| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2435000000249 |
| Дугаар | 2025/ДШМ/21 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/21
Д.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Бунжаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Д.А-д холбогдох, 2435000000249 дүгээр, 2 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Д-ийн А.
1. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь 2024 оны 7 дугаар сарын 17-ны үед Увс аймгийн Х сумын х багийн нутаг дэвсгэр “х” гэх газраас хохирогч С.Б-ын 7 тооны, Ц.Б-ийн 1 тооны нийт 8 тооны үхэр буюу олон тооны бод мал хулгайлж, хохирогч нарт нийт 6,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Т ургийн овогт Д-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.А-г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Д.А-д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.А-ийн хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, уг мөнгөнөөс 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч Ц.Б-д, 5,700,000 /таван сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч С.Б-д тус тус олгож, үлдэх 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлж,
- шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
- шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие 2 хүүхдийн хамтаар, өндөр настай аав, ээжээ асарч амьдардаг. Эхнэр бид 2 гэрлэлтээ цуцлаагүй боловч тусдаа амьдраад 1 жил болж байгаа ба үр хүүхдээ тэжээх, ар гэрээ авч явах үүргийг миний бие ганцаараа гүйцэтгээд явж байна. Миний аав Дамиран нь 80 настай, нүд нь юм хардаггүй, хэвтрийн хүн байдаг ба би эх эцгээ харж асардаг юм. Том охин маань оюутан, бага хүү маань 9-р ангид суралцдаг.
Өөрийн хийсэн хэргээ ойлгож, ухамсарласан ба дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжтой. Хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан.
Намайг хоригдсон үеэс хойш манай гэрийн амьдрал хэцүүхэн нөхцөл байдалтай байна. Миний амьдралын энэхүү нөхцөл байдлыг болон хохирогч нарт учруулсан хохирол төлж барагдуулсан нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг багасгаж, хорих ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү” гэжээ.
5. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Д.А нь бусдын 8 тооны тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Д.А-ийн гэм буруугийн асуудалд бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон гэж дүгнэж байна.
Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна гэдэг мэдүүлэг өгдөг боловч хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх явцад миний бусдад үхэр зарсан нь иргэний эрх зүйн харилцаа байсан, уг малаа буцааж авсан гэдэг талаар маргасан. Мөн шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа Д.А хохирол төлөх талаар 5 хоногийн завсарлага авсан. Ингээд гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй учраас хохирлоо төлөөгүй гэдэг байр суурьтай эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд оролцсон.
Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
6. Шүүгдэгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний буруу байсан, би хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулахгүйгээр анхан шатны шүүх хуралдаанд оролцоод, хоригдож байх хугацаандаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлаад, хохирлоо төлж барагдуулсан. Иймд надад хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэж эрхэм шүүгч та бүхнээс хүсэж байна. Мөн миний аавын бие муу байгаа, бүх ах дүү нар маань цугларсан, маш хүнд нөхцөл байдалд байгаа. Иймд намайг аавтай минь уулзуулж өгнө үү” гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Өмгөөлөгч миний хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд оролцож чадаагүй.
Д.А гэм буруугаа ойлгож байгаа боловч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах болсон шалтгаан нь ар гэрийн аргагүй хүнд нөхцөл байдлын улмаас гомдол гаргасан.
Шүүгдэгч Д.А нь анхан шатны шүүх хуралдааны дараа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид бүрэн төлсөн, хохирогч нар цаашид ямар нэгэн гомдолгүй гэдгийг илэрхийлсэн байгаа.
Д.А нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа бүрэн хүлээж хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. Д.А нь эхнэрээсээ тусдаа амьдраад нэг жилийн хугацаа өнгөрч байгаа, хоёр хүүхдийнхээ бүхий л амьдралыг Д.А авч явдаг. Том охин нь оюутан болсон, бага нь 9 дүгээр ангид сурдаг. Мөн 80 гаруй настай хараагүй аав нь хүнд өвчтэй байгаа нь эмчийн тодорхойлолтоор нотлогдож байгаа. Д.А-ийн хувьд өндөр настай аав, ээжээ өдийг хүртэл халамжилж, асарч ирсэн. Гэтэл өөрийнхөө буруутай үйлдлийн улмаас хорих ял авснаас болоод өндөр настай аавынхаа толгой түшиж чадахгүйдээ харамсаж байна гэдгээ илэрхийлж байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялаас тодорхой хэмжээгээр багасгаж, хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү.
Хохирогч нарын хохирол төлөгдсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж, 4 жилийн хорих ялаас тодорхой хэмжээгээр хасаж өгнө үү. Мөн 80 гаруй настай аавынх нь бие муу байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, аавтай нь уулзуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна” гэв.
8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдол нь үндэслэлтэй тул гомдлыг дэмжиж байгаа.
Шүүгдэгч Д.А нь анхан шатны шүүх хуралдаанд “хохирогч бид нарын хооронд урьд нь өр авлагын асуудал байсан юм, надаас мал худалдаж аваад мөнгөө төлөхгүй болохоор нь би авчихсан” гэж мэдүүлсэн. Энэ хүний ухамсарт малын үлдэгдэл мөнгөө төлөөгүй тул би үүнийг авч болно гэдэг бодол байсан гэж ойлгохоор байна. Магадгүй тухайн хүнээс зөвшөөрлийг нь аваад эсхүл өр төлбөрийн асуудал байсан бол иргэний хэргийн шүүхэд хандаад явах ёстой байж гэдгээ бүрэн ойлгож ухамсарлаагүй байсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иймэрхүү ойлголттой явж байгаад анхан шатны шүүх хуралдаанд ч ийм байр суурьтайгаар оролцоод хэрэг анхан шатны шүүх хуралдаанаар шийдэгдсэнээс хойш өөрийнхөө бурууг ойлгосны үндсэн дээр 6,500,000 төгрөгийн хохирлыг төлсөн.
Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан харгалзан үзэх нөхцөл байдлууд байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж хуульчилсан. Нөгөө талаас хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр 4 жилийн хорих ял оногдуулсан нь ял шийтгэл тохироогүй, хүндэдсэн гэдэг байр суурьтай байна.
Д.А-ийн аав Д-г уушгины архаг өвчин, уушгины хатуурал, амьсгалын архаг дутагдал, насны доройтлын улмаас эмнэлгээс гаргачихсан, өдөр хоногоо хүлээгээд, бүх ах дүү нар нь салах ёс гүйцэтгэх нөхцөл байдалтай цугларсан байгаа. Д.А нь хорих байранд бус Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд байгаа учраас тодорхой хэмжээний төлбөр төлж, зөвшөөрлийг аваад гарах журам үйлчилдэггүй юм байна. Дэглэм бүхий хорих ангидаа очсоны дараа энэ асуудал хэрэгждэг учраас магадлал хүчин төгөлдөр болтол таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөөд, аавтайгаа салах ёс гүйцэтгэх, уулзах боломжийг нь олгож өгнө үү гэж хүсэж байна. Мөн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч, хорих ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Д.А болон түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгдэгч Д.А-д холбогдох, 2435000000249 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Шүүгдэгч Д.А-г хохирогч С.Б, Ц.Б нарын 8 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, гэмт буруутайд тооцсон буюу шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна.
3. Д.А нь 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн үед Увс аймгийн Х сумын х багийн нутаг дэвсгэр “Х” гэх газраас хохирогч С.Б-ын 7 тооны, Ц.Б-ийн 1 тооны, нийт 8 тооны үхэр буюу олон тооны бод мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийн хэдэн малаа төрсөн ах Ц.Ц-нд өгч явуулсан юм. Ц.Ц ах 2024 оны 7 дугаар сард /өдрийг нь сайн мэдэхгүй байна/ Улаанбаатар хот яваад сар орчим болоод буцаж ирээд “үхэр малаа бүртгэж үзэхэд Ц буюу С.Б ахын 7 тооны, миний 1 тооны 3 настай эр үхэр алга болсон байна” гэж ярьсан. Удалгүй ах Ц.Ц над руу дахин ярьж “Д.А гэх хүн эндээс хэдэн үхэр мал цуглуулаад явсан байна” гэхээр нь би Д.А-тай утсаар ярьхад “ахын дүү ёстой уучлаарай, би андуураад мэдэлгүй аваад явчихсан” байна. Би үхрийг чинь төлөөд өгье гэж хэлээд миний эхнэр Б.Э-ын Хаан банкны х дугаартай данс руу 500,000 төгрөг шилжүүлээд, үлдэгдлийг нь х суманд 1 бяруу байгаа тэрийг өгье” гэж хэлсэн боловч одоогоор авсан зүйл байхгүй байна.
Миний санаж байгаагаар С.Б ах 2 жилийн өмнө буюу 2022 оны 11 дүгээр сарын үед байх Д.А-аас 7-8 тооны бага үхрүүд худалдан авч ирж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/;
- хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2024 оны 7 дугаар сард тус аймгийн х сумын 4 дүгээр баг х гэх нэртэй газар зусаж байсан ба 2024 оны 4 дүгээр сарын сүүлээр үхэр малаа хөрш айл болох Ц.Ц-д зусуулахаар өгч явуулсан. Тухайн айл нь тус аймгийн Х сумын нутаг дэвсгэр “х” гэх газарт зуссан юм.
Ц.Ц-д төрөх дөхсөн 4 тооны эх үхэр өгч явуулснаас гурван эх үхэр нь төрчихсөн /тугалтай/, нэг эх үхэр нь төрөөгүй байсан ба тухайн айл дээрээс хулгайд алдсан. Ц.Ц нь Х сумын Х гэх газар зусаж байх хугацаандаа Улаанбаатар хот яваад буцаж ирэх үед миний өгч явуулсан үхрүүд хулгайд алдагдсан ба У.Ц Улаанбаатар явах үедээ үхрүүдээ хажуу айл, хамаатан садандаа захиад явсан гэж надад хэлж байсан.
Уг алдагдсан 7 тооны үхрээ эрэл хайгуул хийх хугацаанд миний мал хадгалж байсан Ц.Ц надтай утсаар ярьж “чиний надад хадгалуулсан үхрүүдийг Д.А гэх залуу авсан юм шиг байна” гэж хэлсэн юм. Тухайн залуу нь миний хүргэн болох залуу байсан тул би хэсэг хугацаанд судалж үзэхэд шинээр автомашин авсан сураг гарсан. Би тухайн Д.А-г тээврийн хэрэгсэл худалдаж авсан эсэх талаар сонирхож тус аймгийн Улаангом суманд амьдрах хашаанд нь очиж үзэхэд цэнхэр өнгийн Вонго загварын тээврийн хэрэгсэл байсан. Д.А өөрөө байгаагүй тул Д.А-г хаана байгаа эсэх талаар асуугаад явсан. Удалгүй Д.А над руу холбогдож мэнд ус болоход нь би Д.А-д “чи миний тугалтай үхрүүдийг авсан байна, би чамайг цагдаагийн байгууллагад хандаж шийдүүлэн” гэж хэлэхэд миний хулгайд алдагдсан тугалтай гурван эх үхэр болон төрөх дөхсөн 1 эх үхрийг хулгайлж авснаа хүлээн зөвшөөрч “та намайг цагдаад битгий өгөөрэй, би таны хохирлыг бүрэн барагдуулъя” гэж хэлсэн. Тэр өмнө нь миний дүүг эхнэр болгож авсан хүргэн байсан учир цагдаагийн байгууллагад хэлэхгүйгээр тухайн хүний хэлснээр болсон. Тухайн цаг хугацаанаас өнөөдрийг хүртэл Д.А-тай холбоо барьж, хохирлоо барагдуулж авъя гэсэн боловч холбоо тогтоож чадаагүй, тухайн хүн над руу ч яриагүй удсан тул аргагүйн эрхэнд цагдаагийн байгууллагад хандсан.
Би урьд нь 2022 оны 11 дүгээр сард хүргэн болох Д.А-аас нийт 7 тооны үхрийг 3,800,000 төгрөгөөр тооцож худалдаж авсан ба тухайн үед би 2,800,000 төгрөгт нь малын мах өгсөн. Сүүлд 2023 оны сүүлээр /яг сар өдрийн санахгүй байна/ 1,000,000 төгрөгийг нь өгсөн учир уг алдагдсан 7 тооны үхрүүд миний өөрийн эзэмшлийн үхрүүд юм.
Манай мал маллаж байсан айл буюу Ц.Ц нь 2024 оны 7 дугаар сард улсын баяр наадмын дараагаар Улаанбаатар хот руу яваад 7-10 хоног яваад ирэх хугацаанд миний хадгалуулж байсан 7 тооны үхэр алга болсон учир яг хэдний өдөр алдагдсан талаар хэлж мэдэхгүй байна. Би болон манай гэр бүл дотор Д.А-тай өр авлага болон өш хонзон санасан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/;
- гэрч Д.С-ийн “...Манайх 2024 оны 6 дугаар сарын эхээр тус аймгийн х сум 4 багийн нутаг дэвсгэр “Ш” гэх нэртэй газраас нүүж тус аймгийн Х сумын нутаг дэвсгэр “Х”, “М” гэх нэртэй газруудад зусаад, 9 дүгээр сарын 04-ний өдөр х сумын 4-р баг “Ш” гэх нэртэй газраа нүүж ирээд байна. 2024 оны 7 дугаар сард улсын баяр наадмын дараах өдрүүдэд байх /яг өдрийн сайн санахгүй байна/ Х сумын нутаг дэвсгэр “Х” гэх газар зусаж байхдаа малаа хариулж яваад олон үхэр туусан хүмүүс байхаар нь очиж харахад Д.А хажуудаа хоёр залуугийн хамт 20 орчим тооны үхэр тууж явсан юм. Би таньдгаараа Д.А-тай уулзаж мэнд ус болоод хаашаа, ямар үхэр тууж байгаа талаар асуухад Д.А надад хандаж цэнхэр өнгийн портер автомашин авсан ба тухайн автомашины өртөгт өгч байгаа талаар тайлбарлаж хэлсэн. Тэр үхэр тууж явснаас өөр дахин Д.А-тай таарсан зүйл байхгүй. Би Д.А-тай хамт үхэр туулцаж явсан хоёр залууг таниагүй, тухайн хүний ярианаас ойлгоход 1 залуу нь автомашин худалдсан залуу ба өртөгт нь үхэр авч байгаа хүн гэж ойлгосон. Нөгөө залуу нь Х сумын гаралтай залуу гэж хэлж байсан юм. ...Би Д.А гэх хүн үхэр мал тууж явсны дараагаар С.Б гэх хүнтэй таарахад тугалтай, гурван үхэр алдсан талаар хэлж байсан ба тухайн үхрийг Д.А авчихсан байна гэж ярилцах явцдаа би Д.А саяхан олон үхэр тууж явахад Д.Агийн имтэй улаан галзан зүсмийн тугалтай 2-3 үхэр явсан талаар хэлсэн. С.Б би тухайн үхрүүдийг урьд нь Д.А-аас худалдан авч байсан учир тухайн хүний имтэй байх нь зөв гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-44 дүгээр хуудас/;
- гэрч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Б ах 2024 оны 5 дугаар сарын эхээр 4 тооны эх үхрийг манайх зуслан гарах үед өгч хадгалуулсан. С.Б нь хүргэн болох Д.А гэх хүнээс бага настай буюу тугал, бяруу худалдаж авч байсан ба зун цагт манайх Х сумын “Х” гэх газар зусахад өгч явуулдаг байсан ба худалдаж авсан тугалтай бяруунууд нь “Х”-т байсан учир нутаг руугаа гүйж магадгүй гээд надад 2 жил хадгалуулж байна.
Манайх 2024 оны 6 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот яваад тухайн оны 7 дугаар сарын 23, 24-ний үед буцаж ирээд үхэр малаа бүртгэж үзэхэд С.Б-ын надад хадгалуулсан тугалтай гурван үхэр, 1 эх үхэр буюу 7 тооны үхэр, мөн манай дүү Ц.Б-ийн 1 тооны 3 настай, саарал галзан зүсмийн эр үхэр гэх нийт 8 тооны үхэр алга болсон тул би С.Б-д энэ талаар хэлсэн. Малаа хайж эхлэхэд манай хадам аав Д гэх хүн “саяхан Д.А ирээд үхэр малаа аваад явчихлаа” гэхээр нь би С.Б ахад “танай үхрийг Д.А ах аваад явсан байж магадгүй” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-49 дүгээр хуудас/;
- гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д.А гэх хүнийг сайн танина, миний төрсөн дүү. Д.А нь Улаангом сумын төв орохоос өмнө ихэнх малаа зарсан, одоо өөрийн хэдэн мал байгаа.
Манайх 2024 оны зуны саруудад Х сумын “Х” гэх газар мал маллаж зуссан. 2024 оны зун 7 дугаар сард /би яг өдрийн сайн санахгүй байна/ нэг өдөр би Улаангом сумаас гэртээ ирэхэд манай дүү Д.А хажуудаа хоёр залуутай хамт манай гэрт ирчихсэн байсан ба манай гэрт хоноод маргааш нь манай гэрийн ойролцоо “Ха” гэх газар байсан үхрээс 20 орчим үхэр ялгаж ирээд манай гэрийн хажуугаар хоёр залуутай хамт Х сумын чиглэлд туугаад явсан. Д.А-тай хамт явсан 2 залуу жижиг, цагаан өнгөтэй суудлын автомашинтай явсан. Би ямар учиртай үхэр мал туусан талаар асуухад Д.А “би саяны залуугаас пронтер загварын ачааны автомашин худалдаж авч байна, тэр автомашины өртөгт үхэр өгч байна” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-59 дүгээр хуудас/;
- гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би С.Б гэх хүнийг танина, уг хүн нь миний төрсөн ах юм. Харин Д.А гэх хүн бол миний нөхөр байсан хүн юм. Би 2024 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд нөхрөөсөө салаад 1 жил шахам тусдаа амьдарч байгаа.
Би Д.А гэх хүнтэй хамт амьдарч байх хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын үед байх яг сайн санахгүй байна хүйтэрч байсан үед манай төрсөн ах С.Б-д тугалтай гурван бяруу болон 1 эх үхэр нийт 7 тооны үхэр зарсан. Уг тугалтай үхрийг 1 сая төгрөгөөр, эх үхрийг 700,000-800,000 төгрөгөөр тооцож нийт 3,800,000 орчим төгрөгөөр зарсан.
Миний төрсөн ах С.Б нь 2022 оны өвөл х суманд нутаглаж байхдаа хэдэн бог мал нядалж, миний нөхөр Д.А-д өгч, тухайн малын махаа зарчхаад үхэр зарсан өртөгт аваарай гээд өгч явуулсан. Нөхөр Д.А нь аймгийн төвд оруулж ирээд ах С.Б-ын өгч явуулсан бог малын махыг зарчхаад 1,000,000 төгрөг үлдээгээд бусад өрөө барагдуулж авсан. Сүүлд нь би 2024 оны 3 дугаар сард төрсөн ах С.Б-с үлдэгдэл 900,000 төгрөг шилжүүлэн авсан. Миний нөхөр 100,000 төгрөгийн авчихсан юм билээ. Одоо төрсөн ах С.Б бид нарт ямар нэгэн өр авлага байхгүй болно. Урьд нь Д.А “мөнгөний хэрэг гарвал С.Б ахад зарсан үхрийн төлбөрийн үлдэгдэл мөнгөө авбал авч бай” гэж хэлж байсан учир би С.Б ахаас 2024 оны 3 дугаар сарын дундуур үхрийн төлбөрийн үлдэгдэл 900,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Тухайн мөнгө авсны дараа удаагүй хүүхдийнхээ утсаар нөхөр Д.А-д “мөнгө авчихсан шүү” гэж хэлж байсан учир Д.А мэдэж байгаа байх гэж бодож байна. Манай үхрүүдийн им хоёр чих нь араасаа ухмал имтэй ба С.Б ахад зарсан үхрүүдийн хоёр чих нь араасаа ухмал имтэй гэж бодож байна. Харин зүсийг нь сайн мэдэхгүй байна. Манайх 2021, 2022 үед урд аймаг руу шилжих санаатай үхэр малаа нядалсан ба тухайн нядалгаанаас үлдсэн үхрээ С.Б ахад зарсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/;
- гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Н нь 2024 оны 7 дугаар сарын эхээр нутагтаа ирэхдээ цэнхэр өнгийн Bongo-J3 загварын тээврийн хэрэгсэлтэй ирж, уг тээврийн хэрэгслийг зарах талаар надад хэлсэн.
Би автомашин худалдаж авах хүн байгаа эсэх талаар сураглаж байгаад Д.А гэх хүнтэй Б.Н-ын хамтаар очиж уулзаад уг тээврийн хэрэгслийг 23,000,000 төгрөгөөр зарах гэж байна, чи авахгүй биз гэж асуухад “би малаар худалдаж авъя” гэсэн. Бид хоёр ямар мал байгааг асууж тодруулахад “би өнгөрсөн өвөл 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан азаргаа 20 бяруугаар сугалаадсан, уг бяруунууд нь 3 настай болж байгаа ба уг 20 тооны үхэр цуглуулж ирээд, өөрөөсөө 3 үхэр нэмээд нийт 23 тооны үхрээр худалдаж авъя” гэхэд Б.Н зөвшөөрч Bongo-J3 загварын тээврийн хэрэгслийг Д.А-д өгсөн.
Д.А нь “миний цуглуулах мал бүрдэж өгөхгүй байна” гээд 20 хоног болсон бөгөөд Д.А надад хандаж “та автомашин зардаг дүү Б.Н-г аваад Х сумын нутаг “Х” гэх газар хүрээд ир” гэхээр нь би ахын хүүхэд болох Б.Н-г аваад өөрийнхөө цагаан өнгийн Клүгэр загварын автомашинтай Х сумын нутаг дэвсгэр “Х” гэх газарт байх Д.Д-нд очиход Д.А байсан.
Тухайн айлын гадна талд 3 тооны үхэр уяатай, 5-6 үхэр сул байсан ба зэргэлдээ малын бэлчээрээс бусад малын ялгаж аваад нийтдээ 22 тооны үхрийг “Х” гэх газраас би өөрөө автомашинтай, Б.Н явганаар, Д.А нь төрсөн ах Д.Д-ийн морьтой тууж З сум руу явдаг хөндлөн зам хүртэл явсан ба тухайн газраас Д.А нь буцаад ахынхаа гэр рүү явсан. Бид хоёр цааш үргэлжлүүлэн тууж х нуур хүргээд цаашаа Улаанбаатар хот руу явах замын унаанд ачуулаад Булган аймгийн Бүрэгхангай сум руу хүргүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/;
- гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.А нь тооцоогоо өгөхгүй 20 орчим хоног болсон. Би Д.А-ийн хамаатан саднаас нь асууж байгаад төрсөн ахынх нь гэрт очиж уулзсан бөгөөд намайг очих үед Д.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан. Би “төлбөрт өгөх үхрүүдээ өгөхгүй юм уу” гэж асуухад “Надад одоо байгаа нь 21 үхэр л байна” гээд 7-8 эр үхэр, 3 тугалтай үхэр, 10 сувиа эм үхэр өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэв.
4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.А-г бусдын 8 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч нь хохирогч С.Б, Ц.Б-ийн нарын 8 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцсон нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5. Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж дүгнэв.
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т: “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Д.Агийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт 6,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдэж 6,500,000 төгрөгийн орлого олсон гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлд заасан журмыг баримтлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т заасан “...ашиг, орлого..” гэдэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөөс бий болсон үр шим, үр төл, түүнчлэн эдийн засгийн эргэлтэд оруулж олсон ашиг, орлого зэргийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг эзэмших, ашиглах явцад бий болсон хөрөнгө хамаарахаар байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6,500,000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж дүгнэн, хохирогч нарт олгох хохирлоос илүү гарсан 500,000 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул шийтгэх тогтоолын 4 дүгээрт заалтад өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
5.2. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.А-д ял оногдуулахдаа “шүүгдэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Увс аймгийн х сумын 5 дугаар багийн нутгаас бусдын 2 тооны адуу хулгайлж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож байсан атлаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т: “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасантай нийцээгүй байна.
Тодруулбал, шүүгдэгч Д.А нь 2018 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Увс аймгийн х сумын 5 дугаар багийн нутгаас бусдын 2 тооны адуу хулгайлсан үйлдэлдээ Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дууссан нь тогтоогдож байх боловч энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан ял хүндрүүлэх нөхцөлд тооцогдохгүй буюу энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчид ял оногдуулахад хүндрүүлэн үзэх нөхцөл болохгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал нь шүүгдэгч энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдэж нэг шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож байгаа тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөлд байдалд тооцох үндэслэл болно.
6. Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын давж заалдах журмаар гаргасан “анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөх”-ийг хүссэн агуулга бүхий гомдлыг хангах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.А-д ял оногдуулахад хүндрүүлэн үзэх хуульд заасан нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 6.500.000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч нарт бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан дөрвөн жил хорих ялыг хөнгөрүүлж, гурван жил хорих ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирно гэж дүгнэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.А-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 100 /зуу/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын: 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар гэснийг 3 /гурав/ жил хорих ял гэж,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын 4 /дөрөв/ жилийн хугацаагаар гэснийг 3 /гурав/ жилийн хугацаагаар гэж,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтыг: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгч Д.А-аас 5,700,000 төгрөг гаргуулж хохирогч С.Б-д, 300,000 төгрөг гаргуулж Ц.Б-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.А-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 100 /зуу/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ