Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/20

 

 

Б.Б, Ө.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

      Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

     прокурор А.Анхбаяр, яллагдагч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл, яллагдагч Ө.У-ийн өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

      Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/127 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Б, Ө.У нарт холбогдох, 2435000790211 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагчийн биеийн байцаалт:

       Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Б-ын Б.

       Монгол Улсын иргэн, З ургийн овогт Ө-ийн У.

1. Холбогдсон хэргийн талаар:

     Яллагдагч Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Х сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа соёлын төвийн бүжгийн багшийн сул орон тоонд иргэн Ч.Ц-г тус ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага буюу боловсролын байдал нь хангахгүй байхад 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар ажилд томилон ажиллуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт 19,188,935 төгрөгийн хохирол учруулсан,

      Яллагдагч Ө.У нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Х сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа уг соёлын төвийн өмнөх эрхлэгчийн бүжгийн багшаар ажилд авсан иргэн Ч.Ц-г тус ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага буюу боловсролын байдал нь хангахгүй байгааг мэдсээр байж түүнийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажиллуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт 19,188,935 төгрөгийн хохирол учруулсан,

      - мөн яллагдагч Ө.У нь эрх бүхий байгууллагын баталж тогтоосон сумын Соёлын төвийн ажиллавал зохих орон тоог хэтрүүлэн өөрийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам ах А.А-г тус соёлын төвд 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар өвийн ажилтнаар авч ажиллуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт 21,460,136 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

      2. Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяраас яллагдагч Б.Б, Ө.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

      3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/127 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар: яллагдагч Б.Б, Ө.У нарт холбогдох эрүүгийн 2435000790211 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

     4. Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.А давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  2025/ШЗ/127 дугаар шүүгчийн захирамж нь үндэслэлгүй гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

      Шүүх “иргэний хариуцагч Ч.Ц-г өмгөөлөгч авсныхаа дараа мэдүүлэг өгөх боломжоор хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

       Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасан бөгөөд  мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Ч.Ц нь өмгөөлөгч аваагүй, дахин мэдүүлэг өгөөгүй.

       Мөрдөгчийн зүгээс заавал өмгөөлөгчөөр хангах үүрэг хүлээхгүй, Ч.Ц нь хүсвэл өмгөөлөгч авч, мэдүүлэг өгөх эсэх нь өөрийнх нь эрх юм. Гэтэл шүүх заавал дахин өмгөөлөгчтэй мэдүүлэг авах ёстой гэж үзсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт байна.

     Мөн мөрдөгчөөс мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дуусган хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзэж хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан ба иргэний хариуцагч Ч.Ц-д хуульд заасны дагуу танилцуулж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн, иргэний хариуцагч Ч.Ц нь мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдол хүсэлт гаргаагүйг шүүх анхаараагүй байна.

      Түүнчлэн шүүх шаардлагатай гэж үзвэл иргэний хариуцагч Ч.Ц-г шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг, тайлбар, хүсэлт гаргах эрхийг эдлүүлэх боломжтой, энэ ажиллагааг шүүх хуралдааны шатанд гүйцэтгэх боломжтой.

    Шүүхийн буцаасан захирамжид “...иргэний хариуцагч Ч.Ц-ийн боловсролын байдал, мэргэжил зэргийг нотолсон баримт бичиг байхгүй, эдгээр баримтыг хэрэгт зайлшгүй хавсаргах шаардлагатай” гэжээ.

      Хэрэгт Боловсрол шинжлэх ухаан яамны 12/2426 албан бичигт Боловсролын мэдээллийн системээс Ч-ийн Ц-ийн нэр дээр дээд боловсрол эзэмшсэн гэх мэдээлэл олдоогүй гэх мэдээллийг ирүүлсэн.

     Тодруулбал, яллагдагч Б.Б, Ө.У нарыг ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалд зайлшгүй бүжгийн багшийн дээд боловсролтой этгээд томилогдох ёстой атал дээд боловсролгүй хүнийг томилсон гэж буруутгаж ялласан ба Ч.Ц нь дээд боловсрол эзэмшээгүй нь дээрх албан бичгээр тогтоогдсон.

     Гэтэл шүүх нэгэнт тогтоогдсон үйл баримт буюу иргэний хариуцагч Ч.Ц нь ямар нэгэн мэргэжлээр дээд боловсрол эзэмшээгүй нь эрх бүхий байгууллагын гаргаж ирүүлсэн баримтаар тогтоогдсон байхад түүний боловсролын байдал, мэргэжил зэргийг нотолсон баримт бичиг байхгүй, эдгээр баримтыг хэрэгт зайлшгүй хавсаргах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй, тухайн баримтыг авч хийснээр хэргийн шийдвэрлэлтэд ямар ч ач холбогдолгүй юм.

      Түүнчлэн хэрэгт иргэний хариуцагч Ч.Ц нь өөрийнхөө боловсрол, эзэмшсэн мэргэжлийн талаар “бүрэн дунд, үсчин, нарийн боовчин” гэж мэдүүлэг өгсөн байхад шүүх үнэлэхгүй байгаа нь учир дутагдалтай, хэрэв шүүх шаардлагатай гэвэл шүүх хуралдааны шатанд тухайн баримтыг гаргуулан авах боломжтой.

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/127 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

     5. Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Б.Б, Ө.У нарт холбогдох хэрэгт О.Б-ийг нэг үйлдэлд, Ө.Уг хоёр үйлдэлд тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

     2 дугаар хавтаст хэргийн 147-148 дугаар талд мөрдөгч Ч.Ц-г иргэний хариуцагчаар тогтоогоод мэдүүлэг авсан тэмдэглэл байгаа бөгөөд Ч.Ц өмгөөлөгч авч байж мэдүүлэг өгнө гэсэн. Ч.Ц нь мөрдөгчийн санаачилгаар өмгөөлөгч томилуулах, улсын өмгөөлөгч авах субъект биш, заавал өмгөөлөгч авах хуульд заасан этгээд ч биш учраас өөрөө өмгөөлөгчөө сонгож авах эрх нь түүнд байгаа.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5, 8.6 дугаар зүйлд заасан эрх үүргүүдийг нь Ч.Ц-д бүрэн эдлүүлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад  өмгөөлөгч аваагүй одоо ч аваагүй байгаа. Иймд хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Ц-ээс дахин мэдүүлэг авах шаардлагагүй гэж прокурорын хувьд үзэж байна.

     Нөгөө талаас Ч.Ц-ийн боловсролын байдлыг нотолсон баримт байхгүй буюу бүжгийн багш мэргэжилтэй эсэхийг тодорхойлсон баримт байхгүй гэсэн дүгнэлтийг шүүх хийсэн. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Ц-ээс иргэний хариуцагчаар мэдүүлэг авахад үсчин, нарийн боовчин мэргэжилтэй гэж биеийн байцаалтаа өгсөн.

    Боловсрол шинжлэх ухааны яамнаас 12/2426 дугаартай албан бичиг ирүүлсэн. Энэ албан бичигт боловсролын мэдээллийн системээс Ч-ийн Ц-ийн нэр дээр дээд боловсрол эзэмшсэн гэх мэдээлэл олдоогүй гэх хариу ирүүлсэн. Ч.Ц дээд боловсрол эзэмшээгүй болох нь эрх бүхий байгууллагаас гаргаж өгсөн албан бичиг, тодорхойлолтоор тогтоогдож байгаа учраас хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой, шүүхээс хэргийг прокурорт буцаасан хоёр үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн байгаа. Тус эсэргүүцлээ дэмжиж оролцож байна.

     Хэрэв шүүх Ч.Ц-ээс заавал мэдүүлэг авна гэж үзвэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд, шүүх хуралдаанд оролцуулаад мэдүүлэг авах замаар ажиллагааг явуулах боломжтой.

      Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 127 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

     6. Яллагдагч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Миний үйлчлүүлэгч Б.Б-г бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан. Х сумын Соёлын төвийн бүжгийн багшаар ажилд орохоор хэчнээн иргэн өргөдөл, хүсэлт гаргаж байсан, бүжгийн багшаар томилогдсон  Ч.Ц давуу байдлыг хэнээс, хэрхэн яаж олж авсан талаарх нөхцөл байдлыг шалган тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг нотлон тогтоох чиг үүргийг мөрдөгч, прокурор хэрэгжүүлэх ёстой байдаг. Увс аймгийн хэмжээнд тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан дээд боловсролтой, бүжгийн багш хэчнээн хүн байдаг, хэрэгцээ шаардлагыг хангасан боловсон хүчин байгаа юу гэдгийг нэн тэргүүнд тогтоох шаардлагатай. Увс аймгийн хэмжээнд, сумуудад дээд боловсролтой, бүжгийн багш мэргэжилтэй, боловсон хүчний нөөц тун хомс гэдэг зүйлийг хэлдэг.

     Нөгөө талаас бусад сумын Соёлын төвүүдэд дээд боловсролтой бүжгийн багш ажиллаж байгаа эсэхийг харьцуулан тогтоох шаардлагатай.

      Нэгдүгээр хавтаст хэргийн 160 дугаар талд Ч.Ц-ийн Х сумын соёлын төвийн эрхлэгчид гаргасан өргөдөлд Ч.Ц 2019 онд Орхон аймаг дахь салбар зөвлөлийн бүжгийн багш, дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж сертификатын боловсрол эзэмшсэн талаар тусгасан. Прокуророос биеийн байцаалтдаа талх нарийн боовчин, үсчин гэж хэлсэн, тухайн хүний боловсролын байдлыг тогтоосон гээд байна. Талх нарийн боовчин, үсчний мэргэжлийг мөн л сертификатын боловсролоор эзэмших боломжтой. Өөрөөс нь биеийн байцаалт авах байдлаар боловсролын байдлыг нь тогтоосон гэж байгаа нь учир дутагдалтай байна. Б.Б нь дээд боловсролгүй боловч сертификатын боловсролтой, бүжгийн багш дасгалжуулагчаар ажиллах боломжтой иргэн гэдгээ анхнаасаа өргөдөлдөө дурдсан.

     Б.Б-ийн нь Увс аймгийн драмын театрт бүжигчнээр ажиллаж байгаа боловсролтой хүмүүст нь суманд ирж ажиллаач гэж хүсэлт тавихад “суманд очиж бүжгийн багшаар ажиллах боломжгүй” гэсэн хариу өгсөн тул сумынхаа нийт иргэдийн эрх ашгийн үүднээс, бүжгийн багшгүй байсан учраас ядаж сертификатын боловсролтой, бусад энгийн иргэнтэй харьцуулахад бүжиг заах боломжтой хүнийг авч ажиллуулсан гэж тайлбар гаргасан. Мөн шаардлага хангахгүй байна гэх  асуудлаас үүдэлтэй Ч.Ц-г ажлаас чөлөөлсөн боловч шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон. Улмаар ажилгүй байсан хугацааны цалин байгууллагаас гарсан. Энэ асуудал хөдөлмөрийн маргаан уу, эрүүгийн гэмт хэрэг үү гэдгийг ялгаж тогтоохын тулд гэмт хэргийн санаа зорилгыг зайлшгүй шалган тогтоох шаардлагатай байна.

      Ч.Ц бүжгийн багшаар ажиллаж байхдаа бүх ажлыг хариуцаж, бүжгээ дэглээд, амжилттай 100 жилийнхээ ойг хийсэн гэж ойлгодог. Хохирол хор уршиг гэдэг юм бодитойгоор учирсан байх ёстой. Хэдийгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байгаа боловч ямар санаа зорилго, ямар эрх ашигт захирагдсан бэ гэдэгт дүгнэлт хийх шаардлага байна. Захиргааны хууль бус акт юм уу, хөдөлмөрийн эрх зүйн маргаан юм уу, буруу томилсон бүх хэргийг эрүүгийн гэмт хэрэг болгож болохгүй. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Увс аймаг хэдэн сумтай билээ, сумын төвүүдэд ажиллаж байгаа бүжгийн багш нар бүгд дээд боловсролтой эсэх асуудал яригдана.

      Анхан шатны шүүхийн  шүүгчийн захирамжид заасан үндэслэлийг шалгах шаардлагатай байгаа.

     Мөн хэрэгт  2023 оны 3 дугаар сарын байдлаар Х сумын Соёлын төвийн бүжгийн багшаар ажилд орох хүсэлт гаргасан иргэд хэчнээн байсан, Увс аймгийн хэмжээнд дээд боловсролтой бүжгийн багш хэчнээн байдаг вэ гэдгийг тодруулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай тул магадлалд энэ талаар тусгаж , өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

      7. Яллагдагч Ө.У-ийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Иргэний хариуцагч Ч.Ц-г өмгөөлөгч авах эрхээр нь хангаагүй гэх үндэслэл хуульд нийцээгүй гэж эсэргүүцэл гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасны дагуу Ч.Ц-г иргэний хариуцагчаар татсан. Иргэний хариуцагчийг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцуулах зорилгоор татаж оруулж байгаа. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх зорилгоор орж ирж байгаа учраас тодорхой хэмжээнд тухайн хүний эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал үүссэн.

     Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасны дагуу “Монгол улсын иргэн өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй” субъект. Мөрдөгч 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хариуцагчаар татаад, иргэний хариуцагчаар мэдүүлэг авах гэхэд өмгөөлөгч авч, өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгнө гэдэг байдлаар Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсэн. Энэ эрхээр нь хангах ёстой.

     Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Үндсэн хуулиар олгогдсон Монгол улсын иргэний үндсэн эрхийг зайлшгүй эдлүүлэх шаардлага байгаа.

      Иргэний хариуцагч Ч.Ц бүрэн дунд, үсчин нарийн боовчин мэргэжилтэй гэж мэдүүлсэн. Мөн Боловсролын яамнаас албан бичиг ирсэн гэдэг. Гэхдээ тухайн хүний боловсролыг мэргэжлийн байгууллагаас тодруулах боломжтой учраас эрх бүхий байгууллагаас холбогдох бичиг баримтыг авсны үндсэн дээр иргэний хариуцагчийн боловсрол, мэргэжлийн талаар бид мэтгэлцэж, ярьж дүгнэх ёстой.

      Учир нь энэ асуудлаас шалтгаалан 2 хүний гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шийдэх гэж байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан.

      Өөрөөр хэлбэл иргэний хариуцагч Ч.Ц өөрийн боловсролын байдлыг мэдүүлж байгаа боловч тухайн хүний мэдүүлгийн эх сурвалжийг албан ёсны байгууллагаас тодруулах шаардлага байгаа. Үүний үндсэн дээр тухайн хүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх эсэхийг шийдвэрлэх ёстой учраас хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй.

      Нэмж хэлэхэд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг учраас бидний урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлтээр гаргасан нэмэлт ажиллагаа зайлшгүй хийгдэх ёстой гэж үзэж байгаа.

    Ө.У, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн шалтгаан нь иргэний хариуцагч буюу Ч.Ц гэх тухайн мэргэжлийн шаардлага хангахгүй байгаа хүнийг авч ажиллуулсан нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллаж байгаа. Тэгвэл тухайн гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, зорилго юу байсан бэ гэдгийг хөдөлбөргүй тогтоосон байх ёстой. Тухайн суманд бүжгийн багш мэргэжилтэй буюу тухайн мэргэжлийн шаардлагыг хангасан боловсон хүчин байхгүй бол төрийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг яаж хангах юм бэ. Төрийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зарчмын дагуу энэ үйлдлийг яллагдагч нар хийсэн юм уу эсхүл Ч.Ц-д давуу байдал бий болгох зорилгоор энэ үйлдэл хийгдсэн юм уу. Тухайн ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагыг нь хангасан боловсон хүчин байсаар байхад бусад хүмүүсээс Ч.Ц-д хууль бусаар давуу байдлыг үүсгэж байгаа тохиолдолд гэмт хэрэг болно.

     Гэтэл ийм нөхцөл байдал байсан эсэхийг бүрэн гүйцэт эргэлзээгүйгээр, хөдөлбөргүй нотолж тогтоогоогүй байхад шаардлага хангаагүй хүнийг авч ажиллуулсан нь Ч.Ц-д давуу байдал үүсгэх санаа зорилготой байжээ гэж хөнгөн хийсвэр байдлаар хүнийг яллаж болохгүй.

     Ийм учраас хэргийг буцаасан шүүгчийн захирамжид нэмэлт өөрчлөлт оруулж, тухайн суманд гэмт хэрэг гарах цаг хугацаа буюу 2023 оны 3 дугаар сард бүжгийн багшийн мэргэжлийн шаардлага хангасан боловсон хүчин байсан эсэх нөхцөл байдлыг зайлшгүй тодруулсны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 болон 1.6-д заасан гэмт хэргийн зорилго нь юу байсан, мөн тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь юу байсан нь тогтоогдоно гэж харж байгаа учраас тухайн ажиллагааг нэмэлтээр хийлгэх талаар өөрчлөлтийг оруулж өгөөч гэсэн саналтай байна” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/127 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Б.Б, Ө.У нарт холбогдох, 2435000790211 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

       2. Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяраас яллагдагч Б.Б-г нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Х сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Соёлын төвийн бүжгийн багшийн сул орон тоонд тус ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй иргэн Ч.Ц-г 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар тухайн ажилд томилон ажиллуулж албан үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт 19,188,935 төгрөгийн хохирол учруулсан,

     - яллагдагч Ө.У-г нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Х сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Соёлын төвийн өмнөх эрхлэгчийн бүжгийн багшаар ажилд авсан иргэн Ч.Ц-г  тус ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангахгүй байгааг мэдсээр байж түүнийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тус соёлын төвд бүжгийн багшаар ажиллуулж албан үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт 19,188,935 төгрөгийн хохирол учруулсан,

     - мөн эрх бүхий байгууллагын баталж тогтоосон сумын Соёлын төвийн ажиллавал зохих орон тоог хэтрүүлэн өөрийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам ах А.А-г тус соёлын төвд 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар өвийн ажилтнаар авч ажиллуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгож улсын төсөвт 21,460,136 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

    3. Анхан шатны шүүх яллагдагч Б.Б, Ө.У нарт холбогдох хэргийг хүлээн авч, өмгөөлөгч Б.Батгэрэлийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, нотолбол зохих зүйлийг нотлоогүй зэрэг  үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасантай нийцсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад  хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

     3.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Увс аймгийн Х сумын Соёлын төвийн бүжгийн багшаар ажиллаж байсан иргэн Ч.Ц-г мөрдөгчийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тогтоол /2 дугаар хх-ийн 146-р тал/-оор гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд гэж үзэж, түүнийг иргэний хариуцагчаар татжээ.

      1 дүгээр хавтаст хэргийн 148-р талд авагдсан иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлд: иргэний хариуцагч Ч.Ц өмгөөлөгч сонгож авсны дараа өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгнө гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-т: “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй”,

     мөн зүйлийн 2-т: “хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж тус тус  гэж заасны дагуу иргэний хариуцагч Ч.Ц хууль зүйн туслалцаа авах эрхтэй байх тул түүний өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломж нөхцөлийг бүрдүүлсний дараа дахин мэдүүлэг, тайлбар авах шаардлагатай бөгөөд хэрэгт энэ ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй байна.

      Иргэний хариуцагч нь өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авснаар мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт гаргах, хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах байдлаар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхтэй бөгөөд энэхүү эрхийг эдлүүлээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн үндэслэл болно.

      3.2. Мөн энэ хэргийн хувьд хууль бусаар бүжгийн багшийн ажилд томилогдсон гэх Ч.Ц-ийн хувийн байдалд хамаарах нөхцөл байдал буюу боловсрол, мэргэшлийн байдлыг нотлох баримтад үндэслэн тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байх бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тогтоогоогүй нь яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлнө гэж үзлээ. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

    4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хангаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарах бөгөөд уг зөрчлийг арилгуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын “...хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

     1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 07 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

     2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.МӨНХЖАРГАЛ

                                                        ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ                      

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.АЛТАН