| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0226/Э |
| Дугаар | 267 |
| Огноо | 2018-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
улсын яллагч Г.Эрдэнэ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид /ҮД:11-49/,
шүүгдэгч С.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт С.Б-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0110 70207 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, С.Б
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Ус дулаан дамжуулах 12 дугаар төв дотор хохирогч Б.Жаргалыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: Би тухайн өдөр ээлжнээс бууж байсан. Б.Жаргал нь Пүрэвсүрэн даргын төрсөн дүү бөгөөд орж ирээд архи хувааж уусан. Би Б.Жаргалыг даргын төрсөн дүү гэхэд тэр чамд ямар хамаатай юм бэ гээд маргаан эхэлсэн. Гарахдаа Б.Жаргал довжоон дээр бүдэрч унасан тул би нүүрэн тус газарт нь цохисон. Ийм л асуудал болсон гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Жаргалын:..Би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 14:00 цагийн орчим ажил дээрээ сууж байтал надтай хамт ажилладаг С.Б надаас чи Жаргалсайхан инженерийн ах гэл үү гэж хэлээд сууж байтал хөлөөрөө 1 удаа өшиглөж газар унагаж 2 шүд хөдөлгөн 1 шүд унагаасан юм. Өрөөн дотор манай засварчин Буяндэлгэр, Эрка, Батсайхан, гаднаас инженер, дарга нар орж ирж салгасан юм. Би өрөөн дотор С.Б, Батсайхан, Эрка нарын хамт 0.5 литрийн хэмжээтэй “Хараа” архи хувааж уусан байсан ба архинаас 200 грамм орчим уусан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний үүдэн доод 2 шүд хөдөлсөн дээд хиймэл байсан 1 шүд унасан юм…
… Би хиймэл хөдөлж байгаа шүдээ гайгүй бэхжих байх гэж бодож байна. С.Б буруугаа ойлгоод намайг “Healthy dent” эмнэлэгт очиж үзүүлээд би хиймэл шүднийхээ хэвийг өгсөн. Хиймэл шүд 02.13-ны өдөр гарна гэсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний хохирлыг барагдуулсан. Би сайн дураараа С.Бтэй эвлэрсэн. Тухайн үед би болсон асуудлыг мэдэж байгаа. Хэдий архи уусан байсан ч гэсэн С.Бтэй би урьд нь маргалдаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 9-10 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Буяндэлгэрийн: Би ОСНААУГ-т засварчнаар ажилладаг юм. 2018.01.19-ний өдөр 11 цаг өнгөрч байхад ус дулаан дамжуулах 12-р төвийн байранд ирэхэд С.Б, Жаргал, Батсайхан, Эрдэнэбат нар архи ууцгааж байсан. Надад архи хийж өгөхөөр нь би амсаад өгсөн. Жаргал, С.Б 2 хоорондоо С.Б нь Жаргалыг хамаатан садангаараа ажилладаг гэж хэлээд Жаргал нь С.Бийг насосоо унтраасныг мэддэггүй, ажлаа мэдэхгүй гэж ярилцаад маргалдаад байсан. 12 цагт өдрийн цайны цаг болоод цайндаа явах гээд өрөөнөөс гарч байхад Жаргал, С.Б нар барьцалдаад авахаар нь С.Б-ийг гарыг нь бариад ардаас нь тэвэрчихсэн байхад Жаргал миний хажуугаар бойлорны хажууд хөлөндөө тээглээд унахад С.Б Жаргалын нүүрэн тус газар нь өшиглөчихсөн. Тэгтэл Жаргалын амнаас цус гарчихсан босоод ирэхэд гаран дээр нь хиймэл шүд нь гараад ирчихсэн байсан. Ийм асуудал болсон. Жаргал газар унахдаа өөрөө тээглээд унасан. Жаргал доошоо харж унаагүй хажуулдаж унасан. Нүүрэнд учирсан гэмтлийг С.Б өшиглөөд учруулсан юм. Газар унахдаа нүүрэндээ гэмтэл авах боломжгүй. Энэ асуудал болоход Эрдэнэбат, Батсайхан нар түрүүлээд гараад явсан байсан. Би хажууд нь ганцаараа харж байсан юм...гэх мэдүүлэг /хх-н 19-21 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1788 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Жаргалын биед доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод зүүн 1-р шүднүүдийн сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр тал/,
- Шүүгдэгч С.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24 дүгээр тал/,
- Шүүгдэгч С.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Ус дулаан дамжуулах 12 дугаар төв дотор хохирогч Б.Жаргалыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул С.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Ус дулаан дамжуулах 12 дугаар төв дотор хохирогч Б.Жаргалыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй байна.
Хохирогч Б.Жаргал нь өөрт учирсан хохирлын талаарх бичгийн нотлох баримтаа хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгч С.Бийг одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Б.Жаргал нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Бт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Жаргал нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ