2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/09277

 

 

 

 

 

 

 

 

   2025             11              11                                              192/ШШ2025/09277                    

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Баруун үйлдвэрийн гудамж, ***** тоотод байрлах, С******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Өнөр хороолол, **** байр, **** тоотод оршин суух, Х******* овогт Т******* Ц******* /РД:*******/-д холбогдох

 

16,857,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Т.Ц******* нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Автомашин, автомеханизм зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч С******* ХХК-иас ML320 маркийн тээврийн хэрэгслийг 9,000,000 төгрөгөөр, DOOSAN маркийн дугуйт ковшийг 50,000,000 төгрөгөөр, DOOSAN маркийн экскаваторыг 5,000,000 төгрөгөөр буюу нийт 64,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулахад 31,200,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нь гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 32,800,000 төгрөгийг 6 сарын хугацаанд сар бүр төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийн байдлаар 18,000,000 төгрөгийг төлж 14,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардлага тавьсаар ирсэн боловч хүндэтгэн үзвэл зохих ямар ч шалтгаангүйгээр төлөхөөс зайлсхийж гэрээнд заасан төлбөрийг гүйцэтгэлгүй өнөөдрийг хүрээд байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Тус гэрээний 9 дэх хэсэгт “...худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлж гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөр хийгээгүй бол харилцан тохиролцож хугацаа хойшлуулснаас бусад тохиолдолд буюу төлбөр гүйцэтгэх хугацааг 3 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн бол худалдагчид хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөөгүй үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө...” гэж зааснаар 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн төлөлтөөс хойш 1 хоногийн 14,800 төгрөг буюу 139 хоногийн 2,057,200 төгрөгийн алдангитай байгаа болно. Иймд хариуцагч Т.Ц*******ээс 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Автомашин, автомеханизм зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 14,800,000 төгрөг, алданги 2,057,200 төгрөг, нийт 16,857,200 төгрөгийг гаргуулж С******* ХХК-д олгуулж өгнө үү...” гэжээ.

            Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т******* овогтой Ц******* нь С******* ХХК-ийн нэхэмжилсэн 16,857,200 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг ирүүлжээ.

           

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч Т.Ц*******д холбогдуулан 16,857,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ц******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

                                                                                   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

                                                                                           

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Ц*******д холбогдох 16,857,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,263 төгрөгөөс 121,131.5 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 121,131.5 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч С******* ХХК-д олгож, хариуцагч Т.Ц*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 121,131.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                        ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ