Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00119

 

Л.Болормаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00815 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1957 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Л.Болормаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Болормаа, нарийн бичгийн даргаар  И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 833 дугаар шийдвэрээр Л.Болормаагаас 71 807 850 төгрөг гаргуулж, М.Гантулгад олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201008115 дугаартай, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шинжээч 70 365 000 төгрөгөөр буюу зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлж, шийдвэр гүйцэтгэгч түүнээс бууруулж 70 хувь 49 255 500 төгрөгөөр үнэлж, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах нь хууль зөрчиж байна гэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан.Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний мэдэгдэл болон анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15 цагт хүлээлгэж өгсөн. Төлбөр төлөгч би Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр буюу 3 хоногийн дотор хуульд заасан хугацаандаа гомдол гаргасан. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлын талаар “хуулийн хугацаа хэтэрсэн байна” гэж учир битүүлэг хариу өгсөн байна. Тус албанаас зохион байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 833 дугаар шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Л.Болормаагийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 159/05 дугаар “Эд хөрөнгө хураах тогтоол”-оор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Л.Болормаа болон тухайн байрны өмчлөгч М.Долгорсүрэн нараас 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3/16749, 3/16750 дугаар албан бичгээр үнийн санал авахад үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч М.Гантулгын зүгээс шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн.Тус албанаас 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Лэндс“ ХХК-иар тогтоолгоход 70 365 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг байрны өмчлөгч М.Долгорсүрэнд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3/19477 дугаар, төлбөр төлөгч Л.Болормаад тус өдрийн 3/19478 дугаар албан бичгээр тус тус мэдэгдэж, төлбөр төлөгчийн 91911510 дугаар утсаар үнэлгээг танилцуулж, нөхөр Ж.Жанчивдоржид төлбөр төлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу мэдэгдлийн 1 хувийг үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсан. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 49 255 500 төгрөгөөр оруулах тухай мэдэгдлийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч М.Долгорсүрэн, төлбөр төлөгч Л.Болормаа нарт 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3/20563, 3/20564 дугаар албан бичгээр мэдэгдэж төлбөр төлөгчийн 91911510 дугаарын утсанд холбогдож эрх, үүргийг танилцуулж, тэмдэглэл хөтөлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч Л.Болормаад үнэлгээний мэдэгдлийг өгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж тэмдэглэл хөтөлсөн анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаагүй, урьдчилан шийдвэрлүүлээгүй.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч нь хуулийн дагуу барьцааны үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах явцад төлбөр төлөгч Л.Болормаа хугацаа хожиж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах зорилгоор илт үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж, төлбөр авагчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байна.Шийдвэр гүйцэтгэгч нь цаг тухай бүрт ажиллагаа хийж, төлбөр төлөгчид мэдэгдэж байсан, мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийн шинжээчийн үнэлгээ 70 365 000 төгрөгийг 70%-иар тооцон, 49 255 500 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчөөгүй.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00815 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн Л.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1957 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00815 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Болормаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 10 цагт анхны дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу өгөөгүй, шууданд хийсэн гэж байгаа боловч шуудангаар албадан дуудлага худалдааны мэдэгдлүүд ирээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20, 46 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх хуудас, тогтоол ирүүлээгүй байхыг шүүхээс үнэлээгүй нь хууль зүйн үндэслэлгүйгээр буюу хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                                   ХЯНАВАЛ:         

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Л.Болормаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр барагдуулах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүгчийн 101\ШШ2016\00833 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Болормаа 71 807 850 төгрөгийн төлбөрийг М.Гантулгад төлөх үүрэгтэй болсон ба үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болжээ.

Барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 1 тоотод байрлах, М.Долгорсүрэнгийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба битүүмжлэх, хураах ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах талаар төлбөр төлөгч болон эд хөрөнгийн өмчлөгчид мэдэгдэх, үнийн санал асуух, үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилох зэрэг ажиллагааг шийдвэр гүйцэтгэлийн байгууллага Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцүүлэн явуулжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дээрх үйл ажиллагаа буюу маргааны үйл баримтын талаар хоёр шатны шүүх нотлох баримтад үндэслэсэн, холбогдох хуулийн зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00815 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1957 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН