| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0179/Э |
| Дугаар | 259 |
| Огноо | 2018-02-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
улсын яллагч Э.Ундраххэрлэн,
хохирогч Б.Эрдэнэцогт,
шүүгдэгч Г.Е, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан ҮД:02-60 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А овогт Г.Ед яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 170604081 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.Е
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Г.Е нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанхуарангийн 13-04 тоотод 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.Эрдэнэцогтыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Е мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн тул хэргийнхээ талаар ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрдэнэцогт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баз хүргэн болох дүүгийндээ урилгаар очиж хоол, унд идээд сууж байхад 1 залуу орж ирсэн. Архи нэхэж, агсам тавьж эмэгтэй дүү нартай зодолдох гээд байсан. Би болиулах гээд дээр нь гарчихсан байхад Г.Е орж ирээд намайг нүүрэн тус газарт өшиглөчихөөд гараад явсан. Хохирлын дүнг эмнэлэгт үзүүлсэн баримтаар авч ир гэж байцаагч хэлсэн тул эмнэлэгт үзүүлээд баримтаа өгсөн. 2-3 грамм яс нөхнө гэсэн. Хэрэгт өгсөн баримт нь үзүүлсэн тухай баримт бөгөөд бэлэн мөнгөний орлогын баримт гэдэг нь эмчилгээний дүнгийн баримт. Эмнэлэгт үзүүлэхэд мөнгө төлөөгүй. 5.530.000 төгрөгийг нэхэмжилж байна. Г.Е ажил эрхэлж байгаа тул бага багаар хувааж төлнө гэж тохирсон. Өнөөдөр 200.000 төгрөгийг надад өглөө гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Эрдэнэцогтын:.. 2017 оны 12 дугаар сарын 17-ны 14:00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 13-04 тоотод баз дүү Н.Мягмаржавынд очиж архи уусан. Тэгээд орой 22:30 цагийн үед Мягмаржавын дүү нь 2 найзтайгаа согтуу орж ирээд манай эмэгтэй дүүтэй муудалцаад надтай муудалцаад байхаар нь би унтуулах гээд барьж аваад дээрээс нь дараад байж байтал нэг найз нь хажуунаас намайг нүүр рүү өшиглөж шүд хугалчихаад гараад зугтаасан, тэгээд цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд хийчихээд одоо өргөдлөө өгч байгаа юм. Миний 2 хиймэл шүд хугарсан, 2 эрүүл өөрийн шүд хугарсан, 2 шүд хөдөлсөн. Намайг өшиглөсөн хүнийг Ёндоок гэж дуудаж байсан. Гомдолтой байна, хохирлоо барагдуулмаар байна… гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Чулуунбаатарын: Би 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу өчигдөр өөрийн төрсөн ах Мягмаржавын гэрт нь 10-р хороонд очиход ах согтуу тасарсан гэртээ унтаж байсан. Гэрт нь Батчимэг болон Эрдэнэцогт нар архи уугаад сууж байсан. Би тэднийд орохдоо бага зэрэг архи уусан халамцуу байсан. Тэгээд Эрдэнэцогттой юунаас болж муудалцсаныг сайн санахгүй байна. Согтуу хүмүүс өөр хоорондоо муудалцсан, Эрдэнэцогт намайг цамцаар хоолойг боосон, би тэгээд найз Г.Еруу утсаар залгаад найз нь ах Мягмаржавын гэрт хүнд зодуулаад байна, яаралтай хүрээд ирээч гэсэн. Удалгүй Г.Еирсэн. Ирэхэд нь Эрдэнэцогт боосон, би ухаан балартсан байсан. Тэгэхэд юу болсныг нь санаагүй. Г.Еорж ирээд Эрдэнэцогтыг өшиглөчихөөд гараад явсан байсан...гэх мэдүүлэг. /хх-н 13-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Т.Оюунчимэгийн: …Би өдрийг нь санахгүй байна. 2017 оны 12 дугаар сард байх манай том хүргэн Мягмаржав мөн манай хүргэн Эрдэнэцогтыг Солонгосоос ирсэн гээд гэртээ бид нарыг урьсан. Би Мягмаржав ахынд Батчимэг нартай хамт урд орой нь ирээд хоносон байсан. Тэгээд маргааш нь Эрдэнэцогт ирсэн. Тэгээд Эрдэнэцогтыг Солонгосоос ирсэн гээд бид нар Мягмаржавын гэрт архи аваад ууж сууж байтал Чулуунбаатар гээд Мягмаржав ахын төрсөн дүү нь согтуу ирээд мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би Чулуунбаатарыг чи яахаараа мөнгө төгрөг нэхдэг юм бэ гэхэд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би Чулуунбаатарыг хоёр алгадсан. Тэгэхэд утсаа өгч бай такси дуудаад өгье гэж худлаа хэлж аваад найз нарыгаа дуудсан юм шиг байна лээ. Удаагүй Г.Ень ирсэн, тэд нар нь ойрхон байсан юм шиг байна лээ бараг л хамт явж байсан байх их л хурдан ирсэн. Тэр үед Чулуунбаатар над руу агсраад байсан. Тэгэхэд нь надтай хамт байсан Эрдэнэцогт болиулах гээд Чулуунбаатартай зууралдаад байж байх үед нь гаднаас /Г.Егэсэн сүүлд нэрийг нь мэдсэн/ танихгүй залуу орж ирээд Эрдэнэцогтыг ах аа ах аа та тавьчихаач гэж байснаа гэнэт хөлөөрөө нэг удаа маш хүчтэй өшиглөчихөөд гараад явсан. Эрдэнцогтын амнаас цус гараад хиймэл шүд болон бусад шүднүүд нь унасан байсан...гэх мэдүүлэг /хх-н 15-р тал/
Мөрдөн байцаалтанд Г.Е:...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна…гэх мэдүүлэг /хх-н 26-28-р тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 344 тоот дүгнэлтэнд:
1. Б.Эрдэнэцогтын биед үүдэн дээд 1 шүдний хугарал, 1 шүдний булгарал, дээд уруул, буйланд цус хуралт, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдуулна. Шинжээч эмч М.Энхтайван гэх дүгнэлт /хх-н 20-р тал/
- Шүүгдэгч Г.Г.Еын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 23-р тал/
- Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-н 32-р тал/
- Хохирогч Б.Эрдэнэцогтод 200.000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хх-н 59-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Е нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанхуарангийн 13-04 тоотод 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.Эрдэнэцогтыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Г.Еад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Г.Е нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанхуарангийн 13-04 тоотод 2017 оны 12 дугаар сарын 17-ны орой Б.Эрдэнэцогтыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Е нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хэрэгт хохирогч Б.Эрдэнэцогт нь 5.530.000 /таван сая таван зуун гучин мянган/ төгрөгийн нотлох баримтыг ирүүлсэн байна. /хх-н 7-8-р тал/
Хохирогч Б. Эрдэнэцогт нь цаашид гарах эмчилгээний зардал гэж 5.530.000 /таван сая таван зуун гучин мянган/ төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д ...эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд шаардах эрхтэй гэж хуульчилжээ.
Гэвч хохирогч Б.Эрдэнэцогтод 5.530.000 /таван сая таван зуун гучин мянган/ төгрөгийн зардал гарах нь бусад баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г. Г.Еаас гаргуулж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Иймд хохирогч Б.Эрдэнэцогт нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Г.Еад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Г.Еад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А овогт Г.Е хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Е 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Е нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Еад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Хохирогч Б.Эрдэнэцогт нь эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Е нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Еад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ