| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/1027/Э |
| Дугаар | 1095 |
| Огноо | 2018-07-31 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 1095
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч /томилолтоор/ И.А, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт Э.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806043070901 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өлгийн 2 дугаар гудамжны 17 тоотод оршин суух 7 настай эмэгтэй С.М гэртээ байхад нь цонхоор нь орж, хүч хэрэглэхээр заналхийлж 2 ширхэг гар утас дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр насанд хүрээгүй хохирогч мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 16-18/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Бн өгсөн мэдүүлэг /хх-н 19-20/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч И.С өгсөн мэдүүлэг /хх-н 21-23/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6415 дугаартай дүгнэлт /хх-н 27/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-н 33-36/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 37-38/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Э.Б өгсөн мэдүүлэг /хх-н 51/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 66/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалагаас Э.Б нь 2018 оны 5 дугаар сарын 16-ны Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өлгийн 2 дугаар гудамжны 17 тоотод оршин суух 7 настай эмэгтэй С.М гэртээ байхад нь цонхоор нь орж, хүч хэрэглэхээр заналхийлж 2 ширхэг гар утас дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Б 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Өлгийн 2 дугаар гудамжны 17 тоотод оршин суух 7 настай эмэгтэй С.М гэртээ байхад нь цонхоор нь орж, хүч хэрэглэхээр заналхийлж 2 ширхэг гар утас дээрэмдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч С.М өгсөн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 17 тоотод байшиндаа би унтаж байгаад 17 цаг 38 минутын үед сэрэхэд гэрт хүн байхгүй ээж гаднаас түгжээд дүүг цэцэрлэгээс авахаар явсан байсан. Тэгээд би ээж ирж байна уу гээд цонхоор харсан чинь нэг үл таних эрэгтэй цэнхэр саравчтай малгайтай хүн хашааны хаалганы хажуу хэсгээр шагайж байснаа хаалганы уяаг нь татаад хашаа руу ороод ирсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө цэнхэр өнгөтэй дэлгэдэг гар утсаараа эмээгийнхээ 96671557 дугаарлуу залгаад эмээ цэнхэр малгайтай хүн хашааны хаалгаар ороод ирлээ гэж хэлсэн тэгтэл нөгөө хүн байшин руу ойртож ирээд гал тогооны цонхоор түгжээгүй байсан цонхоор түлхээд эхлээд хөлөө оруулаад толгойгоо, нөгөө хөлөө оруулсан. Тэгэхээр нь би эмээд утсаар нөгөө хүн гэрт цонхоор ороод ирлээ гэж хэлээд утсаа тасалсан. Тухайн үед би дээд өрөөрүүгээ шатаар гараад орчихсон. Тэгээд би шатан дээр очоод хартал тэр хүн орж ирээд том өрөө рүү шагайгаад шатаар дээшээ дээд давхар руу гарч миний байгаа баруун талын өрөө рүү орж ирсэн. Би орон дээрээ суугаад байж байтал надруу ойртож ирээд миний ойролцоо орон дээр суугаад намайг дуугарах юм бол ална шүү гэж хэлсэн. Тухайн үед тэр эрэгтэй надад ямар нэг юм хэлээгүй, үнсчихээд орон дээр дуугарч байсан миний гар утсыг аваад халаасандаа хийгээд доошоо буусан. Тэгээд хаалгаа яг одоо онгойлгоодох гэхээр нь хаалга цоожтой байгаа цонхоор гар гэж хэлсэн. Тухайн үед би уйлсан байдалтай байсан. Би тэр хүнийг хашаа руу орж ирээд манайх руу явахыг хараад айгаад шууд уйлсан. Тэгээд уйлсан байдалтай эмээ рүү ярьсан. Тэгээд тэр хүнийг явсаны дараа манай хажуу айлын хүн ирээд ээжийгээ иртэл агаагийнхаа гэрт байж бай гэсэн. Тэгээд би гутлаа өмсөөд цонхоороо гараад тэдний гэрт нь очсон. Тэгээд ээж ирсэн...тэр хүн манай дүүгийн цагаан өнгийн товчлууртай гар утсыг авсан байсан.” гэх мэдүүлэг /хх-н 16-18/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Б өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр би Баянзүрх дүүргийн 22-р хороо өлгийн 2-17 тоот гэртээ 7 настай охиноо үлдээгээд дүүг нь цэцэрлэгээс авахаар гараад эргээд 17 цаг 50 минутын үед гэртээ ирсэн. Намайг цэцэрлэг дээр байхад ээж Сайнтуяа над руу залгаад охин чинь уйлаад над руу ярьлаа гэрт цэнхэр малгайтай хүн орж ирсэн гэж ярьсан. Тэгээд шууд гэр рүүгээ явсан. Ээж бид хоёр зэрэгцээд гэртээ очсон. Би цэцэрлэг дээр байхдаа хөрш Соёлоо гэх хүн рүү яриад манай охиныг хараад өгөөч манай охин уйлаад байна гэсэн. Тэгээд гэр рүүгээ ороход манай охин байхгүй хажуу айлд байсан. Тэгээд охинтойгоо уулзаад юу болсон талаар асуухад нэг эрэгтэй хүн цонхоор орж ирсэн. Ойролцоогоор 17 цаг 47 минутын үед орж ирсэн, тэр хүнээс архи үнэртэж байсан гэсэн. Согтуу цэнхэр саравчтай малгайтай хөгшин хүн байсан гэсэн. Тэр хүн орж ирэхээр нь манай охин айгаад дээд өрөө рүүгээ гүйгээд гарсан чинь араас нь гарч ирээд нүүр, дух, хацар хэсгээр нь үнсээд дуугарах юм бол ална шүү гээд rap утсыг нь аваад буцаад цонхоор гараад явсан гэж хэлсэн. Тэгээд хэлснийх нь дагуу цайз орчмоор явж байгаад цайзын уулзварын замын баруун урд талд байх түүхий эд авах цэгийн гадаа цэнхэр малгайтай хүн сууж байхаар нь очиж уулзаад гар утсаа авъя, чи яахаараа гэр рүү ордог юм гэтэл би аваагүй гэсэн. Гэр рүү ороогүй гэж хэлээд байсан, тэгтэл тэр өөрөө цагаан өнгийн Нокиа маркийн гар утсыг гаргаж ирээд өгсөн, тэгтэл цаанаас түүхий эд авдаг эмэгтэй нөгөө утсыг нь барьчихсан энэ мөн үү гээд өгсөн. Тэгээд тэр эрэгтэйг цагдаа аваад явсан” гэх мэдүүлэг /хх-н 20/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нийт 68 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди ирсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.