Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 105/2018/0228/Э |
Дугаар | 269 |
Огноо | 2018-02-26 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч Ш.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О овогт Ш.О яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0406 60150 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ш.О
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Ш.О нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 412-а тоотод хохирогч П.Өлзийбадамыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.О мэдүүлэхдээ: Холбогдсон хэргийнхээ талаар ярих зүйлгүй. Гэм буруугаа ойлгож байна гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч П.Өлзийбадамын:..2017 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө манай нөхөр Ш.О Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 412/а/ тоотод буюу гэртээ согтуу ирээд шөнөжингөө агсам тавьсан. Тэгээд би 2017 оны 12 дугаар сарын 15-ны орой 16 цагийн орчим ажлаа тараад гэртээ иртэл нөхөр Ш.О унтаж байхаар нь гэртээ галаа түлээгүй, усаа аваагүй байна гээд цүнхнийхээ оосроор нэг удаа ороолгосон. Тэгсэн чинь Ш.О аяга аваад над руу шидсэн чинь миний толгой хагарсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Ш.О нь эрхэлсэн тодорохой ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй тул группэд байдаг бөгөөд байнга архи, согтууруулах ундаа хэрэглэдэг. Миний толгой хагарсан байна. Гэмтлийн эмнэлэгт очиж 4 оёдол тавиулсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ…
…Өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй. Ш.О урьд өмнө нь намайг зодож байгаагүй. Харин Ш.О бид хоёрын хувьд хааяадаа хэрэлдэж маргалдах зүйл байдаг. Ш.О нь 2011 онд дэлүүний хорт хавдар өвчний улмаас хагалгаанд орж хавдраа авахуулсан бөгөөд үүний улмаас группэд бүртгүүлсэн. Тухайн үед манай хүү О.Нямлхамжмаа /15 настай/ байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй… гэх мэдүүлэг /хх-н 5-6, 7-8-р тал/
Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч О.Нямлхажмаагийн:…Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 412/а/ тоотод аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хичээлээ тараад 14 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд аав Ш.Оунтаж байсан ба 17 цагийн үед ээж П.Өлзийбадам гэртээ ирсэн бөгөөд аавыг унтаж байхыг ээж харчихаад чи босч галаа түл, усаа авахгүй яасан юм бэ гэж хэлэхэд аав ямар нэгэн юм хэлэхгүй унтаад байсан. Тэгэхээр нь ээж уурлаад аав руу цүнхээ шидэхэд аав зөрүүлээд ширээн дээр байсан аягыг авч ээж рүү шидсэн. Тэгтэл ээжийн толгой нь хагарсан. Аав, ээж хоёрын маргалдах болсон шалтгаан нь тухайн үед ээжийг гэртээ ирэхэд аав урьд өдөр нь архи уугаад гэртээ унтаж байсан ба үүнд нь ээж уурласан. Тухайн үед аав эрүүл байсан. Аяга шидсэнээс өөрөөр зодсон асуудал байхгүй. Өмнө нь аав ээжийг цохиж, зодож байгаагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.О ын: …Би 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 412/а/ тоотод оршин суух гэртээ унтаж байхад 16 цагийн үед манай эхнэр П.Өлзийбадам нь ажлаа тараад гэртээ ирсэн бөгөөд П.Өлзийбадам намайг унтаж байхыг хараад босооч чи, яасан их унтдаг юм бэ гэж хэлээд уурлаад миний хөнжлийг татаад цүнхээрээ намайг цохиод байсан. Тэгэхээр нь би уурлаад чи яасан ядаргаатай юм бэ гэж хэлээд ширээн дээр байсан шилэн аягыг авч эхнэр П.Өлзийбадам руу шидэхэд түүний толгойг нь онож хагалсан бөгөөд П.Өлзийбадам уурлаад цагдаа дуудсан. Би 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр архи уугаад маргааш нь гэртээ унтаж байсан юм. Мөн эхнэрийг ирэх үед галаа түлж, усаа аваагүй байсан болохоор эхнэр над руу уурлаад намайг унтуулахгүй байсан. Тухайн үед П.Өлзийбадам намайг унтуулахгүй уурлаад байхаар нь би аяга аваад түүн рүү шидэхэд П.Өлзийбадамын толгойг хагалсан. Түүнээс хойш би П.Өлзийбадамыг цохиж зодоогүй. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл унтаж байсан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон П.Өлзийбадамын биед учирсан гэмтлийг би түүний биед учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би П.Өлзийбадамыг дагуулан эмнэлэгт үзүүлж одоо П.Өлзийбадамын биеийн байдал хэвийн болсон…гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 298 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. П.Өлзийбадамд зүүн зулайн ар хэсэгт шарх тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Шинжээч эмч Ц.Ганболд гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ш.О нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 412/а/ тоотод хохирогч П.Өлзийбадамыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Ш.О т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Ш.О нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 412/а/ тоотод хохирогч П.Өлзийбадамыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч П.Өлзийбадам нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийг одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч П.Өлзийбадам нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Ш.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ш.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Оыг 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.О-т оногдуулсан 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч П.Өлзийбадам нь учирсан хохирлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ш.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ