| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 312/2025/0054/Э |
| Дугаар | 2025/ДШМ/27 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.2., |
| Улсын яллагч | Б.О |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/27
2025 04 24 2025/ДШМ/27
Н.Цид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.О/цахимаар/
Шүүгдэгч Н.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Д/цахимаар/
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлээр Н.Цид холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
И овгийн Н-н Ц,
Н.Ц нь 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомтод байрлах Ж гэх нэртэй зочид буудлын өрөөнд хохирогч Т.Гн толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь дагз ясны далд шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр аймгийн сумын дугаар баг М бүсэд иргэн М.Х-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж чулуу шидэх, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, толгойд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр аймаг сум баг тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Ж-тэй маргалдаж, хүзүү, нуруун тус газарт нь хутгаар зүсэж, хүзүү, нуруунд шарх гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокуророос:
Н.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И ургийн овгийн Н-н Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж,
Шүүгдэгч И ургийн овгийн Нн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Н.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 3 / гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Н.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 15.7 см урттай, 2 ширхэг хадаасаар бэхэлсэн модон бариултай, 8.1 см урт ажлын хэсэгтэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримтын комисст даалгаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:
... Прокуророос шүүгдэгч Н.Ц нь 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомтод байрлах Ж гэх нэртэй зочид буудлын өрөөнд хохирогч Т.Г-н толгойн тус газарт пивоны шилээр цохиж хүнД хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
мөн 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр аймгийн сумын баг Морин заг суурьшлын бүсэд иргэн М.Х-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж чулуу шидэх, нүүрэн тус газарт, гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр аймаг сум Шанд тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Ж-тэй маргалдаж, хүзүү, нуруун тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлж зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад “хоёр, түүнээс олон хүнийг” гэж хүндрүүлэх шинжийг тусгасан байна.
Гэтэл анхан шатны шүүхээс “...Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр түүнээс олон хүнийг гэх хүндрүүлэх шинж нь гэм бүрүүтай этгээд нэг цаг хугацаанд нэг үйлдлээр, нэг орон зайд, нэг сэдэлтээр халдсан байх шинжийг агуулдаг хэмээн” дүгнэж прокуророос зүйлчилж шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.
Мөн Улсын Дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 316 дугаар тогтоолд “...Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан хоёр, түүнээс олон хүнийг гэсэн хүндрүүлэх шинж нь нэг цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг алсан байхаас гадна өөр цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр, эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг алсан үйлдлийн аль алиныг хамааруулан ойлгоно...” гэсэн бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм бүрүүтайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх зорилт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Ц тайлбартаа: ... Байхгүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Д тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О дүгнэлтдээ: ... Хуулийг буруу хэрэглэсэн, шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Цид холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
Н.Ц нь 2024 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомтод байрлах “Ж” зочид буудлын өрөөнд иргэн Т.Г-н толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр аймгийн сумын дугаар баг “М” суурьшлын бүсэд иргэн М.Х-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн сумын баг тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Ж-тэй маргалдаж, хүзүү, нуруун тус газарт нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.
Прокуророос Н.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр түүнээс олон хүнийг гэх хүндрүүлэх шинж нь гэм буруутай этгээд нэг цаг хугацаанд нэг үйлдлээр, нэг орон зайд, нэг сэдэлтээр халдсан байх шинжийг агуулдаг, харин өөр өөр цаг хугацаанд, өөр орон зайд, өөр сэдэлтээр үйлдэгдсэн шүүгдэгчийн 2 үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэх нь буруу ... ” гэж дүгнэн,
шүүгдэгч Н.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч Н.Цийн хувьд 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хэдийгээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг төрлийн гэмт хэрэгт хамаарах боловч хоёр өөр хохирогчтой, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсныг үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэхгүй.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинж нь нэг цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг ..., мөн өөр цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр, эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг ... үйлдлийн аль алиныг хамааруулан ойлгохоор Улсын Дээд Шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 232 дугаар тогтоол, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 316 дугаар тогтоолд тус тус дурьджээ.
Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж прокуророос Н.Цийн үйлдсэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зүйлчилсэн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэх, улмаар гэм буруутай этгээдэд ял оногдуулахад нөлөөлсөн байна.
Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Н.Цид холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР