| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2023/03965/И |
| Дугаар | 192/ШШ2025/09481 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/09481
|
|
|
|
2025 11 14 192/ШШ2025/09481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч В.Амартүвшин, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, Алтай хотхон, ***** тоотод оршин суух Х*** А******* овогт С******* Ч******* /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, **** байр,***** тоотод оршин суух С******* овогт Г******* М******* /РД:*******/-д холбогдох,
Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,
Иргэдийн төлөөлөгч Ц.О, М.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ч******* нь хариуцагч Г.М*******д холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Г.М******* нь өөрийн фейсбүүк хуудсаараа 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр "Манай С.Ч******* олон нүүртэй шүү. Лав энэ нүүрээрээ бол Хархорин хот босгох юм байх. Тэнд ажилладаг гаднын археологичид ахиж ажиллаж чадахгүй бололтой. Харин нөгөө нүүрээрээ Архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ Өндөр гэгээний намтар, Чингис хааны үеийн алтан зоос. Бас өөр нүүрээрээ Олон улсын Монгол судлалын Холбоог ажиллуулахгүй байх гээд олон юм хийж байгаа хүн дээ" гэсэн агуулгаар пост нийтлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр С.Ч******* миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг түгээсэн ба тус пост дээрх өгүүлбэр бүр нь олон нийтийг төөрөгдүүлсэн, илт үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллүүдийг нийтэлсэн. Г.М******* нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан дээрх мэдээлэл нь хувь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ хүрээнд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн шинжийг агуулгагүй бөгөөд хувь этгээд рүү илт чиглэсэн гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан байна. С.Ч******* нь түүхч мэргэжилтэй, Чингис хаан музейн захирал болон Олон улсын Монгол судлалын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга албан тушаалтай болно. Гэтэл ажил хэргийн нэр хүндэд "Харин нөгөө нүүрээрээ Архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ Өндөр гэгээний намтар, Чингис хааны үеийн алтан зоос, бас өөр нүүрээрээ Олон улсын Монгол судлалын Холбоог ажиллуулахгүй байх гээд олон юм хийж байгаа хүн дээ" гэсэн худал мэдээллээр ажил, албан тушаалтай нь холбогдуулан илт худал мэдээллээр халдсан. Иргэний нэр төрд "Манай С. Ч******* олон нүүртэй шүү. Лав энэ нүүрээрээ бол Хархорин хот босгох юм байх. Тэнд ажилладаг гаднын археологичид ахиж ажиллаж чадахгүй бололтой" гэх мэдээллээр иргэний нэрийг шууд нэрлэн зааж, илт худал мэдээллийг тараасан. Аливаа иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд нь Монгол "Улсын Үндсэн хууль, Иргэний хууль болон бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан үнэт зүйл юм. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү мэдээлэл нь олон нийтийн цахим хэрэгслээр цацагдсанаараа нэр төрд халдсан гэж үзэж байгаа бөгөөд мэдээллийн үнэн зөв эсэхийг бодит байдалд нийцсэн эсэхийг хариуцагч нь нотлох үүрэгтэй билээ. Хэрхэн цацагдсантай холбоотой баримтыг шүүхэд өгсөн ба энэхүү цахим орчинд буй мэдээлэл нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр баталгаажих боломжтой ба нэхэмжлэлтэйгээ хамт энэхүү хүсэлтийг шүүхэд өгсөн болно. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт "Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ" гэсэн зохицуулалттай байх тул хариуцагч Г.М худал мэдээлэл тараасан бүх арга, хэлбэрээр нэхэмжлэгч С.Ч*******ы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ, нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг Г.М*******д даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... С.Ч*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. С.Ч******* олон нүүртэй шүү гэдэг нь тэрээр өөрийнхөө эрх мэдлээс давсан олон асуудалд оролцдог, энэ нь хохиролтой гэж үздэг ба эдгээрийг олон нүүр гэж тодорхойлсон болно. Би С.Ч*******ыг бусад хүмүүсийн зохиосон ном, бүтээлийг өөрийн нэг сэдэвт бүтээл гэж дурдаад академич цол авсанд шүүмжлэлтэй ханддаг. Мөн Монгол улсын архивд байгаа, судалгаа боловсруулалт хийгдээгүй 640 хуудас материал Хятад улсын байгууллагад хуулбарлан өгсөнд үнэхээр харамсаж, яагаад ял хариуцлага хүлээхгүй байна вэ гэж уур хүрч цухалдаж явдаг. Үндэсний төв номын санд хадгалагдаж байсан Өндөр гэгээний намтар /бас л судлагдаагүй/-ыг Хятад улсад өгөөд өөрийгөө зохиолч мэтээр номонд нэр оруулсанд мөн л шүүмжлэлтэй ханддаг. Судлагдаагүй баримтыг тэр чигээр нь хуулбарлан өгөх нь улс орны түүхийн судалгаанд ноцтой хор аюултай юм.
Миний С.Ч*******ы талаар бичсэн дурдсан өгүүлбэр бүр үнэн болохыг Дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Лав энэ нүүрээрээ бол Хархорин хот босгох юм байх. Тэнд ажилладаг гаднын археологичид ахиж ажиллаж чадахгүй бололтой.
Харин нөгөө нүүрээрээ архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ
Өндөр гэгээний намтар Чингис хааны үеийн алтан зоос бас өөр нүүрээрээ Олон улсын Монгол судлалын холбоог ажиллуулахгүй байх гээд олон юм хийж байгаа хүндээ гэсэн өгүүлбэр бүр нь дараах учир холбогдолтой баримттай болно.
1. Мэдээллийн үндэсний портал сайт ТІМЕ.mn.-нд ярилцлага өгсөн, хаяг бүхий линкээр ороод түүний яриаг сонсоход "Лав энэ нүүрээрээ бол Хархорин хот босгох юм байх, Тэнд ажилладаг гаднын археологичид ахиж ажиллаж чадахгүй бололтой" гэж шүүмжилсэн асуудал үнэн болох нь батлагдана. Хархорины хөндий нь Юнескод соёлын өвөөр бүртгэгдсэн тул тухайн газарт хот барихын өмнө археологийн судалгаа бүрэн хийж дууссаны дараа хот суурин барих эрх үүсэх юм. С.Ч******* нь "Хархорум хотыг сэргээх зарлиг гарсан. Байгальд ээлтэй цогц хот байгуулах ёстой. Уламжлал, шинэчлэл, байгаль экологийн, эдийн засгийн соёлын аялал жуулчлал зохистой нөөцөд зөв төлөвлөж байгуулах юм бол хөгжүүлнэ. Нийгэм эдийн засгийн үндэслэлийг судлах ёстой. Тухайн үеийн дэлхийн хамгийн том эзэнт гүрний нийслэл байсан. Эрдэнэ зууг анх байгуулсан, Монголын голомт тэнд төвлөрч байсан. Төрийн тавьж байгаа бодлогыг зохистой хөгжүүлэх ёстой. Эзэнт гүрний хамгийн том нийслэл бөгөөд олон шашин, үндэстнүүд байгуулсан өрнө дорнын уулзвар болсон хот байсан г.м яриа нь өөрөө Хар хорин хотыг босгох гэж байгаа юм байна гэсэн шүүмжлэл бичихэд хүргэсэн. Тэрээр яриандаа 2,4,3 зүйл гээд баахан хольж хутгасан юм ярьдаг боловч Хар хорин хотыг байгуулах төлөвлөгөөг дутуу байна, эсвэл цогц биш гээд байгаа агуулга ойлгомжгүй байсан учир "Лав энэ нүүрээрээ бол Хархорин хот босгох юм байх" гэж хэлсэн. С.Ч*******ы ажил үүрэгт Хар хорин хотыг хэрхэн ямар чиглэлээр барьж байгуулах хэрхэн төлөвлөх талаар чиг үүрэг байхгүй. С.Ч*******: Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөг гаргах зураг төсөлд 40 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тоо баримтаа өөрөө л нотлох үүрэгтэй байна.
2. С.Ч******* нь мөн "8 дугаар давхарт Хархорины макетыг тавьсан. Хархориныг малтаж эхлээд 100-д жил болсон. 10-ны нэг хувийг л малтсан байгаа. Хар хориныг тойрсон олон хот байна. Судалгаа тогтвортой явагдаагүй. Тогтвортой явуулсан ч дорвитой цараатай судалгаа хийгээгүй. Зөвхөн гадаадтай хамтарсан судалгаа хийгдсэн. Системтэй судалгаа байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг үндэсний хэмжээний том экспедицүүдийг ажиллуулах хэрэгтэй, тогтвортой явуулах ёстой... Үндэсний хэмжээний томоохон баг 5-8 жил ажиллах тэгж байж энэ ингээд цогцоороо хийгдэнэ.... Германы судалгаа 20 жил дорвитой явсан боловч суулийн 10-иад жил зогссон. Тогтвортой үндэсний хэмжээний экспедицүүдийг ажиллуулах нь зохистой" гэж хэлсэн учир гадаадынхан ажиллахгүй юм байна гэж шүүмжилсэн. Энэ ярилцлагын сүүлийн 10-11дэх минутад энэ талаар тодорхой ярьсан. Түүнчлэн МУИС-ийн У.Эрдэнэбат зэрэг баг Германтай хамтарсан археологийн судалгаа хийж, амжилттай ажиллаж ирсэн. Гадаадтай хамтарсан судалгаа гэж яриагүй учир ингэж шүүмжилсэн. Энд үндэсний хэмжээний экспедицүүдийг ажиллуулах талаар ямар судалгаа тоо баримт байгаагаа энэ хүн өөрөө нотлох үүрэгтэй гэж үзэж байна.
3. Харин нөгөө нүүрээрээ архивын 640 мянган нүүр баримт энэ тухай олон жил шүүмжлэн ярилцсан бөгөөд Түүхийн хүрээлэнгийн захирал гэрээнд гарын үсэг зурсан байгаа. С.Ч******* нь 2010-2015 онд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан. 2012 онд Монголын Үндэсний Архивд хадгалагдаж буй Манжийн үед холбогдох "Хүрээ сайдын хөмрөг"-ийн баримт 640,000 хуудас баримтыг БНХАУ-ын Хятадын хил орчмын бүс нутгийн түүх судлалын төв гэдэг газрын захирал ****** гэдэг эрх мэдэлтэнтэй гарын үсэг зурж шилжүүлсэн байдаг. Түүхийн хүрээлэнгийн захирал Монголын үндэсний архивын баримтыг гадаад улсад өгөх асуудалд гарын үсэг зурсны учир, ямар асуудал буйг шалгах шаардлагатай гэж би үздэг, шүүмжилж ханддаг.
Эдгээр баримт нь Манжийн эрхшээлийн үед хамаарах 200 жилийн түүхийн баримт бөгөөд судалгаа шинжилгээний боловсруулалт хийгдээгүй, асар их хүн хүчний ажил шаардлагатай, нууцлаг баримт юм. Зөвхөн архивын эмх цэгц, гарчиг үүсгэх зэрэг ажлыг л бүтэн баг 1950-1980-аад оныг хамруулан 30 гаруй жил үйлдсэн. Доторх нарийвчилсан шинжилгээний ажил бараг байхгүй. Түүний байгуулсан гэрээ, гарын үсэг зурсан байдлаар олон нийтийн хүртээл болсон.
Эдгээр баримт судалгааны эргэлтэд ороогүй бөгөөд одоогийн байдлаар 1280 боть хэвлэгдэхээс 20 боть л хэвлэгдсэн. Энэ талаар МУИС-ийн багш А "Улсын түүхийн баримтыг хэрхэн үнэгүйдүүлсэн" талаар маш тодорхой ярилцлага өгсөн тул гэрчээр асуулгаж түүний олон нийтийн хэрэгслээр ярьсан ярилцлагын бичлэгийг шүүхэд нотлох баримтаар өгнө.
4. С.Ч******* Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй "Өндөр гэгээн"-ний намтар болох дөрвөн судар, гар бичмэл зэргийг 2020 оны 4 сард БНХАУ-ын талд хуулбарлан өгч, 2 боть болгон хэвлүүлсэн. Тус номд гарсан танилцуулга дээр С.Ч*******ыг "БНХАУ-ын Ардын Их Сургуулийн Син Ао эрдэмтэн" хэмээсэн байдаг. Дашрамд тус номд "Улсын төв номын сан" гэж бичсэн байна. Монголд тийм газар байхгүй. Дээрх хоёр шалтгаанаар би С.Ч*******ыг "нөгөө нүүрээрээ архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ Өндөр гэгээний намтар" өгсөн гэж бичсэн, үзэл бодлоо илэрхийлсэн юм. Энэ бол Үндэсний Төв номын сангийн хөрөнгө бөгөөд өөрийнхөө нэрийг тавиад хэвлүүлсэн байсан учир шүүмжилсэн юм.
5. Чингис хааны үеийн алтан зоос хэрхсэн талаар мөн л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан тул би зөвхөн дурдсан байгаа. Би түүнийг Чингис хааны үеийн алтан зоос худалдаж авсан, хулгайлж авсан, өөрөө хийлгэсэн гэх мэт үйл баримт мэдэхгүй учир зөвхөн дурдсан.
6. Бас өөр нүүрээрээ Олон улсын Монгол судлалын академийг ажиллуулахгүй байх гээд олон юм хийж байгаа хүндээ гэсэн нь дараах үндэслэлтэй.
С.Ч******* нь 2016-2023 онд Олон улсын монгол судлалын холбоо гэдэг байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Монгол хэл, соёл, түүх, эдийн засаг, хүн судлал гээд Монгол Улстай холбоотой судалгаа хийдэг Дэлхийн олон орны эрдэмтдийг холбодог, 5 жилд тутам 1 удаа олон улсын хурал зохион байгуулах үүрэгтэй ТББ юм.
С.Ч******* уг төлөвлөгөөт хурлыг цагт нь зохион байгуулалгүй 2 жил хойшлуулсан. Дэлхийн ихэнх нь улс 2021 оны хавраас, Монгол Улс 2021 оны 9 сараас бүх зүйлээ нээлттэй болгосон. Цар тахлын үед хичээл, хурал, ажлыг цахимаар зохион байгуулж, тасралтгүй ажиллаж байсан. Гэтэл хурлыг зохион байгуулах ажил хийгээгүй, цахим хэлбэрээр ч болов зохион байгуулах шийдэл дэвшүүлээгүй. Энэ хурлаар олон эрдэмтэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, шинэ бүтээл, судалгааны ажлаа гаргаж хэлэлцүүлдэг, монгол судлалд дорвитой хувь нэмэр оруулах асуудал хэлэлцэгддэг тул түүхч бидний хувьд чухал ач холбогдолтой хурал байдаг.
Сүүлдээ эрдэмтэн багш нар шаардаж байж энэ хурлыг зарлуулсан ба одоо энэ ТББ-ын тэргүүнээр өөр хүн сонгогдон ажиллаж байгаа.
Сампилдондовын Ч*******ы өөрийнх нь олны хүртээл болгосон намтрыг энэ тайлбарт хавсаргаж байна. 1995 онд Төв аймгийн Зуунмод хотын хоёрдугаар сургууль, 2000 онд Монгол Улсын Их сургуулийг тус тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй. Шинжлэх ухааны доктор зэрэгтэй, академич цолтой.
1999-2001 оны Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
2004-2006 онд Монгол Улсын Их сургуулийн Түүхийн тэнхимд багш ...” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Ц.Оийн дүгнэлт: “...Буруугүй. Учир нь хариуцагч Г.М******* нь олон нийтийн сүлжээнд оруулсан мэдээлэл нь өөрөө анх оруулаагүй бөгөөд олон нийтийн сүлжээ болон 8 сайтад гарсан байгаа мэдээллийг нэгтгэн дүгнэсэн. Тус сайтын нэгэнд өөрөө буюу С.Ч*******ы ярилцлага байна. Өөрөө өөрийнхөө ярилцлагыг нэр хүндээ гутаасан гэж үзэх бол боломжгүй. Мөн адил мэргэжилтэй судлаач хүн эх үүсвэрээ шалгасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг мэдээлэлд ойр байдал, эрх мэдлээ ашигласныг салбарын эрдэмтэд хардах эрхтэй гэж үзэж байна...” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч М.Эн дүгнэлт: “... Г.М******* буруугүй...” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.03.25-ны өдрийн 05 дугаар Хөдөлмөрийн гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, фото зургууд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.06-ны өдрийн 182/ШШ2022/02585 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.11.16-ны өдрийн 210/МА2022/01992 дугаар магадлал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.01.30-ны өдрийн 192/ШШ2025/00852 дугаар тогтоол,
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар,
Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн Прокурорын газрын 2025.06.25-ны өдрийн 1/2920 дугаар албан бичиг зэрэг баримтыг тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.Ч******* нь хариуцагч Г.М*******д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ "... Г.М******* нь өөрийн фейсбүүк хуудсаараа 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай С.Ч******* олон нүүртэй шүү. Лав энэ нүүрээрээ бол Хархорин хот босгох юм байх.Тэнд ажилладаг гаднын археологичид ахиж ажиллаж чадахгүй бололтой. Харин нөгөө нүүрээрээ Архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ Өндөр гэгээний намтар, Чингис хааны үеийн алтан зоос. Бас өөр нүүрээрээ Олон улсын Монгол судлалын Холбоог ажиллуулахгүй байх гээд олон юм хийж байгаа хүн дээ гэсэн агуулгаар пост нийтлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илт үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллүүдийг нийтэлсэн...” гэж тайлбарладаг.
2. Хариуцагч Г.М******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... . С.Ч*******ы өгсөн ярилцлаганд “ ... Хархорум хотыг сэргээх зарлиг гарсан. Байгальд ээлтэй цогц хот байгуулах ёстой... Нийгэм эдийн засгийн үндэслэлийг судлах ёстой... Монголын голомт тэнд төвлөрч байсан. Төрийн тавьж байгаа бодлогыг зохистой хөгжүүлэх ёстой. Эзэнт гүрний хамгийн том нийслэл бөгөөд олон шашин, үндэстнүүд байгуулсан өрнө дорнын уулзвар болсон хот байсан гэх мэт хольж хутгасан юм ярьдаг боловч Хар хорин хотыг байгуулах төлөвлөгөөг дутуу байна, эсвэл цогц биш гээд байгаа агуулга ойлгомжгүй байсан учир "Лав энэ нүүрээрээ бол Хархорин хот босгох юм байх гэж хэлсэн,
.... Хархорины 10-ны нэг хувийг л малтсан... Судалгаа тогтвортой явагдаагүй. Тогтвортой явуулсан ч дорвитой цараатай судалгаа хийгээгүй. Зөвхөн гадаадтай хамтарсан судалгаа хийгдсэн. Системтэй судалгаа байхгүй байгаа. Тэгэхээр энийг үндэсний хэмжээний том экспедицүүдийг ажиллуулах хэрэгтэй. тогтвортой явуулах ёстой... гэж хэлсэн учир гадаадынхан ажиллахгүй юм байна гэж шүүмжилсэн,
... 2012 онд Монголын Үндэсний Архивд хадгалагдаж буй Манжийн үед холбогдох "Хүрээ сайдын хөмрөг"-ийн баримт 640,000 хуудас баримтыг БНХАУ-ын Хятадын хил орчмын бүс нутгийн түүх судлалын төв гэдэг газрын захирал Ли Шэн нартай гарын үсэг зурж шилжүүлсэн. Түүхийн хүрээлэнгийн захирал Монголын үндэсний архивын баримтыг гадаад улсад өгөх асуудалд гарын үсэг зурсныг шалгах шаардлагатай гэж шүүмжилдэг. Эдгээр баримт нь Манжийн үед хамаарах 200 жилийн түүхийн баримт, судалгааны боловсруулалт хийгдээгүй юм. 1280 боть хэвлэгдэхээс 20 боть л хэвлэгдсэн. С.Ч******* Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй "Өндөр гэгээн"-ний намтар болох дөрвөн судар, гар бичмэл зэргийг 2020 оны 4 сард БНХАУ-ын талд хуулбарлан өгч, 2 боть болгон хэвлүүлсэн... Дээрх хоёр шалтгаанаар би С.Ч*******ыг "нөгөө нүүрээрээ архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ Өндөр гэгээний намтар" өгсөн гэж бичсэн. Энэ бол Үндэсний Төв номын сангийн хөрөнгө бөгөөд өөрийнхөө нэрийг тавиад хэвлүүлсэн байсан учир шүүмжилсэн,
... Чингис хааны үеийн алтан зоос хэрхсэн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан, үйл баримтын мэдэхгүй учир би зөвхөн дурдсан,
... С.Ч******* нь 2016-2023 онд Олон улсын монгол судлалын холбоо гэдэг байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Холбоо нь 5 жил тутам 1 удаа олон улсын хурал зохион байгуулах үүрэгтэй. С.Ч******* уг төлөвлөгөөт хурлыг цагт нь зохион байгуулалгүй 2 жил хойшлуулсан. Хурлаар олон эрдэмтэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, шинэ бүтээл, судалгааны ажлаа гаргаж хэлэлцүүлдэг. Сүүлдээ эрдэмтэн багш нар шаардаж байж энэ хурлыг зарлуулсан... “ гэжээ.
3. Хариуцагч Г.М******* нь өөрийн фейсбүүк хуудсаараа 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “... С.Ч******* олон нүүртэй шүү. Лав энэ нүүрээрээ бол Хархорин хот босгох юм байх.Тэнд ажилладаг гаднын археологичид ахиж ажиллаж чадахгүй бололтой. Харин нөгөө нүүрээрээ Архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ Өндөр гэгээний намтар, Чингис хааны үеийн алтан зоос. Бас өөр нүүрээрээ Олон улсын Монгол судлалын Холбоог ажиллуулахгүй байх гээд олон юм хийж байгаа хүн дээ ... “ гэсэн агуулгатай пост нийтэлсэн талаар маргаагүй, харин нэхэмжлэгч С.Ч*******ы өөрийнх нь өгсөн ярилцлага, сайтуудад гарсан мэдээллийг үндэслэн судлаачийн хувьд пост оруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
4. Хариуцагч нь дээрх бичсэн гэх мэдээллүүдийн эх сурвалжийг авсан холбогдох сайтуудад нийтлэгдсэн нийтлэлүүдийг татгалзалдаа дурдаж, үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 357 дугаар тогтоол, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 11273 дугаар захирамжаар тус тус хангаж, үзлэгийг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хийсэн. Үзлэгээр дараах нөхцөл байдал тогтоогджээ. Үүнд:
/хэргийн 89, 94-96, 111-159 хуудас/
4.1. Нэхэмжлэгч С.Ч******* нь “time.mn” сайтад видео ярилцлага өгч, уг ярилцлагыг шүүхээс бичгийн хэлбэрт оруулан, үзлэгээр бэхжүүлж нотлох баримтаар хэрэгт авсан ба С.Ч******* нь ярилцлагандаа “... Хархорин хот бол өөрөө монголчуудын хувьд ямар учиртай вэ гэвэл хэд хэдэн нийслэл байх үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт бол өнөөгийн монголын улс төрийн түүхэн төв байсан... байгаль экологид буюу нүүдэлчдийн иргэншлийн өвөрмөц дүр төрхийг хадгалсан, орчин үеийн технологийн дэвшлийг шингээсэн тийм одоо байгальд ээлтэй, цогц хотыг бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл уламжлал, шинэчлэл, байгаль экологи гэсэн энэ гурван зүйлийг болбол тэгээд эдийн засгийнхаа нөөц энэ дөрвийг бол цогцоор нь харилцан уялдаатай ийм хотыг анхнаас нь зөв төлөвлөж байгуулах юм бол монголчуудын хувьд одоо Хархорин бол том нийслэл болж чадах боломжтой...,
... Мөн төмөр эдлэлүүд , тоосго, янз бүрийн урчуудын хийсэн бүтээлүүдээс харагдаж байгаа нь монголын нийслэл Хархорин хот бол монголчуудын төдийгүй хүн төрөлхтний нийслэл байсныг харуулж байгаа юм. Тэгэхлээр бид нар хүн төрөлхтөнд тийм хүчирхэг эзэнт гүрэн байсан нийслэлийг дахин одоо тэр бүс нутагт шинэ хотоо байгуулахаар одоо манай ерөнхийлөгчийн зарлиг тэгээд одоо төр засгийн шийдвэр гараад явж байгаа. Тэгэхээр монголчууд зөвхөн энийг Хархориныг сэргээх гэж байгаа гэж ойлгоод байгаа. Үгүй байхгүй юу. Хархорин дахин шинэ хот байгуулахыг л хэлж байгаа юм... ” гэжээ.
4.2. Монгол Улсын Үндэсний Архивын “Хүрээ сайдын хөмрөг”-ийн баримт бичгийн эмхэтгэлийг Монгол-Хятад хоёр тал хамтран, эмхэтгэн хэвлүүлэх тухай гэрээ гэх нэртэй хэлцлийг Монголын талыг төлөөлж Архивын Ерөнхий газрын дарга Д.Өлзийбаатар, Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн түүхийн хүрээлэнгийн захирал С.Ч*******, Хятадын талыг төлөөлж Хятадын бүс нутгийн түүх судлалын төвийн захирал Ли Шэн нар байгуулж, тус хэлцэлд гарын үсэг зуржээ.
/хэргийн 127-129 хуудас/
Дээрх гэрээнд “... Энэ хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Архивын сан хөмрөг дахь "Хүрээ Сайдын баримт"-ын бүх дансыг хэвлэн нийтэлнэ.
1.1. "Хүрээ Сайдын баримт"-ын бүх дансыг буюу сэргээн засварласан 640,000 нүүр бүхий 2489 нэгж баримтыг эмхэтгэнэ.
1.2. Баримтуудыг зурган хэлбэрээр хэвлэх ба он дараалалд оруулна.
1.3. Баримтын нэг боть нь ойролцоогоор 500 нүүр байх ба нийтдээ 1280 орчим боть болно.
1.4. Ажлын үргэлжлэх хугацаа 24 сар байх ба гэрээнд гарын үсэг зурсны дараагаас ажил эхэлнэ...,
3.4. Монгол хятад хоёр тал нь зохиогчийн эрхийг тэгш эдэлнэ. Баримтын эмхэтгэлийн гадна хавтсан дээр монгол улсын Архивын ерөнхий газар, БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Хил хязгаарын түүх, газарзүй судлалын төв, Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн нэрийг бичнэ. Мөн редакцийн зөвлөлд орох хүмүүсийн нэрийг Монгол Хятадын тал тус тус мэдэж оруулна...” гэж тус тус заажээ.
/хэргийн 127-129 дүгээр хуудас/
4.3. Олон улсын Монгол судлалын холбооны дүрэмд “ ... Олон Улсын Монгол Судлалын Холбоо (цаашид Холбоо) бол олон улсын монгол судлалын нийгэмлэг, төвүүд болон монголч эрдэмтдийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн төрийн бус, олон улсын эрдэм шинжилгээний байгууллага мөн...”, дүрмийн 1-т “ Монгол угсаатны хэл аялгуу, аман ба бичгийн уран зохиол, түүх, соёл, урлаг, шашин шүтлэг, нүүдлийн болон суурьшмал ахуй ба соёлын зан үйл, мэдлэг ухаан хийгээд орчин үеийн нийгэм, улс төрийн олон талт асуудлыг бүхэлд нь "Монгол судлал" хэмээх нэгдсэн ойлголтод багтаан, тэдгээрийг олон улсын хэмжээнд судлан хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх”, дүрмийн 2.1-т “ Олон Улсын Монголч Эрдэмтдийн Их хурал (цаашид Их хурал)-ыг таван жил тутамд зохион байгуулах” гэжээ.
/хэргийн 147 дугаар хуудас/
4.4. Монголын Үндэсний мэдээллийн “Монцамэ” агентлагийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн мэдээлэл “...Тодруулбал, Олон улсын улсын монголч эрдэмтний XI их хурал Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор "Монгол судлал ба тогтвортой хөгжил" сэдвээр 2016 оны 8 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд дэлхийн монгол судлалын төв Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ хурал нь таван жил тутам болдог дэлхийн монгол судлаачдыг нэгтгэсэн хамгийн том арга хэмжээ юм...” , мөн “ ... Тус хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон Улсын Монголч Эрдэмтний XII их хурал "Монголын энх тайван ба туршлага" (Pax Mongolica and historical experiences) ерөнхий сэдвийн хүрээнд 2023 оны 8 дугаар сарын 9-14-нд Улаанбаатар хотод болох байна...” гэжээ.
/хэргийн 130-131 дүгээр хуудас/
5. Дээр дурдсан болон үзлэгээр бэхжүүлсэн баримтыг харьцуулж үзвэл, хариуцагч Г.М******* нь өөрийн фейсбүүк хуудсаараа 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дурдагдсан яриа нь нэр бүхий сайтуудад цацагдсан мэдээллүүдийг үндэслэн өөрийн мэргэжлийн дагуу судлаачийн зүгээс шүүмжийг илэрхийлсэн гэж үзэхээр байх бөгөөд хариуцагчийн зүгээс үндэслэл тодорхойлж, тодорхой баримтууд зааж, тэдгээр нь хэрэгт авагдсан байх тул бодит байдалтай нийцээгүй мэдээлэл гэж дүгнэх үндэслэлгүй байна.
6. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “ Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд дээр дурдсанаар хариуцагч нь нэхэмжлэгч С.Ч*******ы нэр төр, ажил хэргийн нэр хүнд, алдар хүндийг гутаасан буюу бодит байдалд нийцээгүй мэдээлэл тараасан гэх байдал хэргийн баримтаар нотлогдоогүй. Нэхэмжлэгч С.Ч*******ы ярилцлагад “... Хархорин дахин шинэ хот байгуулахыг л хэлж байгаа юм...” гэсэн нь Хархорин хот байгуулах, босгох гэж байгаа юм байна гэж ойлгоно, “Хүрээ сайдын хөмрөг”-ийн баримт бичгийн эмхэтгэлийг Монгол-Хятад хоёр тал хамтран, эмхэтгэн хэвлүүлэх тухай гэрээг нэхэмжлэгч С.Ч******* байгуулсан байна, уг гэрээний дагуу Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.-т “Төрийн байгууллагын архивын баримт нь төрийн өмч байна” гэж зааснаар төрийн өмчийн зохиогчийн эрхийг дээрх гэрээний 3.4.-т “Монгол хятад хоёр тал нь зохиогчийн эрхийг тэгш эдэлнэ” гэж зааснаар төрийн өмчид холбогдох зохиогчийн эрхийг тэгш хэрэгжүүлэх, гуравдагч этгээдэд зохиогчийн эрх шилжүүлэх зэрэг эрхийг С.Ч*******д олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иймээс хариуцагчийн түүхийн хүрээлэнгийн захирал Монголын үндэсний архивын баримтыг гадаад улсад өгөх асуудалд гарын үсэг зурах, ...тус номд гарсан танилцуулга дээр С.Ч*******ыг "БНХАУ-ын Ардын Их Сургуулийн Син Ао эрдэмтэн" хэмээсэн..., “ ... Энэ бол Үндэсний Төв номын сангийн хөрөнгө бөгөөд өөрийнхөө нэрийг тавиад хэвлүүлсэн...” гэх хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч С.Ч******* няцааж чадаагүй байна.
7. Өөрөөр хэлбэл төрийн өмч болох түүхийн баримт бичиг хэвлэн нийтэлсэн бол уг баримтын нийтлэлийн зохиогчийн эрхийг хэн эзэмших, хэвлэсэн нийтлэлд хэний нэр дурдагдах зэрэг зөвшөөрлийг Монгол Улсын Түүх, соёлын өвийг хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу хариуцаж буй яамны зөвшөөрлөөр уг эрхийг С.Ч******* хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд уг эрхийг түүнд олгосон болохыг шүүхийн өмнө нэхэмжлэгч С.Ч******* нотлоогүй байна.
8. Мөн түүнчлэн Олон улсын Монгол судлалын холбооны хурлыг 5 жил тутам зохион байгуулахаар холбоо нь дүрэмдээ заасан, уг ажлыг тус холбооны нарийн бичгийн даргын ажлыг гүйцэтгэж байсан С.Ч******* дүрэмд заасан хугацаанд зохион байгуулаагүй байгаа зэрэг үнэн мэдээлэл хэргийн баримтаар тогтоогдож байх тул С.Ч*******ы нэр төр, ажил хэргийн нэр хүнд, алдар хүндийг гутаасан гэж үзэхгүй болно.
9. Иймд шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгч нарын дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж, хэрэгт авагдсан нотлох баримт, хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.М*******д холбогдох нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэгч С.Ч*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч С.Ч*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН
Д.ЭНХЦЭЦЭГ