| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0101/Э |
| Дугаар | 273 |
| Огноо | 2018-02-26 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Х.Ням-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,
хохирогч Д.Отгонсүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа ҮД:03-12,
шүүгдэгч Ө.Г,
иргэдийн төлөөлөгч М.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Их газрын чулуу овогт Ө.Г яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0353 10390 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ө.Г
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Ө.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Отгонсүрэнг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Г мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 18-ны үүрээр 04 цагийн үед манай дүү охин Гантуяа, эгч Ганхөлөг нарыг Отгонсүрэн оролдсон гэх шалтгаанаар маргалдаж би шүүгээн дээрээс хутга авсан. Нэг мэдсэн чинь хутга нь дүрэгдсэн байсан. Хамгийн гол нь би Отгонсүрэнг ямар хүн гэдгийг мэднэ. Өмнө нь эмэгтэй хүнтэй холбоотой асуудлаас болж Отгонсүрэн бид хоёр хүнд зодуулж байсан. Би айлгах зорилготой байсан ба дүрчихье гэж бодоогүй. Куртикийг нь сөхөж үзээд хутга дүрэгдсэн гэдгийг мэдсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Отгонсүрэн мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ө.Г бид хоёр түрээсэлдэг нийтийн байрандаа архи, пиво уугаад дүү нар нь бас ууж байна гэхээр нь таксидаж очсон. Тэгээд Сансар руу Ө.Гийн дүү Гантулга, Ганбаатар, Нямка болон найз охин нь, Нангаа нарын нийт 6 хүн явсан. Тэгээд байж байгаад Ө.Гтэй явган хэрүүл хийж, чи дүүг чангаасан байна гэсэн. Би тэгээгүй гэдгээ хэлсэн. Хоолонд орчихоод Ө.Гийн эгчийнх рүү хонохоор явсан. Нямка, Ганбаа хоёр биднийг буулгасан. Тэгээд унтах гэхэд Ө.Г дүү охиноо дуудаад байсан. Дүү нь босч ирэхгүй байхад загнасаар байгаад босгож ирээд асуусан ба дүү нь тэгсэн ч гэж хэлээгүй. Батнаа гэх ах тэр гэрт байсан тул та үнэнийг хэлээч гэж дуудаад эргээд босоход миний зүүн тал руу хутгалсан. Тэгээд би газарт унасан. Хүмүүс бужигнаж түргэн дуудсан. Цэргийн госпитал дээр ирээд Маргад гэх дэслэгч тайлбар авсан. Надад баримтаар нэхэмжлэх зүйл алга. Гэхдээ би гомдолтой байна. Эмчилгээ хийлгэмээр байна, анхаарал халамж тавьчих, 2-3 сар цалингүй, ажил хийх боломжгүй байна. Хэрвээ мөнгө өгчихвөл гомдолгүй гэж хэлнэ. Чамайг ч гэсэн бодож байна гэж хэлсэн. Одоо баримтаар нэхэмжлэх зүйл алга гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Отгонсүрэнгийн: …Өчигдөр 02 цагийн үед Сансарт найз Ө.Г тэй караокед дуулж байгаад ухаан тасраад найз Ө.Гийн эгч Ганхөлөгийнд хонохоор очоод үл ялих зүйлээр маргалдаад байж байтал найз Ө.Г хутга бариад авахаар нь чаддаг юм бол дүрчих гэхэд миний зүүн талын хавирга руу хатгачихсан юм. Тэгээд бага зэрэг цус гараад 103 дуудаад энд хүргэгдэж ирсэн. Тухайн үед Ө.Г бид хоёр л байсан. Ө.Гийн утас 99725715. Надад одоо гомдол санал байхгүй. Миний буруутай зүйл байгаа…гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Ө.Ганхөлөгийн: ...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 07 цагийн үед манай төрсөн дүү Ө.Г найз Отгонсүрэнгийн хамтаар гэрт ирсэн. Бид нар бүгд унтаж байсан. Тэгтэл нөгөө өрөөнд байсан хамгийн бага отгон дүү Гантуяаг Ө.Г сэрээгээд энэ чамайг буудал руу явъя гэж хэлсэн нь үнэн юм уу гэж асуухад Гантуяа тийм ээ, та тэгээ биз дээ гэж Отгонсүрэнд хэлж байсан. Би хажуу өрөөнд нь сонсоод хэвтэж байсан. Тэгсэн Ө.Г чи ч охин дүүтэй, би ч охин дүүтэй, чи тэгж хэлсэн нь үнэн юм байна шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн Отгонсүрэн нь тэгээд чи яах юм бэ гэж хэлээд пижигнээд түжигнээд чимээ гарсан. Би тэгэхээр нь босож хувцсаа өмсөөд очтол аль хэдийнэ хутга болчихсон байсан. Би тэр хутгыг урьд өдөр нь хүүхдэд талх зүсээд ширээн дээрээ үлдээчихсэн байсан юм. Ийм л асуудал болсон. Хутгалж байхыг нь би бол хараагүй. Харин хоорондоо дээрх асуудлаас болоод маргалдаж байсныг нь сонссон. Хүрэн иштэй хутга байсан. Манайх угаасаа ганц хутгатай, бусад нь заазуур байдаг юм…гэх мэдүүлэг /хх-н 23-24 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч С.Бат-Эрдэнийн: …2017 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө би гутал хийж байгаад үүрээр унтсан. Тэгсэн гэнэт өглөө нойрон дунд хүмүүс орж ирээд шуугиад явчихсан. Тэгсэн Ө.Г эмэгтэй дүүгээ сэрээгээд энэ чамайг гараад буудал оръё гэж чангаасан биз дээ гэж хэлсэн. Тэгсэн хохирогч гэх залуу нь би тэгээгүй гэсэн. Тэгсэн эмэгтэй дүү нь та тэгээ биз дээ намайг гараас чангаагаад буудал оръё гэсэн шүү дээ гэсэн. Тэгээд би тэр хоёрыг одоо унт гэж хэлээд хэвтэж байсан чинь Отгонсүрэн гэх залуу нь босоод ирсэн. Ө.Г нь ч босоод ирсэн. Тэр хоёр хоорондоо барилцаад авсан. Хохирогч нь гэнэт ёолоод уначихсан. Тэгэхээр нь би Ө.Г т хандаж чи яасан юм бэ, хутгалчихсан юм уу гэж асуухад үгүй гэсэн. Тэгсэн эгч Ганхөлөг нь босоод ирсэн. Чи хүн хутгалчихаж байгаа юм уу гэж асуусан чинь Ө.Г үгүй гэсэн. Тэгэхээр нь би хохирогч залуугийн куртикийг сөхөж үзсэн чинь хутгалчихсан байсан. Ганхөлөг нь түргэн тусламж, цагдаа дуудъя гэсэн. Тэгсэн Отгонсүрэн нь цагдаа дуудаж яах юм бэ гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,
Батлан Хамгаалахын Эмгэг Судлал Шүүх Эмнэлгийн Лабораторийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 595 дугаартай акт:
1. Д.Отгонсүрэнд цээж, хэвлийн хөндийд нэвтэрч өрц гэмтээж, хэвлийн хөндийн цус хураагаар хүндэрсэн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж амь насанд аюултай ШЭГЗТЖ-ын 3.1.11-д заасан хүнд зэргийн гэмтэл болно.
3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.
Шинжээч эмч, ахлах дэслэгч Д.Баасансүрэн гэх дүгнэлт /хх-ийн 9-11 дүгээр тал/,
- Шүүгдэгч Ө.Г ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42 дугаар/ тал,
- Шүүгдэгч Ө.Г ийн ял шалгах хуудас болон өмнө нь ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35, 36-41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд Ө.Г нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Отгонсүрэнг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Отгонсүрэнг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Ө.Г ийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ө.Г нь зэвсэг хэрэглэн бусдын эрх чөлөөнд халдаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Прокуророос шүүгдэгч Ө.Г ийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Г нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор устгах нь зүйтэй байна.
Хохирогч Д.Отгонсүрэн нь эмчилгээ хийлгэсэн гэх боловч холбогдох нотлох баримтаа хавтас хэрэгт болон шүүх хуралдаанд ирүүлээгүй байх тул шүүгдэгч Ө.Г ийг одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Д.Отгонсүрэн нь эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Ө.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, хэсэгт болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. И овогт Ө.Г ийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Ө.Гийг 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ө.Гт оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ө.Г нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
6. Хохирогч Д.Отгонсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ӨСӨХБАЯР
Э.ЧИНГИС