Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/00103

 

“Гандирс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 136/ШШ2016/00297 дугаар шийдвэр,        

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 202/МА2016/00044 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “Гандирс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Улаанбаатар хотын банкинд холбогдох,

2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулсан санал болгох хурал түүнээс хойш хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, Дорноговь аймаг Сайншанд сумын 3 дугаар баг, Залуучуудын гудамжинд байрлах Дорноговь зочид буудлын зоорийн давхар бүхий 7 давхар үл хөдлөх хөрөнгө болон газрыг бусдад шилжүүлэхгүй байхыг Улаанбаатар хотын банкинд даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Нямцоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 240 тоот захирамжаар “Дорнын гандирс” ХХК-иас 3,201,580,699.00 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Дорноговь аймгийн Сум дундын шүүхээс 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 782 тоот Албадан гүйцэтгэх захирамж гарч, 2013 оны 9 дүгээр сарын 10-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн.Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд “Гандирс” ХХК нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу өмчлөгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж оролцож ирсэн болно. Дорноговь аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Энхцэцэгийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаар “Үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоол гарсан.Уг тогтоолд барьцаа хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р баг, 11-р хэсэгт байрлах Дорноговь зочид буудлын зоорьтой долоон давхар үл хөдлөх хөрөнгө буюу зочид буудлын байрыг л албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гарсан бөгөөд уг зоорьтойгоо нийт 8 давхар обьектын хувьд л анхны болон 2 дахь дуудлага худалдаа явагдсан байдаг.Түүнчлэн Дорноговь аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлын хэсэг томилох тухай” А/31 дугаар тушаалд “...үл хөдлөх хөрөнгө /Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р баг Залуучуудын гудамжинд байрлах Дорноговь зочид буудлын байрыг/ төлбөр авагч Улаанбаатар хотын банкинд хүлээлгэн өгсүгэй” гэжээ. Шийдвэр гүйцэтгэгч нар нь “Дорнын гандирс” ХХК-ийн зээлийн барьцаа болох объектыг барьцаалсан байсан “Гандирс” ХХК-ийн өмчлөлийн “Дорноговь” зочид буудлыг 2 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч сонирхогч этгээд гараагүй гэх бөгөөд барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон төлбөр авагчид шилжүүлэн өгөх эсэхийг шийдэх хурлыг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зохион явуулсан байна.Гэтэл уг санал болгох хурлаар 625 м.кв талбай бүхий “Гандирс” ХХК-ийн эзэмшлийн газрыг Улаанбаатар хотын банкинд шилжүүлсэн байна. Энэ нь хууль бус үйлдэл юм. Учир нь тус үл хөдлөх хөрөнгө болох газрыг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолууд болон, шийдвэр гүйцэтгэх албаны даргын тушаалд зөвшөөрөл олгоогүй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөл, санал өгөөгүй 625 м.кв талбай бүхий газрыг Улаанбаатар хотын банкинд шилжүүлэн өгсөн байна.Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд “Гандирс” ХХК-ийг төлөөлөн оролцсон Х.Отгончулуунд “Гандирс” ХХК-иас олгогдсон 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 88 тоот итгэмжлэлд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг заагаагүй, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т зааснаар тус итгэмжлэл хүчин төгөлдөр бус болохыг харуулж байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно” гэх хуулийн заалтын “тооцон” гэдэг нь 2 дахь дуудлага худалдаагаар Зочид буудлын байрны үнийг 5 тэрбум гэж тогтоосноор төлбөр авагч төлбөртөө тооцон авч зөрүү төлбөрийг өмчлөгч “Гандирс” ХХК-д төлнө гэж ойлгож байсан. Гэтэл тус хуулийн заалтыг шийдвэр гүйцэтгэгч нар буруугаар тайлбарлан санал болгох хурлаар шууд үлдэгдэл төлбөрт дүйцүүлэн шилжүүлж, манай компанид Улаанбаатар хотын банкнаас зөрүү төлбөрийг төлөөгүй байхад тус банкны нэр дээр газрын гэрчилгээ болон зочид буудлын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан өгсөн байна. Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх алдаатай, хуульд нийцээгүй ажиллагааны улмаас өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчиж байна гэж үзээд 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад гомдол гаргасан болно. Бидний гаргасан гомдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хошууч П.Ууганбаяр 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 955 тоот албан тоотоор хариуг өгч, шийдвэрлэх боломжгүй болохоо уламжилсан болно.Иймд 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаар “Үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоол, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулсан санал болгох хурал түүнээс хойш хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Гандирс” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: Улаанбаатар хотын банкыг хамтран хариуцагчаар оролцуулж, тус иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд тус банкны нэр дээр шилжсэн үл хөдлөх хөрөнгийг, эзэмшил газрын хамт бусдад шилжүүлэхгүй байхыг Улаанбаатар хотын банкинд даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбартаа:  Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 240 тоот шүүгчийн захирамжаар “Дорнын Гандирс” ХХК-иас төлбөрт 3 201 580 699.95 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн 250 дугаартай гүйцэтгэх хуудастай шийдвэр гүйцэтгэлийн баримт бичигт тодорхой ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. ...“Гандирс” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Эрдэнэчулуун нь өөрийн гаргасан итгэмжлэлд яг ямар үйл ажиллагаанд оролцох эрхийг тодорхой бичиж өгсөн атлаа өөрийн гаргасан итгэмжлэлээ хүчин төгөлдөр бус гэж тооцож байгаа бол хуулийн цаг хугацаанд нь гомдлоо гаргах ёстой байсан.Хоёр дахь дуудлага худалдаанд дэнчин тавьсан оролцогч байгаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч “Дорнын Гандирс” ХХК, төлбөр авагч Улаанбаатар хотын банк, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч “Гандирс” ХХК-ийн төлөөлөгчдийг байлцуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан зардлыг хасаж, тооцон төлбөртөө тооцож авахыг санал болгох ажиллагааг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан бөгөөд уг ажиллагаанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч талыг төлөөлж, Ц.Эрдэнэчулууны итгэмжлэлээр хуулийн зөвлөх Х.Отгончулуун 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаар итгэмжлэлээр, төлбөр төлөгч талыг төлөөлж, “Дорнын Гандирс” ХХК-ийн нягтлан бодогч Уранзаяа “Дорнын гандирс” ХХК-ийн захирал Ц.Шаравдоржийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаар албан тоот итгэмжлэлээр, төлбөр авагч Улаанбаатар хотын банкийг төлөөлж тус банкны тусгай активын мэргэжилтэн Г.Бат-Эрдэнэ, тэргүүн дэд захирал О.Банзрагчийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний 2/2824 дугаар албан тоот итгэмжлэлээр оролцсон.Талууд харилцан тохиролцож нэг шийдэлд хүрсэн тухайгаа илэрхийлсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд уг ажиллагаанаас гарсан шийдвэр, хурлын тэмдэглэл, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн тухай акт зэргийг оролцогч талуудад өгсөн. Уг ажиллагаанд оролцогчид бүгд хүлээн зөвшөөрч хүсэлтээ бичиж өгсөн ба акт нэг бүр дээр гарын үсгийг зуруулан баталгаажуулсан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нарт Битүүмжилсэн хураасан эд хөрөнгийг чөлөөлөх тухай тогтоолыг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн албан тоотоор хүргүүлсэн бөгөөд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох “Гандирс” ХХК, “Дорнын Гандирс” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 143 дугаар зүйлийн 143.1-д заасныг тус тус зөрчсөн. Хуульд заасан хугацаа өнгөрсөн байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Улаанбаатар банк шүүхэд гаргасан тайлбартаа: ...“Гандирс” ХХК нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул Улаанбаатар хотын банк нь Зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэхийг Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхээс 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 240 тоот шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байдаг. Тус шийдвэрт хариуцагч нь Улаанбаатар хотын банкинд 3,201,580,699.95 төгрөгийн төлбөрийг төлөхөөр зөвшөөрч эвлэрсний дагуу 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай “Эд хөрөнгийг битүүмжлэх акт” үйлдэн Дорноговь зочид буудлыг битүүмжилж, мөн оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгийг хураасан акт” үйлдэн тус зочид буудлыг хураан авсан. ...“Гандирс” ХХК-ийн дээрх нэхэмжлэлийн дагуу 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дээрх асуудлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.Дээрх шийдвэрийг үндэслэн Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Улаанбаатар хотын банкнаас 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3/1337 тоот албан бичгээр албадан дуудлага худалдааг хуулийн дагуу явуулах хүсэлтийг гаргасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 25/32 тоот мэдэгдэлд анхны дуудлага худалдаа явуулах, төлбөр төлөгчид анхны дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. “Дорнын гандирс” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай албан бичгээр, “Гандирс” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаартай албан бичгээр Дорноговь зочид буудлын үнэлгээг 10,000,000,000 төгрөгөөр үнэлсний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тогтоол гарсан.Анхны дуудлага худалдаанд дэнчин тавьсан оролцогч байгаагүй тул Иргэний хуулийн 177.2-д “Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна” гэсний дагуу анхны дуудлага худалдаа дуусгавар болсон.Ингээд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр буюу Иргэний хуулийн 177.3-д “Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахаар товлосон. Үл хөдлөх хөрөнгийн анхны дуудлага худалдааны адил 2 дахь дуудлага худалдаагаар оролцсон хувь хүн, хуулийн этгээд байгаагүй тул үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д заасан үндэслэлээр “борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөртөө тооцон авахыг санал болгох” хурлыг товлосон байдаг.Ийнхүү 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Дорнын гандирс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч Х.Отгончулуун, нягтлан бодогч З.Ууганзаяа, Улаанбаатар хотын банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ нар зээлийн үлдэгдэлтэй холбогдуулан тооцоо нийлсэн актыг үйлдсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д заасны дагуу 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хуралдаан”-аар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хууль холбогдох хуулийн дагуу төлбөр авагч нь төлбөртөө тооцон авах талаар талууд харилцан тохиролцож шийдвэрлэсэн тухай тэмдэглэлд дурдагдсан болно....Мөн нэхэмжлэгчийн зүгээс төлбөртөө тооцон зөрүү төлбөрийг банкнаас авна хэмээн ойлгосон зэрэг шалтгаануудыг дурдсан байна. Гэтэл бодит нөхцөл байдал дээр “Гандирс” ХХК нь зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгө буюу Дорноговь зочид буудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Улаанбаатар хотын банкны нэр дээр шилжүүлсний дараа буцаан худалдан авах гэрээ байгуулах талаар “Гандирс” ХХК болон Улаанбаатар хотын банктай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үе шат тус бүрт болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараахи хугацаанд харилцан тохиролцож байсан. Энэ нь дараах байдлаар буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссаны дараа “Гандирс” ХХК-иас ирүүлсэн албан бичгүүдээр нотлогдоно.Иймд “Гандирс” ХХК-ийн Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Улаанбаатар хотын банкинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 136/ШШ2016/00297 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Дорноговь аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албан, Улаанбаатар хотын банкинд холбогдох 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоол, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулсан санал болгох хурал түүнээс хойш хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах, Дорноговь аймаг Сайншанд сумын 3 дугаар баг, Залуучуудын гудамжинд байрлах Дорноговь зочид буудлын зоорийн давхар бүхий 7 давхар үл хөдлөх хөрөнгө болон газрыг бусдад шилжүүлэхгүй байхыг Улаанбаатар хотын банкинд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч “Гандирс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 136/ШЗ2016/00278 дугаар шүүгчийн захирамжаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Залуучуудын гудамжинд байрлах Дорноговь зочид буудлын зоорийн давхар бүхий 7 давхар үл хөдлөх хөрөнгө, 625 м2 талбай бүхий газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхгүй байхыг Улаанбаатар хотын банкинд даалгасан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 202/МА2016/00044 дүгээр магадлалаар Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 136/ШШ2016/00297 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Нямцоожийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч “Гандирс” ХХК нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Анхан болон давж заалдах шатны шүүхүүд аймгийнхаа ШШГА-ны хууль зөрчсөн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явагдсан мэтээр хаацайлсан буюу хэт нэг талыг барьж, холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтыг хуульд заасан жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож, тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохиролтой буюу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр гаргаж байгааг эс зөвшөөрч байна.ШШГА-ны ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Энхцэцэг 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр “Үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоол гаргасан байдаг. Уг тогтоолд барьцаа хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р баг, 11-р хэсэгт байрлах Дорноговь зочид буудлын зоорьтой 7 давхар үл хөдлөх эд хөрөнгө буюу зочид буудлын байрыг л албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гарсан бөгөөд уг зоорьтойгоо нийт 7 давхар объектын хувьд л анхны болон 2 дахь дуудлага худалдаа явагдсан байдаг.Түүнчлэн ШШГА-ны даргын 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлын хэсэг томилох тухай” А/31 дугаар тушаалд “...үл хөдлөх хөрөнгө /Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р баг Залуучуудын гудамжинд байрлах Дорноговь зочид буудлын байрыг/ төлбөр авагч Улаанбаатар хотын банкинд хүлээлгэн өгсүгэй” гэжээ. Гэтэл Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлаар албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолууд болон шийдвэр гүйцэтгэх албаны даргын тушаалд зөвшөөрөл олгоогүй, талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.11 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал аваагүй, албадан дуудлага худалдаанд оруулаагүй 625 м2 талбай бүхий “Гандирс” ХХК-ийн эзэмшлийн газрыг Улаанбаатар хотын банканд шилжүүлсэн нь хууль бус юм.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт албадан дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд “үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил болон анхны үнэ, өмчлөгчийн тухай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар” зэргийг зааж өгсөн байх шаардлагатай болохыг тодорхой заасан байхад дээр дурдсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол уг газрын талаар дурдаагүй нь тухайн газрыг албадан дуудлага худалдаанд оруулах зөвшөөрөл олгогдоогүй гэж үзэх үндэслэлтэй тул ШШГА-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахдаа зөвхөн зоорьтой 7 давхар үл хөдлөх эд хөрөнгө буюу зочид буудлын байрыг л төлбөр авагчид санал болгох ёстой байтал газрыг нэмж санал болгосон нь хуульд нийцээгүй байна.Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасан “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана” гэх хуулийн заалтын “тооцон” гэдэг нь 2 дахь дуудлага худалдаагаар Зочид буудлын байрны үнийг 5,000,000,000.00 төгрөг гэж тогтоосноор төлбөр авагч төлбөртөө тооцон авч зөрүү төлбөрийг өмчлөгч “Гандирс” ХХК-д төлнө гэж ойлгож байсан. Гэтэл тус хуулийн заалтыг шийдвэр гүйцэтгэгч нар буруугаар тайлбарлан санал болгох хурлаар шууд үлдэгдэл төлбөрт дүйцүүлэн шилжүүлж, “Гандирс” ХХК-д Улаанбаатар хотын банкнаас зөрүү төлбөрийг төлөөгүй байхад тус банкны нэр дээр Зочид буудлын болон газрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан өгсөн байдаг.Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт “Мөн зүйлийн 48.7-д заасан “албадан дуудлага худалдаа” гэдэгт анхны болон хоёр дахь дуудлага худалдааны аль аль нь хамаарна. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгохдоо дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж тооцно” гэснээс үзвэл зөрүү төлбөрийг өмчлөгчид олгохгүй, 10,000,000.00 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн явдал нь хууль бус болох нь харагддаг.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж, төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох ажиллагааг ШШГА нь боломжтой тохиолдолд хэрэгжүүлэх эрхтэй болохоос биш заавал хийх үүрэгтэй гүйцэтгэлийн ажиллагаа биш юм. Түүнчлэн уг ажиллагааг гүйцэтгэхдээ төлбөр төлөгчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээ, төлбөрт тооцон хураан авсан барьцаа хөрөнгийн үнийн дүн, тэдгээрийн хооронд зөрүү гарч буй эсэх, төлөх төлбөр, барьцаа хөрөнгийн үнэ зэрэг нь хоорондоо дүйцэж буй эсэхэд шийдвэр гүйцэтгэгч анхаарч, харгалзан үзэх ёстой юм.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар “Хуулийн этгээдийг хууль тогтоомж, эсхүл үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу эрх олгогдсон албан тушаалтан төлөөлнө.” Мөн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.13, 83.8 дахь хэсэгт тус тус зааснаар өмчлөгчийг төлөөлөх, тус компанийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй цорын ганц субъекг бол “Гандирс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ц.Эрдэнэчулуун юм. Х.Отгончулууны итгэмжлэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төлөөлөгчийн бүрэн эрхийг тодорхой заагаагүй, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар тус итгэмжлэл хүчин төгөлдөр бус болохыг харуулдаг. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т дурдсан хэлцэл нь онцгой ач холбогдолтой байдаг тул нягтлан бодогчийн гарын үсэг итгэмжлэл олгох албан тоотод заавал нэмэгдэж, зурагдах ёстой юм....Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны талаар зохигчдын хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна. Шүүх маргааны үйл баримт болон эрх зүйн асуудлаар хийсэн дүгнэлтээ шийдвэр, магадлалдаа тодорхой тусгажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч “Гандирс” ХХК нь Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хурал, энэ хурлаас хойш хийгдсэн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол Улаанбаатар хотын банк ХХК-д холбогдуулан нэр дээр нь шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг, эзэмшил газрын хамт бусдад шилжүүлэхгүй байхыг даалгуулах шаардлага шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзан мэтгэлцсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3., 37 дугаар зүйлийн 37.3., 39 дүгээр зүйлийн 39.6., 143 дугаар зүйлийн 143.1., 143.3.-т заасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар гомдол гаргах журмыг хоёр шатны шүүх тухайн эрх зүйн маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй төлбөр төлөгчийн төлбөрийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэрэгсэл болох барьцааны зүйлээс барагдуулах шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын ажиллагааны талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., 177.2., 177.4., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34, 36, 37, 39, 43, 48 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн гүйцэтгэх бичиг баримтын дагуу эд хөрөнгө битүүмжлэх, хураах, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа зарлах, товлох, зохион байгуулах, албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох зэрэг үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тухайн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой иргэний эрх зүйн асуудлаар шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Тухайлбал, салгаж үл болох эрх, эрх зүйн харилцаанд төлөөллөөр оролцох, итгэмжлэлийн хэлбэр, агуулга, төлөөлөгчийн бүрэн эрх зэрэг асуудлаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1., 62, 63, 64 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.  

Хоёр шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд хийсэн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй болно.

 Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 136/ШШ2016/00297 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 202/МА2016/00044 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН