Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00525

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00525

 

 

 

А.Банзрагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03225 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Банзрагчийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булнайн Ар ХХК-д холбогдох

Тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Банзрагч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч А.Банзрагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Булнайн Ар ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан угтах үйлчилгээний ажилтнаар сарын 400 000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа байгууллагынхаа дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байсан ба ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл Булнайн Ар ХХК-ийн хүний нөөцийн менежер А.Мөнхзул жирэмсэн гэдгийг мэдмэгц гүйцэтгэх захирал Д.Сайнбаярын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/113 тоот Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал гаргаж, 07 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, эмэгтэй хүнийг ялгаварлан гадуурхаж, үндэслэлгүй чөлөөлсөн тул Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус компанид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Булнайн Ар ХХК болон иргэн А.Банзрагч нарын хооронд угтах үйлчилгээний ажилтнаар ажиллах хөдөлмөрийн гэрээг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Уг гэрээгээр талууд хөдөлмөрийн гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан гэрээний гол нөхцөлүүдийг тусгаж, харин гэрээний хугацааг тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дах хэсэгт Талууд гэрээнд энэ хуулийн 21.1 дэх хэсэгт заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно гэж заасны дагуу 1 жилийн хугацаатай байхаар харилцан тохиролцсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаанд гэрээний талууд хэн аль нь маргаагүй, улмаар уг гэрээг талууд зөвшөөрч гарын үсэг зурсан ба гэрээний 2.7хөдөлмөрийн гэрээний хугацаа 1 жил байна, 2.8энэхүү гэрээний 2.7-д заасан хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болно гэж тус тус заасныг талууд харилцан тохиролцож, хуулийн хүрээнд сайн дурын үндсэн дээр гэрээг байгуулсан.

Улмаар хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дууссан бөгөөд Булнайн Ар ХХК-ийн хүний нөөцийн менежер А.Мөнхзул нь гэрээний хугацаа дууссантай холбоотойгоор ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг А.Банзрагчид 2017 оны 06 дугаар сард болон 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус бүр амаар удаа дараа мэдэгдсэн байдаг. А.Банзрагч нь мэдсээр байж тухайн үед хариуцсан ажлаа хүлээлцэлгүй, шалтаг шалтгаан тоочин удааширсан бөгөөд ажил олгогчийн зүгээс түүнд хариуцсан ажил үүрэг, баримт материалыг бүрэн хүлээлгэж өгөх нэмэлт хугацаа олгон 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллуулсан. Нэхэмжлэгч нь жирэмсэн байсан тухай албан ёсны эмнэлгийн магадалгаа болон холбогдох баримтыг ажил олгогч талд өгсөн эсэх нь нотлогдохгүй байна. Ажил олгогчийн зүгээс зөвхөн хөдөлмөрийн гэрээний хугацааг үндэслэн ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг гаргасан. Булнайн Ар ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 6/113 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хуулийн дагуу үндэслэл бүхий шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Булнайн Ар ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/113 тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Банзрагчийг угтах үйлчилгээний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 439 995 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Банзрагчид олгож, олговорт ногдох бичилтийг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагч Булнайн Ар ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Сайнбаяр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн буюу хариуцагч талын зүгээс хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхийг хязгаарласан. Булнайн Ар ХХК болон иргэн А.Банзрагч нарын хооронд угтах үйлчилгээний ажилтанаар ажиллах хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд тэрээр Булнайн Ар ХХК-ийн хүний нөөцийн менежер А.Мөнхзул намайг жирэмсэн гэдгийг мэдмэгц тушаал гаргуулж, жирэмсэн гэдгээр ялгаварлан гадуурхаж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан боловч гэрээг цуцлах талаар аль нэг тал санаачлага гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу гэрээний хугацаа дахин сунгагдсан гэж түүний өмгөөлөгч шүүхэд тайлбар өгсөн. Булнайн Ар ХХК-ийн хүний нөөцийн менежер А.Мөнхзул нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссантай холбоотойгоор гэрээг цаашид сунгахгүй болсон тухай мэдэгдлийг А.Банзрагчид амаар удаа дараа мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусч буйтай холбоотойгоор 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр түр хугацаанд амьдарч байсан компанийн байрыг Булнайн Ар ХХК-ийн хүний нөөцийн менежер А.Мөнхзул болон бусад холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн тухайгаа шүүхэд мэдүүлсэн.

Дээр дурдсан үйл баримтуудыг нотлох шаардлагын үүднээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25,1.3 дах хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт тус тус заасныг үндэслэн Булнайн Ар ХХК-ийн хүний нөөцийн менежер А.Мөнхзулаас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд бичгээр гаргасан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт заасныг зөрчин хариуцагчийн зүгээс хуулинд заасан эрхийнхээ дагуу гаргасан дээрх хүсэлтийг хангахгүй орхисон нь хэргийн оролцогчийн зүтээс хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхийг хязгаарласан процессийн ноцтой алдаа гэж үзэж байна. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хариуцагчиин ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид 2017 оны 06 дугаар сар, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус бүр амаар удаа дараа мэдэгдсэн гэх тайлбар нь баримтаар нотлогдоогүй болно, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгасанд тооцно гэж заасан гэх мэтээр шийдвэрийн үндэслэсэн нь хэргийн оролцогчийн зугээс татгалзлынхаа үндэслэлийг нотлох эрхийг /гэрчийн мэдүүлэг авахуулах/ шүүхээс хязгаарласан мөртлөө хариуцагч нь ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг амаар удаа дараа мэдэгдсэн нь баримтаар нотлогдохгүй байна хэмээн хэт нэг талыг баримталсан, шүүхийн өмнө талуудын эрх тэгш мэтгэлзэх зарчмыг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Нотлох баримтыг дутуу үнэлсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн ажлын байр байгаа болох нь нотлогдохгүй байх ба... гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд ажил олгогчийн зүгээс иргэн А.Банзрагчтай Угтах үйлчилгээний ажилтнаар ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа оффисын барилгын талбай өмчлөгч, эзэмшигч нарын үйл ажиллагаа бүрэн жигдрэх хүртэл түр хугацаанд гаднаас ирсэн зочдод мэдээлэл өгөх зорилгоор уттах үйлчилгээний ажилтан ажиллуулах болсон тухай тайлбарлаж, хөдөлмөрийн гэрээний 2.7 дах хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа 1 жил байна, 2.8 дах хэсэгт энэхүү гэрээний 2.7-д заасан хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болно гэж заасныг талууд харилиан тохиролцож, хуулийн хүрээнд сайн дурын үндсэн дээр гэрээг байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаанд гэрээний талууд хэн аль нь маргаагүй.

Мөн Ажил олгогчийн зүгээс иргэн А.Банзрагчтай Хөдөлмөрийн гэрээг байгуулахын хамт Ажлын байрны тодорхойлолт-ыг танилцуулж байгуулсан бөгөөд ут тодорхойлолтод заасан ажлын байрны үндэслэл шаардлага, гүйцэтгэх ажил, чиг үүрэг, хариуцлага зэргийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зуран баталгаажуулсан байдаг.

Иргэн А.Банзрагчтай байгуулсан Ажлын байрны тодорхойлолт-ыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэргийн материалд хавсаргасан бөгөөд уг тодорхойлолтын үндсэн хэсэг буюу 1.1-д Булнайн Ар ХХК нь СБД-ийн 1-р хороонд байрлах UBH center оффисын зориулалттай барилгыг шинээр ашиглалтад оруулсан бөгөөд уг барилгын талбайн өмчлөгч, эзэмшигч, түрээслэгч нарын үйл ажиллагаа бүрэн жигдрэх хүртэл түр хугацаанд угтах үйлчилгээний ажилтан ажиллуулах болсонтой холбогдуулан уг ажлын байранд энэхүү тодорхойлолтыг мөрдөж ажиллана гэж заасныг анхан шатны шүүх огт үнэлэхгүйгээр дутуу орхиж, нотлох баримтыг орхигдуулсан. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нотлох баримтыг дутуу үнэлсэн зэргээр гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж бид үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хоорондын хөдөлмөрийн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч А.Банзрагч нь хариуцагч Булнайн Ар ХХК-д холбогдуулан Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

А.Банзрагч нь Булнайн Ар ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/223 тоот тушаалаар угтах үйлчилгээний ажилтнаар томилогдон, мөн өдөр тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/113 тоот Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалаар 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон байна./Х.х-ийн 54, 55, 59 дүгээр тал/

Булнайн Ар ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/113 тоот Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 2.7, 2.8 дах заалтыг тус тус үндэслэсэн ба хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дууссан гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн гэрээний 2.7-т хөдөлмөрийн гэрээний хугацаа 1 жил байна, 2.8 энэхүү гэрээний 2.7-д заасан хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болно гэж талууд харилцан тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т нийцсэн гэж үзнэ.

Хэргийн 36, 55 дугаар талд авагдсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбарын бичилт, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон тушаал, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд ажилтан А.Банзрагч нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш буюу хөдөлмөрийн хугацаатай гэрээ дууссан өдрөөс хойш хугацаанд ажлаа гүйцэтгэж байсан болох нь нотлогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгасанд тооцно гэж заасан.

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар анх тогтоосон хугацаагаар сунгагдсанд тооцогдох тул А.Банзрагчийг ажлаас чөлөөлсөн Булнайн Ар ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/113 тоот Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх тайлбар, гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Түүнчлэн хариуцагч талын тайлбар гомдолд дурдсан хугацаа дуусмагц ажилтны хугацаатай хөдөлмөрийн гэрээг цуцлах санал тавьсан болон ажлын байрны тодорхойлолтод тусгаснаар шинээр ашиглалтад оруулсан барилгын талбайн өмчлөгч, эзэмшигч, түрээслэгч нарын үйл ажиллагаа бүрэн жигдэрсэн, угтах үйлчилгээний ажилтан ажиллуулах шаардлагагүй болсон гэх нөхцөл байдлыг нотолсон бичгийн баримт хэрэгт байхгүй байна.

Ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалын үндэслэл нь хуульд нийцээгүй тул нэхэмжлэгч А.Банзрагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт уг маргаанд хамааралгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасан зохицуулалтыг, шаардах эрхэд хамааралгүй 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийг тус тус баримталсан, тушаалыг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байхад бие даасан шаардлагатай адилтган шийдвэрлэсэн зэрэг нь алдаатай болсныг залруулах шаардлагатай байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцсан тухай баримтад гарын үсэг зураагүй байх боловч тэрээр анхан шатны шүүхэд хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгтэй танилцсан талаар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарласан, шүүх түүнд эрх үүрэг тайлбарлан танилцуулсан байна./хх-18/

Мөн шүүх хэргийн оролцогчийн эрх үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангасан, шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах буюу гэрч асуулгах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03225 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан А.Банзрагчийг Булнайн Ар ХХК-ийн угтах үйлчилгээний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 439 995/ нэг сая дөрвөн зуун гучин есөн мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Булнайн Ар ХХК-д даалгасугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ