Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/18

 

Д.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

    Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:

    прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Х-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Д.Х-т холбогдох, 2435000000239 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

       Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Д-ийн Х.

1. Холбогдсон хэргийн талаар:

       Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны үед Увс аймгийн х сумын х дүгээр багийн нутгаас хохирогч Ц.Б-ийн 5 тооны адууг /олон тооны бод мал/ хулгайлж хохирогчид 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

     2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

      3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолоор:

       - шүүгдэгч Т ургийн овогт Д-ийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

      - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Х-г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

        - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Х-т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/17 дугаартай тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 27 /хорин долоо/ хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 4 /дөрөв/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар тогтоож,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Д.Х-т оногдуулсан 5 /тав/ жил 4 /дөрөв/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

       - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Х-с гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан уналга болох морины үнийг буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж хохирогч Ц.Б-т олгож,

       - шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

        - Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-с гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 2,300,000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Б-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Б-ийн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

      - шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

     4. Шүүгдэгч Д.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

     “... Би эхнэр, 2 хүүхдийн хамтаар Увс аймгийн х суманд мал маллаж амьдардаг. Би өөрийн хийсэн хэргээ ойлгож ухамсарласан ба дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Би 5, 12 насны 2 хүүхэдтэй ба манай ар гэрийн амьдрал миний эхнэрийн нуруун дээр ирсэн. Миний төрсөн дүү тархины хүнд өвчтэй, ээж маань унаж татах өвчтэй, эмэгтэй дүү маань хэл ярианы бэрхшээлтэй. Миний амьдралын энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг багасгаж, хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэжээ.

      5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа.

      Хавтаст хэргийн 3-р талд, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг хэд хэдэн мөрдөгчид даалгасан мөрдөн шалгах тасгийн даргын тогтоол байгаа. Тухайн тогтоолыг эрх бүхий этгээд буюу мөрдөн шалгах тасгийн дарга Т.А гаргажээ гэж үзэх үндэслэл, тухайн албан тушаалтны гарын үсэг, тамга байхгүй. Ингээд мөрдөн шалгах ажиллагааг С.Н-аар ахлуулаад А.Л, Т.Е гэх мөрдөгч нарт үүрэг болгосон. Тэгвэл үүнийг мөрдөн шалгах тасгийн дарга Т.А-ийн шийдвэр гэж үзэх үү, нэр дурдагдсан мөрдөгч нар нь тодорхой мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдаг. Тухайн гомдол мэдээлэл нь анх хэсгийн төлөөлөгч А.Л-д цохолтоор ирсэн, үүнд нэмэлтээр С.Н, Т.Е нар орж ирсэн. Тухайлбал С.Н-ийн хавтаст хэргийн 24 дүгээр талд гэрч Б.Э гэх хүнээс мэдүүлэг авсан мөрдөгчийн ажиллагааг хууль ёсны гэж үзэх үү. Мөн 80 гэж дугаарлагдаад араас нь дугааргүй хуудас орж ирээд үүнээс хойш дугаар алдагдсан асуудал байгаа. Прокурорын байгууллагаас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Ц1-1570 албан бичгээр 80 хуудастай хэргийг шүүхийн байгууллагад шилжүүлсэн. Дугааргүй нэг хуудас орж ирсний араас энэ хэргийн дугаар өөрчлөгдөөд явчихсан байна. Ийм эргэлзээтэй зүйлсийг үндэслэл журмын дагуу бэхжигдсэн нотлох баримт гэж үзэх үү, хууль ёсны байх шаардлагыг хангаж байна уу гэдэг асуудал байгаа юм.

     Миний үйлчлүүлэгчийн хувьд шийтгэх тогтоол гарсны дараа гэм буруугаа хүлээж, хохирогчид учруулсан хохирлыг төлье гэдэг агуулгаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Мэдээж өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ байр суурийг илэрхийлж хамгаалж оролцдог субъект. Анхан шатны шүүхээс өмнөх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэсэн. Тэгэхээр 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2-т заасан хуулийн үйлчлэлд хамаарах цаг хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сард хоёр удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон тул шүүхээс 4 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу 4 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон. Үйлдсэн гэмт хэрэг нь өршөөлд хамрагдсан байхад эдлээгүй үлдсэн ялыг хорих ялаар сольж, нэмж нэгтгэх нь эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гэж харж байна. Өршөөлд хамрагдаад шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа дахин гэмт хэрэг үйлдэж байгаа

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор, хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасан. Иймд тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд тохирч байна. Нэмж нэгтгээд байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж тайлбарлаад байгаа юм. Учир нь өршөөлд хамрагдсан хугацаандаа зорчих эрхийг хорих ялаар солих үндэслэл бүхий тогтоосон бүсийг зөрчсөн, таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн гэх мэт асуудал гаргаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор байсан.

      Иймд хорих ялын доод хэмжээ оногдуулж өгөөч, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нь тусад нь эдлүүлж өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлж, дүгнэлтээ гаргаж байна” гэв.

        6. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “Д.Х нь бусдын олон тооны мал хулгайлсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Түүний үйлдсэн гэмт хэрэгт анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгчийн давж заалдах гомдолтой танилцсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болохоор эрх хэмжээ олгогдсон учраас хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэх байх гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

     7. Шүүгдэгч Д.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, мөн гомдлоо дэмжиж оролцож байна. Иймд миний эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү ” гэв.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Д.Х-ын давж заалдсан гомдлыг үндэслэн, түүнд холбогдох, 2435000000239 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

      2. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Х-ыг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны үед Увс аймгийн х сумын х багийн нутгаас хохирогч Ц.Б-ийн 5 тооны буюу олон тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.    

      3. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Х-т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/17 дугаартай тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 27 /хорин долоо/ хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 4 /дөрөв/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг шүүгдэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

      4. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаргахдаа дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

      4.1. Шүүгдэгч Д.Х-т урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байх бөгөөд тэрээр уг ялаа эдэлж дуусаагүй байна.

     4.2.  Хэрэгт авагдсан, Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/1378 тоот албан бичиг /хх-ийн 53-р тал/-т:  Д.Х-ын эдэлж буй зорчих эрхийг хязгаарлах ялыг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон тооцоход:

       Эдэлбэл зохих: 4 жил /1460 хоног/

        Эдэлсэн хоног: 2 жил, 27 хоног /757/

        Шагналын хоног: 3 сар, 17 хоног /107/

     Эдлээгүй үлдсэн хоног: 1 жил, 7 сар, 21 хоног /596/ хоног байна” гэж тусгагдсан байгаагаас дүгнэхэд, шүүгдэгч Д.Х нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар эдлээгүй 1 жил, 7 сар, 21 хоногийн ялтай байжээ.

     Харин 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Д.Х-ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээ тодорхойгүй, тэрээр 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш уг ялаа эдэлсэн эсэх, эдэлсэн бол хэдий хэмжээний ял эдэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар шагналын хоног авсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

     Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Х-т холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэж гаргасан шийдвэртээ: “шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхийг зогсоосон, дуусгавар болгосон үйл баримт хэрэгт тогтоогдоогүй ба шүүгдэгч 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 84 хоногийн ялыг эдэлж, 1 жил 4 сар 17 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байна” гэх дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

      5. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нотлох баримтад үндэслэн тооцоолоогүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасан “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

       6. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл, 39.7 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарч, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байх  ба давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд зөвтгөн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

     7. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн  “...шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

      8. Шүүгдэгч Д.Х-т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

      2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Х-т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

     3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.МӨНХЖАРГАЛ

                                                               ШҮҮГЧ                                Ж.ОТГОНХИШИГ

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН