагч м.Э,, Э.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээний төлөлтөнд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 837.000 төгрөгийг хариуцагчийн дансанд буцааж төлсөн ба энэ талаарх хариуцагчийн гаргаж өгсөн банкны баримтыг шүүх банкны тэмдэггүй гэж хүлээн аваагүй. 837.000 төгрөгийг төлсөн талаарх баримт болон нэхэмжлэгчийн дансны хуулгыг гаргуулах хүсэлтийг шүүх хүлээн аваагүйгээс энэ 837.000 төгрөг тооцогдоогүй. Нэхэмжлэгчийн дансны хуулга гаргуулах хүсэлтийг шийдвэрлэлгүй шүүх хуралдааныг хийж хариуцагч нарыг хохироосонд гомдолтой байна. Иймд 3.879.600 төгрөг төлүүлэх шийдвэрийт бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч "БТН-" ХХК хариуцагч м.Э,, Э.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 930 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд бичгээр хийгдсэн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч "БТН-" ХХК нь зээлдэгч м.Э,, Э.Г нарт 3 000 000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3, 286 дугаар зүйлийн 286.5 дах хэсэгт тус тус нийцжээ. /хх-3, 4/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж дүгнэсэн үндэслэлтэй байхаас гадна хэрэгт авагдсан 201806064 дугаартай барьцааны гэрээний агуулга /хх-ийн 5-7/, нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг /хх-ийн 8/ зэргээс үзэхэд барьцаалан зээлдэх журмаар зээл олгосон гэж үзэхээр байна.

 

Зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн болох нь хариуцагч Э.Гын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон, энэ талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнд зааснаар 3 000 000 төгрөг шилжүүлэх байтал 2 970 000 төгрөг /хх-ийн 10/ шилжүүлсэн байх тул хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүргийг зээлийн үндсэн төлбөр 2 970 000 төгрөг, түүний хүү 356 400 төгрөг, нийт 3 326 400 төгрөг болно.

Шүүх хариуцагч нарын төлсөн 740 000 төгрөгийг хасаж тооцсон нь зөв байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нар 837.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр буцааж өгсөн гэж тайлбарласныг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр энэ талаар тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нар 837.000 төгрөгийг төлсөн болохыг хүлээн зөвшөөрсөн болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нар 837.000 төгрөгийг өмнөх зээлд төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч өмнөх зээлтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих 3 326 400 төгрөгөөс 740 000 төгрөгийг болон 837 000 төгрөгийг тус тус хасч тооцоход 1 749 900 төгрөг болох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүнг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж алданги 874 700 төгрөг, нийт 2 624 100 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаагийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/00516 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын 3 879 600 төгрөг гэснийг 2 624 100 гэж, 50 400 гэснийг 1 305 900 гэж, 2 дах заалтын 77 023 гэснийг 56 936 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 77 000.30 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ