Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 238

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

          улсын яллагч Ж.Отгонбаяр,

          шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н овогт Д.Б яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0091 20181 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Д.Б  

            Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

            Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксины үйлчилгээнд явж байсан иргэн Б.Батмөнхийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Болсон хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

         Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн байцаалтад хохирогч Б.Батмөнхийн:..Би 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 22:00 цагийн үед өөрийн эзэмшлийн 91-01 УНА улсын дугаартай “Мазда Демо” машинаараа халтуур хийгээд явж байтал Арслантай гүүрний цаанаас гар өргөж нэг залуу суусан. Тэгтэл машинд суугаад 13 орно гэсэн. Тэгээд намайг ах аа утсаа өгөөч гэсэн. Би утас байхгүй гэсэн чинь тэгвэл би мөнгийг чинь өгч чадахгүй шүү гэсэн. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод тэгвэл буучих гэсэн чинь нөгөө залуу буухгүй байсан. Тэгээд би арынхаа хаалгыг онгойлгоод буучих гээд татсан чинь чи намайг татдаг хэн бэ гээд бууж ирээд намайг зодсон. Миний толгой, нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Би өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн. Уг намайг зодсон гэх залууг цагдаа нар эрүүлжүүлсэн. Би маш их гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний эмчилгээнд бариачид олон удаа толгойгоо бариулсан, эм авч уусан гээд 100.000 төгрөг гарсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн баримтнаас өөр надад баримт байхгүй байна. Би зодуулснаас болж 20 орчим хоног ажлаа алдсан. Би хувиараа таксинд явж амьдралаа авч явдаг. Иймд нийт 1.000.000 төгрөг нэхэмжилнэ. Хэрэв тэр залуу надаас уучлалт гуйгаад хохирол барагдуулчихвал надад гомдол санал байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 24-р тал/

      Мөрдөн байцаалтанд Д.Б  гэрчээр  өгсөн : 2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой ойролцоогоор 22 байна уу 23 цагийн үед гэртээ харих санаатай Багшийн дээдээс зүүн тийшээ замын хойд талаар утсаар яриад Арслантай гүүрний баруун талд явж байтал нэг залуу миний 94058044 гэсэн ажлын дугаартай “Таб” утсыг шүүрээд зам гараад урагшаа зугтаахаар нь би араас нь хөөж байгаад бүдэрч унаад гүйцэлгүй алдсан. Тэгээд харих гээд замын урд талаас такси бариад очих газраа хэлээд таксины жолоочид би очоод мөнгийг нь өгье, сая утсаа булаалгачихлаа, мөнгөгүй байна, утсаараа 1 яриулчих гэсэн чинь Арслантай гүүр дөнгөж өнгөрч зогсоод намайг буу, мөнгөгүй байж яах гэж такси барьдаг юм бэ гээд таксины жолооч өөрөө машинаасаа буугаад намайг машинаас татаж буулгахаар нь би та юун сүртэй юм бэ, адилхан эр хүн байж, очоод мөнгийг нь өгнө гэж хэлээ биз дээ гээд бид  барилцаж аваад би гараараа тэр хүний нүүр хавьцаа нь 1-2 удаа цохиод бие рүү нь өвдөглөсөн. Тэр үед миний уур их хүрсэн байсан. Удаагүй цагдаа ирээд цагдаатай хамт энд ирсэн. Таксины жолооч машинаа бариад энд ирсэн. Энд ирээд харахад тэр жолоочийн хамарнаас нь цус гарсан байсан, гэмтсэн юм харагдаагүй. Намайг архи уусан байсан болохоор цагдаа нар эрүүлжүүлэхэд хүргэж өгсөн…гэх мэдүүлэг /хх-н 9-р тал/

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1696 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1.  Б.Батмөнхийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус, хий хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3.  Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.Шинжээч эмч Б.Ганзориг  гэх дүгнэлт хх-ийн 12-р тал/
  •  Шүүгдэгч Д.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 13-р тал/
  •  Шүүгдэгч Д.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р тал/
  • Хохирол төлсөн баримт /хх-ийн 41-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксины үйлчилгээнд явж байсан иргэн Б.Батмөнхийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       Д.Бхолбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

          Шүүгдэгч Д.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксины үйлчилгээнд явж байсан иргэн Б.Батмөнхийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

          Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй байна.

          Хохирогч Б.Батмөнх нь өөрт учирсан хохирлын талаархи бичгийн нотлох  баримтаа хавтаст ирүүлээгүй байна.

          Шүүгдэгч Д.Б нь хохиролд 300.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 41-р тал/

            Хохирогч Б.Батмөнх нь өөрт учирсан хохирлын талаархи нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36 дугаар зүйлийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Н овогт Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Боногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Бторгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.         

             5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.    

            6. Хохирогч Б.Батмөнх нь өөрт учирсан хохирлын талаархи нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

           7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Шүүхийн шийтгэх тогтоолыг  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ