Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/ма2020/02307

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 200/МА2020/02307

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

З- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 183/ШШ2020/02297 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч З- ХХК-ийн хариуцагч М-ХХК-д холбогдуулан гэрээ цуцалсаны үр дагавар 65 534 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Тус компани нь хариуцагчтай 2017 оны 11 сарын 19-ний өдөр 300 тоот гэрээ байгуулж, Евро таун хотхоны 00 тоот 214,83 м.кв амины сууцыг барьж 2018 оны 6 сарын 5-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Захиалагч нь урьдчилгаа төлбөрт дараах эд хөрөнгө болон бусад эд зүйлийг гарын үсэг зурснаар шилжүүлсэн. Үүнд: Буянт ухаа Вилла хотхоны № 000 барилгуудын зураг төслийн үнэ 68 391 070 төгрөгийн 30 хувь 20 517 321 төгрөгийг, Хан-Уул дүүргийн 14 хороо, Бурхантын 000 тоот, 1400 м.кв газартай байшинг 100 000 000 төгрөгт, Б.Сын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө, 16 дугаар байрны 00 тоот нэг өрөө орон сууцыг 53 380 000 төгрөгт тооцож, таун хаусын зохиогчийн хяналтын үнэ 00 000 000 төгрөгт тооцож гэрээ хийсэн. М-ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул дээрх 300 тоот гэрээг цуцлахаар харилцан тохиролцсон. Гэрээг цуцалсны үр дагаварт зураг төслийн үнэ 20 517 321 төгрөгийг 2019 оны 4 сарын 19-ний өдөр буцаан төлөхөөр тохиролцсон ч үүнээс 12 154 700 төгрөгийг төлөөгүй байгаа.

Мөн Баянзүрх дүүргийн 8 хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө, 16 байрны 00 тоот нэг өрөө сууцыг 2019 оны 3 сарын 19-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл

уг сууц улсын бүртгэлийн лавлагаагаар Ариг банкны мэдэлд шилжжээ. Иймд сууцны үнэ 53 380 000 төгрөг, буцаан төлөөгүй 12 154 700 төгрөг нийт 65 534 800 төгрөгийг М-ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талаас гаргасан тайлбартаа: Гэрээг цуцалсан актад 2 талын хүлээх үүрэг, буцаах эд хөрөнгийн төлбөрийг тусгасан. Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч зураг төслийг магадлан итгэмжлэлээр одоог хүртэл оруулах үүргээ биелүүлээгүй. Манай зүгээс төлбөрийн 90 хувийг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, зургаа ашиглаж чадахгүй хохирч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан М-ХХК-иас 63 015 770 төгрөгийг гаргуулан З- ХХК-д олгож, үлдэх 2 518 930 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 700 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 473 028 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З- ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манайх өөрийн татгалзлыг нотлох үүднээс эвлэрэх хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-т заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. З- ХХК анх Т.Сын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө 16 байр, 00 тоот нэг өрөө сууцыг Х.Дд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан ба уг эд хөрөнгийг Х.Дд шилжүүлэх боломжгүй юм. З- ХХК-тай 2019 оны 3 сарын 19-ний өдөр гэрээ цуцлах тухай бичиг үйлдэж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэнд буцаан шилжүүлэх асуудлыг тодорхой болгосон. Т.Сын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө 16 байр, 00 тоот нэг өрөө орон сууцыг Х.Дд даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Т.С-болон талуудтай эвлэрэхээр шүүхээс хугацаа олгохыг хүссэн боловч шүүх хугацаа олгоогүй нэг талыг баримталсан. Хариуцагчийг хуульд заасан эрхээр хангаагүй ба нөгөө талаас иргэн Т.Сын эрх ашиг хөндөгдөж байна. Нэхэмжлэгчийн 65 534 700 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй. Хариуцагчаас 65 534 700 төгрөгийг З- ХХК-д гаргуулахаар хүссэн байх бөгөөд энэ талаар, уг үнэлгээг Т.С-мэдэж байгаа, зөвшөөрч байгаа эсэх нь тодорхойгүй, түүний нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх олгогдсон баримтгүй.

Хариуцагч нэхэмжлэлд дурдсан хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 8 хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө 16 байр, 00 тоот нэг өрөө орон сууцыг хариуцагч 2019 оны 3 сарын 19-ний өдрийн гэрээ цуцлах тухай бичгээ хийсэн тохиролцоонд дурдсанаар тус иргэнд шилжүүлсэн. Энэ талаарх нотлох баримтуудыг хэдийгээр хариуцагч шүүх хуралдаанд хоцроод оролцож, өгч чадаагүй боловч нэхэмжлэгч эд хөрөнгө шилжсэн талаар, энэ талаарх тохиролцоо биелэгдсэн талаар шүүх хуралдаанд дурдаагүй, мэдэгдээгүй, хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна. Нэгэнт шилжүүлсэн хөрөнгийн үнэлгээ гэх 65 534 700 төгрөгийг дахин төлөхөөр үр дүнг үүсгэж болзошгүй шийдвэр гаргасан нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. М-ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй байж сая хариуцагч болох ёстой бөгөөд 65 534 700 төгрөгийг аваагүй байхад шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр шийдвэрлэсэн буруу. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч З- ХХК нь хариуцагч М-ХХК-нд холбогдуулан гэрээ цуцалсаны үр дагавар 65 534 700 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх 29/

 

Нэхэмжлэгч нь 65 534 700 төгрөг шаардсан үндэслэлээ ...зураг төслийн үнийн төлөөгүй үлдэгдэл 12 154 700 төгрөг, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө 16 дугаар байрны 00 тоот 31,4 м.кв 1 өрөө сууцны үнэ 53 380 000 төгрөгийг З- ХХК-нд гаргуулах гэж тайлбарлажээ. /хх72/

 

Зохигч амины сууцны хөрөнгө оруулалт, зураг төсөл зохиох боловсруулах 300 тоот гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 19-нд байгуулж, М-ХХК амины сууцыг 2018 оны 6 дугаар сарын 5-ний дотор барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ч гэрээ хэрэгжээгүй, талуудын гэрээг цуцлагдсан үйл баримт тогтоогдсон. Талууд гэрээ цуцлагдсанд маргаангүй байна. /хх 8-12/

 

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1. дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг шаардаж байна.

 

Нэхэмжлэгч гэрээний урьдчилгаа төлбөрт Буянт-Ухаа Вилла хотхоны барилга 000-ын зураг төслийн үнэ 68 391 070 төгрөгийн үнийн 30 хувь буюу 20 517 321 төгрөг, Хан-Уул 14-р хороо Бурхантын 2-3-196 тоот 1 400 м.кв газартай байшинг 100 000 000 төгрөгт тооцон, мөн Б.Сын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 өрөө сууцыг 53 380 000 төгрөгт тооцон, таун хаусын зохиогчийн хяналтын үнэ 00 000 000 төгрөг зэрэг хөрөнгүүдийг хариуцагчид шилжүүлсэн гэх тайлбар гаргасан. /хх 1-2/

 

Гэрээ цуцлагдаж, талууд 2 талын хүлээх үүрэг, буцаах эд хөрөнгө болон төлбөрийн талаар тохиролцсон үйл баримт тогтоогдсон. Зохигч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө 16 дугаар байрны 00 тоот 31,4 м.кв 1 өрөө сууцны үнэд 53 380 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах эсэх асуудалд маргаантай байсан. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд сууцыг бодитойгоор шилжүүлэн авч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тухай тайлбар гаргажээ. /хх 86-87/

 

Гэрээ цуцалсны үр дагаварт 12 154 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсанаас анхан шатны шүүх 9 635 770 төгрөгийг хангаж, 2 518 930 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй. /хх75 /

 

Хариуцагч нь 9 635 770 төгрөгийг гэрээ цуцалсны үр дагаварт нэхэмжлэгчид төлөх эсэхэд маргаантай байна.

 

Хэргийн 14 дүгээр талд 9 635 770 төгрөгийг М-ХХК нь З- ХХК-нд төлөхөөр 2019 оны 4 дүгээр сарын 6-нд үүрэг хүлээсэн хэдий ч нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэх үед хариуцагч Тооцоо нийлнэ. Төлсөн мөнгө байгаа. Х.Дгийн Хаан банк дах 000 тоот хувийн дансанд М-ХХК-иас, Энхтүвшингээс гэсэн гүйлгээний утгаар 2019 оны 9 сар хүртэл мөнгө шилжүүлсэн тул дансны хуулга гаргуулах, Х.Дгийн нөхөр П, хүргэн Бнарыг гэрчээр оруулах хүсэлтэй байна. Шинжээч томилуулж зургийн ажилд шинжилгээ хийлгүүлэх хүсэлтэй байна. Гэрчүүд мөнгө хүлээлгэж өгсөн, зургийн мөнгө өгсөн, эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой зардлуудыг төлсөн асуудлыг нотолно. Пгийн нэр дээрх газрын татвар сая төгрөгийг манайх гаргасан. Бнь эсгий зураг хэвлэж авч байх үед тодорхой мөнгө цувуулж авч байсан. Дээрх 00 тоот 1 өрөө сууцны 2012-2016 оны 1 дүгээр сар хүртэлх хуримтлагдсан СӨХ-ны төлбөрийг манайх төлсөн. Сууц Х.Дгийн нэр дээр байгаатай холбоотойгоор баримтыг авч чадахгүй байна. З- ХХК нь гэрээнд заагдсан зургуудыг тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр баталгаажуулаагүй. Дээрх зургууд Монгол улсын стандарт хангасан эсэхэд шинжээч томилуулах хүсэлтэй. Зургаа ч хүлээлгэж өгөөгүй гэж хүсэлт гарган маргажээ. / хх 68 /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

 

Мөн хуулийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг шүүх эдлэнэ.

 

Хариуцагчийн дээрх хүсэлтийг шүүх шийдвэрлэхгүй орхигдуулснаас хэргийн маргаантай үйл баримт тогтоогдоогүй, хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигджээ. /хх 69/

 

Хариуцагч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Т.Сын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөөний 16 байр, 00 тоот байрлах орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр тус иргэнд буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгч эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, тохиролцоо биелэгдсэн талаар шүүх хуралдаанд дурдаагүй байна. Хариуцагч дахин 65 534 700 төгрөг төлөхөөр үр дүнг үүсгэсэн шийдвэр гарсан гэж, хэрэг давж заалдах журмаар хянагдах үед нэхэмжлэгч талаас ирүүлсэн бичгийн баримтад..., хариуцагч нь дээрх 00 тоот 31,4 м.кв 1 өрөө сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул сууцны үнэ 53 380 000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзжээ. /хх 51/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй юм.

 

Нэхэмжлэгч нь зураг төслийн үнийн төлөөгүй үлдэгдэл гэх 12 154 700 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хариуцагч нь уг зурагтай холбоотойгоор маргаж хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүй орхигдуулсныг зөвтгөх боломжгүй.

 

Мөн гэрээ цуцлагдсаны үр дагаврыг арилгуулахаар шаардсан байхад анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх заалтыг үндэслэсэн байгаа нь хууль хэрэглээний хувьд буруу юм.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 183/ШШ2020/02297 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 624 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД