| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/08422/И |
| Дугаар | 192/ШШ2025/10298 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/10298
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И
Хариуцагч: О
Зээлийн гэрээний үүрэгт 233 462 742.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.
нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.
/хариуцагч Т.О шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйгээр шийдвэрлэв./
Нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ****** ХК хариуцагч ********* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 233 462 742.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ,
1.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ****** ХК нь хариуцагч ********т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч **********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 233 462 742.82 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
1.2 Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжих шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ********** нь ****** ХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ************ дугаартай зээлийн гэрээ, ********* дугаартай фидуцийн гэрээг тус тус байгуулж 227 500 000 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, машин, механизм худалдан авах зориулалтаар зээлсэн. Уг зээлийн барьцаанд 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн, **** УБХ улсын дугаартай, ********* арлын дугаартай, ***********0 маркийн зүтгүүр, ********** арлын дугаартай,*************** маркийн холбогч гар, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн,****ОЧ улсын дугаартай, L********** арлын дугаартай, *********** маркийн тавцант чиргүүл, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад орж ирсэн, ***** ОЧ улсын дугаартай, *********** арлын дугаартай, *********** маркийн тавцант чиргүүлийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2.1 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч **********ын ****** ХК-тай байгуулсан *********** тоот зээлийн нийт өр, төлбөр 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дараах байдалтай буюу үндсэн зээл 180 581 533.96 төгрөг, төлөх ёстой хүү 50 867 591.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 402 857.84 төгрөг, нотариатын зардал 11 000 төгрөг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 599 760 төгрөг, нийт 233 462 742.82 төгрөг байна. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний 2.2.4-т зааснаар зээлдэгч хариуцан төлөх үүрэгтэй. Гэвч тээврийн хэрэгслийн албан татвар болон зам ашигласны төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр болон 24-ний өдөр зээлдүүлэгч ****** ХК-ийн эзэмшлийн, хаан банкин дахь ********** тоот данснаас татварын алба автоматаар татан авсан тул авлагаар бүртгэгдсэн болно. Иймд хариуцагч **********аас зээлийн гэрээний үүрэгт 233 462 742.82 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****** ХК-д олгож өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ********** миний бие нь ***********ХХК-д хамтран ажиллах гэрээ байгуулж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг тус компанийн нэр дээр шилжүүлж өгч Эрдэнэс таван толгойн Бүлэг бордоос Цагаан хад, Ханги, Мааньт хүртэлх чиглэлд нүүрс болон УБ, аймаг, налайх хүртэлх чиглэлд утаагүй түлш гэхийг тогтоосон чиглэлээр заасан хугацаандаа тээвэрлэх гэрээтэй ажиллаж байсан. Тухайн үед ***********ХХК-д тээвэр хариуцсан менежер гэх Баяраа овогтой Батзориг манай байгууллагыг хариуцаж тээвэрт явуулдаг байсан. Батзориг өөрийн зүгээс гуйх хүсэлт байнаа ганц удаа туслаач ах би өөрөө энэ компанид менежерийн албан тушаал эрхэлж байгаа юм чинь өөрөө хувьдаа Банк Бусаас машин аваад явуулсан нь хамаагүй ашигтай байнаа ах, хотын хаягтай паспорттай хүн гарын үсэг зурах хэрэгтэй байна тус болоод зураад өгөөч би өөрөө асуудалгүй тээврээ зогсоохгүй явуулаад мөнгөө олчихно гэсэн тул би дүүд итгээд гарын үсэг зурсан. ***********ХХК-ийн захирал ************ болон ****** ХХК-ийн захирал хоёр хоорондоо сайн танил тул уг зээлийг хоорондоо ярилцсаны үндсэн дээр /сайн судлахгүйгээр/ шуурхай шийдэж өгсөн байна лээ. Уг банк бусын эдийн засагч нь надад тайлбарлаж өгөөгүй шууд л та энэ, энэ, энэ заасан газар гарын үсаг зураад боллоо л гэсэн ийм л юм болсон. Тиймээс өөрсдөө хоорондоо учраа олж тэр байгаа том машин тэргийн банк бус өөрийн нэр дээр шилжүүлэн авах биз гэсэн байр суурьтай байна. ******** нь миний утсыг авахгүй блоколсон холбогдох боломжгүй байсан боловч, өнөөдөр над руу өөрөө *********** гэсэн утаснаас холбогдоод би өөрөө банк бустайгаа учраа олноо таньд хамаагүй шүү гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2023.11.21-ний өдрийн ************ дугаар зээлийн гэрээ, 2023.11.21-ний өдрийн ********* дугаар эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, техникийн тодорхойлолт, зээл тооцооллын баримт зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-22/
4. Хариуцагчаас хариу тайлбар, 2024.01.22-ны өдрий********** дугаар хамтран ажиллах гэрээ, *********** ХХК-ийн 2025.09.15-ны өдрийн **** дугаар ажлын газрын тодорхойлолт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ****** ХК нь хариуцагч ********т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч ********** нь ****** ХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ************ дугаартай зээлийн гэрээ, ********* дугаартай фидуцийн гэрээг тус тус байгуулж 227 500 000 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, машин, механизм худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй. Зээлийн нийт өр төлбөр 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 180 581 533.96 төгрөг, төлөх ёстой хүү 50 867 591.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 402 857.84 төгрөг, нотариатын зардал 11 000 төгрөг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 599 760 төгрөг, нийт 233 462 742.82 төгрөг байна. Иймд хариуцагч **********аас зээлийн гэрээний үүрэгт 233 462 742.82 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****** ХК-д олгож өгнө үү гэж тайлбарлав.
4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...********** миний бие нь ***********ХХК-д хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж байсан. Тухайн үед ***********ХХК-д тээвэр хариуцсан менежер ******** манай байгууллагыг хариуцаж тээвэрт явуулдаг байсан. Батзориг өөрийн зүгээс гуйх хүсэлт байнаа ганц удаа туслаач ах би өөрөө энэ компанид менежерийн албан тушаал эрхэлж байгаа юм чинь өөрөө хувьдаа Банк Бусаас машин аваад явуулсан нь хамаагүй ашигтай байнаа ах, хотын хаягтай паспорттай хүн гарын үсэг зурах хэрэгтэй байна тус болоод зураад өгөөч би өөрөө асуудалгүй тээврээ зогсоохгүй явуулаад мөнгөө олчихно гэсэн тул би дүүд итгээд гарын үсэг зурсан. Уг банк бусын эдийн засагч нь надад тайлбарлаж өгөөгүй шууд л та энэ, энэ, энэ заасан газар гарын үсаг зураад боллоо л гэсэн ийм л юм болсон. Тиймээс өөрсдөө хоорондоо учраа олж тэр байгаа том машин тэргийн банк бус өөрийн нэр дээр шилжүүлэн авах биз гэсэн байр суурьтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч ********** нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр И********** ББСБ ХХК-д зээлийн хүсэлт гаргаж улмаар талуудын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ************ дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 227 500 000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар, машин, механизм худалдан авах зориулалттайгаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 6-8/
Тус гэрээний баталгаа болгон 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн, **** УБХ улсын дугаартай, ********* арлын дугаартай, ***********0 маркийн зүтгүүр, ********** арлын дугаартай,*************** маркийн холбогч гар, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн,****ОЧ улсын дугаартай, L********** арлын дугаартай, *********** маркийн тавцант чиргүүл, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад орж ирсэн, ***** ОЧ улсын дугаартай, *********** арлын дугаартай, *********** маркийн тавцант чиргүүлийг тус тус барьцаалсан байна. /хх-ийн 13-15/
Дээрх гэрээний дагуу 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн 227 500 000 төгрөгийг ********, ********** нарт шилжүүлсэн байна.
Гэрээний дагуу хариуцагч ********** нь зээл авсан өдрөөс хойш буюу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10 142 000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 10 142 000 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 10 147 000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 10 200 000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 10 418 602 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 20 486 689 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11 000 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1 800 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 16 138 052 төгрөг, нийт 112 645 448 төгрөгийг зээлийн, зээлийн хүүнд төлсөн байх ба 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн төлөөгүй байна. /хх-ийн 22/
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудыг зээл авсан асуудлаар маргаагүй гэж үзнэ.
7. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...********** миний бие нь ***********ХХК-д хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж байсан. Тухайн үед ***********ХХК-д тээвэр хариуцсан менежер ********ийн хүсэлтийн дагуу банк бусаас зээл авахад тус болж гарын үсэг зурсан. Уг банк бусын эдийн засагч нь надад тайлбарлаж өгөөгүй шууд л та энэ, энэ, энэ заасан газар гарын үсаг зураад боллоо л гэсэн. Тиймээс өөрсдөө хоорондоо учраа олж тэр байгаа том машин тэргийн банк бус өөрийн нэр дээр шилжүүлэн авах биз гэсэн байр суурьтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэж тайлбарлаж, ***********ХХК, *********** ХХК-ийн 2024.01.22-ны өдрийн ****** дугаар хамтран ажиллах гэрээ, *********** ХХК-ийн 2025.09.15-ны өдрийн 059 дугаар ажлын газрын тодорхойлолт зэргийг ирүүлсэн.
8. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ., 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. гэж заажээ.
8.1 Зээлийн гэрээ ********, ********** нартай байгуулагдсан хэдий ч хуульд зааснаар манай байгууллага аль нэг зээлдэгчээс зээлийн төлбөрийг шаардаж байгаа гэж тайлбар гаргасныг үндэслэлтэй гэж шүүх үзэв.
9. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь үндсэн зээлийн үлдэгдэл 180 581 533.96 төгрөг, үндсэн хүү 50 867 591.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 402 857.84 төгрөг, нотариатын зардал 11 000 төгрөг, нийт 232 862 982.82 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
10. Харин нэхэмжлэгч ****** ХК нь 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татварт 569 760 төгрөг, зам ашигласны төлбөрт 30 000 төгрөг, нийт 599 760 төгрөгийг төлсөн үндэслэлээр дээрх төлбөрийг хариуцагч **********аас гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй байна.
Тодруулбал дээрх тээврийн хэрэгслүүд нь **********ын өмчлөлийн эд хөрөнгө биш байх тул дээрх тээврийн хэрэгслийн татвар, төлбөрийг хариуцах үндэслэлгүй.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **********аас зээлийн гэрээний үүрэгт 232 862 982.82 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****** ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 599 760 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ****** ХК нь хариуцагч ********т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 325 264 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч **********аас улсын тэмдэгтийн хураамжид 1 322 265 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****** ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ