2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/09281

 

 

 

 

 

2025 11 11

192/ШШ2025/09281

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А 

Хариуцагч: С.У

55,836,035 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.О, хариуцагч С.У, түүний өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Х.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.А нь С.Утэй 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг 25 хоногийн 8 хувийн хүүтэй, 100 хоногийн хугацаатай, өдөрт 528,000 төгрөгөөр төлж барагдуулж байхаар харилцан тохиролцож зээлдүүлсэн. Хариуцагч болох С.У нь зээл авсанаас хойш 11,453,900 төгрөгийг төлсөн нийт төлсөн дүнгээс одоо 55,836,035 төгрөгний үлдэгдэл төлбөртэй байгаа. Зээлсэн мөнгөө төлж барагдуулахыг С.Ут хэлж, удаа дараа шаарддаг. Гэрээнд заасан үүрэгээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 40,000,000 төгрөг, зээлийн хүү 1,346,100 төгрөг, алданги 14,489,935 төгрөг, нийт 55,836,035 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А..ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч С.У би дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч болох Б.Ааас би мөнгө зээлээгүй ба 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөгийг Н., О.эж эгч дүү хоёроос зээлж авсан. Дээрх мөнгө зээлж аваад зээлсэн мөнгөө 100 хоногийн хугацаагаар буцаан хувааж төлөхөөр харилцан тохиролцон. Ингэж тохиролцохдоо надад хандан цаасан дээр зээлийн баримт нэртэй бичиг надаар бичүүлж авсан. Дээрх бичгийг нэхэмжлэгч Б.А гэдэг хүний нэрээр бичүүлж авсан бичүүлж авахдаа Н.. надад хэлж бичүүлсэн ба хэт нэг талыг барьсан, хүний эрхэнд цахим орчинд халдах зэрэг хүч хэрэглэсэн шинжтэй бичиг бичүүлж авсан. Дээрх хүмүүс нь хүмүүст хувиараа мөнгө зээлж хүү, алданги зэргийг өдрөөр бодож авдаг өгөхгүй бол үр хүүхдүүд болон ар гэрийн хүмүүсийг янз бүрээр заналхийлж айлган сүрдүүлж мөнгө нэхдэг. Хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолдог хугацаандаа мөнгөө төлж чадаагүй үед ажлын байранд ирж мөнгөө нэхэх зэргээр ёс зүйгүй аашлах үе зөндөө байсан. Миний хувьд дээрх хүмүүсийг бүлэглэн мөнгө хүүлэх ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Дээрх хүмүүст банкны болон банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрх байхгүй. Тийм учраас дээрх хүмүүст зээлийн хүү, алданги төлөх боломжгүй юм. Би зээлсэн мөнгөнөөсөө өнөөдрийн байдлаар 18,271,500 төгрөг төлсөн одоо үлдэгдэл мөнгө болох 21,728,500 төгрөгийг төлнө. Нэг өдрийн 400,000 төгрөгийн алданги төлж надтай адил хохирч байгаа олон хүмүүс байна. Иймд дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэж маргажээ.

3. Нэхэмжлэгчээс Б.А ын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрээ, итгэмжлэл, зээлийн тооцоолол, хариуцагчаас Н.Хулан, С.У нарын хаан банкны депозит дансны хуулга шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 55,836,035 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хүү, алданги төлөхгүй гэж маргажээ.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч С.У нь Б.А аас 25 хоногийн 8 хувийн хүүтэй 40,000,000 төгрөгийг 100 хоногийн хугацаатай хэсэгчлэн болон бүтнээр төлж дуусгахаар зээлж, хэрэв хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээлийн 1 хувийн алданги төлөхөөр зөвшөөрч, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрийн зураг болон хувийн мэдээллийг цахим орчинд тараахыг зөвшөөрсөн болох нь хариуцагчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн бичвэрээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.А нь 40,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч С.Уийн Хаан банкны...тоот дансанд шилжүүлсэн бол хариуцагч нь 27,518,400 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор төлжээ. Зохигч энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.

7. Нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөгийг хариуцагчид дансаар шилжүүлж, хариуцагч С.У буцаан 27,518,400 төгрөг шилжүүлсэн үйл баримтаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ зааснаар хариуцагч С.У нь 40,000,000 төгрөгийг 25 хоногийн 8 хувийн хүүтэй, 100 хоногийн хугацаатай зээлэх саналын зөвшөөрч, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн тул талууд зээлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардахын тулд хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ёстой.

 

Мөн зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зохицуулжээ.

40,000,000 төгрөгийг 100 хоногийн хугацаанд 25 хоногийн 8 хувийн хүүг бодвол 10,666,666 төгрөг болох бөгөөд нийт 50,666,666 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 27,518,400 төгрөгийг хасаж тооцвол 23,148,266 төгрөг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэгт зааснаар 23,158,266 төгрөгийг хариуцагч С.Уээс гаргуулахаар шаардах эрхтэй болжээ.

8. Зохигч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. зааснаар гэрээндээ хэрэв хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээлийн 1 хувийн алданги төлөхөөр зөвшөөрч, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрийн зураг болон хувийн мэдээллийг цахим орчинд тараахыг зөвшөөрсөн байх боловч энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Тухайлбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. заасан байхаас гадна гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрийн зураг болон хувийн мэдээллийг цахим орчинд тараахыг зөвшөөрсөн хэсэг нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилж байна гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ зааснаар зохигчийн зээл болон хүүгийн талаар тохиролцсон гэрээ хүчин төгөлдөр үлдэж, нэхэмжлэгч алданги шаардлах эрхээ алджээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,130 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 273,691 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Уээс 23,148,266 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, үлдэх 32,687,769 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 273,691 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ