| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2419000000339 |
| Дугаар | 2025/ДШМ/30 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/30
Ю.З холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, Ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ц.Цэрэндулам /томилолтоор/,
Шүүгдэгч Ю.З , түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, шүүгч Д.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Ю.З холбогдох 2419000000339 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ю.З нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн * тоотод байрлах гэртээ У.Амарсайхантай хэрүүл маргааны улмаас цээж хэсэгт нь зэвсгийн чанартай зүйл буюу ир үзүүртэй зүйлээр хатгаж цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ю.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Иргэдийн төлөөлөгч Д.Мөнхнасан “...гэм буруутай...” гэж дүгнэжээ.
5.Анхан шатны шүүх: “...* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах" гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Ю.З 3 жил 5 сарын /гурван жил таван сар/ хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ю.З оногдуулсан 3/гурав/ жил 5/тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгч нь хохирогч У.А учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс цаашид гарах хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Энэ хэрэгт Ю.З нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ю.З ыг гэмт хэргийг хүндрүүлж үзсэн нь гэмт хэрэг үйлдэхдээ юу хэрэглэсэн болох нь тодорхой бус, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн нотолж тогтоож чадаагүй атлаа эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн нь учир дутагдалтай байна. Шүүхээс энэ байдлыг үнэлж дүгнэж, хууль хэрэглээг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. ...хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал буюу хуульд заасан тодорхой хэмжээний тайлбар дүгнэлтээр авч үзэхэд Ю.З нь зориудаар хүний биед гэмтэл учрах хэмжээний зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг урьдчилан бэлдээгүй. Гагцхүү сандарч балмагдсаны улмаас гартаа таарсан зүйлийг хэрэглэсэн нь тусгайлан бэлтгэсэн зэвсэгт хамаарах уу. Иймд Ю.З ын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн үзэх үндэслэлтэй гэж үзэж шийтгэх тогтоолд өөрчилж өгнө үү.” гэв.
7.Шүүгдэгч Ю.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
8.Прокурор Ц.Цэрэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, зүйлчлэлийн хувьд зөв зүйлчлэн шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдолд дурдагдсан асуудал нь хэргийн нөхцөл байдалтай тогтоогдохгүй, энэ талаар баримтууд авагдаагүй учраас анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа учраас хэвээр хүлээж өгнө гэсэн саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
1.Анхан шатны шүүх шүүгдэгч Ю.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2024 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр шүүгдэгч Ю.З , хохирогч У.А нар хамт архи ууж, хөзөр тоглож байхдаа хоорондоо маргалдсаны улмаас Ю.З нь У.А ир үзүүртэй зүйлээр цээжин тус газар нь олон удаагийн үйлчлэлээр хатгаж цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, цус хуралт бүхий амь насанд нь аюултай хүнд гэмтэл, зүүн бугалганы цус хуралт, зүүн чамархайн зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтлүүд үүсгэсэн үйл баримт болсон нь тогтоогдсон ба Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн.
3.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханаас эс зөвшөөрч “...зэвсгийн чанартай зүйлсийг урьдчилан бэлтгээгүй, хохирогчийн хууль бус үйлдэлд өртөж унаж сандарч байх үедээ өөрийгөө хамгаалах зорилгоор гарт өртсөн зүйлээр хохирогчид гэмтэл учруулсан нөхцөл байдалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийгээгүй, зэвсэг хэрэглэсэн гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, ...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр гаргасан давж заалдах гомдолд үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн.
Учир нь: Хэрэгт хохирогч У.А “...ажлаасаа буугаад найз * очиж 1 шил архи хувааж уучихаад ...* очиход салсан эхнэр * 2 архи ууж байсан, хамт уучихаад салсан эхнэр * гудамжинд алхаж явахад ...* гэх миний таньдаг эмэгтэй залгаад “гэрт ирээд оёдлын машин засаад өгчих” гэхээр нь * бид 2 цугтаа очсон ...очиход * , түүний ах Зоригоо нар байсан, ...оёдлын машиныг засахад оройтсон тул * ганц юм уух уу гээд ...дэлгүүрээс 1 шил архи авчирч 4-үүлээ хөзөр тоглонгоо архиа уусан, ...нэг их удалгүй тоглохоо болиод би харих гээд гарахад Зоригоо намайг гаргаж өгөх гээд дагаад гараад ирсэн, хажууд зогсож байснаа гэнэт намайг хажуугаас хавирга руу үзүүртэй юмаар дүрээд авсан ...нэг мэдэхэд гэртээ ирчихсэн байсан, манай хүү Б.* түргэн дуудаж эмнэлгийн машин намайг аваад явсан” гэсэн /хх5/ мэдүүлэг,
гэрч Ю.* ийн “...нэг мэдэхэд би * гэх залуутай нэг баг, манай ах эхнэртэй нь нэг баг болчихсон тоглож байсан, гэнэт хүмүүс муудалцаад “ ална хядна” гэх чимээгээр сэрэхэд манай ах, * гэх залуу хоёр муудалцчихсан * хамраас их цус гоожиж байсан, би болиоч гээд салгах гэсэн дийлдэхгүй байсан, тэгэхээр нь би гараад явчихсан” /хх8/ гэсэн мэдүүлэг,
гэрч Б.* “...бид нар архи уугаад хөзөр тоглосон, ...би согтоод доошоо тонгойгоод сууж байтал * “хоёулаа явъя, би энэ настай хүнтэй муудалцаад яахав дээ” гээд намайг түшээд дээшээ босгосон, тэгээд босоод иртэл * ард талд нь босож ирээд юмаар хатгаад * орилоод хоёр гараа савлаад байсан, ...Амараагийн цээж орчмоос нь цус урсаад байхаар нь би хүүгийнхээ гэрт нь авчирч өгчихөөд явсан” гэсэн /хх11/ мэдүүлгүүдээр шүүгдэгч Ю.З ын үйлдлийн улмаас хохирогч У.А биед гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байна.
4.Шүүгдэгч Ю.З ын үйлдлийн улмаас хохирогч У.А биед цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, цус хуралт бүхий гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т заасан “...амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл” болохыг Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Дорноговь аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны 02/416 тоот шинжээчийн дүгнэлт /хх20-41/-ээр тогтоосон тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол” гэх шинжид нийцсэн.
Хохирогчийн биед учирсан амь насанд аюултай, цээжний хөндий нэвтэрсэн гэмтлийг ир үзүүртэй зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг мөн шинжээчийн дүгнэлтэд тодорхойлсон ба анагаахын шинжлэх ухаан нь зайлшгүй тусгай мэдлэг шаардагдах учраас шүүх хохирогчийн биед учирсан гэмтлийг эмнэлэгт хийгдсэн мэс засал, түүнтэй холбоотой эмчилгээний баримтад үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй, үндэслэл бүхий бодитой гарсан гэж дүгнэн энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэлээ болгосон зөв болсон.
Хэрэгт хохирогчийн биед гэмтэл учруулсан зэвсгийн чанартай зүйлийг олж тогтоогоогүй боловч шүүгдэгч Ю.З “ ...гарт таарсан зүйлээр хохирогчийн биед халдсан” гэдгээ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “ ...манай баг хөзөрдөөд хожиход * эхнэр * хандаж “манайх хожсон, танайх хожигдчихлоо” гэхэд * шууд эхнэрээ цохиод авсан, тэгэхээр нь би “ахын дүү болио эмэгтэй хүнийг ингэж болохгүй” гэхэд шууд эргэж хараад намайг цохиход би арагшаагаа унаад өгсөн, намайг хэвтэж байхад дээрээс ирээд 2-3 удаа цохиход нь би орны хөлийн ойролцоогоос нэг нарийн төмөр гартаа бариад “хол байгаарай” гээд өөдөөс нь чиглүүлээд чичсэн, тэгэхэд * арагш ухраад намайг цохихоо больсон ба сайн харвал цээж хэсэгт нь цус болсон юм шиг харагдаж байсан” /хх47,56/ гэсэн мэдүүлгийг өгсөн нь түүний үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрсөн, маргаагүй, мөн хохирогч, гэрч нараас “...үзүүртэй зүйлээр хатгасан” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийн мэдүүлгийг үнэн, зөв гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.
5.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “...хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн буюу хохирогч шүүгдэгчийг эхэлж цохиж унагаасан, хэвтэж байхад нь дээрээс нь цохихоор дайрсан үед биеэ хамгаалах зорилгоор гарт тааралдсан төмрөөр бие рүү нь чичсэн” гэх нөхцөл байдлыг зэвсгийн чанартай зүйлийг зориуд санаатайгаар бэлтгэж хэрэглээгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгох үндэслэл, нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй.
Хэрэгт шүүгдэгч Ю.З ын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 16/-ээр түүнд гэмтэл тогтоогдоогүй ба гэмт хэрэг гарах цаг хугацаанд хамт байсан Ю.* , Б.* нарын мэдүүлгүүдээр хохирогчийн зүй бус буруутай нөхцөл байдал болсон талаар тусгагдаагүй байна.
6.Анхан шатны шүүх шүүгдэгч Ю.З ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн, хохирогчид учирсан эмчилгээ, болон сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг шүүхээс тогтоосон хэмжээнд шүүгдэгч төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудад үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан ялын доод хэмжээ болох “...таван жилийн хорих ял”-ыг хөнгөрүүлж 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял болгон багасгаж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, эрүүгийн хариуцлагад зорилгод мөн нийцсэн.
Шүүх шийдвэр гаргахдаа хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Мөнхнасангийн “...гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг үндэслэсэн байна.
7.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханаас гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.З нь давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгох хүртэл нийт 80 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А.САЙНТӨГС
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС