| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 312/2025/0068/Э |
| Дугаар | 2025/ДШМ/24 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.8.1., 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/24
2025 04 23 2025/ДШМ/24
Н.Т, Б.У,
М.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Т
Шүүгдэгч Н.Т, Б.У,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О /цахимаар/, Э.Т
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.Тгийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Т, Б.У, М.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О овогт Н-н Т,
Н овогт Б-н У,
Н.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 08 цагийн орчимд улсын дугаартай Тоёота Марк 2 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн, мөн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө 05 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Ч" төвийн гадна талд тус төвөөр үйлчлүүлсэн хохирогч А.Э-тай үл ялих шалтгаанаар маргалдаж, харилцан зодолдож, улмаар бусдын эд хөрөнгийг буюу хохирогчийн эзэмшлийн улсын дугаартай Хюндай Аванте /Hyundai Avante/ загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд гэрэл, гупер, орой хэсэг, зүүн хойд багана хэсгүүдэд модоор цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "С" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн “Д” ресорт амралтын газарт 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Утай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн тус рестораны зөөгч ажилтай Б.О-тэй хоолны амт чанарын талаар маргалдаж, улмаар үснээс нь зулгаах зэргээр зодож биед нь "зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, үсний тоо цөөрч шингэрсэн гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнийн 22 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 07 дугаар цэцэрлэгийн урд автомашины зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Бтэй үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн М.Т-г зодож эрүүл мэндэд "...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун чамархайд шарх, зүүн хацар, духанд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт,
Б.У нь Н.Ттэй бүлэглэн аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "С" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн “Д” ресорт амралтын газарт 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хамт олноороо амарч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа тус рестораны зөөгч ажилтай Б.О-тэй хоолны амт чанарын талаар маргалдан үснээс нь зулгааж зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, үсний тоо цөөрч шингэрсэн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Б.У нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ тус амралтын газрын ресторанд байрлалтай газан халаагуурыг түлхэж хагалсны улмаас 720,000 төгрөгийн хохирол учруулсан,
М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Ттэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 22 цагийн орчим аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дугаар цэцэрлэгийн урд автомашины зогсоол дээр хохирогч М.Т-г зодож эрүүл мэндэд "...хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун чамархайд шарх, зүүн хацар, духанд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Н.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Б.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, М.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт Н-н Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Н овогт Б-н Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г овогт М-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уийг 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бум-Эрдэнийг 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нийт эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Б.У нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б, Б.У нарт сануулж,
Шүүгдэгч Н.Т, Б.У, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 нээлттэй хорих ангийн харьяа цагдан хорих байранд цагдан хорьж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Тгээс 2,650, 000 төгрөг гаргуулан хохирогч Б.О-д сэтгэцэд учирсан хор уршигт 1,650,000, хохирогч А.Э-т 1,000,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Уаас 1,650,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.О-д тус тус олгуулж, хохирогч М.Т-н нэхэмжилсэн эмнэлгийн төлбөр 1.180.000 төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч М.Т нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Т, М.Б нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолж, Шүүгдэгч Н.Т, М.Б, Б.У нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч Э.Г нь гомдол саналгүй болохыг тус тус дурдаж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хадгалахаар тус тус шийдвэрлэжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 325 дугаар захирамжаар: Шүүгдэгч Н.Т, Б.У, М.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн
18 дахь талд “шүүгдэгч Н.Тг ...бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас...” гэснийг “шүүгдэгч Н.Тг ...бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас...” гэж, 19 дэх талд “шүүгдэгч Н.Тг ...бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн...” гэснийг “шүүгдэгч Н.Тийг ...бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн” гэж, 21 дэх талд “шүүгдэгч Н.Тг бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсний улмаас” гэснийг шүүгдэгч Н.Тг бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас” гэж,
тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч О овогт Н-н Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч О овогт Н-н Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 6 дахь заалтад “шүүгдэгч М.Б” гэснийг “шүүгдэгч М.Б” гэж тус тус залруулжээ.
Шүүгдэгч Н.Т давж заалдах гомдолдоо: “... миний бие өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгон ухаарч гэмшиж байгаа. Гэхдээ намайг буруутай гэж үзэж авто машины эвдрэлийг гаргуулахаар шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Би уг нь машинд санаатай эвдрэл учруулаагүй. Уг машины жолооч намайг өөрөө мөргөж унагасан. Энэ үед л машины эд анги эвдэрсэн. Намайг машинаар мөргөх үед би ухаан алдаж унасан байсан. Цагдаа ирж сэрээсэн. Түүнээс машин цохисон зүйл байхгүй ... зөөгч Б.О-н бие эрүүл мэндэд би халдаж зодсон зүйл байхгүй. Салгаж хэрүүл маргаан гэж очоод мөн үсдүүлж улмаар зөрчилдөөн үүссэн. Энэ үед тэнд газны шил нь хагарсан зүйл болоогүй. Гэтэл газны шил хагарсан гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч Б.О-н биед учирсан гэмтэл эргэлзээтэй бид тэр хүнийг бүлэглэж зодоогүй. Иймд шүүх хэргийг тал бүрээс нь харж шалгаж тогтоож гэм буруутай үйлдэл байгаа эсэхийг анхаарч дүгнэж өгнө үү. Би шударга үнэн байдлаар хэргийг хянуулж шалгуулах хүсэлтэй байна ... “ гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Т тайлбартаа: ... . Манай найз охин зөөгч охинтой маргалдаад хоёулаа бие биенээ үстсэн байсан. Салгах гээд салаагүй болохоор үснээс нь барьж аваад салгасан ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.У тайлбартаа: ... Би өөрийнхөө буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Нэг өдөр болсон хэргийг 2 хэрэг болгоод салгаад оруулаад ирсэн ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... оногдуулж байгаа зүйл ангиуд нь тохирсон нь эргэлзээтэй нөхцөл байдал байгаа гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т тайлбартаа: ... Миний хувьд хуульчийн хувьд үзэхдээ 27.10 дугаар зүйлийн 5 дахь гэдэг энэ зүйл анги дээр өгсөн ял нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа байдал дээр тохироогүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Т дүгнэлтдээ: ... анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Тгийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүйгээс гадна Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан байна.
Тодруулбал: Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Тгийн үйлдлүүдийг “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, ... бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн, ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж үйлдсэн ...,” гэж,
шүүгдэгч Б.Уийн үйлдлийг “... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, ... бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн,...” гэж зүйлчилж холбогдох зүйл, хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах учиртай.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Н.Т, Б.У нарыг прокурорын яллах дүгнэлтэд тусгагдаагүй, тогтоогдоогүй үйлдэл буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар “устгах” гэсэн үйлдэл нэмж, улмаар тэдгээрийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн, гэм буруутайд тус тус тооцсон нь хуулийн дээрх заалттай зөрчилдсөн гэж үзнэ.
Түүнээс гадна хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.Тгийн давж заалдах гомдлыг анхан шатны шүүх хүлээн авч прокурор, оролцогч нарт танилцуулсны дараа прокуророос шийтгэх тогтоолд залруулга хийлгэх санал гаргасан байх ба шүүх шийтгэх тогтоолд залруулга хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл: Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан тохиолдолд шүүх залруулга хийх эрхтэй боловч харин хуульд заасан шаардлага хангаагүй шийтгэх тогтоол болон шүүхийн хууль хэрэглээний алдаа нь техникийн шинжтэй алдаанд тооцогдохгүй бөгөөд шүүх залруулга хийж өөрчлөх эрхгүй юм.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Н.Тгийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлтээ техникийн шинжтэй алдаанд тооцож, түүнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэж шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт дээрхтэй холбоотой хэд хэдэн залруулга хийсэн нь буруу байна.
Мөн шүүгдэгч М.Б нь урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, хугацааны өмнө суллагдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /2 хх 142, 150-159/ нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.
Хавтаст хэрэгт М.Б-г хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан гэх шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн захирамж авагдаагүй байх ба энэхүү нотлох баримт нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад ач холбогдолтой бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтад тооцогдох атал анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэжээ.
Түүнчлэн прокуророос Н.Тг бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Т нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, мөн 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнийн 22 цагийн орчимд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хэдийгээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг төрлийн гэмт хэрэгт хамаарах боловч хоёр өөр хохирогчтой, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсныг үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэхгүй.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинж нь нэг цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг ..., мөн өөр цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр, эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг ... үйлдлийн аль алиныг хамааруулан ойлгохоор Улсын Дээд Шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 232 дугаар тогтоол, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 316 дугаар тогтоолд тус тус дурьджээ.
Шүүгдэгч Н.Тгийн үйлдсэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна
Дээр дурьдсан үндэслэлүүд нь анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлүүдэд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Н.Тгийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Н.Тгийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.
4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ