Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/31

 

   

 

Д.Д, Б.Ш, С.М  

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, Ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Д.Зуунай /томилолтоор/,

Шүүгдэгч Д.Д , түүний өмгөөлөгч С.Шинэбаяр,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Д , түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нарын давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Д.Д  нарт холбогдох 2419000000200 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

1.1.*, 

1.2.*,

1.3.*,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Д  нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Их говь ХХК-ийн менежер байна гэж танилцуулан хүнсэнд хэрэглэх үхрийн мах худалдан авъя, зээлээр нэхэмжлэх бичээд өгчих 2-3 хоногийн дараа мөнгийг нь шилжүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, * хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчин шонхор худалдааны төвийн худалдагч Т.П худалдах худалдан авах гэрээ байгуулж байна гэж хуурамч бичиг ашиглан 15,180,000 төгрөгийн үнэ бүхий 1,168 килограмм махыг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А.Э Дорноговь аймгийн * тоот найзынхаа байрыг түрээслүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 360,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Дорноговь аймгийн * нутаг дэвсгэрт дээл худалдан борлуулахаар захиалга авч байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Б төөрөгдөлд оруулж нийт 2,090,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 19-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр П.Б эзэмшлийн Дорноговь аймгийн * * тоотод байрлах хүнсний дэлгүүрийн бохирын шугамыг сольж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2,630,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн * нутаг дэвсгэр байх үедээ хохирогч Г.М төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулан Г.М өмчлөлийн Сони Ай 7 загварын зөөврийн компьютерыг ажлын тайлангаа бичээд өгье гэж худал хэлж өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч улмаар бусдад зарж борлуулан 590,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 03 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд том машины дугуй зарна гэж 1,570,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл засварлуулсан төлбөрийг том машины дугуй худалдаж авах мөнгөнөөс хасаж тооцуулна гэж 450,00 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөнгө зээлээч гэж 200,00 төгрөг нийт 2,220,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар А.А төөрөгдөлд оруулан шилжүүлэн авсан,

2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн * байх үедээ цахим орчинд О.Э хэрэглэдэг М.Кадра гэх фейсбүүк хаягтай харилцан ломбардад тавьсан утасны хүү чинь төлж өгнө гэж түүнийг төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож 530,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Бүрдэнэ булаг ХХК-ийн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа 204,000 төгрөгийн үнийн дүн бүхий барааны төлбөрийг шилжүүлсэн гэж гүйлгээ амжилттай гэсэн зураг харуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, 204,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлэн авсан,

2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн * 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны 104 тоотод байрлах Ч.Э эзэмшлийн гар утасны худалдааны газраас Ай фоне 13 про загварын гар утсыг худалдан авах гэж байгаа дүр эсгэн зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,950,000 төгрөгийг шилжүүлсэн гэж хураамж баримт бичиг харуулж тухайн гар утсыг шилжүүлэн авсан,

2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шөнө Дорноговь аймгийн * 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг викториа баарнаас авсан 120,000 төгрөгийн эд зүйлийнхээ төлбөрийг данс руу чинь шилжүүлсэн гэж зөөгч Э.А хуурч залилан залилах гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр * хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвийн худалдагч Т.П худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа Монгол бичгээр Бумцэнд Их Говь гэсэн бичиглэлтэй хуурамч тэмдгийг ашигласан,

2023 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Дорноговь аймгийн * 02 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах минерал баарны гадна талд хохирогч Д.О үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний биед халдан нүүрэн тус газар нь өшиглөх, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хамрын таслагчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, зүүн мөр, баруун шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Г.Г нөүтбүүкийг түр хэрэглээд өгье гэж Тэргэл гэх хүнээр дамжуулан авч залилсан,

2024 оны 02 дугаар сарын орчимд Г.Ш нөүтбүүкийг түр хэрэглээд өгье гэж хэлж залилсан,

2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь * нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөвсгөл зочид буудалд өрөө захиалсан, өөрийгөө Доктор авто сүлжээний менежер гэж тус буудлын захирал Ч.Т хуурч, компаниас тооцоог хийнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 810,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч С.М, Б.Ш нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Дорноговь аймгийн * 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Минерал баарны гадна талд хохирогч Д.О үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний биед халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, зүүн мөр, баруун шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай бүлэглэн учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Д ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 23.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.М, Б.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Иргэдийн төлөөлөгч Б.Баатарсүх “Д.Д  гэм буруутай, С.М, Б.Ш нар нь гэм буруугүй...” гэж дүгнэжээ.

5.Анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Дорноговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч * Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар бусдыг хуурч, баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,

Шүүгдэгч * нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6/зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар,

Шүүгдэгч Сүхээгийн Мөнхзориг, Бадамгэрэлийн Шинэбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг нийт 6 жил 30 хоногийн хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д ын цагдан хоригдсон нийт 263 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Б.Ш нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцон солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Д аас 27,366,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б , 2,090,000 төгрөг, Г.М шинжээчийн үнэлгээнд төлсөн 50,000 төгрөг, О.Э 530,000 төгрөг, Ч.Э 1,950,000 төгрөг, П.Б 2,630,000 төгрөг, Т.П 15,180,000 төгрөг, Б.Т 810,000 төгрөг, Г.Г 4,126,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.О нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны орлог, сэтгэцэд учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Д ын өмчлөлийн iphone-8 маркийн 1 ширхэг гар утсыг улсын орлого болгож,

Шүүгдэгч С.М, Б.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.М, Б.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

6.Шүүгдэгч Д.Д ын өмгөөлөгч С.Шинэбаяр давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Д ын зүгээс Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан амьдралын эх үүсвэрээ болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Д.Д ын зүгээс залилах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл хүний эд зүйлсийг хуурч, мэхэлж, урьдын харилцааны итгэлцлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэдэгт маргадаггүй. Харин хүндрүүлж зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. ... хавтаст хэрэгт авагдсан ээж болон Адъяагийн тодорхойлолт, нийгмийн даатгалын лавлагаа зэргээр Д.Д  нь залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхээс өөр аргагүй байдалд байгаагүй нь харагдаж байна. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ олж авсан орлогоороо амьдрал ахуйгаа залгуулсан зүйл байхгүй. Гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолуудыг харахад 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Бүрдэнэ Булаг ХХК-иас 200,000 төгрөгийн эд зүйл аваад үүнийг уул явахдаа пиво, архи авч хэрэглэсэн гэдгийг Одбаяр гэрчийн мэдүүлгээр тогтоодог. Энэ нөхцөлөөр амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилсэн байдаг. Өөрөөр хэлбэл сүүлд бүгдийг нь нэгтгээд амьдралын эх үүсвэр болгож гэж өөрчилсөн байдаг. Гэтэл Д.Д ын мэдүүлгээр амьдрал ахуйдаа зарцуулаад байгаа зүйл ерөөсөө байдаггүй. Иймд хэргийн бодит байдалтай зүйлчлэл тохироогүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд Д.Д ын гэмт үйлдэлтэй маргаагүй байдал, тухайн үед ажил хөдөлмөр эрхэлж ажил орлоготой байсан зэрэг хувийн байдлуудаараа гэмт хэргийн шинж маань хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж байгаатай холбогдуулан түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа үйлдсэн, хохирол төлбөрийн тодорхой хэсгийг төлсөн, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн дээрх байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

7.Шүүгдэгч Д.Д  давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өөрийн хийсэн буруу үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хоригдохдоо маш их зүйлийг эргэцүүлэн бодож ухаарсан. Миний амьдралд бусдыг залилж олсон мөнгөөрөө ар гэрээ тэжээх хүнд нөхцөл байдалд байгаагүй. Миний аав, ээж болон эгч нар маань намайг юугаар ч дутаагаагүй гэж боддог. Би өөрийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ахархан бодолдоо автаж покер тоглож аажмаар тоглоомонд донтож эцэст нь нэг мэдэхэд би буруу аргаар мөнгө олж тоглодог болсон байсан. Сүүлдээ архи, согтууруулах ундаа, зугаа цэнгэлд хэт автсан нь миний түмэн буруу болсон. Би одоо 25 настай, 6 жил гэдэг бол надад асар их хугацаа юм. Миний насны байдлыг харгалзан үзнэ үү. Миний бие мөн өндөр настай ээжийн хамт амьдардаг тул ар гэрийн байдал болон анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг минь багасгаж өгнө үү. Хэрэв ялыг минь багасгаж шийдвэрлэвэл үнэнч шударгаар ажиллаж хөдөлмөр хийж хохирол учруулсан хүмүүстээ хохирол төлбөрийг нь барагдуулж, ахин, дахин уучлалт гуйх болно. Цаашид үнэнч шударгаар ажиллаж дахиж ийм алдаа гаргаж, мөрийтэй тоглоом болон архи, дарс уухгүй гэдгийг амлаж байна.” гэв.  

8.Прокурор Д.Зуунай шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Д д эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрийг гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг улсын яллагчийн зүгээс үндэслэлтэй гэж гэж дүгнэж байна. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Д.Д  нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгч нь 13 хохирогчид нийт 30,810,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хохирогч нарыг залилж, хуурч, баримт бичиг ашиглаж авсан мөнгийг амьдралын эх үүсвэрээ болгож байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч нь 2023 оны 07 дугаар сараас хойш хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч 2024 оны 2 болон 3 дугаар сард ажилласан талаарх нийгмийн даатгалын тодорхойлолтыг гаргасан нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь Д.Д  нь 2, 3 дугаар сард нийт 1,200,000 орчим төгрөгийн цалин авсан байна. Тухайн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж байгаа гол нөхцөл байдал нь хохирогч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,  шүүгдэгчийн дансны хуулгаар шүүгдэгч нь тухайн мөнгийг зөвхөн мөрийтэй тоглоом тоглохоос гадна хувийн хэрэглээндээ зарцуулан амьдралын эх үүсвэр болгосон нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Улсын дээд шүүхийн тайлбарыг танилцуулж байна. Тухайн тайлбарт хүндрүүлэх шинжид 3 буюу түүнээс дээш гэснийг өмгөөлөгч өөрөө танилцууллаа. Өөрөөр хэлбэл 3 буюу түүнээс дээш үйлдэл нь нэг төрлийн гэмт хэргийг үйлдсэн. Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон гэж тайлбарласан. Хэвшил болсон гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар авч өөрийн болгож, амар хялбар аргаар амьдралынхаа хэвшил болгож байнга үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Д , түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нарын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгч Д.Д д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шийдвэрт өөрчлөлт орох үндэслэл болсон.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Д.Д  нь 2023 оны 12 дугаар сарын 01-ээс 2024 оны 05 дугаар сарын 27-ны хугацаанд 13 удаагийн үйлдлээр “...хуурамч тамга ашиглан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг 2 хувааж төлнө гэж хуурч, ...найзынхаа байрыг түрээсэлнэ гэж, ...монгол дээлийн захиалга авч байна гэж, ...бохирын шугамыг чинь сольж өгнө гэж материалын зардал болон урьдчилгаа төлбөр гэж,  ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулах, том машины дугуй зарна гэж, ...ломбардын хүүг чинь төлнө гэж нэмж зээл хийлгэх байдлаар, ...гар утасны “гүйлгээ амжилттай” гэсэн хуурамч мэдээллийг харуулах байдлаар, ...төлбөрийг шилжүүлсэн гэж хуурах байдлаар, ...бусдын эд хөрөнгийг түр хэрэглээд өгье гэж хуурч, ...өөрийгөө Доктор авто сүлжээний менежер танайд хүлээн авалт зохион байгуулна, төлбөрийг компаниас хийнэ хуурч зочид буудалд орж, хоол, архи захиалж авах  зэргээр  тус тус зохиомол байдлыг зориудаар бий болгох байдлаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын нийт 30,810,000 төгрөгийн эд хөрөнгүүдийг залилж авсан,

2023 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Дорноговь аймгийн * “Минерал” баарны гадаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.О зодож биед нь хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан,

Шүүгдэгч С.М, Б.Ш нар нь 2023 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө  “Минерал” баарны гадаа хохирогч Д.О үл ялих зүйлээр шалтаглан бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан үйл баримтууд тус тус болсон.

3.Эдгээр үйл баримтуудад холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас шүүгдэгч Д.Д ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгож үйлдсэн,

мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдэхдээ хуурамч баримт бичиг, тамга тэмдэг ашигласан,

мөн хуулийн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд,

Шүүгдэгч С.М, Б.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж тус тус яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

4.Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан хуурамч тамга тэмдэг ашигласан гэх гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.М, Б.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг шүүгдэгч Д.Д , түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нараас “...залилах гэмт хэргийг байнгын үйлдлээр, амьдралын эх үүсвэрээ болгосон гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн.

Хэрэгт хохирогч Д.О биед хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн гэмтлийг шүүгдэгч Д.Д  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдлыг бодитойгоор тогтоогдоогүй байна гэж үзсэн.

Учир нь: Хохирогч Д.О нь “...3 хүнд зодуулсан гэж мэдүүлэг өгсөн байсан, харин дараа нь сайн бодоод үзтэл бааран дотор жижиг биетэй хар өнгийн малгайтай залуутай баарны 00 дотор юм ярьж байгаад маргалдаад муудсан, тухайн үед бааранд тэр залууг Холбоо гэж дуудаж байсан /Мөнхзориг/ найзууд нь тэгж дууддаг юм байна лээ, тэгээд тэр Мөнхзориг намайг баруун гараараа зангидаж байгаад нэг удаа миний зүүн шанаа хэсэгт цохихоор нь би зөрүүлээд баруун гараа зангидаж байгаад цохисон, тэгээд бид 2 нэг нэгийгээ цохилцож байхад баарны 00-оос 2,3 залуу гарч ирээд бид 2-ыг салгасан, өөр хүнтэй муудаагүй, ...би баарнаас гараад ирэх үед баарны 00-д зодолдож байсан Мөнхзориг над руу дахиад дайрсан, тэгсэн чинь хажуугаас бас нэг жижиг биетэй залуу орж ирээд намайг хэд хэдэн удаа газар унагаж байгаад цохисон. Тэгсэн чинь тэнд байсан өндөр биетэй залуу, манай найз Мөнхбаясгалан нар салгасан. Дараа нь нөгөө өндөр залуутай юм ярьж байгаад над руу томроод байхаар нь би өөдөөс нь юм хэлсэн чинь намайг хавирч унагаагаад надтай зууралдсан, тэгээд миний нүүр рүү 1 удаа өшиглөж, 1 удаа баруун гараараа зангидаж байгаад цохисон” /2хх 60 дугаар хуудасны ар тал/ гэж мэдүүлсэн.

Шүүгдэгч Д.Д аас “...01:30 минутын орчимд ...Заяа бид 2 Минерал бааранд орсон ...Заяа бид 2 тамхи татахаар гарсан, ...баарнаас хэдэн хүмүүс муудалцаад гараад ирсэн, ...салгах санаатай очсон чинь нэг хар хувцастай залуу миний таньдаг хүн болох Зоригоо /Холбоо/-той зодолдоод байсан, тэгсэн Зоригоогийн хажуу талаас Шинээ гэх манай таньдаг дүү Зоригоотой зодолдож байсан залуутай муудалцаж хажуу талаас нь хэд хэдэн удаа цохиж байсан. Тэгээд би тэр 2-ийг салгаад 2 тийш нь болгосон, ...Тэгсэн чинь Шинээ, Заяа 2 ардаас нь очоод дахиж муудаад Шинээ хар хувцастай залуутай зодолдохоор нь Мөөкөл ах бид 2 салгаад, би Шинээг аваад цааш явсан, ...тэгээд би Мөөкөл ахаас уучлал гуйгаад зогсож байсан чинь найз нь над руу ирээд дайраад байсан, ...миний хөл рүү ороод намайг унагасан, тэгээд бид 2 дээр доороо оролцож байгаад салсан чинь Мөөкөл ах найзыгаа аваад явсан, би Д.О цохиж зодсон зүйл байхгүй” гэж /2 хх 67-р хуудасны ар тал, шүүх хуралдааны тэмдэглэл/-д,

Шүүх хуралдааны шатанд шүүгдэгч С.М “... Дашням намайг хориод байж байсан” гэж тус тус мэдүүлсэн.

Прокуророос шүүгдэгч Д.Д ыг дангаараа, С.М, Б.Ш нарыг бүлэглэж хохирогч Д.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж тусад нь салгасан нь ойлгомжгүй болсон буюу хохирогч болон гэрч Мөнхбаясгалан нараас мэдүүлсэн “...жижиг залуу, өндөр залуу, бас нэг залуу, намайг таниад байсан залуу” гэж гэмт хэрэг гарсан байдлын талаар мэдүүлснийг мөрдөгч, прокуророос тодруулаагүй.

Хэргийн байдлыг хянан үзвэл хохирогч Д.О нь эхэлж шүүгдэгч С.Мтой, дараа нь С.М, Б.Шинэбаяртай зодолдож байхад нь шүүгдэгч Д.Д , гэрч Мөнхбаясгалан нар салгасан,  мөн Д.Д тай хамт явсан Заяа гэх ч мөн хохирогчтой маргалдсан, шүүгдэгч, хохирогч нарын аль аль нь архи ууж согтуурцгаасан байсан,  харилцан зодолдсон гэх нөхцөл байдал нэг цаг хугацаанд үргэлжилсэн байдлаар явагдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгч Д.Д ын үйлдлийн улмаас хохирогч Д.О биед гэмтэл гарсан гэдгийг мөрдөгч, прокуророос бүхэл талаас нь бодитоор тогтоогоогүй байж хэргийг салгаж шүүгдэгч Д.Д  тусдаа үйлдлээр, шүүгдэгч С.М, Б.Ш нар бүлэглэж үйлдсэн гэж тус тусад нь зүйлчилсэн нь буруу болсон, энэ нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар буюу шүүгдэгч Д.Д д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Энэ үндэслэл нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарч байна.

6.Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, шүүгдэгч С.М, Б.Ш нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх үндэслэл тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.Д  нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Их говь ХХК-ийн менежер байна гэж танилцуулан хүнсэнд хэрэглэх үхрийн мах худалдан авъя, зээлээр нэхэмжлэх бичээд өгчих 2-3 хоногийн дараа мөнгийг нь шилжүүлнэ гэж * хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчин шонхор худалдааны төвийн худалдагч Т.П хуурамч худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа монгол бичгээр “Бумцэнд Их Говь” гэсэн бичиглэлтэй хуурамч тэмдгийг ашиглан 15,180,000 төгрөгийн үнэ бүхий 1,168 килограмм махыг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А.Э Дорноговь аймгийн * тоот найзынхаа байрыг түрээслүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 360,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Дорноговь аймгийн * нутаг дэвсгэрт дээл худалдан борлуулахаар захиалга авч байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Б төөрөгдөлд оруулж нийт 2,090,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 19-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр П.Б эзэмшлийн Дорноговь аймгийн * * тоотод байрлах хүнсний дэлгүүрийн бохирын шугамыг сольж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2,630,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2024 оны 02 дугаар сарын орчимд хохирогч Г.Ш нөүтбүүкийг түр хэрэглээд өгье гэж хэлж хуурч авч, 1000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нь авсан,

2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн * нутаг дэвсгэр байх үедээ хохирогч Г.М төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулан Г.М өмчлөлийн Сони Ай 7 загварын зөөврийн компьютерыг ажлын тайлангаа бичээд өгье гэж худал хэлж өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч улмаар бусдад зарж борлуулан 590,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 03 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд том машины дугуй зарна гэж 1,570,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл засварлуулсан төлбөрийг том машины дугуй худалдаж авах мөнгөнөөс хасаж тооцуулна гэж 450,00 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөнгө зээлээч гэж 200,00 төгрөг нийт 2,220,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар А.А төөрөгдөлд оруулан шилжүүлэн авсан,

2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн * байх үедээ цахим орчинд О.Э хэрэглэдэг М.Кадра гэх фейсбүүк хаягтай харилцан ломбардад тавьсан утасны хүү чинь төлж өгнө гэж түүнийг төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож 530,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Бүрдэнэ булаг ХХК-ийн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа 204,000 төгрөгийн үнийн дүн бүхий барааны төлбөрийг шилжүүлсэн гэж гүйлгээ амжилттай гэсэн зураг харуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, 204,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлэн авсан,

2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн * 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны 104 тоотод байрлах Ч.Э эзэмшлийн гар утасны худалдааны газраас Ай фоне 13 про загварын гар утсыг худалдан авах гэж байгаа дүр эсгэн зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,950,000 төгрөгийг шилжүүлсэн гэж хураамж баримт бичиг харуулж тухайн гар утсыг шилжүүлэн авсан,

2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шөнө Дорноговь аймгийн * 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг викториа баарнаас авсан 120,000 төгрөгийн эд зүйлийнхээ төлбөрийг данс руу чинь шилжүүлсэн гэж зөөгч Э.А хохироосон,

2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Г.Г нөүтбүүкийг түр хэрэглээд өгье гэж Тэргэл гэх хүнээр дамжуулан авч 4,126,000 төгрөгийн эд хөрөнгийг залилан авсан,

2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь * нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөвсгөл зочид буудалд өрөө захиалсан, өөрийгөө Доктор авто сүлжээний менежер гэж тус буудлын захирал Ч.Т хуурч, компаниас тооцоог хийнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 810,000 төгрөгийн үйлчилгээ авсан буюу залилах гэмт хэргийг 13 удаагийн үйлдлээр үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Д ын үйлдэлд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар бусдыг хуурч, баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэж гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн.

Өөрөөр хэлбэл: Анхан шатны шүүх “...шүүгдэгч Д.Д  нь 2023 оны 12 дугаар сарын 01-ээс 2024 оны 05 дугаар сарын 27-ны хугацаанд бусдыг залилж авсан мөнгөөр өөрийгөө тэжээн тэтгэж, цахим мөрийтэй тоглоом тоглож, бусадтай наргиж цэнгэж байсан гэж дүгнэж, залилах гэмт хэргийг байнга үйлдсэн, амьдралын эх үүсвэрээ болгосон” гэж шийтгэх тогтоолдоо дүгнэсэн нь үндэслэлтэй, зөв болсон.

Шүүгдэгч Д.Д ын бусдаас залилж авсан мөнгийг ашиглаж, захиран зарцуулсан нөхцөл байдал нь залилах гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж олсон хууль бус орлогоороо өөрийнхөө цахим мөрийтэй тоглоомын бооцооны төлбөрийг төлөх, зочид буудалд орох, баар цэнгээний газарт орж үйлчлүүлэх зэргээр өөрийн  хэрэгцээг хангаж 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 05 сарын 27 хүртэлх 5 сарын хугацаанд нийт 13 удаагийн үйлдлээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн 3.1-т заасан “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө ...шилжүүлэн авсан бол, ...энэ гэмт хэргийг ...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн залилах гэмт хэргийн шинжүүдэд тус тус нийцсэн.

Иймд эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нарын зүгээс “...залилах гэмт хэргийг байнга үйлдээгүй, амьдралын эх үүсвэрээ болгоогүй” гэж гэм буруу дээр маргаж гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

7.Мөн хохирогч Т.П хуурамч худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа монгол бичгээр “Бумцэнд Их Говь” гэсэн бичиглэлтэй хуурамч тэмдгийг ашиглан 15,180,000 төгрөгийн үнэ бүхий 1,168 килограмм махыг шилжүүлэн авч залилсан үйлдэлд холбогдуулан прокуророос шүүгдэгч Д.Д д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг, тамга тэмдэг хуурамчаар үйлдсэн, ашигласан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д гэмт хэргийн шинжийг “...тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга тэмдэг ...хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан байх”-ыг заасан, хэрэгт энэ талаар тогтоосон баримтгүй гэсэн үндэслэлийг гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болсон.

Хэрэгт шүүгдэгч Д.Д  хохирогч Т.Пг залилахдаа “Худалдах худалдан авах гэрээ” /2хх 217-218/-г бичгээр хийж, монгол бичгээр бичсэн “Бумцэнд, Их говь” гэсэн тэмдэг ашигласан байх боловч уг хуурамч гэрээний маягт, тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэх шалтгаан, нөхцөлийг огт шалгаагүй,  хэрэгт “Их говь энержи” ХХК-ны тамга, тэмдгийн дардаснуудын хуулбар /2хх 239-243/-ыг авснаас өөрөөр шалгаж тогтоосон зүйлгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Д ын хохирогч Т.Пг залилахдаа хуурамч гэрээ байгуулан, хуурамч тамга, тэмдэг ашиглаж үйлдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг үйлдсэн арга нь гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл: Залилах гэмт хэргийн шинжид  бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгохыг гэмт хэрэг үйлдэх аргад хамааруулсан байх тул тусад нь хуурамч баримт бичиг, хуурамч тамга, тэмдэг ашигласан гэж хүндрүүлэн зүйлчлэх шаардлагагүй байсан.

8.Шүүгдэгч С.М, Б.Ш нарын санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.О эрүүл мэндэд “хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогч болон гэрч Мөнхбаясгалан, шүүгдэгч Д.Д  нарын мэдүүлгүүд болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон ба шүүгдэгч нарын зүгээс гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр батлагдан тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн.

9.Харин анхан шатны шүүх шүүгдэгч С.М, Б.Ш нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоолгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийтгэх тогтоолд нэмж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр гэж зөвтгөж өөрчлөлт орууллаа.

10. Анхан шатны шүүх залилах гэмт хэргийн хохирогч нарын хохирлыг хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Д аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба хохирогч нарын зүгээс маргаагүй байна.

11.Шүүх шийдвэр гаргахдаа хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Баатарсүхийн “Д.Д  гэм буруутай, С.М, Б.Ш нар нь гэм буруугүй” гэсэн дүгнэлтийг шийдвэр гаргахдаа үндэслэсэн байна.

12.Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөх” үндэслэлд нийцнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг” гэж нэмж,

2 дугаар заалтаас “...мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэснийг хасаж,

3 дугаар заалтаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар...” гэснийг хасаж,  

4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.М, Б.Ш нарт тус бүр оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэх, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж өөрчилж,  

6 дугаар заалтаас “ ... 30 хоногийн” гэдгийг хасч,

9 дүгээр заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2,” гэснийг нэмж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д , түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д  нь давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгох хүртэл нийт 79 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч С.М, Б.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогчид гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А. САЙНТӨГС

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ                       Б.НАРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                       А.САЙНТӨГС