| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0190/Э |
| Дугаар | 234 |
| Огноо | 2018-02-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Отгонбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
улсын яллагч Ж.Отгонбаяр,
шүүгдэгч П.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ч овогт П.С яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0025 90170 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ... улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд:
1. Орхон аймгийн шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2/6 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сараар хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
2. Орхон аймгийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 248 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
3. Нийслэлийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 54 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1-д зааснаар 18 жил хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Ч овогт П.С
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
П.С нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” зах дотор үйлчлүүлж байсан иргэн Ш.Оюунчимэгийн халааснаас “Самсунг Эс-7” маркийн гар утсыг хулгайлан авч 432.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С мэдүүлэхдээ: Би 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчимд хүнсний захаас хүнсээ цуглуулах гэж орсон. Цахилгаан барааны тасгаас нэг эмэгтэй хүн хүнсний тасаг руу орж байсан тул би гар утсыг нь авсан. Маргааш нь уг гар утасны кодыг тайлуулах гэж гар утас засварын газарт очиход хулгайд алдагдсан утас байна гээд над руу цагдаа ярьж, намайг цагдаагийн хэлтэст аваачсан гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Оюунчимэгийн:…2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчимд “Баянзүрх” зах дотор хүнсээ цуглуулж байгаад куртикны халаасанд байсан гар утсаа аваад ярих гэтэл байхгүй байсан. Тэгэхээр нь хүн гуйгаад өөрийнхөө утас руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Би алдсан гар утсаа 2016 оны 05 дугаар сард “Мобиком”-оос 1 жил 6 сарын ликингээр нийт 1.170.000 төгрөгөөр худалдаж авсан “Самсунг Эс-7 Эдж” маркийн гоулд загварын ард талын баруун дээд булан нь жаахан цуурсан байдалтай, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй утас байсан. Хайрцаг сав, баталгааны хуудас нь байгаа. “Баянзүрх” зах дотор хүнс авах гэж явж байхдаа охинтойгоо ярьчихаад халаасандаа хийгээд 30 орчим минутын дараа үзэхэд байхгүй болсон байсан. Алдсан утсандаа “Мобиком”-ын 99795638 гэсэн дугаар ашиглаж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 4-8-р тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Мөнх-Эрдэнийн: …Би 2017 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн кино үйлдвэрийн хойд талын автобусны буудлын ойролцоо байдаг гар утасны засварын газарт явж байтал 40 гаран насны саарал куртиктэй эмэгтэй утасны код тайлуулах гээд явж байсан. Тэгэхээр нь би уг эмэгтэйг сэжигтэй санагдаад байхаар нь шалгаад үзтэл 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Баянзүрх” зах дотроос алдагдсан “Самсунг Эс-7 Эджи” маркийн гар утас мөн байсан. Тэгээд би Пүрэвдашийн П.С гэх эмэгтэйг хэлтэстээ авч ирж хүлээлгэн өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас П.Сг 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” зах дотор үйлчлүүлж байсан иргэн Ш.Оюунчимэгийн халааснаас “Самсунг Эс-7” маркийн гар утсыг хулгайлан авч 432.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул П.Сд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч П.П.Сг 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” зах дотор үйлчлүүлж байсан иргэн Ш.Оюунчимэгийн халааснаас “Самсунг Эс-7” маркийн гар утсыг хулгайлан бусдын хөрөнгийг нууцаар авсан болох нь хохирогчийн болон өөрөө хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Снь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч П.Сгийн хулгайлан авсан гар утсыг биет байдлаар хохирогч Ш.Оюунчимэгт хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 20-р тал/
Шүүхээс шүүгдэгч П.Сгэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч овогт П.Сг бусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.С 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.С нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, П.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол П.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ