| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2435000150160 |
| Дугаар | 2025/ДШМ/19 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 22.4.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/19
Ж.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Я.Батханд, Д.Батбаяр, О.Баярбаясгалан /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Я.Батханд, Д.Батбаяр нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ж.О-д холбогдох, 2435000150160 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, З овогт Ж-ын О.
1. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.О нь Увс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар байгуулагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Х суманд “С” ХХК-ийн нийлүүлэх автомашиныг хүлээн авах ажлын хэсэгт ороогүй атлаа 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус компаниас нийлүүлэх тээврийн хэрэгслийг Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах аймгийн Засаг даргын Тамгын газрын урд талын зогсоол дээр иргэн Э.М, Ч.О нар авч ирж танилцуулах үеэр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, иргэн Э.М-с дамжуулан “С” ХХК-аас 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,
мөн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “С” ХХК-ийн захирал Э.Б-ийн х дугаарт өөрийн х дугаараас залгаж, “С” ХХК-иас тендерт шалгарсны дагуу нийлүүлж байгаа автомашиныг хүлээн авахтай холбогдуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж “С” ХХК-ийн захирал Э.Б-с 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяагаас шүүгдэгч Ж.О-д Эрүүгийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч З овогт Ж-ын О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-т заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөхийг шаардах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.О-н нийтийн албанд ажиллах эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил хорих ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ж.О-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
- шүүгдэгч Ж.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
- шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
- Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг CD дискийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгчийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нийтийн албан тушаалтан хахууль өгөхийг шаардах...” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” мөн зүйлийн 1.3-т заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн...” гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:
Анхан шатны шүүхээс 1-р хавтаст хэргийн 15-р талд авагдсан CD бичлэгийг нотлох баримтаар тооцож, миний үйлчлүүлэгч Ж.О-г хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ гол нотлох баримт болгосон. Гэтэл уг CD бичлэгийг мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар тооцоогүй, уг CD-д үзлэг хийгээгүй, тэмдэглэл үйлдээгүй, CD-г мөрдөгчийн зүгээс нотлох баримтаар тооцож бэхжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүхээс CD бичлэгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ...” мөн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ...” гэж хуульчилсан.
Өөрөөр хэлбэл мөрдөгчийн зүгээс иргэн Э.М-с гаргаж өгсөн гэх CD-г эд мөрийн баримтаар тооцож тогтоол үйлдэн, уг CD-д юу байгаа талаар үзэж, мөрдөгч тэмдэглэл үйлдэн бэхжүүлж авснаар нотлох баримтад тооцогдож үнэлэхээр байна. Уг нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх үүрэг нь шүүхэд биш хуулиар зөвхөн мөрдөгчид олгогдсон байна. Гэтэл шүүх CD-г нотлох баримтаар тооцож, шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй...” гэсэн заалтыг зөрчсөн байна.
- Нотлох баримтаар тооцохгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар
2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Ж.О-д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс 1-р хавтаст хэргийн 15-р талд авагдсан CD бичлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан, уг CD-г мөрдөгчийн зүгээс эд мөрийн баримтаар тооцоогүй, үзлэг хийж тэмдэглэл үйлдээгүй тул нотлох баримтаар тооцохгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно... ”
Мөн хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргах эрхтэй...” гэж заасан бөгөөд өмгөөлөгчийн зүгээс дээрх хуулийн заалтад үндэслэж хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс хүсэлтийг шийдвэрлээгүй, шийдвэрлэсэн талаар ямар нэгэн эрх зүйн акт гаргаагүй байдаг.
Шүүхийн зүгээс дангаар шүүгч хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүхэд гаргасан хүсэлтийг дангаар хянан шийдвэрлэж захирамж гаргадаг. Гэтэл анхан шатны зүгээс өмгөөлөгчийн амаар гаргасан нотлох баримтаар тооцохгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн тухай хуулийн 22.5 дугаар зүйлийг зөрчсөн зөрчил болсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хуульчилсан.
Энэ тохиолдолд миний үйлчлүүлэгч Ж.О-г Увс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар байгуулагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Х суманд “С” ХХК-ийн нийлүүлэх автомашиныг хүлээн авах ажлын хэсэгт ороогүй атлаа 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус компаниас нийлүүлэх автомашиныг хүлээн авахтай холбогдуулан тус компаниас Э.Маар дамжуулан 5,000,000 төгрөг, мөн өдөр өөрийнхөө эзэмшлийн х дугаараас С ХХК-ийн захирал Э.Б-ийн х дугаарт залгаж 5,000,000 төгрөг хахууль өгөхийг шаардсан...” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, Ж.О-тай Э.М утсаар ярьсан гэх CD бичлэгийг нотлох баримтаар тооцож, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Э.М-ын утсаар бичиж авсан гэх CD бичлэгт гарсан дуу хоолой Ж.О-ын дуу хоолой гэдгийг тогтоож чадаагүй. Уг CD бичлэгт Шүүх шинжилгээний Ерөнхий газрыг шинжээчээр томилж, Ж.О-ын дуу хоолой мөн эсэх дээр дүгнэлт гаргуулаагүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд дээрх CD бичлэгийг эвлүүлэг, миний дуу хоолой биш гэж мөрдөн шалгах ажиллагаанаас авахуулаад шүүхийн хэлэлцүүлэгт хүртэл мэдүүлсэн. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хэт нэг талыг барьж хүсэлтийг хангаагүй.
Шүүхээс CD бичлэгийг дүгнэхдээ “...яг ярианы явцыг Ч.О өөрийн гар утсан дээрээ дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлсэн бөгөөд түүний утас цаг 16 цаг 11 минут, яриа хийж буй Э.М-ын утасны цаг 16 цаг 11 минутыг тус тус зааж байгаа нь уг дуу-дүрсний бичлэг эвлүүлэг биш болохыг нотолж байгаа тул нотлох баримтаар үнэлсэн болно...” гэжээ.
Гэтэл CD бичлэгт гарсан дуу хоолой Ж.О-ынх мөн эсэхийг Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч тогтоогоогүй, шинжээч дүгнэлт гаргаагүй байхад уг бичлэг эвлүүлэг биш гэж шүүх өөрийн санаачилгаар үнэлж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан хуульд нийцэхгүй байна.
Иймд дээрх CD бичлэгт гарсан дуу хоолой Ж.О-ын мөн эсэх, эвлүүлэг байгаа эсэх талаар тусгай мэргэжлийн шинжээчээр Шүүх шинжилгээний Ерөнхий газрыг томилж, дүгнэлт гаргуулах нь хэргийн жинхэнэ бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий байна.
Шийтгэх тогтоолд 19-р тал гэж давхцаж дугаарласан байх бөгөөд сүүлийн 19 гэж дугаарласан талд “...Шүүгдэгч Ж.О-ыг Увс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар байгуулагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Х суманд “С” ХХК-ийн нийлүүлэх автомашиныг хүлээн авахтай холбогдуулан тус компаниас Э.М-р дамжуулан 5,000,000 төгрөг, мөн өдөр өөрийнхөө эзэмшлийн х дугаараас С ХХК-ийн захирал Э.Б-ийн х дугаарт залгаж 5,000,000 төгрөг хахууль өгөхийг шаардсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-т “Нийтийн албан тушаалтан хахууль өгөхийг шаардах” гэмт хэргийн үндсэн шинжтэй байна...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. Тухайлбал
Миний үйлчлүүлэгчийг үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөхийг шаардсан гэж буруутгахдаа 1-р үйлдлийг С ХХК-иас Э.М-р дамжуулан 5,000,000 төгрөг өгөхийг шаардсан гэж буруутгадаг. Өөрөөр хэлбэл С ХХК буюу хуулийн этгээдээс хахууль өгөхийг шаардсан гэж буруутгадаг. С ХХК-иас хахууль өгөхийг шаардсан гэж үзэж байгаа бол С ХХК-ийг хохирогчоор тогтоож хуулийн этгээдийн төлөөлөгчөөс мэдүүлэг авах шаардлагатай байсан. Уг ажиллагааг хийгээгүй.
2-р үйлдлийг С ХХК-ийн захирал Э.Б-с хахууль өгөхийг шаардсан гэж үзэж буруутгасан. Үүнээс үзэхэд С ХХК буюу хуулийн этгээдээс уль өгөхийг шаардсан. Мөн иргэн Э.Б-с хахууль өгөхийг шаардсан мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй болсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хуульчилсан. Гэтэл уг хэргийн жинхэнэ бодит байдлыг тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
...Бодит байдал дээр Э.М гэгчтэй утсаар ярьсан гэх цаг хугацаанд Ж.О нь өөрийн эхнэр Э.Б-той хамт явж байсан бөгөөд болсон үйл явдлыг Ж.О-ын эхнэр Э.Б нь мэдсэн. Энэ талаар Ж.О-ын эхнэр Э.Б-с гэрчийн мэдүүлэг аваагүй. Хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь эргэлзээгүй тогтоох үүднээс хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх Э.Болорыг гэрчээр асуух шаардлагатай байна.
Иймд Ж.О-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” мөн зүйлийн 1.3-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн...” гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэв.
5. Шүүгдэгч Ж.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд, Д.Батбаяр нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ07 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг нотлох талаар зохицуулсан ба Ж.О-д холбогдох 2435000150160 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэрч Э.М-ын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 26-28 дахь тал/, гэрч М.О-ийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 30-31 дэх тал/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 33-34 дэх тал/, гэрч Э.Б-ийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 62-63 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 67-70, 72-77 дахь тал/, гэрч Э.Б-с дахин авсан мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 242 дахь тал/, гэрч Ч.А-ийн мэдүүлэг /244-245 дахь тал/ зэрэг нь зөрүүтэй бөгөөд Ж.О “С ХХК нь тендерт шалгарсан байхад ямар зорилгоор Э.М болон Э.Б нараас 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаад байгаа талаар гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй байна.
Мөн ундны усны автомашин нийлүүлэх ажлыг хүлээлцэх ажлын хэсэг 2023 оны өдөр 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 116-17 дахь тал/-д дарга Б.Б, нарийн бичгээр С ХХК-ийн инженер О.Г, гишүүдээр Б.Н, С.Б, Р.С, Э.Т, З.М нарын бүрэлдэхүүнтэй хуралдсан байх бөгөөд хурлын тэмдэглэлд дарга Б.Б, нарийн бичиг О.Г нар гарын үсэг зурсан байдаг.
Гэтэл Э.Т нь 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн /1-р хавтаст хэргийн 48-49 дэх тал/ байх бөгөөд “манай ажлын хэсэг уг тээврийн хэрэгслийг хүлээн авахаар хуралдсан эсэх талаар мэдэхгүй байна...” гэж мэдүүлсэн.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар зохицуулсан байх бөгөөд Ж.О нь усны автомашиныг хүлээн авах ажлын хэсэгт ороогүй атлаа ...иргэн Б.М-р дамжуулан “С” ХХК-иас 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, мөн “С” ХХК-ийн захирал Э.Б-с 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэж зүйлчлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж хуульчилсан. CD-г нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл бүрдэж байна. Учир эрх нь зөвхөн мөрдөгчид байхад мөрдөгч үүнийг бэхжүүлж, цуглуулж аваагүй, энэ талаар тэмдэглэл үйлдээгүй, хавтаст хэрэгт энэ талаар ямар ч баримт байхгүй. Тийм учраас өмгөөлөгчийн зүгээс энэ баримтыг бэхжүүлснээр үнэлсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Хоёрдугаарт, яг энэ агуулгаар 01 сарын 07-ны өдөр анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2-т зааснаар нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргасан. Энэ хүсэлтийг шүүх хүлээж аваагүй, энэ талаар дуу-дүрсний бичлэг хийгдсэн, хурлын тэмдэглэлд байгаа байх.
Хууль тогтоогчийн зүгээс яагаад энэ заалтыг оруулсан бэ гэхээр нотлох баримт хуульд заасны дагуу авагдаагүйгээс болоод үнэлэх боломжгүй болсон тохиолдолд үүнийг талууд хүсэлт гаргаж хүсэлтээр шийдвэрлэх боломжтой. Энэ заалтыг үндэслээд өмгөөлөгч уг CD-г нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх шийдээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлд хүсэлт гаргаж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ гэж заасан. Энэ нь процесс ажиллагааг зөрчсөн юм.
Гуравдугаарт, CD бичлэгт шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах шаардлагатай талаар өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаж, урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан боловч шүүхээс хангаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж хуульчилсан. Энэ тохиолдолд миний үйлчлүүлэгч Ж.О-г Увс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар байгуулагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Х суманд "С" ХХК-ийн нийлүүлэх автомашиныг хүлээн авах ажлын хэсэгт ороогүй атлаа 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус компаниас нийлүүлэх тээврийн хэрэгслийг Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутагт байрлах аймгийн Засаг даргын Тамгын газрын урд талын зогсоол дээр иргэн Э.М, Ч.О нар нь авч ирж танилцуулах үеэр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж иргэн Э.М-р дамжуулан "С" ХХК-иас компаниас 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, мөн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр "С" ХХК-ийн захирал Э.Б-ийн х дугаарт өөрийнхөө эзэмшлийн х дугаараас залгаж “С” ХХК-иас тендерт шалгарсны дагуу нийцүүлж байгаа автомашиныг хүлээн авахтай холбогдуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж “С” ХХК-ийн захирал Э.Б-с 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэх гэмт хэрэгт тус тус холбож шалгасан.
Ингэхдээ Ж.О нь Э.М-тай утсаар ярьсан CD бичлэгийг нотлох баримтаар тооцож, эрүүгийн үүсгэж яллагдагчаар татсан байдаг. Э.М-ын утсаар бичиж авсан гэх CD бичлэгт гарсан дуу хоолой Ж.О-ын дуу хоолой мөн эсэхийг өнөөдрийг хүртэл шалгаагүй. Энэ талаар шинжээчийн дүгнэлт гараагүй. Өмгөөлөгчийн зүгээс шат шатны байгууллагад миний үйлчлүүлэгчийн дуу хоолой мөн эсэхэд маргаж байгаа учраас шинжээч томилж өгнө үү гэх хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй.
Өөрөөр хэлбэл шүүхэд урьдаас хөдөлбөргүй нотлогдсон нотлох баримт гэж байхгүй. Анхан шатны шүүхээс энэ хүсэлтийг хүлээж аваагүйгээр зогсохгүй CD-нд гарсан дуу хоолойг Ж.О-ын дуу хоолой мөн гэж дүгнэсэн. Урьдаас ийм хөдөлбөргүй нотлох баримт байх ёсгүй. Тухайн бичлэгийн хүрээнд шинжээч томилж, Ж.О-ын дуу хоолой мөн эсэхийг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой. Мөн энэ CD бичлэг дээрх ярианы явцыг Ч.О өөрийн гар утсан дээрээ дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлсэн нь цаг хугацааны хувьд зөрж байдаг. Анхан шатны шүүхээс CD бичлэгийг үнэлсэн нь үндэслэлгүй байна.
Дөрөвдүгээрт, Шийтгэх тогтоолын 19 дүгээр талд шүүгдэгч Ж.О нь Увс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар байгуулагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Х суманд "С" ХХК-ийн нийлүүлэх автомашиныг хүлээн авах ажлын хэсэг”-т орсон эсэхээс үл хамааран бусдаас аливаа хэлбэрээр шан харамж, хахууль өгөхийг шаардахыг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байхад 2023 оны 11 дүгээр сарын 03-ны Увс аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Х суманд “С” ХХК-иас нийлүүлэх автомашиныг хүлээн авахтай холбогдуулан тус компаниас Э.М-р дамжуулан 5,000,000 төгрөг, мөн өдөр өөрийнхөө эзэмшлийн х дугаараас “С” ХХК-ийн захирал Э.Б-ийн х дугаарт залгаж 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан буюу компаниас шаардсан үйлдэл.
Хоёрдугаар үйлдэл нь “С” ХХК-ийн захирал Э.Б-с шаардсан. Энэ нь ойлгомжгүй, компаниас шаардсан гэвэл “С" ХХК-г хохирогчоор тогтоох байсан. Хоёр өөр агуулгаар яллах дүгнэлт үйлдэж оруулсан. Яллах дүгнэлтийг хуулбарлаад шийтгэх тогтоол болгочихсон. “С” ХХК-иас нийлүүлэх автомашиныг хүлээн авахтай холбогдуулан тус компаниас Э.М-р дамжуулан 5,000,000 төгрөг, мөн өдөр өөрийнхөө эзэмшлийн 99212332 дугаараас “С" ХХК-ийн захирал Э.Б-ийн х дугаарт залгаж 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан нь үргэлжилсэн үйлдэл гэж үзсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй. Үргэлжилсэн үйлдлээр хоёр өөр агуулга бүхий дүгнэлт хийсэн, үүнийг зөвтгөх боломжгүй.
Тавдугаарт, Хэрэгт ач холбогдол бүхий гэрчийг байцаагаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн байхад эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
Ж.О-ыг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Х суманд “С” ХХК-иас нийлүүлэх автомашиныг хүлээн авахтай холбогдуулан тус компаниас Э.М-р дамжуулан 5,000,000 төгрөг өгөхийг шаардсан гэж анхан шатны шүүхээс үздэг боловч бодит байдал дээр Э.М гэгчтэй утсаар ярьсан гэх цаг хугацаанд өөрийн эхнэр Э.Б-той хамт явж байсан. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгдөг.
Хууль зүйн хувьд хэргийн бодит байдлыг тогтоохын тулд цагаатгах болон яллах аль аль талын нотлох баримтыг бүрдүүлэх ёстой. Зөвхөн Э.М, Ч.О гэдэг хүмүүсийг байцаагаад Ж.О-тай цуг байсан гэх Э.Б-ыг байцаагаагүй. Э.М гэдэг хүнтэй ярьсан эсэх, ярьсан бол юуны тухай ярьсан гэдгийг тогтоогоогүй. Тийм учраас хэрэгт ач холбогдол бүхий гэрч Э.Б-ыг зайлшгүй асууж тодруулах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэж байна.
Иймд өмгөөлөгчийн зүгээс Ж.О-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, мөн зүйлийн 1.3-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна.
...Анхан шатны шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр оролцоогүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор орж байгаа бол томилолт нь байгаа эсэх, хэргийн материалтай танилцсан эсэх нь тодорхойгүй.
Улсын яллагч хэргийн материалтай танилцаагүй байна гэж би ойлголоо, Учир ярьж байгаа зүйл нь няцаалт хийж чадахгүй байна. Өмгөөлөгч таван үндэслэлээр гомдол гаргасан байхад зөвхөн эхний дүгнэлт дээр тайлбар гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдэх хуулийн ноцтой зөрчсөн зүйл байхгүй гэж байна. Тэгэхээр хэргийн материалтай та танилцсан юм уу? гэдэг асуудлыг ярьмаар байна. Өмгөөлөгчийн хувьд маш ойлгомжтой ярьсан.
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд байхад үүнийг зөвтгөөгүйгээр хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх үүнийг бүхэлд нь хянан шийдвэрлэх учраас энэ ярьж байгаа зүйлсийг харгалзан үзээд энэ хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, буцааж өгнө үү. Буцаасан тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.
Учир нь 2 бага насны хүүхэдтэй, эхнэр нь эрүүл мэндийн шалтгаантай байх тул дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж өгнө үү” гэв.
7. Шүүгдэгч Ж.О давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Юуны өмнө энэ гэмт хэрэгт санаандгүй байдлаар холбогдож, шалгагдаж сум орон нутгийнхаа нэрийг муугаар харуулах нөхцөл байдал үүсэж байгаад нийт сумынхаа ард иргэд болон нийт журамт нөхдөөсөө уучлалт хүсэж байна.
Энэ хэрэг нь хэрэгсэхгүй болно гэж би үзэж байгаа. Өмгөөлөгч нарынхаа гаргаж буй санал дүгнэлтийг дэмжиж оролцож байна. Нэмж хэдэн зүйлийг хэлэхэд Увс аймгийн Х суманд цэвэр усны машиныг ундны ус зөөвөрлөх, ногоон байгууламж услах, өрхийн аж ахуй эрхлэгч айлуудад ус хүлээлцэх зорилгоор авахаар эртнээс их хурлын гишүүдэд хандаад явж байсан. Энэ хүсэлтээ аймгийн хурлын төлөөлөгчдөд тавихад хурлын төлөөлөгч нар дэмжээд 2023 оны аймаг, орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт 85,000,000 төгрөгөөр тусгаж, автомашин авах тендерийг зарлуулсан.
Тендер зарлуулах хугацаанд буюу 2023 оны 9 дүгээр сард над руу 9911-тэй дугаар залгасан бөгөөд “С ХХК-ийн захирал Э.Б байна, манайх машин оруулж ирдэг юм, манайд ийм машин байна, танайхаас зарлагдаж байгаа тендерт оруулбал авах боломжтой юу” гэдэг зүйлийг хэлсэн. Би “Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газраас ямар машин хүлээлгэж өгнө тэрийг нь авах” тухай яриад дууссан. Үүний дараа 10 дугаар сарын эхээр аймгийн хөгжлийн бодлогын газраас над руу залгаад “танай суманд зарлагдсан тендерт автомашин нь ирсэн, хүлээлгэж өгөх ажлын хэсэгт таныг оруулах уу” гэж асуусан.
Миний бие Хөх хот руу намын шугамаар 10 дугаар сарын 20-ны үеэр явах ажил гарсан тул Улаанбаатар хот руу явж байна, манайхаас ажлын хэсэгт хүмүүсийг аваад оролцуулаарай” гэсэн. Тухайн үед хотоос нийлүүлж байгаа ажлын хэсэг нь хөгжлийн бодлогын хэлтэстэй ярилцаж тохироод 10 дугаар сарын 10-ны өдөр машиныг хүлээлцэж өгөхөөр тохиролцсон. Манай сумаас очих ёстой хүмүүс нь очоогүй байсан.
Би Улаанбаатараас Хөх хот руу яваад 10 дугаар сарын 20-ны үеэр Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийн арга хэмжээнд оролцоод ирэх үед аймгийн хөгжлийн бодлогын хэлтсээс над руу холбогдоод “танай суманд усны машин олгох гэхэд ирэх ёстой хүмүүс нь ирсэнгүй, одоо ойрын хугацаанд энэ машиныг хүлээлцэх хэрэгтэй байна” гэсэн.
10 дугаар сарын 23-ны өдөр сумаас эмнэлгийн машин аймаг явах үед тухайн хүмүүс аймагт ирсэн бөгөөд орлогч дарга халамцуу ирж айлд буугаад тухайн өдөр автомашиныг хүлээж авах боломжгүй байна гээд хүлээлцээгүй байсан.
Мөн орлогч маань надад хэлэлгүйгээр хот руу төгсөлтийн тэмцээнд явсан байсан. Энэ хугацаанд С ХХК-ийн төлөөлөл хүмүүстэй холбогдсон байна гэж ойлгож байгаа. Учир нь аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Д гэх залуутай С ХХК-ийн захирал Э.Б холбогдоод, “энэ машиныг танай суманд хүлээлгэж өгмөөр байна, энэ тухай сум орон нутгийнхантайгаа холбогдоод өгвөл өөрт чинь 10,000,000 төгрөг өгье” гэж хэлсэн байдаг. Мөн Ч.А гэх залуу манай эхнэрийн ажил дээр очиж “нөхөртөө хэлээд өгөөч, энэ машиныг хүлээлгэж өгмөөр байна” гэж надад нөлөөлөх байдлаар уулзсан ба манай хадам дүүтэй бас утсаар яриад “ахдаа хэлээд өгөөч, би зүгээр байхгүй шүү” гэсэн зүйлийг ярьсан байсан.
С ХХК-ийн захирал над руу холбогдоод “машиныг хүлээлгэж өгье, танай суманд хэрэгцээ шаардлагатай зүйл байвал би бас дэмжиж туслалцаа үзүүлье, 10,000,000 төгрөг өгье” гэж ярьсан. Үүний дараахан Ч.А руу холбогдож “10,000,000 төгрөг өгье, чи 5,000,000 төгрөгийг аваад, 5,000,000 төгрөгийг нь аймгийн хурлын төлөөлөгчдөө өгчих” гэж удаа дараа ярьсан.
11 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд сумын удирдлагууд аймагт сургалттай байсан. Түүний өмнөхөн компанийн төлөөлөл над руу бас ярьж байсан. Ингэж ярихдаа та нар сургалтад ирэх юм байна, тэр үеэрээ машин тэрэг үзэж хараач гэдгийг ярьсан. Тэгээд бид нар сургалтын төгсгөлд нь үзье гэдэг байр суурийг хэлсэн. Тэгэхдээ машиныг хүлээж авна гэдэг зүйлийг огт яриагүй. Сургалтын төгсгөлд машиныг аймгийн Засаг даргын Тамгын газрын гадна зогсоол дээр үзсэн. Үзэж байхад захиргааны гадна компанийн удирдлагууд уулзаад сум орон нутагт хэрэгцээтэй зүйлд нь дэмжлэг үзүүлье гэсэн зүйлийг ярьж байсан.
Тав, танайх эмэгтэйчүүдийн чуулган зохион байгуулах гэж байгаа юм байна мөнгөний дэмжлэг үзүүлье гэсэн зүйлийг ярьсан бөгөөд би асуугаад тань руу хариу хэлэх үү гээд удаа дараа над руу яриад байсан учраас тэгэхгүй юу гэчихээд л явсан юм. Тэгээд над руу эргэж ярихдаа компанийн удирдлагатай холбогдлоо тав чанга байна гэж байна, өөр хэд гэх вэ гэдэг байдлаар асуухад би гурав гэчихгүй юу гэж хэлсэн, тэгэхдээ албадаж нэхэж шаардсан зүйл байхгүй.
Энэ нөхцөл байдлыг эрхэм шүүгч нар анхаарч үзээсэй. Ингээд орлогч дарга 11 сарын дундуур хот руу тэмцээнд яваад эргээд сувилалд байж байгаад 11 сарын 20-ны үеэр ирээд машиныг хүлээж авах ажил явагдсан. Машин нь захиргааны гадна байсан, би нэг тойрч үзчихээд захиргаа руу ажил төрлөө хөөцөлдөөд явсан. Сумын Засаг дарга нь ажлын хэсэгт нөлөөлсөн гэдэг байдлаар харж байгаад харамсаж байна. Миний бие ажлын хэсгийн гишүүдэд тус машиныг хүлээн авах, хүлээн авахгүй байх талаар ямар нэгэн нөлөө үзүүлсэн зүйл байхгүй. Үүнийг гэрчийн мэдүүлгүүд бас нотолдог гэж харж байгаа.
2024 оны 5 дугаар сард Увсын шар мэдээ гэх хаяг дээр хоёр удаагийн пост тавигдсан байдаг. Энэ пост нь Х сумын Засаг дарга нь авлигал авсан баримт байна, үүнийг олон нийтэд дэлгэнэ, нөгөөх нь бичлэгийг нь удахгүй оруулна гэсэн байсан. Үүнээс хойш 5 дугаар сард эхнэрээ авах гээд “Өгөөмөр”-ийн зогсоол дээр зогсож байтал Ч.А эхнэр бид хоёртой таараад уулзахдаа ямар нэгэн байдлаар бид нар цахим орчинд бичлэг тараагаагүй гээд машиндаа суулгаж аваад Ч.О-тэй уулзуулсан. Уулзахад бид нар бичлэг хийгээгүй гэсэн.
Э.М гэдэг залуутай бас 1 дүгээр арван жилийн орчимд уулзахад мөн адил бид нар ийм зүйл хийхгүй гэдэг зүйлүүдийг ярьсан. Тэгээд намайг “Өгөөмөр”-ийн зогсоол дээр буулгаад явсан.
11 дүгээр сарын эхээр машин хүлээж аваач гэж яригдаж байхад над руу оройн цагаар нэг дугаар залгасан, ямар утас гэдгийг нь би санахгүй байна. “Х сумын засаг дарга уу” гэхэд нь “тийм байна” гэсэн чинь “чи чатаа хараарай” гэж хэлсэн. Би яриад дууссаны дараа чатыг нь харахад бичлэгийн скрийншот хийсэн фото зураг явуулсан байсан. Би энэ юу вэ гээд асуухад “машин тэргээ хүлээж авахгүй бол үүнийг цахим орчинд нийтэлнэ шүү” гэсэн.
Ингээд 10 дугаар сард орон нутгийн сонгууль болсон, орон нутгийн сонгуулийн үеэр тухайн эвлүүлэг бүхий бичлэгийг цахим орчинд дэлгэсэн байдаг. Миний хардаж буйгаар сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор Монгол ардын намын эрх бүхий албан тушаалтан хийсэн байх гэж бодож байна. Би ямар үндэслэлээр гомдол гаргасан бэ гэхээр хэргийн материалд авагдсан нотлох баримт задарсан байж болзошгүй байна. Үүнийг задалсан албан тушаалтныг тодруулж шалгаж өгнө үү гэдэг байдлаар хүсэлт гаргасан, цагдаад шалгагдаад явж байгаа.
Эцэст нь хэлэхэд, намайг холбогдуулан шалгаж байгаа хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дутуу явагдсан байна. Дутуу явагдсанаас болоод миний бие анхан шатын шүүхээс 3 жилийн ял сонсгож өнөөдрийг хүртэл 116 хоног хоригдсон, энэ хугацаандаа миний бие, эрүүл мэнд, сэтгэл санаа, гэр бүлийн хувьд хохирсон байдалтай байна гэдгийг хэлмээр байна.
Манай гэр бүлийн хувьд эхнэр маань эмнэлгээр үзүүлээд явж байсан. Оны эхэнд эмчлүүлэхэд хөхний хавдартай гэх онош тогтоогдсон талаар утсаар хэлсэн. Тэгэхээр энэ хэргийг бүхэлд нь улс төрийн зорилготой, эртнээс зохион байгуулагдсан, хэрэгт намайг холбогдуулж, татан оролцуулсан байна.
Иймд миний өмгөөлөгч нарын гаргаж байгаа санал дүгнэлтийг үндэслэн мөрдөн байцаалтын шатанд буцааж, хэргийг дахин шалгаж, мөн зүйлчлэлийг нь өөрчлөх, хэрэв мөрдөн байцаалтын шатанд буцаавал намайг батлан даалтаар гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг илэрхийлж байна” гэв.
8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Өмгөөлөгч нарын хувьд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан.
Үндэслэлийн хувьд тухайн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж дараах байдлаар гомдлоо гаргасан.
Нэгдүгээрт, Миний үйлчлүүлэгч Ж.О-ыг 2025/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалт буюу улсын яллагчийн дүгнэлтэд тусгасан байдаг. Тендер сонгон шалгаруулах комисст Х сумын засаг дарга оролцоогүй талыг маш тодорхой дүгнэсэн. Мөн үндэслэлгүйгээр тухайн ажлын хэсгийнхэнтэй байнга холбоотойгоор дээрх гишүүдийг удирдан зохион байгуулж байсан гэж дүгнэдэг. Тухайн ажлын хэсэгт байгаа Ц.М, С.Б, Э.Т гэдэг хүмүүс нь нэг суманд байдаг, Засаг даргын Тамгын газарт ажилладаг, ажил үүргийн хувьд өдөр бүр харьцах шаардлагатай. Энэ нөхцөл байдлыг тухайн хүмүүст нөлөөлсөн байдлаар үндэслэлгүйгээр дүгнэснийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Нөлөөлөөгүй болох нь тухайн 3 гэрчийн мэдүүлэг болон Увс аймгаас томилогдсон 7 гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Мөн улсын яллагч дүгнэлтдээ тухайн ажлын хэсгийн ажилд нь оролцоод яваад байсан нь учир дутагдалтай гэж тусгасан. Оролцоод яваад байгаа нь хууль зүйн хувьд учир дутагдалтай гэсэн нэр томьёо эрүүгийн хуульд байхгүй.
Ийм үг хэллэг нь миний үйлчлүүлэгчийг хууль зөрчиж байгаа юм шиг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шинжийг агуулж байгаа байдлаар яллаж байгаа нь үндэслэлгүй байна.
Хоёрдугаарт, Хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан CD-тэй өмгөөлөгч Д.Батбаяр болон Я.Батханд нарын зүгээс одоо болтол танилцаж чадаагүй
Учир нь битүүмжлээд лац наасан байгаа учраас хөндөж чадаагүй. Танилцахаар шаардаагүй шалтгаан нь хэрэгт авагдсан үйл баримтын талаар тухайн CD бичлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл дүрмийн дагуу өөрийг нь эсхүл хөндлөнгийн хоёр гэрч байлцуулаад үзлэг хийж, хэн хэдэн минут, хэдэн секунд юуны талаар яриад байгаа талаар тэмдэглэл үйлдсэн, эрүүгийн процессын хуульд заасан нотлох баримт бэхжүүлсэн ажиллагаа байхгүй учраас нотлох баримтын шаардлага хангаагүй гэх тайлбар хийж, нотлох баримттай танилцаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг ноцтой зөрчсөн. Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж, шалгаж үзлэг хийсэн ажиллагаа хэрэгт огт байхгүй байхад анхан шатны шүүх үнэлээд шинжлэн судалсан нөхцөл байдлыг шүүгч анхаарч үзээсэй.
Гуравдугаарт, Хавтаст хэргийн 67-78-р талд авагдсан Э.М-ын гар утсаар скрийншот хийсэн фото зурганд үзлэг хийсэн болохоос гар утас дотор юу байгааг үзээгүй тул шаардлагагүй нотлох баримт байна.
Хавтаст хэргийн 86-р талд Мобиком корпорациас албан бичиг ирсэн. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4\818 дугаартай албан бичиг Авлигатай тэмцэх газраас ирсэн. Үүнийг шүүх хамгийн их анхаарч үзэх асуудал байсан боловч анхаараагүй. Үүнд гэмт хэргийн шинжтэй үйлдэл байдаг.
Мобиком корпорациас x, s дугаарын эзэмшигчдийн хоорондоо ярьсан ярианы билл болон мессежний жагсаалтыг хавсралтаар хүргүүлсэн гэдэг. Гэвч энэ хоёр хавтаст хэрэгт мобиком корпорациас ирсэн 2 дугаарын мессежний жагсаалт огт байдаггүй. Өмгөөлөгчийн зүгээс үүнийг нотлох баримтыг устгасан гэж харж байна.
Иймд үүнийг Авлигатай тэмцэх газар хүлээж аваагүй. Гэтэл энэ баримт нь одоо хэрэгт байхгүй байгаа.
Нөгөөтэйгүүр, Мобиком корпорациас ирсэн баримтад x, s дугаарын эзэмшигчид нь хэн болох талаар баримт ирээгүй. Тэгсэн мөртлөө Ж.О, Э.М гэсэн асуудал яваад байна.
x гэх дугаар Э.М-нх юм уу, өөр хүний дугаар юм уу гэдэг нь эргэлзээтэй харагдаж байгаа. Гэвч шүүх үүнийг үнэлээд миний үйлчлүүлэгчийг утсаар ярьсан, мөнгө өгөхийг шаардсан гэж үнэлсэн нь үндэслэлгүй.
Увс аймгийн Засаг даргаас 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А\596 захирамжаар тухайн Увс аймгийн Х суман дахь зарлагдсан тендерт шалгарсан авто машиныг хүлээж авах ажлын хэсгийг байгуулахдаа 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан ба 4 хүнийг Увс аймгаас, 3 хүнийг Х сумаас авсан. Үүнд миний үйлчлүүлэгч болох Ж.О-ын нэр байхгүй.
Ажлын хэсэг байгуулагдаад тухайн тендерт шалгарсан усны машиныг хэрэгт авагдсан буюу шийтгэх тогтоолд тусгагдсанаар 2023 оны 10 дугаар сарын сүүлээр хүлээж авах ажил эхэлдэг. Энэ үед хүлээлцэх ажил явагдаагүй. Учир нь ажлын хэсгийн ирц бүрдээгүй буюу Ц.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул хүлээж авах ажиллагааг хойшлуулах нөхцөл байдал үүссэн.
Тухайн өдөр Ж.О-ын зүгээс нөлөөлж, усны машиныг хүлээж авахгүй гэсэн асуудал байхгүйг шүүх анхаарч үзээрэй.
2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин авто машин хүлээлцэх асуудал яригдаж Х сумаас ажлын хэсэгт багтсан 3 хүн ирээгүй.
Хавтаст хэрэгтэй танилцахаар урьдаас бэлдсэн, зохион байгуулалттай гэж харагддаг.
Гэрч Э.М мэдүүлэгтээ “би Ж.О гэдэг хүнийг танихгүй, тухайн өдөр л утсаар ярьсан” гэдэг боловч хавтаст хэрэгт авагдсан ярианы биллд 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ж.О-ын зүгээс Э.М руу 3 удаа залгаж ярьсан байдаг. Энэ нь Э.М-ын гэрчээр өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байна.
Түүнчлэн С компанитай хамаатай болон хамааралгүй этгээдүүд нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө миний үйлчлүүлэгчтэй удаа дараа холбогдож “машинаа хүлээлгэж өгмөөр байна” гэдэг. Субьектив санаа нь ажлын хэсэгт нөлөөлчих байх гээд итгээд байгаа юм.
7 хүний гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэргийн үйл баримтаас ямар нэгэн байдлаар ажлын хэсэгт нөлөөлж машиныг хурдан шуурхай хүлээж аваад байгаа үйл баримт байдаггүй.
Харин нийлүүлэгч компанийн зүгээс өөртөө давуу байдал бий болгох гээд яриад байгааг Ж.О өөрт ашигтай байдлаар ашиглаж 5,000,000 төгрөгийн ашиг олох нөхцөл байдал харагддаг. Үүнийг үгүйсгэхгүй хүлээн зөвшөөрнө.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийлүүлэгч талаас Ж.О-тай холбогдсон үйл баримтыг тогтоогоогүй. Яагаад 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 3 удаа ярьсан талаар шалгаагүй. Зөвхөн Ж.О-ыг эрүүгийн гэмт хэрэг хийсэн талаас нь шалгаад байсан учраас энэ нөхцөл байдлыг дутуу шалгасан.
2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажлын хэсэг хуралдаад тухайн авто машиныг хүлээж авсан гэдэг үйл баримт байдаг. Энэ тухайн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдлоо гаргасан.
Учир нь О.Г гэх нарийн бичиг хийж байсан хүн машинаа барьж ирээд хүлээлгэж өгөөд буцаад хот руу явсан. Гэтэл тухайн хуралд нарийн бичгээр оролцож тэмдэглэл хийсэн.
Э.Т-ийн мэдүүлэгт манай ажлын хэсэг ямар нэгэн байдлаар хуралдаагүй гэдэг. Гэтэл хуралдсан тэмдэглэл үйлдээд 11 дүгээр сарын 23-ны өдөр тухайн машиныг хүлээж авдаг.
Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар Ж.О нь нийтийн албан тушаалтан гэдэгт маргаан байхгүй. Тухайн үед Увс аймгийн Х сумын засаг даргаар ажиллаж байсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн төсөөтэй болон ялгаатай талыг авч үзсэн бол тодорхой харагддаг.
Ж.О-ын үйл баримтаас харахад залилах гэмт хэргийн шинжийг албан тушаалын нөхцөл байдлаа ашиглаад үйлдсэн нөхцөл байдал байгаа болохоос нийлүүлэгч компанийн ашиг сонирхлын үүднээс давуу байдал бий болгох үйлдэл хийснийг тогтоож чадаагүй.
Үйлдэл нь мөнгө нэхсэнээр төгссөн боловч ажлын хэсэгт нөлөөлөөгүй, тендер шалгаруулах үйл ажиллагаанд нөлөөлөөгүй учраас машин хүлээж авахад ямар нэгэн байдлаар саад учруулсан байдал тогтоогдоогүй.
Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дүгнэлтээ бичгээр гаргаж өгч байгаа.
Үйлдлийн обьектив талын шинжийг харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2-т заасан үндсэн шинж болох бусдын эд хөрөнгийг залилж авсан үйлдэл байна. Үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Хэрвээ энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилбэл мөнгө аваагүй учраас завдах үйлдэл болно.
Мөн үйлдэл хийхийг амласан зүйл байхгүй. Тэгэхээр шүүх бүрэлдэхүүн гэмт хэргийн обьектив талын шинжийг бас анхаарч үзээсэй. Харин субьеътив талын шинж хоёулаа санаатай үйлдэгддэг гэдгээрээ адилхан байгаа.
Энэ үйл баримтаас үзэхэд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу хэрэгт авагдаж яллах дүгнэлтэд бичигдсэн дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоол үндэслэлтэйгээр няцаасан дүгнэлтийг хийгээгүй байдаг.
... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2-т эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаар бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байх гэж заасан. Засаг дарга гэдэг нэрээ давуу тал болгоод байгаагаас цааш нь ямар ч үйлдэл хийгээгүй.
Тухайлбал гэмт үйлдлийг хялбарчлах, захиргааны хэм хэмжээний акт болон бусад байдлаар эрх олгогдсон этгээд үйлдсэн байхыг шаардах гэх үндсэн ойлголт юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2-т албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал маш тодорхой харагдаж байдаг.
Нэмж хэлэхэд анхан шатны шийтгэх тогтоол нь техникийн шинжтэй болон утга найруулгын шинжтэй 30 гаруй алдаа байгааг шүүх анхаарч үзээсэй. Энэ алдаанууд нь тухайн шийтгэх тогтоолын утга найруулга буюу тухайн өгүүлбэрийнхээ утга санааг үгүйсгээд байгаа юм шиг эсхүл хоёр дахь утгатай юм шиг энэ нөхцөл байдлыг анхаарч үзээсэй.
Ж.О-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж алга, харин мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Засаг дарга гэдэг албан тушаалаа ашиглаад залилах гэмт хэрэг үйлдээд байгаа учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйчлэлийг өөрчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.
... Прокурорын зүгээс өмгөөлөгч нараас гаргаж байгаа гомдол тус бүр дээр тайлбар няцаалт хийх болов уу гэж бас найдаж байлаа. Гэтэл ерөнхий байдлаар тайлбар хийж байна. Давж заалдах гомдол зөрүүтэй байна уу гэх асуудал бас прокурорын зүгээс ярьж байна. Яагаад өмнөх шүүхэд гаргасан байдлаасаа илүү зүйчлэлийн асуудал яригдаж байна вэ гэхлээр шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбоотой буюу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэнийг бид өчигдөр гардаж авсантай холбоотойгоор хэрэгт авагдсан үйл баримт болон энэ баримтаа үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гомдлоо гаргасан. Гэхдээ энэ асуудлыг шүүх бүхэлд нь хянах зохицуулалт байгааг хэлмээр байна.
Нөгөөтэйгүүр, прокурор бичлэгийн асуудлыг яриад байна.
Шүүх бөөрөнхий шийдвэр гаргасан, бичлэгийг шийтгэх тогтоолд үндэслээд байгаа юм уу үгүй, тэгсэн мөртлөө нотлох баримтын хэмжээнд үнэлээд байгаа.
Хэргийн материалтай танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас өмгөөлөгч нарын байр суурь зөрүүтэй байгаа юм.
Улсын дээд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүрэлцээтэй нотлох баримт байхгүй бол эргэлзээтэй нөхцөл байдал гэж үзнэ гэж тайлбарласан.
...Прокурорын зүгээс машин хүлээгээд авъя, танайх 5,000,000 төгрөг өгөөч гэдэг асуудал ярьсан байна, хахууль өг гэсэн байна гээд байна. Мөнгө нэхсэн нь үнэн, үүнтэй маргахгүй байгаа.
Гэхдээ цаашаа ямар нэгэн үйлдэл хийгээгүй нь хэрэгт авагдсан бүх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно.
Хамгийн ноцтой нь сая прокурор нөлөөлөөд авахуулах бүрэн боломж байсан гээд яллах дүгнэлт дээр миний үйлчлүүлэгчийг ялласан яллах дүгнэлтээ өөрөө няцаачихлаа. Боломж байсан гэдгийг тогтоож чадаагүй учраас таамаг байдлаар яллаад байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.
Монгол улс Ром, Германы эрх зүйн бүсэд хамаардаг, тэр дундаа бичгийн нотлох баримтад үндэслэдэг, эрх зүйн актад юу гэж заасан байна, түүгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын гол агуулга нь үйлдсэн үйлдэлд ял нь тохирсон байх ёстой.
Гэтэл субъектив санаа зорилго, гэмт хэргийн шинжийг тогтоож чадаагүй мөртлөө хүнд гэмт хэрэгт яллаад 3 жилийн хорих ял оноосон.
Энэ гэмт хэргийн шинжийг аваад үзэхээр залилах гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй. Мөн шийтгэх тогтоол ямар шаардлага хангасан байх ёстой талаар Улсын дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний тогтоол байгаа.
Давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийн асуудлыг өөрчилж, магадгүй хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаавал миний үйлчлүүлэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Хүний эрхийн түгээмэл түгээмэл тунхаг, конвенц, Үндсэн хуулиа үндэслээд хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлыг хангаж өгөөч гэсэн саналыг шүүхэд гаргаж байна” гэв.
9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Нэгдүгээрт Я.Батханд өмгөөлөгчтэй хамтарч гаргасан гомдлоо болон О.Баярбаясгалан өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй гарч чадаагүй.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3-ийг зөрчсөн гэж үзэж байгаа. Энэ үндэслэлийг Я.Батханд өмгөөлөгч дэлгэрэнгүй тайлбарлалаа, давхардуулахгүйгээр хэдэн зүйлийг хэлье.
Ж.О-д холбогдох 1 дүгээр хавтаст хэргийн 85-93 дугаар талд Авлигатай тэмцэх газраас Мобиком корпораци ХХК-д 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр албан бичиг илгээсэн. x, s дугаарын дуудлага болон мессежний дэлгэрэнгүй лавлагааг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар гаргаж явуулсан албан тоот байна. 1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар талд Мобиком корпорациас 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1/818 тоот албан бичиг ирэхдээ гадагш ярьсан, илгээсэн мессежний лавлагааг хүргүүлэв гэдэг. Эдгээр нотлох баримт нь миний үйлчлүүлэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Э.М-с мөн С ХХК-ийн захирал Э.Б-с 5,000,000 төгрөгийг удаа дараа шаардсан асуудал яригддаг.
Энэ хэрэгт гэрчээр Э.Б, Ч.А, Ч.О, Э.М, н.Бумбаяр гэсэн 5 хүний мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг буруутгадаг. Тэгэхээр Э.М гэдэг хүн анх 1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дугаар талд мэдүүлэг өгсөн бөгөөд “2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ж.О-ыг анх харсан, урьд өмнө нь таньж мэдэхгүй, тухайн үед Ж.О нь миний утасны дугаарыг авсан” гэдэг. Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар талд s дугаараас x буюу Ж.О-ын барьж байсан гэх дугаар руу нийт 3 удаа залгасан 68 секундийн дуудлага байгаа. Тэгэхээр энэ үед харилцаа байсан байна.
Үүгээр энэ гэмт хэргийн асуудлаар эд нар урьдаас харилцаж байсан нь харагдаж байна.
Хоёрдугаарт, Миний нотлох баримтаар сая гаргаж өгсөн тогтоолд иргэн Э.Б гэдэг хүн Ж.О-ын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой авлигал авсан гэх ноцтой баримтууд цахим орчинд тарсан асуудлаар гомдол гаргаж шалгуулсан юм байна лээ.
Үүнд 2435000184 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа хийгээд хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол нь 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гарсан байна. Энэ тогтоолд гэрчүүд мэдүүлэг өгсөн, М гэх хүн мэдүүлэгтээ “би өөрийн хүргэн ах Ж.О-тай холбоотой бусдаас авлигал аваад ярилцсан гэх дуу бичлэгийг монголын нэг өдөр фейсбүүкт тавигдсаныг харсан” гэж хэлсэн байна. Энэ бол хууль хяналтын байгууллагаас гаргасан шийдвэр гэж миний хувьд үзэж байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт гэрчээр оролцож байгаа хүмүүс худал мэдүүлэг өгөөд байгаа байдал нь прокурорын тогтоолоор шинээр илэрч байна гэж үзэж байна.
...Ч.А гэдэг манай найз ус зөөх зориулалттай автомашин манай аймгаас өөр нэг аймагт өгөх гэсэн боловч өгч чадсангүй. Увс аймгийн Х суманд ус зөөх автомашины тендер зарлагдсан байна. Түүнийг чи ахтайгаа яриад өгөөч гэж над руу ярьсан. Би мэдэхгүй чи өөртэй нь ярь гээд Ж.О-ын дугаарыг өгсөн юм гэж байна. Энэ байдлаас өнөөдөр С ХХК-д ажилладаггүй, төлөөлөл биш иргэн Ч.О, Ч.А, н.Б, Э.М нар нь энэ машиныг шахахын төлөө ойр тойрны хамаатан садан, ах дүү нар руу нь нөлөөлөх гэж ярьсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Эндээс шүүгдэгч шууд тухайн өдөр та нар мөнгө өгвөл энэ машиныг чинь авна гэж шаардсан юм шиг нөхцөл байдал нь үгүйсгэгдэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй. О.Баярбаясгалан өмгөөлөгчийн ярьсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй.
Хэргийн бодит байдлыг прокурор болон мөрдөгч нотлох баримтаар тогтоох үүрэгтэй. Тэгэхээр хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан яллах, цагаатгах, хөнгөрүүлэх бүхий л ажиллагааг хийх ёстой. Зөвхөн нэг талыг барьж шалгасан асуудал өнөөдөр эндээс харагдаж байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн онцгойлон анхаарч өгнө үү гэж хүсэж байна.
Утасны биллээр нотлогдож байгаа буюу н.Маргадын мэдүүлгээр Ж.О-д нөлөөлөх гэж харилцаж байсан асуудал байгаа юм байна гэж харж байна. Мөн хэргийг нэг талыг барьж шалгасан гэдэгт 1 дүгээр хавтасны 244-245 дугаар талд гэрч Ч.А, Ч.О, Э.М, н.Б нарыг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өглөөний 09:36 цагаас 10:17 цагийн хооронд Ч.А-г, 10:27-10:34 хүртэл Э.М-ыг, 10:37-10:57 цагийн хооронд н.Б-г асуудаг.
Хэрэгт ач холбогдолтой гэж миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа гэрчүүдийг нэг өдөр, нэг цагт дараалаад бүгдийг нь асууж байгаа юм. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад өнөөдрийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, устгах гэмт хэргийн шинж байна гэж харж байгаа.
Хоёрдугаарт, Төрийн албан хаагч Засаг даргад нөлөөлөх гээд гэрчүүд авлигал өгөх санал тавьсан байх боломжтой нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гол шинж байна уу гэж бас хардаг.
Гуравдугаарт, Хавтаст хэргийн 244-245 дугаар талд гэрч Ч.А мэдүүлэг өгөхдөө “Ж.О руу залгахад утсаа авахгүй байсан тул Э.М, Ч.О нарын хийсэн бичлэгийг би өөр лүү нь явуулсан” гэдэг. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан заналхийлэх гэмт хэргийн шинжтэй.
Бичлэг цахим орчинд нийтлэгдээд, эхнэр Э.Б нь гомдол гаргаж хуулийн дагуу шалгуулсан. Үүнийг шалгасан дүр үзүүлээд хаачихсан. Өчигдөр би Увс аймгийн Прокурорын газраас прокурорын тогтоолыг авъя гэхэд надад өгөхгүй гэсэн.
Би Увс аймагт өмнө нь нэг удаа ирэхдээ энэ хэрэгт Л гэдэг мөрдөгчид албан ёсоор хүсэлт тавиад, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ өгөөд, дахиад 2 гэрч асуулгахаар хүсэлт тавьсан. Би тэр гэрчүүдийн мэдүүлгийг өнөөдөр авч ирэх гэсэн ч танд хэргийн материалаас хуулбарлаж өгөх боломжгүй гэсэн.
Өнөөдөр гаргаж өгсөн тогтоолыг би Э.Б-г өөрийг нь дуудаж ирж байгаад олж авсан. Зөвшөөрөлгүйгээр дуу-дүрсний бичлэг хийгээд, дамжуулаад, тараагаад байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж харагдаж байгаа.
Энэ нөхцөл байдлуудаас нэг талыг бариад гаргасан нөхцөл байдал байна гэж харж байна.
Ж.О-ыг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр авлигал авахыг удаа дараа шаардсан гэж үзсэн нь нь үндэслэл муутай. Өөрөөр хэлбэл автомашин хүлээн авах ажлын хэсэгт багтаагүйг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй.
Мөн тухайн ажлын хэсэгт багтаагүй тул албаны эрх ашиг гэдэг асуудал байх уу? Тэгэхээр авлига албан тушаалын буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад ажлын хэсэгт багтсан хүмүүсийг бүгдийг нь гэрчээр асуухад Ж.О-ын зүгээс нөлөөлсөн, чиглэл өгсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ байдал нь албаны чиг үүрэг, ажлын нэр хүндээ ашиглаж авлигал авсан байдал нь үгүйсгэгдэж байна. Мөн хэргийг бүрэн дүүрэн шалгаагүй учраас гэрчүүд, С ХХК-ийн төлөөллүүд миний үйлчлүүлэгчид нөлөөлөх гэсэн, Засаг дарга учраас бусад хүмүүст нөлөөлчих байх гэсэн асуудал тогтоогдоод байгаа юм.
Тэд мөн мөнгө санал болгосон нөхцөл байдал байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Тэгэхээр энэ мөнгийг өөртөө авъя гэдэг санаа сэдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байх боломжтой байна. Шүүх бүрэлдэхүүн үүнд онцгойлон анхаарч хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
10. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “... Давж заалдах шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцож байгаа прокурорын хувьд анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн, хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх байр суурьтайгаар оролцож байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдол болон өнөөдрийн шүүх хуралдаанд гомдлоо тайлбарлаж байгаа байдал, нэмэлт тайлбаруудыг сонслоо.
Өмгөөлөгч нар бол нийтлэг мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нотлох баримтууд хэрэгт авагдсан. Энэ баримтуудад шүүх дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлага хангаагүй гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-1.10-т заасан байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүдэд хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь хамаарахгүй байгаа учир өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй байна. Хоёрдугаарт өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргаж байгаа агуулга нь эхний үндэслэл нь хоёр дахь үндэслэлээ үгүйсгэж байна. Жишээ нь хавтаст хэрэгт авагдсан 2 СД-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж авсан тул үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлгүй, дуу-дүрсний бичлэгт гардаг дуу нь миний үйлчлүүлэгчийн дуу хоолой биш, эвлүүлэг байна, С компанийн захирал Б болон төлөөлөл М нараас ямар нэгэн байдлаар 5 сая төгрөг өгөхийг шаардсан удаа байхгүй, энэ бичлэгт шинжээч томилуулж дүгнэлт гаргуулмаар байна гэдэг талаар ярьж байгаа атлаа миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж залилсан үйлдэл байна. Ийм учраас зүйчлэл өөрчилж өгнө үү гэсэн агуулга харагдаад байна. Тэгэхээр энэ нь давж заалдах гомдолтойгоо тохирохгүй байна. Нэг болохоор миний үйлчлүүлэгч хахууль авах гэмт хэргийг үйлдээгүй, тэр бичлэг эвлүүлэг учраас нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжээч томилуулж миний үйлчлүүлэгчийн дуу хоолой биш гэдгийг нотлоод өгөөч гэсэн мөртөө хамгийн сүүлд нь энэ Ж.О-ын гэмт хэрэг чин ерөөсөө залилах гэмт хэрэг юм шүү, албан тушаалын байдлаа ашиглаж С компанийн албан тушаалтнуудыг залилаад байгаа юм аа гэдэг зүйл яриад байгаа нь өмгөөлөгч нар үйлчлүүлэгчтэйгээ байр сууриа нэгтгэж чадаагүй байгаа юм байна, хоорондоо мөн адил байр сууриа нэгтгэж чадаагүй байна. Тэгэхээр өмгөөлөгч нарын давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо 2 СД бичлэгийг яагаад үнэлсэн тухайгаа тодорхой дурдаж өгсөн байгаа. Нөгөө талаар өмгөөлөгч нарын гол агуулга нь шүүгдэгчийн үйлдэл нь албан тушаалаа ашиглаж залилах гэмт хэргийн шинжтэй байна, иймд зүйлчлэл өөрчилж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна. Тэгэхээр Ж.О-ын үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг юмаа, тухайн гэмт хэргийн шинжийг мөн хуулийн 17.3-2.1-т заасан гэмт хэргээс дараах байдлаар ялгагдана. Ж.О нь нийтийн албан тушаалтан гэдэг нь тодорхой батлагдаж байгаа, нөгөө талаас өөрийнхөө удирдаж ажиллаж байсан суманд усны автомашин нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны гишүүн биш. Мөн тухайн ажлыг хүлээн авах ажлын хэсэгт ороогүй. Тэгэхээр тухайн усны машиныг хүлээн авах үйл ажиллагаанд оролцохгүй байх боломжтой байсан. Сая өмгөөлөгч нар хэлэхдээ сумын засаг даргын хувьд хөндлөнгөөс хяналт тавих эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна, гэхдээ оролцохгүй хаячихад сумын засаг дарга ажил үүргийнхээ тодорхойлолтын дагуу ажлаа хийсэнгүй, суманд нь машин ирж байхад хүлээж авах үйл ажиллагаанд оролцсонгүй гэх ямар ч үндэслэл байхгүй. Тэгэхээр тухайн ажлын хэсгийн гишүүн биш байж, автомашин хүлээлгэж өгөх хүн ирэхэд нь танай машиныг манай сум хүлээж авахын тулд 5 сая төгрөг надад өгөх ёстой гэсэн нь өөрийнхөө хийх ёсгүй үйлдлийг хийж байгаа үйлдэл нь өөрөө нийтийн албан тушаалтан бусдаас хахууль өгөхийг шаардсан үйлдэл юм. Мөн тухайн өдрөө С компанийн захирал Б-н х дугаарын утас руу өөрийн дугаараас залгаад танай машиныг хүлээж авахын тулд танайх надад 5 сая төгрөг өг гэж шаардаж байгаа нь тухайн Б-с хахууль өг гэж шаардсан болж байгаа юм. Ер нь тухайн хавтаст хэргээс шинжлэн судлуулсан утасны биллийн лавлагаа, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйлдэл юм. Тэгэхээр нийтийн албан тушаалтны хийх ёсгүй үйлдлээ хийхийн тулд бусдаас хахууль өгөхийг шаардсан үйлдэл нь ямар нэгэн байдлаар Б болон С компаниас залилан хийх гэсэн нөхцөл байдал байгаагүй. Өмгөөлөгч нар нь шүүгдэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэхийн тулд 17.3-2.1-т заасан гэмт хэрэг болгох гээд үзээд байна. Тэгэхээр 17.3-2.1-т заасан гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-1-т заасан гэмт хэргээс үүгээрээ ялгаатай байгаа юм. Тухайн үед Ж.О-д С компанийн захирал Б-г залилах гэсэн ямар ч санаа зорилго байгаагүй. Хэрвээ С компанийн тэр машиныг аваад сумын ажлын хэсэгт нөлөөлөөд авхуулах боломж бүрэн байсан. Залилах гэмт хэргийн санаа зорилгын хувьд тухайн машиныг орон нутгийн өмчид бүртгүүлээд аваад ашиглах хүний хувьд өөрийнхөө хийх ёсгүй үйлдлийг хийгээд үүнийхээ оронд 5 сая төгрөгийг ажил хийж байгаа компаниас авна гэсэн санаа зорилгын үүднээс хахууль өгөхийг шаардахад нөгөө этгээдүүд нь хүлээн зөвшөөрөөгүй гар утсан дээр бичлэг хийж аваад хууль хяналтын байгууллагад шалгуулсан ийм зүйл л байгаа. Тэгэхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-1-т заасан гэмт хэрэг юмаа гэж харж байна. Мөн С ХХК-ийг хохирогчоор тогтоох ёстой байсан гэдэг зүйл яриад байгаа нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-1-т заасан гэмт хэрэг нь хохирол шаардахгүй, хохирогчгүй гэмт хэрэг гэдгийг хэлмээр байна. Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн анхны саналаа дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/ 07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Я.Батханд, Д.Батбаяр нарын давж заалдах гомдлуудыг тус тус үндэслэн шүүгдэгч Ж.О-д холбогдох, 2435000150160 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
2. Ж.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж дүгнэлээ.
3. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн шинжийг:
- хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд,
- хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд,
- эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд,
- эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд
- хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн,
- эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол...” гэж хэд хэдэн шинжийг тодорхойлж хуульчилсан.
Энэ зүйлд заасан гэмт хэргийн хувьд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тодорхой үйлдэл хийсэн, эсхүл хийхийг амлаж хахууль авсан, эсхүл хахууль өгөхийг шаардсан байдаг ба хахууль өгөгчийн ашиг сонирхол гэдэгт, хахууль өгөгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтнаар албан үүрэгт нь сөргөөр нөлөөлөх үйлдэл хийлгүүлэхийг, эсхүл нийтийн албан тушаалтныг хэрэгжүүлэх ёстой чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхыг хүсэж буй хүсэл, эрмэлзлийг ойлгоно.
4. Прокуророос шүүгдэгч Ж.О-г Увс аймгийн х сумын Засаг даргаар ажиллах байхдаа, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар байгуулагдсан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “С” ХХК-аас Увс аймгийн х суманд нийлүүлэх ундны усны автомашиныг хүлээн авах ажлын хэсэгт ороогүй атлаа 2023 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр тус компаниас нийлүүлэх тээврийн хэрэгслийг танилцуулах үеэр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, иргэн Э.М-р дамжуулан тус компаниас 5 сая төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,
- мөн өдөр гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, “С” ХХК-ийн захирал Э.Б-с 5 сая төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, прокуророос шүүгдэгч Ж.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжүүдээс, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль өгөхийг шаардсан гэх шинжээр нь яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.О-г гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гаргахдаа прокурорын яллаж буй гэмт хэргийн шинж хангагдаж буй эсэхэд, түүнчлэн энэ хэрэгт хахууль өгөгчийн ашиг сонирхол байсан эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.О-н гэм буруутай ямар, ямар үйлдэл, эс үйлдэхүй нь хахууль авах гэмт хэргийн аль аль шинжийг 14 хангаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн аль шинжээр гэм буруутайд тооцсон нь шийтгэх тогтоолд тодорхой бус болжээ.
Түүнчлэн анхан шатны шүүхээс, шүүгдэгч Ж.О-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжүүдтэй хэрхэн тохирч байгаа, эсхүл үгүйсгэгдэж байгаа талаар болон түүний үйлдэлд өөр бусад гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт тусгавал зохих зүйлийг нэг бүрчлэн зааж, тухайн хуулиар нарийвчлан зохицуулаагүй асуудлыг Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-аар тайлбарлан журамласан бөгөөд шүүх эрүүгийн хэрэг хянан хэлэлцэж, шийдвэр гаргахдаа дээрх хууль болон журам, аргачлалыг дагаж мөрдөх үүрэгтэй болно.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож дүгнэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.5 дахь хэсэгт заасан зүйлсийн талаар нэг бүрчлэн дүгнэж, шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэргийн зүйлчлэл болон түүний объектив, субъектив шинжид хамаарах элемент нэг бүрт бүрэн нийцэж байгаа эсэхэд, түүнчлэн өөр өрсөлдөх хэм хэмжээний талаар дүгнэлт хийх, мөн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үйлдлийн арга, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж, хэр хэмжээ, үйлдэл, үр дагавар, хоорондын шалтгаант холбоо зэргийн талаарх дүгнэлтийг заавал хийсэн байхыг хууль болон журам, аргачлалд тодорхой тусгасан байна.
Гэтэл шүүгдэгч Ж.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь дээрх шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.
7. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.7 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарч, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох бөгөөд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд зөвтгөн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
8. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ж.О-н өмгөөлөгч нарын гаргасан “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлээгүйтэй холбоотой” гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.
9. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.О-д хувийн баталгаа авах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3, 14.2 дугаар зүйлийн 1,2, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчийн цагдан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ