Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01357

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01357

 

 

Тэнүүн-Өлзий ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00736 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Тэнүүн-Өлзий ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Охиндоо, Т.Батбаатар нарт холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 63 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Т.Батбаатарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Хангал

Хариуцагч Т.Батбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Төгс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хангал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч компани төмрийн худалдаа, төмөр хийцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Б.Охиндоо өөрийн биеэр манай компани дээр ирж скруббер-80 төхөөрөмж хийлгэх санал тавьсан. Уг саналын дагуу хоёр тал 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан үнэт металл баяжуулах 80 скруббер төхөөрөмжийг 90 000 000 төгрөгөөр 66 хоногт багтаан хийхээр тохиролцсон. Гэрээний урьдчилгаа төлбөр 30 000 000 төгрөгийг гүйцэтгэгч талд буюу манай талд төлснөөр тухайн төхөөрөмжийг тогтоосон хугацаанд захиалагч талын баталсан ажлын зураг, орц норм, стандартын дагуу хугацаандаа хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг 2 хувааж буюу 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 30 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 30 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохирсон. Гэтэл Б.Охиндоо үлдэгдэл төлбөрөөс 18 000 000 төгрөг төлсөн. Б.Охиндоо нь уг төхөөрөмжийн үнийг төлж чадахгүйн улмаас уг төхөөрөмжийг Т.Батбаатар гэдэг хүнд шилжүүлэн өгч, үлдэгдэл төлбөрийг Т.Батбаатар нь төлж дуусгахаар манай компанитай тохиролцсон. Улмаар энэ тухайгаа баталгаажуулж, барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 42 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй манай компанийг хохироосоор байна. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42 000 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу алданги 21 000 000 төгрөг нийт 63 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч одоо хариуцагч Б.Охиндоод холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, мөн алдангийн 21 000 000 төгрөгөөсөө татгалзаж, хариуцагч Т.Батбаатараас гэрээний үүрэгт 42 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Т.Батбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 8 дугаар сарын үед Тэнүүн-Өлзий ХХК-иас Т.Батбаатарын танил Б.Охиндоо 90 000 000 төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмжийг 30 000 000 төгрөгийн урьдчилгаа төлөөд үлдсэнийг нь лизингээр төлөх гэрээ байгуулсан байсан. Тэгээд Б.Охиндоо нь энэ тухайгаа ярьж, цаашид лизингээ төлж чадахгүй болчихлоо гэхээр нь Т.Батбаатар үргэлжлүүлэн мөнгийг нь төлөөд дуусгая гэж тохиролцон уг төхөөрөмжийг худалдан авахаар болсон. Ингээд Б.Охиндоогийн хамт Тэнүүн Өлзий ХХК-ийн захирал н.Буян-Өлзийтэй уулзаж үлдэгдэл 60 000 000 төгрөгийн төлбөрийг төлж дуусгахаар амаар тохиролцож, 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд 18 000 000 төгрөгийг тус байгууллагад шилжүүлсэн. 2016 оны 7-8 дугаар саруудад ашигтай ажиллаж чадаагүйгээс үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй болсон. Гэтэл Тэнүүн Өлзий ХХК-ийн удирдлагууд ...мөнгөө өг, эсхүл барьцаанд ямар нэг зүйл тавь" гэж шаардсаны дагуу Т.Батбаатар Д.Сайннямбуугаас худалдан авсан, LG935N маркийн урдаа шанагатай ачигч машины гаалийн бичиг баримтыг эх хувиар нь, итгэмжлэл, 1 ширхэг түлхүүрийг тус компанийн хуулийн зөвлөх Р.Хангал, н.Баярмагнай нарт өгсөн. Үүний дараа өр төлбөрөө төлж, машинаа авахаар Тэнүүн Өлзий ХХК-д ирж уулзтал уг машиныг бусдад 40 000 000 төгрөгөөр зарчихсан гээд буцаан өгөөгүй. Тухайн ачигч машины хувьд Д.Сайннямбуугаас зээлээр худалдан авсан, төлбөр тооцоо дуусаагүй байснаас тээврийн хэрэгслийн бичиг баримт, улсын дугаар аваагүй юм. Нэхэмжлэгч нь миний эд хөрөнгийг дураар аашлан үрэгдүүлсэн тул уг хэргийг эцэслэн хянан шийдвэрлэгдэх хүртэл энэхүү хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хүсэлт гаргасан боловч хангаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Батбаатараас 42 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тэнүүн-Өлзий ХХК-д олгож, нэхэмжлэгч Тэнүүн-Өлзий ХХК нь хариуцагч Б.Охиндоод холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 473 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд 367 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тэнүүн-Өлзий ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Т.Батбаатар давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэр нь эхний нүүр хуудаснаасаа л "шүүх хуралдаанд .... гэрч Д.Сайннямбуу... оролцов" гэсэн худал мэдээллээр эхэлсэн байна. Нэхэмжлэгч тал Д.Сайннямбууг гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзаж, хариуцагч тал гэрчээр оролцуулахаар хүсэлт гаргахад ач холбогдолгүй гэж үзэн хангахаас татгалзсан. Ийнхүү гэрчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн атлаа оролцсон мэтээр шийдвэртээ дурдсан нь үндэслэлгүй. Хариуцагч намайг хохироосон нэхэмжлэгч талын буруутай үйлдэлд шүүхээс дүгнэлт хийхгүй, ач холбогдол өгөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Би 95 000 000 төгрөгийн эд хөрөнгөөрөө хохирсон байхад дээр нь нэмж 42 000 000 төгрөг төлөх боломжгүй. Гэм хорын хохирол нэхэмжлэх хэргийн ажиллагаа удаан явагдаж байгаа бөгөөд Хан-Уулын дүүргийн шүүх дээр хянагдаж байгаа хэрэг, энэ хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжтой байсан боловч нэгтгүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй..

Миний бие нэхэмжлэгч талтай ажил гүйцэтгэх гэрээ огт байгуулаагүй байхад ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг хангаж шийдвэрлэж буй нь үндэслэлгүй. Зээлээр эд хөрөнгө худалдан авсан нь үнэн бөгөөд төлбөрийн үлдэгдлээ төлөх гээд очтол миний барьцаанд тавьсан байсан эд хөрөнгийг худалдан борлуулсан байсан учраас цагдаа шүүхээр хохирлын асуудлаа шийдвэрүүлэхэрэ явж байгаа. Шүүхийг үл хүндэтгэн хавтаст хэрэгт байгаа миний эд хөрөнгийг бусдад 42 000 000 төгрөгөөр зарсан гэх өөрийн мессежийг хүлээн зөвшөөрсөн атлаа ийнхүү худал тайлбар гаргаж байгааг шүүх анхааран үзээгүй. Шүүх дотоод итгэлээр хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд 2017 оны 3 дугаар сард нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн атал дөнгөж 2018 оны 2 сард гэм хорын хохирол шаардсан хэргийн хуралдааны дараа нэхэмжлэл гаргасан байдал, цагдаа прокурорын байгууллагад шалгагдаж байхдаа миний барьцаанд тавьсан эд хөрөнгийг гаргаж өгөхгүй , дураар аашлан үрэгдүүлсэн байдал шүүхэд эргэлзээ төрүүлэхгүй байгааг ойлгохгүй байна. Би нэхэмжлэгчид 42 000 000 төгрөгийн өр төлбөртэй болохоо анхнаасаа л хүлээн зөвшөөрсөн. Харин тухайн хэргийг миний эд хөрөнгийг дураар аашлан үрэгдүүлсэн гэм хорын хэрэгтэй хамтатган шийдвэрлүүлэх боломж нөхцлийг л шүүхээс хүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Тэнүүн-Өлзий ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 63 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Охиндоод холбогдох шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийг багасган 42 000 000 төгрөгийг хариуцагч Т.Батбаатараас гаргуулахаар шаардсаныг хариуцагч Т.Батбаатар эс зөвшөөрч ... эд хөрөнгийг нэхэмжлэгч нь бусдад зарж үрэгдүүлсэн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Тэнүүн-Өлзий ХХК болон хариуцагч Б.Охиндоо нар 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2015/25 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч байгууллага нь 80 ширхэг скруббер төхөөрөмжийг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, хариуцагч Б.Охиндоо нь ажлын хөлс 90 000 000 төгрөгийг 3 хуваан төлөхөөр тус тус тохиролцсон байна. /хх-ийн 11-12 тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалттай нийцсэн байна. Хариуцагч Б.Охиндоо ажлын хөлсөнд 30 000 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд зохигчид уг асуудлаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчийн өрийг тохиролцсоны үндсэн дээр, үүрэг үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөр өөртөө шилжүүлэн авч гүйцэтгэж болох бөгөөд хариуцагч Т.Батбаатар нь хариуцагч Б.Охиндоогоос ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гэрээний дагуу шилжүүлэн авсан байна. Иймд нэхэмжлэгч Тэнүүн-Өлзий ХХК нь хариуцагч Т.Батбаатараас уг гэрээний үүргийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

Хариуцагч Т.Батбаатар нь Б.Охиндоогийн уг өрийг шилжүүлэн авсны дараа нэхэмжлэгч компанид 18 000 000 төгрөгийг төлсөн гэх үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд анхан шатны шүүх хариуцагч Т.Батбаатараас гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 42 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн хариуцагч Т.Батбаатарын барьцаанд тавьсан LG935N маркийн урдаа шанагатай ачигч машиныг нэхэмжлэгч байгууллага худалдан борлуулсан гэсэн үндэслэл зааж, уг асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан гэсэн тайлбар гаргаж байгаа боловч анхан шатны шүүх гэрээний дагуу хөлс төлөх үүрэгтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэхэд шууд хамааралтай биш байх барьцааны зүйлд гэм хор учруулснаас үүсэх үүргийн шаардлагатай нэгтгэн шийдвэрлэх шаардлагагүй гэж хэргийг шийдвэрлэснийг буруу гэж үзэхгүй.

Хариуцагч Т.Батбаатар өөрт хохирол учирсан үйл баримттай холбоотой нотлох баримт бүрдүүлэхээр удаа дараа хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн аваагүй гэх гомдлыг мөн хангах боломжгүй. Анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтийг эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан хариуцагч Т.Батбаатарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2018/02393 дугаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжаар шүүх хуралдааныг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 11.00 цагт хэлэлцэхээр тогтоож, уг хуралдаанд хэргийн оролцогч нар оролцсон байх тул дээрх захирамжид 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаан болно гэж бичсэн нь техникийн алдаа гаргасан гэж үзэхээр байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох болгох үндэслэлд хамаарахгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Батбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Т.Батбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО