2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/10299

 

 

 

 

 

 

 

 

2025 12 01 192/ШШ2025/10299

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч

 

Хариуцагч: Б

 

Хариуцагч:Б

 

**********өөс 8 000 000 төгрөг, ********** ХК-иас 14 393 647 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М

хариуцагч ********** ХК-ийн төлөөлөгч Б.Н

хариуцагч **********,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ********** хариуцагч **********, ********** ХК нарт холбогдуулан хариуцагч **********өөс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 8 000 000 төгрөгийг, хариуцагч ********** ХК-иас зээлийн төлбөрт төлсөн 14 393 647 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан.

 

1.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж ********* олгосон итгэмжлэлийг үндэслэн 2015 оны мөнгөлөг ********* маркийн автомашиныг итгэмжлэгдсэн төлөөлөгч **********өөс худалдан авч урьдчилгаа төлбөрт 8 000 000 төгрөг төлөөд үлдсэн мөнгийг нь банкны зээлээр авч болно гэсний дагуу **********ийн ХААН банкны ********** тоот данс руу 8 000 000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр **********тай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан бөгөөд тус банкнаас 29 000 000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн, фидуцийн гэрээнд дээрх автомашины тохиролцсон үнэлгээг 37 000 000 төгрөг гэж бичсэн байдаг. Зээлийн гэрээний зээлийн шимтгэл хураамж гэх хавсралтад зээл судалсны шимтгэл 290 000 төгрөг, барьцаа хөрөнгийн шимтгэл журмын дагуу, эрсдлийн шимтгэл журмын дагуу, нийлүүлэгчийн шимтгэлийн журмын дагуу гэж дурьдаад зээл судалсны шимтгэлээс бусад шимтгэл ямар хувь хэмжээтэй байх талаар бичигдээгүй байхад зээлийн бодит өртөг 29.45 хувь болсон байдаг. Банк зээлийн хүүгээ 28.8 гэж гэрээндээ тусгасан боловч зээлийн бодит өртөг гэх шимтгэлүүд гаргаж зээлдэгчээс тухайн тогтмол хүүнээсээ илүү мөнгө авч байгаа талаар зээлдэгч ********** **********инд гомдол гаргахад банкны зүгээс зээлийн гэрээ хуульд нийцсэн гэх хариуг хүргүүлсэн байдаг. Зээлдэгч 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх төлөлтийн байдлаар хүүнд 10 139 015 75 төгрөг, үндсэн төлбөрт 4 254 630 33 төгрөг төлсөн байна. Иргэн ********** өөрийн худалдан авч эзэмшиж ашиглаж буй автомашины талаарх мэдээллийг Японы автомашины нэгдсэн мэдээллийн санд хандан шалгахад явсан км- ын хэмжээ 136 785 км, гаалийн мэдүүлэгт энэ хэмжээ бичигдсэн боловч худалдаж авахад 150 000 км явсан, Нybrid баттарей дутагдалтай буюу доголдолтой болохыг олж мэдсэн бөгөөд худалдаж авах үед дээрх илүү гүйлт болон моторын доголдлыг олж мэдэх боломжгүй, худалдагч мэдсээр байж худалдсан учраас уг доголдлыг нэхэмжлэгч өөрт учирсан эд хөрөнгийн хохирол гэж үзэн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр **********тай байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээг доорх үндэслэлээр Иргэний хуулийн агуулга, зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт, **********ны зээлдүүлсэн гэх мөнгө нь зээлдэгчийн өмчлөлд шилжээгүй, автомашин худалдсан худалдагчийн өмчлөлд шилжсэн учраас ********** автомашин худалдан авсан гэж үзэх үндэслэлтэй. Хоёрдугаарт иргэн **********ийн өмчлөлд автомашин шилжээгүй учраас автомашин худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй. Гуравдугаарт зээлийн гэрээний хавсралтад зээл судалсны шимтгэл 290 000 төгрөг авсан, банкны зүгээс уг зээлийг хэрхэн судалсан нь тодорхойгүй, энэ талаарх судалгаа хэрхэн хийсэн нь нотлогдохгүй байгаа. Дөрөвдүгээрт барьцаа хөрөнгийн шимтгэл журмын дагуу, эрсдлийн шимтгэл журмын дагуу, нийлүүлэгчийн шимтгэл журмын дагуу гэж дурьдаад зээл судалсны шимтгэлээс бусад шимтгэл ямар хувь хэмжээтэй байх талаар бичигдээгүй байхад зээлийн бодит өртөг 29.45 хувь болсны улмаас хүүний зөрүү гарч зээлдэгчийн эд хөрөнгийн эрх зөрчигдөж байгаа. Тавдугаарт хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж фидуцийн гэрээ байгуулахаар Иргэний хуульд заасан байхад иргэн ********** өөрөө өмчлөгч нь болоогүй байж банктай фидуцийн гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй. Зургаадугаарт зээлийн эргэн төлүүлэх дарааллын талаар зээлийн гэрээнд тусгаагүй, 10 139 015 75 төгрөгний хүү төлөхөд үндсэн зээлээс 4 254 630 33 төгрөг хасагдсан зэргээс харахад зээлийн эргэн төлөх график, дараалал Монгол банкнаас тогтоосон журамд нийцээгүй. Долоодугаарт нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөр зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх ёстой байтал 20 хувьтай тэнцүү байна гэж зээлийн гэрээнд заасан. Дээрх зээлийн гэрээ фидуцийн гэрээ нь нэг талын гэрээ боловч банк зээлийг хэрхэн судалсан нь тодорхойгүй, фидуцийн зүйл болох автомашин нь эвдрэл гэмтэлтэй буюу доголдолтой болох нь нотлогдож байгаа, ямар ч үндэслэлгүйгээр 1 290 000 төгрөгний шимтгэл авсан, зээлийн гэрээний хүүний зөрүүгээр зээлдэгчээс үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү авахаар гэрээ байгуулж, уг гэрээний талаар банкинд хандахад хүсэлтийг маань хүлээн авахгүй 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний заалтаа банк зөрчсөөр байх тул иргэн ********** зээлийн гэрээ, фидуцийн гэрээнүүдээс татгалзаж шүүхэд хандаж байгаа болно. Банк зээлийн гэрээний хүүний зөрүүгээр үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү авахаар гэрээ байгуулж, уг гэрээний талаар банкинд хандахад хүсэлтийг маань хүлээн авахгүй 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний заалтаа зөрчсөөр байх тул ********** 2023 оны 11 сарын 03-ны өдөр *****тай байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээнээс татгалзаж байх тул иргэн **********өөс 8 000 000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 10 139 015.75 төгрөг, үндсэн төлбөрт төлсөн 4 254 630.33 төгрөг, нийт 14 393 647 төгрөгийг ********** ХК нараас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгчийн ийм нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. ********** нь ********* маркийн автомашиныг 2023 оны 11 сард худалдан авсан. Би машины ченж хийдэг бөгөөд тухайн үед уг машиныг ******* оруулж ирсэн бөгөөд надад олгосон итгэмжлэлийн дагуу худалдах худалдан авах гэрээ байгуулж, урдчилгаанд 8 000 000 төгрөгийг авсан. Үлдэгдэл төлбөрийг **********наас авсан зээлээр төлсөн. Тухайн үед машинаа үзэж хараад авсан бөгөөд би гаалийн бичиг бүх зүйлийг нь тулгаж, хүлээлгэж өгсөн. Гэтэл 2 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

3. Хариуцагч ********** ХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ********** нь 2023 оны 11 сарын 03-нд *********өөс ********* маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийн урьдчилгаа өгч, үлдэгдэл 29 000 000 төгрөгийг ********** ХК-аас зээл авч төлсөн байдаг. Ингээд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр **********тай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан бөгөөд банкнаас 29 000 000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж, фидуцийн гэрээг байгуулж, тухайн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг манай банкинд шилжүүлсэн. Ингээд 29 000 000 төгрөгийг зээлж аваад, машинаа өөрийн эзэмшил ашиглалтад одоог хүртэл хэрэглэж байгаа. Харин одоо зээлийн гэрээний талаар нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний зээлийн шимтгэл хураамж гэх хавсралтад зээл судалсны шимтгэл 290 000 төгрөг, барьцаа хөрөнгийн шимтгэл журмын дагуу, эрсдлийн шимтгэл журмын дагуу, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6-р зүйлийн 6.5-д Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх... гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3-р зүйлийн 3.1.6-д зээлийн нэг удаагийн шимтгэл зээлийн дүнгийн 1 хувь байна гэж, зээлийн гэрээний 2-хавсралт болох зээлийн шимтгэлийн хураамж, 3-р хавсралт болох зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтэд зээлийн өргөдлийн шимтгэл 10,000 төгрөг, зээл судалсны шимтгэл 290,000 төгрөг байна гэж тус тус заасан бөгөөд зээлдэгч нар нь зээлийн гэрээ, түүний хавсралтуудыг нэг бүрчлэн баталгаажуулсан болно. Банк зээлийн гэрээний 3-р зүйлийн 3.1.6, гэрээний 2 болон 3-р хавсралтад заасны дагуу зээлдэгчээс зөвхөн өргөдлийн шимтгэл 10,000 төгрөг, зээл судалсны шимтгэл 290,000 төгрөгийг л авсан байдаг. Нэхэмжлэлд дурдсанчлан банк үндэслэлгүйгээр бусад төрлийн шимтгэл огт суутгаагүй болох нь зээлдэгчийн харилцах дансны хуулга болон харилцагчийн гарын үсгээр баталгаажсан гүйлгээний баримтаар тодорхой харагдаж байна. Нэхэмжлэлд дурдсанчлан банк 1,290,000 төгрөгийн шимтгэл зээлдэгчээс аваагүй. Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 12-р сарын 05-р сарын 23-ны өдрийн №********* тоот хамтарсан тушаалаар батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал-н хавсралт болох Мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг
бодох тооцоолол-н 1 дүгээр зүйлд хүү бодох аргачлалыг
заасан. Уг аргачлалын дагуу жилийн 28,8 хувийн хүүтэй 29,000,000 төгрөгийн зээлийн 1 өдрийн хүүг тооцож үзвэл
29,000,000*0,288/365=22.882.2 төгрөг байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан хүүгийн тооцоолол нь Монголбанкнаас баталсан хүү тооцох журамд нийцэж байна. Мөн зээлийн гэрээний 3-р зүйлийн 3.5-д зээлийн нэг өдрийн хүүг тооцохдоо жилийн 365 хоногт хувааж, нийт хүүг тооцохдоо зээлийг ашигласан хоногоор үржүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ банкны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, дараалал нь Монголбанкнаас баталсан журамд нийцээгүй гэх боловч Монголбанкны ямар журмын ямар заалтыг зөрчсөн талаарх хууль зүйн үндэслэлээ огт нотолж чадаагүй байна. Мөн нэхэмжлэгч нь гэрээнд тусгагдсан зээлийн бодит өртөг 29,45 хувь гэснийг зээлийн хүү мэтээр тайлбарлаж, банк үндэслэлгүйгээр зээлдэгчээс илүү хүү авч хууль зөрчсөн мэтээр буруутгажээ. Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 12-р сарын 05-р сарын 23-ны өдрийн №********* тоот хамтарсан тушаалаар батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал-н 3 дугаар зүйлд зээлийн бодит өртгийн талаарх мэдээллийг аргачлалын хавсралтад заасан хүснэгтээр заавал гаргаж зээлийн гэрээний хавсралт болгон зээлдэгчид танилцуулж батлуулахыг үүрэг болгосон байдаг. Уг журмын дагуу МУ-д үйл ажиллагаа явуулдаг бүх арилжааны банк зээлийн гэрээ болон зээлийн гэрээний хавсралтаар бодит өртгийн мэдээллийг оруулж зээлдэгчид танилцуулдаг. Зээлийн бодит өртгийн хувь буюу мэдээлэл нь зээлдэгчээс банкинд төлөх зээлийн хүү биш бөгөөд Банк зээлийн гэрээний зээлийн хүү хэсэгт заасан хүүг л зээлдэгчээр төлүүлдэг. Мөн талууд гэрээндээ нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон. Иргэний хуулийн 231-р зүйлийн 231.1.6-д үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэж; Мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци " гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүулэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгайг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож. Фидуцийн гэрээний дагуу автомашины өмчлөх эрхийг өөрт шилжүүлэн авч автомашины эзэмших, ашиглах
эрхийг зээлдэгчид бодитоор хүлээлгэн өгсөн болно.
Үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг бодох фидуцийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн болно. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах үндэслэлээ тээврийн хэрэгслийн цахилгаан мотор доголдолтой, гаалийн мэдүүлэгт заасан км-н заалт зөрүүтэй гэж тодорхойлсон бөгөөд эдгээр доголдлыг автомашиныг хүлээн авах үедээ мэдэх боломжгүй гэжээ. Аливаа автомашины нийт туулсан км-н заалт нь жолоочийы чанх урд талын хянах дээр ил тод харагддаг бөгөөд км-н заалтын зөрүүг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй юм. Км-н заалтын зөрүүг доголдол гэж үзэх боломжгүй. Автомашины цахилгаан мотор доголдолтой гэх боловч 2023 оны 11-р сард автомашиныг худалдан авснаас хойш доголдолтой холбоотой аливаа шаардлагыг гаргаж байгаагүй. Мөн нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийг 2 жилийн турш эзэмшиж, ашигласны дараа цахилгаан мотор доголдолтой гэх шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 247-р зүйлийн 247.1, 251-р зүйлийн 251.1-251.3, 254-р зүйлийн 254.6, 255-р зүйлийн 255.1.1-д зааснаар үндэслэлгүй байна гэв. Автомашиныг анх хүлээлцэх үед мотор эвдрэлтэй, хэвийн бус байсан бол машиныг хөдөлгөөнд оролцуулж жолоодлого хийх, хурд нэмэгдэх үед доголдол шууд мэдэгдэх боломжтой. Хэрэв мотор эвдрэлтэй, доголдолтой бол анхнаасаа тухайн автомашиныг ашиглах буюу унах боломжгүй байх байсан гэв.

 

4. Нэхэмжлэгчээс хэрэгт 2023.11.03-ны өдрийн **********, ********** нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ, хавсралт, **********ийн **********ны зээлийн дансны хуулга, Хаан банкны 2023.11.03-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2025.03.19-ны өдрийн ****** дугаар ********** ХК-аас **********ид хүргүүлсэн албан тоот, 2023.11.03-ны өдрийн ********** ХК болон ********** нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, хавсралтууд, 2025.06.17-ны өдрийн **** тоот ********** ХК-аас **********ид хүргүүлсэн албан мэдэгдэл, утх төлсөн баримт /хх-ийн 7-32/

5. Хариуцагч ********** ХК-аас хариу тайлбар, 2023.11.03-ны өдрийн ********** ХК болон ********** нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, хавсралтууд, **********ийн автомашины зээлийн хүсэлтүүд, *****УЕУ тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 12-р сарын 05-р сарын 23-ны өдрийн №********* тоот хамтарсан тушаалаар батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал-н хавсралт зэргийг ирүүлсэн байна.

 

6. Хариуцагч ********** иргэний үнэмлэхийн лавлагааг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч хариуцагч **********өд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...2023 оны 11 сарын 03-ны өдөр хариуцагч **********тэй худалдах худалдан авах гэрээ хийж, 2015 оны, мөнгөлөг ********* маркийн автомашиныг худалдан авч, урьдчилгаа төлбөрт 8 000 000 төгрөг төлөөд үлдсэн мөнгийг нь **********наас 29 000 000 төгрөгийн зээл авч авсан. Гэтэл уг худалдаж авсан автомашины гүйлт худлаа, мөн батеррей доголдолтой байсныг мэдээд гэрээгээр шилжүүлсэн 8 000 000 төгрөгийг хариуцагч **********өөс гаргуулна. гэж,

Хариуцагч ********** ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...Нэгдүгээрт **********ны зээлдүүлсэн гэх мөнгө нь зээлдэгчийн өмчлөлд шилжээгүй, автомашин худалдсан худалдагчийн өмчлөлд шилжсэн учраас ********** автомашин худалдан авсан гэж үзэх үндэслэлтэй. Хоёрдугаарт иргэн **********ийн өмчлөлд автомашин шилжээгүй учраас автомашин худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй. Гуравдугаарт зээлийн гэрээний хавсралтад зээл судалсны шимтгэл 290 000 төгрөг авсан, банкны зүгээс уг зээлийг хэрхэн судалсан нь тодорхойгүй, энэ талаарх судалгаа хэрхэн хийсэн нь нотлогдохгүй байгаа. Дөрөвдүгээрт барьцаа хөрөнгийн шимтгэл журмын дагуу, эрсдлийн шимтгэл журмын дагуу, нийлүүлэгчийн шимтгэл журмын дагуу гэж дурьдаад зээл судалсны шимтгэлээс бусад шимтгэл ямар хувь хэмжээтэй байх талаар бичигдээгүй байхад зээлийн бодит өртөг 29.45 хувь болсны улмаас хүүний зөрүү гарч зээлдэгчийн эд хөрөнгийн эрх зөрчигдөж байгаа. Тавдугаарт хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж фидуцийн гэрээ байгуулахаар Иргэний хуульд заасан байхад иргэн ********** өөрөө өмчлөгч нь болоогүй байж банктай фидуцийн гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй. Зургаадугаарт зээлийн эргэн төлүүлэх дарааллын талаар зээлийн гэрээнд тусгаагүй. Долоодугаарт нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөр зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх ёстой байтал 20 хувьтай тэнцүү байна гэж зээлийн гэрээнд заасан. Дээрх зээлийн гэрээ фидуцийн гэрээ нь нэг талын гэрээ боловч банк зээлийг хэрхэн судалсан нь тодорхойгүй, фидуцийн зүйл болох автомашин нь эвдрэл гэмтэлтэй буюу доголдолтой болох нь нотлогдож байгаа, ямар ч үндэслэлгүйгээр 1 290 000 төгрөгний шимтгэл авсан, зээлийн гэрээний хүүний зөрүүгээр зээлдэгчээс үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү авахаар гэрээ байгуулж, уг гэрээний талаар банкинд хандахад хүсэлтийг маань хүлээн авахгүй 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний заалтаа банк зөрчсөөр байх тул иргэн ********** зээлийн гэрээ, фидуцийн гэрээнүүдээс татгалзаж шүүхэд хандаж байгаа болно. Банк зээлийн гэрээний хүүний зөрүүгээр үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү авахаар гэрээ байгуулж, уг гэрээний талаар банкинд хандахад хүсэлтийг маань хүлээн авахгүй 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний заалтаа зөрчсөөр байх тул ********** 2023 оны 11 сарын 03-ны өдөр **********тай байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээнээс татгалзаж байх тул зээлийн хүүнд төлсөн 10 139 015.75 төгрөг, үндсэн төлбөрт төлсөн 4 254 630.33 төгрөг, нийт 14 393 647 төгрөгийг ********** ХК-аас гаргуулж өгнө үү. гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч ********** хариуцагч ********** нарын хооронд 2023 оны 11 сарын 03-ны өдөр 2015 оны, мөнгөлөг ********* маркийн автомашиныг 37 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт 8 000 000 төгрөгийг **********ийн дансанд шилжүүлж, үлдэх 29 000 000 төгрөгийн төлбөрийг мөн өдрийн ********** ХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлж авсан болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

5. Хариуцагч **********өд холбогдуулан гаргасан шаардлагын тухайд:

 

5.1 Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн гүйлтийг зассан, мөн батеррей доголдолтой байсныг мэдээд гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд төлсөн 8 000 000 төгрөгийг хариуцагч **********өөс гаргуулахаар шаардсан нь дараах үндэслэлгүй байна.

 

5.2 Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээдэг.

 

5.3 Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д эд хөрөнгийн доголдолтой холбоотой худалдан авагчаас гаргах шаардах эрхийг тодорхойлсон байдаг ба худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч ********** нь худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулж гэрээг цуцлахаар шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

 

5.4 Нэхэмжлэгч нь ********* маркийн автомашиныг 2023 оны 11 сарын 03-ны өдөр хүлээн авч, өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшилд байлгаж, ашиглаж байгаа талаар тайлбарлаж байх ба уг машины гүйлтийг Япон улсын автомашин худалддаг нэгдсэн сайт байдгийг мэдэж орж үзэхэд 136 785 км гэж гаалийн мэдүүлэгт бичигдсэн байхад худалдаж авахад 150 000 км явсан, хабрид баттерэй дутагдалтай буюу доголдолтой байгаа нь мэдэгдсэн. гэж тайлбарласан.

 

5.5 Хариуцагч нь автомашиныг худалдаж авахад гаалийн мэдүүлэг хамт өгсөн, түүн дээр явсан км-ийн заалт бичигдсэн, мөн бүтэн 2 жил өнгөрсний дараа ийм асуудал ярьж байгаа үндэслэлгүй гэж маргажээ.

 

5.6 Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана. гэснээр дээрх шаардлага үндэслэлгүй байх ба хариуцагч нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй, доголдолтой эд хөрөнгийг худалдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

6. Хариуцагч ********** ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

 

6.1 Нэхэмжлэгч ********** хариуцагч ********** ХК нарын хооронд 2023 оны 11 сарын 03-ны өдөр №АЗГ/23/983 Зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр зээлдэгч **********, хамтран зээлдэгч ******** нар нь 29 000 000 төгрөгийг, жилийн 28.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар авсан байна.

 

6.2 Дээрх гэрээний баталгаа болгож, фидуцийн гэрээг байгуулж, хариуцагч **********өөс худалдан авч байгаа 2015 оны, мөнгөлөг ********* маркийн автомашиныг өмчлөх эрхийг ********** ХК-д шилжүүлж, тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил ашиглалтад байлгахаар гэрээг байгуулжээ.

 

6.3 Талууд зээлийн гэрээ байгуулагдах болсон шалтгаан нөхцөл, гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч унаж, эзэмшиж байгаа асуудлаар болон гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг төлж байсан асуудлаар талууд маргаангүй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

6.4 Хуулийн дээрх заалтаас дүгнэхэд зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, фидуцийн гэрээ нь мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатчаар гэрчлэгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

6.5 Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээ болон фидуцийн гэрээнүүд нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн, талуудын хооронд тохиролцсноос өөрөөр хэрэгжиж байгаа үндэслэлээр гэрээг цуцалж, зээлийн төлбөрт шилжүүлсэн мөнгөө гаргуулахаар шаардсан нь дараах үндэслэлгүй байна.

6.6 Хэргийн баримт, хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд 2023.11.03-ны өдрийн зээлийн гэрээний 3.1.6-д зээл судалсны шимтгэл нэг удаа: Зээлийн дүнгийн 1% төгрөг байхаар тохиролцож, 290 000 төгрөгийг **********оос авсан байх ба энэ нь талууд гэрээгээрээ тохиролцсон байх тул үндэслэлгүйгээр уг шимтгэлийг авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

6.7 Нөгөөтэйгүүр, ********** ХК нэхэмжлэгч **********ийн харилцах MN********** дансанд 29 000 000 төгрөгийг 2023.11.03-ны өдөр шилжүүлж, мөн өдрөө ********** нь 29 000 000 төгрөгийг автомашины төлбөр гэсэн утгатайгаар **********өд шилжүүлсэн дансны хуулгыг нэхэмжлэгч ирүүлсэн ба хариуцагч ********** ХК дээрх 29 000 000 төгрөгийг ********** нь өөрийн данснаас мөнгөн шилжүүлгийн баримтаар **********өд шилжүүлсэн баримтыг ирүүлсэн зэргээс зээлийг **********ид өгөлгүйгээр, **********өд шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй.

6.8 Түүнчлэн нэхэмжлэгчийн миний худалдан авсан тээврийн хэрэгслийг иргэн **********ийн нэр дээр бүртгэлгүйгээр, банк өөрийн нэр дээр авсныг автомашин худалдан авсан гэж үзэхгүй гэж тайлбарласан нь дараах үндэслэлгүй.

6.9 Нэхэмжлэгч ********** нь Монгол улсад орж ирсэн, тээврийн хэрэгслийн дугаар аваагүй, 2015 оны, мөнгөлөг ********* маркийн автомашиныг банкны зээлээр худалдан авч, улмаар банктай тухайн эд хөрөнгийг барьцаалсан фидуцийн гэрээ байгуулсан байх ба зээлийн төлбөр төлөгдөж дуусах хүртэл тухайн тээврийн хэрэгсэл банкны нэр дээр бүртгэгдэж, харин ********** нь тээврийн хэрэгслээ унаж ашиглахаар тохиролцсон байх ба энэ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээг байгуулсан байна.

 

6.10 Дээрх тээврийн хэрэгсэлд 2023.11.03-ны өдөр **** УЕУ улсын дугаар авч, тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр барьцааны гэрээний дагуу ********** ХК бүртгэгдсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь худалдан авсан тээврийн хэрэгслийг өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтын тухайд маргаагүй.

 

7. Мөн зээлийн бодит өртөг 29.45 хувь болсны улмаас хүүний зөрүү гарч зээлдэгчийн эд хөрөнгийн эрх зөрчигдсөн, зээлийн эргэн төлүүлэх дарааллын талаар зээлийн гэрээнд тусгаагүй, нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөр зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх ёстой байтал 20 хувьтай тэнцүү байна гэж зээлийн гэрээнд заасан зэрэг нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн талаар нэхэмжлэлдээ дурдсан нь дараах үндэслэлгүй.

 

7.1 ********** ХК нь зээлийн гэрээ, фидуцийн гэрээг Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар байгуулж, улмаар зээл, зээлийн тооцооллыг Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 05-р сарын 23-ны өдрийн №********* тоот хамтарсан тушаалаар батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал-д заасан журамд нийцүүлэн олгосон талаар тайлбар гаргаж, холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.

 

7.2 Нэхэмжлэгч нь дээрх үндэслэлийн тухайд маргаж байх боловч зээлийн гэрээний төлбөрийг тооцохдоо банк хэрхэн буруу тооцоолсон, илүү авсан талаар баримтаар нотлоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **********өөс 8 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч ********** ХК-аас 14 393 647 төгрөг гаргуулах нэхэмжлэгч **********ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч **********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ