| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2412000050177 |
| Дугаар | 2025/ДШМ/21 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/21
2025/ДШМ/21
Х.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Тулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П, Э.М
Шүүгдэгч: Х.Э
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Эгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Х.Эд холбогдох 2412000050177 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт, А аймаг, И сум, Х багийн Гны ар гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан, М овогт Хын Э /РД:00000000/,
Шүүгдэгч Х.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 0 дугаар багийн Т хорооллын 0-0 тоот хашаанд хохирогч П.Эын 1 тооны хар зүсмийн үхрийг өөрийн өмчийн адил захиран зарцуулж буюу нядалж, махыг худалдан борлуулж, бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Х.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч М овогт Хын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж, Шүүгдэгч Х.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч П.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Э давж заалдах гомдолдоо ... Х.Э миний бие нь А аймгийн И сумын Х багын Г гэх газар өндөр настай ээж, эхнэр, бага насны 4-н хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Уг гэмт хэрэгт учирсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ар гэрийн хүнд нөхцөлд хэцүү байгаа байгаа байдал, өөрийн эрх зүйн байдал зэрэг энэ бүгдийг харгалзан үзэж хорих ялаас өөр төрлийн ялаар шийтгүүлэх хүсэлттэй байгаа учир гомдлыг минь хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ...Шүүгдэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Давж заалдах шатны шүүх хурал дээр гэм буруугаа хүлээж байх шиг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүх онцгой нөхцөл байдал харгалзан үзэж хөнгөрүүлэх заалт байдаг. Ар гэрийн гачигдлаар хөнгөрүүлэх заалт байхгүй. Гэмт хэрэг үйлдэхдээ ар гэрээ бодоогүй байдаг ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Миний үйлчлүүлэгч эхнэр бага насны 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Энэ хүн хоригдсоноос хойш мал харуулах хүн байхгүй ямар сайндаа 7 настай хүүхэд нь малд явж байгаад гараа гэмтээсэн байдаг. Хувийн байдлыг харгалзаад зорчих эрх хязгаарлах ялаар солих саналтай байна ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Шүүгдэгч гэм буруу дээрээ маргадаггүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны байж чадахгүй байна гэж үзэж байна. Хорихоос өөр төрлийн ял өгөхдөө урд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэдэг үндэслэлээр хорих ял өгсөн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчсөн. Урд нь мал хулгайлах гэмт хэрэгт шийдэгдээд дууссан хэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-д заасныг зөрчсөн байна. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүгдэгчид хорих ялаас өөр зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна ... гэв.
Шүүгдэгч Х.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Өмгөөлөгчийн минь тавьсан саналыг дэмжиж өгөөч гэсэн хүсэлттэй байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Х.Эгийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Х.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 7 дугаар багийн нутгаас хохирогч П.Эын нэг тооны үхрийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь хохирогч П.Эын ... 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн эвэртэй хар үнээгээ хулгайд алдсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө Тамир хорооллын үерийн далангийн орчмоор хайж явж байтал үерийн далангийн баруун талд байх Тамир хорооллын 80-02 тоот хашаан дээр хэрээ суугаад байсан. Тэгэхээр нь яваад очтол хашааных нь зүүн талд үхэр гаргасан байдалтай цус асгасан байсан. Мөн хашааны гадна талд үхрийн элэг, уушги байсан. Тэгээд хашааных нь урдуур хартал хашаан дотроо гүзээ сэвстэйгээ байсан. Тэгээд үерийн далан руу яваад ортол үхрийн цус асгасан байдалтай байсан. Тэгээд би цагдаа дуудаад хашааны хаалга нь онгорхой болохоор нь цагдаагийн хамт хашаа руу нь орж үзтэл хашааны зүүн талд миний үхрийн 4 шийр, адууны 4 шийртэй хамт байсан би хараад шууд таньсан тэр хавиар үхрийн толгой, арьс олдоогүй ... гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Цийн ... 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийн хооронд манай хашаанд И сумын гаралтай П /Х.Э/ гэх хүн хар зүсмийн нэг үхэр, улаан зүсмийн нэг үхэр, нэг тооны адуу гаргасан. Би өглөө гараад орой гэртээ ирдэг. П нь танай хашаанд хоёр үхэр гаргачих уу гэж л байсан. Манай төрсөн дүү охины нөхөр нь байгаа юм ... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Бийн ... Х.Э нь үхрийн мах авчирч өгсөн. Арьс, шир, толгойгүй мах авчирч өгсөн. 2 тооны үхрийн мах авчирч өгсөн. Зүүн талаас хурдан морь ачиж ирсэн тэрийгээ зараад зөрүүнд нь авсан гэж хэлж байсан. Өмнө нь надаас 1.000.000 төгрөг авсан байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч З.Бын ... 2023 оны 10 дугаар сарын сүүлээр эсвэл 11 дүгээр сарын эхээр зах дээр арьс шир авч байхад Г.Б над руу залгаад мах ороод ирлээ би хөл муутай болохоор өргөж чадахгүй чи ирээд туслаад өгөөч гэхээр нь би Д дэлгүүрийн баруун талд байх махны хөргүүр дээрээ очиход тэвштэй машинтай П гэх бор царайтай бүдүүн залуу мах өгч байсан. Тэгээд би очиход нэг гайгүй тарган, нэг нь бараан зүстэй туранхай бололтой үхрийн мах байсан ... гэсэн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн АЦ-23-212 дугаартай дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Эг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч … Гэмт хэрэгт учирсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ар гэрийн хүнд нөхцөлд хэцүү байгаа байдал, өөрийн эрх зүйн байдал энэ бүгдийг харгалзан үзэж хорих ялаас өөр төрлийн ялаар шийтгүүлэх хүсэлттэй байгаа учир гомдлыг минь хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү ... гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дэмжлэг үзүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон, түүний гомдолд дурдсан шалтгаан нь шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өөрчлөх, хөнгөрүүлэх үндэслэл болохгүй.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд уг эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч нь хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд 70 хоног цагдан хоригдсон болох нь тогтоогдсон, уг цагдан хоригдсон хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эгийн цагдан хоригдсон 70 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Ч.БАЯРЦЭНГЭЛ