Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/33

 

 

Я.*******ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр /цахим/

Шүүгдэгч Я.******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг /цахим/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолтой, Я.*******ад холбогдох 2429001040148 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Я.*******, түүний өмгөөлөгч Ш.Мөнхцацрал нарын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Я.******* нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөх ажилд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага ММ5:6264-2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй А.*******ад унуулсны улмаас хурдан мориноос унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг  болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Я.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Шүүгдэгч Я.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******ад 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******ад оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******аас оршуулгатай холбоотой зардалд 35.674.179 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 12.960.000 төгрөг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5-т зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 197.670.000 төгрөг, нийт 246.304.179 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар, шүүгдэгчийн хохирогчид төлсөн нийт 41.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 205.304.179 төгрөгийг шүүгдэгч Я.*******аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******д олгохоор, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 27.981.491 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.******* нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие болгоомжгүй үйлдлээс аав, ээжийн хайртай хүүгийн амь, нас эрсэдсэнд би үнэхээр их харамсаж байна. Би гэр бүлийнхээ өмнөөс болон өөрийн зүгээс талийгаач  хүүгийн аав, ээж, эмээ, өвөө, ах дүүгээс чин сэтгэлийн гүнээс уучлалт гуйж байна.

Миний бие ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээдэг байсан юм. Манайх 7 сараас 13 насны 4 хүүхэдтэй эхнэр маань нялх хүүхдээ харах болон бусад хүүхдүүдээ хичээлд нь зөөж гэрээр ажилгүй байдаг.

Намайг хоригдсоноос хойш эхнэр маань сэтгэл санаагаар унаж хөхний сүү ширгэж сүүгүй болсон. Хүүхдүүд минь хичээл сургуульдаа явах идэвхгүй болж, аавыгаа санах , орондоо шээх зэрэг ар гэр, үр хүүхдүүд минь амьдралын утга учиргүй байх байдал үүсэж ээжээсээ аавыгаа нэхэж уйлах гэх мэт зовлон шаналал ар гэрт минь үүсээд байна.

Миний бие хорих газарт хоригдсоноос дээрх хохирол төлбөр төлөгдөх боломжгүй болоод байна. Миний гэр бүлд надаас өөр ажил хөдөлмөр эрхэлдэг болон ямар нэгэн орлого олдог хүн байхгүй. Би хоригдоогүй бол хохирол төлбөрөө дараах байдлаар барагдуулах боломжтой юм. Өөрийн үндсэн ажлаа хийх, ажлынхаа хажуугаар “Цэнгээнт бүжгийн” сургалт явуулах, мөн “ХАБЭА”-н зөвлөгөө өгөх, сургалт хийх зэрэг ажлуудыг хийгээд явахад боломжтой юм. Иймд хохирогч тал хохирол төлбөр төлөх болон миний ар гэрээ тэжээх, нөхөр, эцэг хүний үүргээ биелүүлэх боломжоор хангаж хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2. Эрүүгийн хариуцлагын тухайд гэх хэсэгт ...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, оршуулгын зардлаас зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож..." шийдвэрлэлээ хэмээн дүгнэсэн байх ба шүүгдэгч Я.******* нь 41.000.000 төгрөгийг хохиролд төлснөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 35,647,179 төгрөгийн оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан.

Түүнчлэн шүүгдэгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээ зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгүйн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 12.960.000 төгрөг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5-т зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 197,670.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг нөхөн төлөхөө болон хэрхэн нөхөн төлж барагдуулах талаар шүүх хуралдааны явцад илэрхийлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно." гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн хохирол болон хор уршгийг ялган тодорхойлох нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа оршуулгын зардлаас зарим хэсгийг нөхөн төлсөн хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй буюу гэмт хэргийн хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, гэмт хэргийн хор уршгийг ялган дүгнээгүй гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зорчигдсон эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг. гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан.

Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Я.*******ын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохуйц буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай анги хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хун тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах" гэж зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/35 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Я.*******ад оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг, зорчих эрхийг хязгаарлах ял болгон түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.

Мөнх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Я.*******ын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, Ш.Мөнхцацрал нар нь шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаар “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг гаргасан хэмээн шүүх хуралдаан дээр өмгөөлөгчдийн илэрхийдсэн хууль зүйн үндэслэлийг орхигдуулан, огт ярьж хэлээгүй зүйлийг тусгасан байгааг анхаарч өгнө үү. Өмгөөлөгчдийн зүгээс гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ТЭ/144/2025/ШЦТ/35 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 25-29 дэх талд бичигдэн тэмдэглэгдсэн болно гэжээ.

Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Энэ шүүх хуралд миний бие томилолтоор ороод улсын яллагчийн хувьд саналаа гаргаад, миний хэлсэн саналын хүрээнд шийдэгдсэн учраас миний хувьд шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Яагаад гэхээр нэгдүгээрт энэ хэрэг болгоомжгүй хэрэг ч гэлээ цаана нь насанд хүрээгүй буюу бага насны хүүхдийн амь нас яригдаж байгаа. Хоёрдугаарт хохирлын хувьд хүний амь нас хохирно гэдэг нь нөхөн сэргээгдэх боломжгүй хохирол энэ айлын гэр бүлд учирсан. Тийм учраас миний зүгээс энэ хэрэг дээр хорих ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд оруулсан. Үүний дагуу шүүх шийдсэн. Шүүхээс оногдуулсан хорих ял нь энэ хэргийн бодит байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны эрх ашиг зэрэгт нийцсэн гэж үзэж байна. Тийм учраас үндэслэл бүхий шийтгэх тогтоол гарсан гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гол гомдол гаргаад байгаа үндэслэл нь анхан шатны шүүхээс хохирол болон гэм хор, зардал гэдэг зүйлийг гурван ялгамжтайгаар тогтоож шийдвэрлэлээ гэж өмгөөлөгчийн зүгээс харсан. Гэтэл шүүхийн шийдвэрт тусгахдаа хохирол төлбөрөөс зарим хэсгийг нь төлж барагдуулсан гэсэн байдаг. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4, 11.6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал 12,960,000 төгрөг гаргасан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт зааснаар сэтгэл санааны хохирол 127,000,000 төгрөгийг гаргасан. Эдгээр хохирлууд нь тухайн гэмт хэргийн улмаас учраад байгаа гэм хорын хохирол, зардалд хамаарах хохирол байдаг. Тэгэхээр гэм хор болон зардал, хохирлыг ялган тогтоосноороо эрүүгийн хариуцлагыг оногдуулахад маш чухал ач холбогдолтой. Үүнийг нь ялган тогтоож эрүүгийн хариуцлага оногдуулсан ч өөрөө хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй тохирно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ...Я.*******ын эрүүгийн хариуцлагыг хуулийн зарчмаар нь харахад тухайн хүндээ эрүүгийн хариуцлага оногдуулаад байгаа мэт боловч энэ хүний ар гэрт нь байгаа таван хүний амьдралд нөлөөлөхүйц шийдвэр шүүх гаргасан. Хуулийнхаа хүрээнд хүнлэг бус шийдвэр гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Яагаад гэхээр эрүүгийн хариуцлага гэдэг гагцхүү эрүүгийн хариуцлага оногдуулаад байгаа хүндээ хамааралтайгаар шийдэгдэх ёстой байдаг. Гэтэл тухайн хүн хорих ялыг аваад явснаараа энэ гэр бүлд байгаа таван хүний амьдрал, 7 сараас эхлээд 8 дугаар анги хүртэлх хүүхдүүдийнх нь эрх ашиг бүрэн дүүрэн зөрчигдөж байна. Давхар энэ хүмүүс шийтгэгдээд яваад байгаа ийм нөхцөл байдал харагдаж байна. Анхан шатны шүүхээс хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж дүгнэдэг. ...Шүүхээс хариуцлага оногдуулахдаа хувийн байдал болоод энэ бүх нөхцөл байдлыг нь харгалзаж үзнэ гээд заасан байдаг. Энэ нөхцөл байдлыг нь харгалзаж үзэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж өмгөөлөгч зүгээс үзэж байна. Тийм учраас тухайн гэмт хэрэг нь сонгох санкцтай буюу өөр төрлийн ял шийтгэл оногдуулснаар энэ хүнийг нийгэмшүүлэх бүрэн боломжтой учраас ял шийтгэлийг нь хөнгөрүүлээд зорчих эрх хязгаарлах ялаар сольж, шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлтийг оруулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Я.******* гомдолдоо манайх 7 сараас 13 насны дөрвөн хүүхэдтэй. Эхнэр маань нялх хүүхдээ харах болон бусад хүүхдүүдээ хичээлд нь зөөгөөд, гэрээр ажилгүй байдаг. Намайг хоригдсоноос хойш эхнэр сэтгэл санаагаар унаж, хүүхэд орондоо шээх зэрэг амьдралын утга учиргүй, айдас үүсэж, ээжээсээ аавыгаа нэхэж уйлах мэт зовлон шаналал ар гэрт минь үүссэн. Хоригдсоноор хохирол төлбөр төлөгдөх боломжгүй болсон гэж байна. Хэрэв хоригдоогүй бол хохирол төлбөрөө төлөөд явах боломжтой гэх нөхцөл байдлуудыг дурдаад хорихоос өөр ял шийтгэл оногдуулахыг хүссэн байна. Миний зүгээс Я.*******ын давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. ...Шүүхээс хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн байна. Энэ дээр хохирогчийн зүгээс Я.*******ад хорихоос өөр ял шийтгэл ноогдуулах боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл миний хүүгийн амь нас үнэ цэнгүй болох юм байна гэж би үзэж байна. Харин ч багахан ял авсан. Үүнд манайх гомдол гаргах ёстой. Манай ах, дүү нар, бид нар гомдол гаргаагүй. Би харин ч хүн чанартай зан гаргаж байхад бидний сэтгэл рүү дандаа ус цацдаг. Бидний зовлонг ойлгоосой гэж би үнэхээр хүсдэг. Хийсэн гэмээ ухаараагүй яваа. Шүүгч та бүхэн хүний амийг үнэ цэнгүй болгох гэж ялаа өөрчлүүлэх гэж гомдол гаргасныг нь хүлээн авах боломжгүй гэх дүгнэлтийг хийж өгнө үү гэж би хүсэж байна. Хүүгийнхээ амь насыг хохироолгосондоо би маш их гомдолтой байна. Шүүх шударгаар хорих ял оногдуулсан. Хүний амь насыг хохироосон хүнд ял шийтгэл оногдуулсан тул гомдлыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж би хүсэж байна. Маш их гомдолтой байна. Тэгэхдээ энэ хүнийг нийгэмшүүлээсэй, хүмүүжүүлээсэй гэж хүсэж байна. Ганц миний хүүгээр ч тогтоогүй. Дахиад хүний хүүхэд унагасан байсан. Би яав ийв гээд явж л байсан. Үнэхээр нэг хүүхдээр тогтоогүй. Тийм болохоор би хүмүүжүүлээсэй, нийгэмшүүлээсэй гэж хүсэж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр, төр алдар хүндийг гутаах шинжгүй байна гэснийг зөрчсөн гэдэг асуудлыг ярьж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шударга ёсны зарчмаар гэмт хэрэг үйлдсэн хүнд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Үүний дагуу Я.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болохоос биш гэр бүл,  үр хүүхдэд нь ямар нэгэн хариуцлага хүлээлгэсэн зүйл тухайн шийтгэх тогтоолд дурдагдсан юм байхгүй болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Дараагийн нэг асуудал нь юу вэ гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироохоор заасан. Эрүүгийн хариуцлагыг 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулж, мөн эрх хязгаарлах ялыг адилхан Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлээд хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирол, хувийн байдлыг нь харгалзаад тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг 1-3 жил гэж багаар тогтоосон байдаг. Энэ дээр ямар нэгэн байдлаар хохирогч болоод хохирогчийн өмгөөлөгч бидний зүгээс гомдол гаргасан зүйл байхгүй. Үүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийнхөө байдлаар илэрхийллээ. Өөрөөр хэлбэл биднээс ямар нэгэн гомдол гараагүй байхад шүүгдэгчийн зүгээс дандаа өөрийнхөө хувийн эрх ашгийг бодсон нөхцөл байдалтайгаар гомдол гаргаж байна. Гомдол гаргах болгонд нь сэтгэл санааны нөхцөл байдал тавгүйтдэг. Дахиад асуудлыг шинээр ярьдаг. Санагдуулаад, бодогдуулаад, сэтгэл санаанд аягүй хүнд нөхцөл байдлыг үүсгээд байна гэдэг асуудлыг яриад байна. Энэ дээр шүүгдэгч,түүний өмгөөлөгч бодолцох л асуудал. Шийтгэх тогтоолд тэнсэх санал тавиагүй байхад тэнсье гэдэг зүйл бичигдсэн байна гэдэг талаар Ц.Баярмаа өмгөөлөгч ярилаа. Техникийн шинжтэй алдаа байх. Үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөөд, алдааг залруулаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, мөн шийтгэх тогтоолд дурдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэгдүгээрт нь Я.*******ын давж заалдах гомдлын талаар ярья. Я.******* нь өөрийн хувийн нөхцөл байдлыг ерөнхийдөө дурддаг. Гэрт үүссэн шалтгаан нөхцөл, зовлон шаналал, эхнэр, хүүхдийнхээ талаар тодорхой хэмжээнд давж заалдах гомдол дээрээ дурдаж явсан байдаг. Гомдлын гол агуулга нь хорихоос өөр төрлийн ялыг оногдуулж өгнө үү. ...Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулсан нөхцөл байдлыг хэлээд хөнгөрүүлж, ял шийтгэлийг өөрчилж өгнө үү гээд, мөн хүнлэг бус шийдвэр гаргачихлаа гэдэг агуулгатай гомдлыг яриад байна. Аливаа ял шийтгэл гэдэг юм уу, эрүүгийн хариуцлагын зорилго бол тухайн хүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх байдаг. Тэгэхээр энэ хүнд оногдуулсан ялыг ар гэрийнхэн буюу үр хүүхдүүд нь давхар эдлээд байна гэдэг агуулга бүхий юм яриад байна. ...Анхан шатны шүүхээс 1 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр буюу 9 сараар буулгаж ял шийтгэл оногдуулсан байдаг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээрээ прокурорын зүгээс 2 жилийн хорих ял оногдуулъя гэхэд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудын буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байна гэж шүүх үзсэн байдаг. Тэгэхээр 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлээд оногдуулсан байгааг анхаарч үзнэ үү. Давж заалдах гомдол дээр шүүгдэгч нарын өмгөөлөгч тэнсэж өгнө үү гэдэг саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулаагүй байхад шүүх бүрэлдэхүүн хэлээгүй, яриагүй нөхцөл байдлыг шийтгэх тогтоол дээр дурдаад байна. Яриагүй зүйлийг ярьсан болгож үзсэн нь үндэслэлгүй гэдэг зүйлийг гомдол дээрээ бичдэг. Анхан шатны шүүх хуралдаанд миний бие орсон учраас тэнсэж өгнө үү гэж хэлээгүй. Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнд өмгөөлөгч нар дүгнэлтээ гаргасан. Яриагүй зүйлийг шийтгэх тогтоолд дурдсан гэдэгтэй би санал нэг байна. Үүнийг прокурор хэлээгүй, яриагүй гэдэг зүйлийг зөвлөж давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээсэй. Энэ дээр ямар нэгэн байдлаар маргахгүй. Буруу бичигдсэн зүйл шийтгэх тогтоол дээр байгаа. Өмгөөлөгч миний бие Я.******* болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. ...Үйлчлүүлэгчийнхээ шүүхэд гаргаж байгаа тайлбарыг нь өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна гэв.

Шүүгдэгч Я.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний анхаарал болгоомжгүй үйлдлээс болж харин хүүхдийн амь нас өнгөрсөн. Би энд байгаа ээж, аав, эмээ, өвөө, ах, дүү, мөн шүүх танхимд байгаа шүүгч нар, өмгөөлөгч нарын өмнө амь хохирогчийн ээж, ааваас нь уучлалт гуйж байгаагаа илэрхийлмээр байна. Энэ явдал нь миний анхаарал болгоомжгүй үйлдлээс болсон үйлдэл, гэм буруутай гэдэг дээрээ би маргахгүй байна. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Миний бие хорих ял эдэлснээр хохирогч талд гэм хорын хохирлоо төлөх ямар ч боломжгүй болж байна. Учир нь миний эхнэр нялх 8 сартай болон 3 хүүхдүүддээ хараад ажилгүй гэртээ байдаг. Би ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээж явдаг байсан. Хэдийгээр би буруу үйлдэл хийсэн ч гэсэн намайг хорихоос бусад төрлийн ялаар шийтгэж өгвөл би гараад өөрийн үндсэн ажлаа хийх, хажуугаар нь би Цогтцэций сумдаа цэнгээнт бүжгийн сургалт явуулдаг. Мөн ХАБ-ын буюу хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжлийн талаар бусад уурхай, байгууллагуудад зөвлөгөө, үйлчилгээ өгч, хөлсөөр ажилладаг. Ажлынхаа хажуугаар энэ ажлуудаа хийгээд явахад би айлд учруулсан хохирол төлбөрөө төлөөд явах боломжтой. Намайг хохирол учруулсан айлынхаа хохирол төлбөрийг барагдуулах боломжоор бас хангаж өгнө үү гэж шүүгч нараасаа гуйж байна. Миний том охин 8 дугаар анги, дараагийнх нь 5 дугаар ангийн хүү байдаг. Энэ хэрэгт холбогдсоноос хойш цахим орчинд миний зурагтай алуурчин гэдэг байдлаар маш их мэдээлэл явсан. Цогтцэций сумаар болон хүүхдүүдийн цахим орчинд маш их тарсан байгаа учраас миний хүүхдүүдийг алуурчны хүүхэд, аав чинь алуурчин гэх мэтээр сургууль болон бусад байдлаар үеийнх нь хүүхдүүд маш их гадуурхаж, сэтгэл санааны дарамтад оруулах байдлаар маш их нөлөөлж байна. Тэгээд хүүхдүүдээ намайг байхгүй хойгуур иймэрхүү байдлуудаас болж хичээл сургуулиасаа хөндийрөх, янз бүрийн хэрэгт холбогдох, цаашлаад амь насаа егүүтгэх ч юм уу иймэрхүү байдалд хүрчих вий гэдэг маш их айдас байна. Би эцэг хүний үүргээ биелүүлж эхнэр, 4 хүүхэд болон ар гэртээ гэр бүлийн эзэн хүний үүргээ гүйцэлдүүлэх боломж бололцоогоор хангаж өгнө үү гэж шүүгч нараасаа гуйж байна. Хэрвээ орохоос өөр төрлийн ял шийтгэлээр шийдэгдээд ажил төрлөө хийгээд явах боломжоор хангавал би хохирол төлбөрөө барагдуулаад явах болно гэдгээ илэрхийлж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Я.*******, түүний өмгөөлөгч Ш.Мөнхцацрал нарын гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Я.******* нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөх ажилд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага ММ5:6264-2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй А.*******ад унуулсны улмаас хурдан мориноос унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ын “...2024 оны 03 сарын 13-ны өдөр ...манай хүү манай хуурай дүү *******ийн хамт манай хашаанаас морь унаад сумын төвийн хойно байрлах морь бариа руу морь унахаар явсан. Намайг ажил дээр байж байхад манай нөхөр Азбаяр миний гар утас руу 14 цаг 30 минут орчимд залгаад хүү ******* ухаангүй байна хурдан эмнэлэгт ир гэсэн. Намайг сумын эмнэлэг дээр очоод хүлээн авах руу ороход манай хүүхэд нүд халтирам, аймаар байсан. Би хүлээн авах руу нэг удаа орсон бөгөөд эмч нар ээж нь орооч гэж дуудаад байсан. Тухайн үед би орж чадаагүй. Би өөрөө сэтгэл санаа хүнд болоод шоконд ороод юу болж байгааг мэдээгүй. Намайг очиход өөд болсон юм шиг санагдсан. Тухайн үед эмч нар хиймэл амьсгаа хийж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

          Насанд хүрээгүй гэрч Ц.*******ын “...Тэгээд аав хээр азаргыг эмээллээд надад унуулах гэхэд А.******* би хээр азаргыг унаж үзье гэсэн. Тэгээд би аавдаа хандаж манай найз А.******* эмээлтэй морь унаж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд хээр азаргын эмээлийг авахад А.******* өөрийнхөө хөл дардаг олмыг аваад ирэхэд хээр азарга дээр аав мордуулж өгсөн бөгөөд тухайн олмоор А.*******ыг даруулж тэгээд бид хоёр хойшоо 5 км зайд явах гээд хоорондоо юм яриад зэрэгцээд шогшоод явж байсан чинь А.*******ын унаж байсан хээр азарга гэнэт булгиад найзыг маань аваад явсан. Тухайн үед аав машинаасаа буугаад А.*******ын араас гүйгээд тухайн морийг гүйцээгүй. Манай найзыг хээр морь булгиад морь бариа руу аваад буцаад давхичихсан. Тэгээд Ө.******* ах А.*******ын унаж байсан морины өөдөөс тосож очоод тухайн морийг барьж зогсоосон. Тухайн үед манай найз мориныхоо гэдэс доор байсан. Тэгээд хөлийн олмын уяаг тайлаад аав Ө.******* ахыг гэрийнхэнд нь хэлээрэй ах нь сумын эмнэлэг явлаа гээд аав машинтай А.*******ыг эмнэлэг авч явсан. Тухайн үед А.*******ын нүүр нь цус болсон байсан бөгөөд манай найз дуугарахгүй сонин амьсгалаад байсан. Тэгээд би найзыгаа унтаж болохгүй шүү гэж хэлэхэд дуугарахгүй байсан. Тэгээд сумын эмнэлэг дээр ирсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

           Насанд хүрээгүй гэрч Ө.*******ийн: “...Тэгээд А.*******, ******* хоёр морио унаад хажууд нь Я.******* ах портер машинаа унаад дагаад 1 км гаруй явж байсан би морь бариан дээр морины уяаны орооцолдоог тайлж байхад А.*******ын унасан хээр морь булгиад байх шиг болсон тэгээд би морио унаад А.*******ын өөдөөс амдаад давхиж байхад А.******* мориноосоо унаад чирэгдсэн. Тэгээд би морийг барьж авахад А.******* мориноосоо чирэгдсэн, толгойн зүүн хэсгээс цус гарсан, ухаангүй байсан. Тэгээд би талийгаач А.*******ын хөлийг нь уясан олмыг тайлж байхад Я.******* ах ирээд А.*******ыг шууд сумын эмнэлэг аваад явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

              Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 51 дугаартай “А.******* нь гавал ясны хугарал гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 49-58 дахь тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Я.*******ыг “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага ММ5:6264-2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй А.*******ад унуулсны улмаас хурдан мориноос унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ. Дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Я.*******, түүний өмгөөлөгч Ш.Мөнхцацрал нар нь “...Үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохуйц буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай анги хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хун тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах" гэж зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Я.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө болон хэрхэн нөхөн төлж барагдуулах талаар илэрхийлсэн байх боловч анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жил 3 сарын хугацаагаар ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Я.*******ын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Я.*******, түүний өмгөөлөгч Ш.Мөнхцацрал нарынанхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******ын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг  түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                                 Л.УГТАХБАЯР