Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 232

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Н. Анхбаяр ,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн ҮД: 04-40 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын  газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т овогт Б.Б

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0000 10001 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” худалдааны төвийн баруун урд уулзварын замд “Тоёота-Приус” маркийн 91-55 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.3 дахь заалт ... зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа уулзварт гэрэл дохио болон дарааллын тэмдгийн заалтыг гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй, мөн дүрмийн 5.9 дэх заалт ...зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дор дурдсан утгатай байна: в/дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас /баруун гар буюу ар талаас/ яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Цэрэнсодномыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн орчимд “Нарантуул” захын баруун урд талын уулзвар дээр зүүн гар тал руу эргэх гэж байсан ба зохицуулагч цагдаа зогсож байгааг хараагүй учир гэрлэн дохиогоор явсан. Тэр үед чигээрээ буюу баруун гар тал руу эргэх гэрэл ассан байсан. Цэрэнсодном машины урд тал руу орж ирэхэд нь хараагүй мөргөсөн. Тэгээд хөл нь гэмтсэн байсан. Уг нь буруу тал руу жолоогоо дарсан боловч нөгөө талын хэсгээр хохирогч мөргөгдсөн. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хөл нь гэмтсэн байсан тул эмчлүүлсэн. Дараа нь зам дээр ирж хэмжилт хийлгэсэн гэв.

        Талуудын хүсэлтээр  хавтас  хэргээс:

          Мөрдөн байцаалтанд  хохирогч Г.Цэрэнсодномын : ...Би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 09 цаг 30 минутын орчимд “Нарантуул” захын баруун урд гэрлэн дохиотой уулзварын зүүн талын явган хүний гарцаар урдаашаа хойшоо зогсож байгаад ногоон гэрэл анивчиж байхаар нь гүйгээд орсон. Тэгээд уулзварын зүүн талаас “Тоёота Приус” маркийн автомашин орж ирээд зүүн хойд дугуй баруун хөл дээгүүр гараад тэр дороо газарт бөгсөөрөө суусан. Тэгээд босох гэтэл босч чадахгүй байсан. Тэгтэл тэр машин гарц өнгөрч зогсоод жолооч нь бууж ирээд намайг өргөөд машинд суулгаад шууд Гэмтлийн эмнэлэг явж эмчид үзүүлээд эмнэлэгт хэвтсэн. Ослоос миний баруун хөлийн шилбэний савхан яс, том яс хугараад бяцарсан. Арьс нь ясаа цоолж гарч ирээд оёдол тавиулсан. Өөр ил гэмтэлгүй. Би гарцаар алхаж гарч яваад төгсгөлд нь гүйж гарсан. Эмчилгээнд 750.000 төгрөгийн зардлыг би одоогоор гаргасан. Эмчилгээнд гарсан зардлыг баримтаар нэхэмжилнэ. Мөн ажилгүй байсан хугацааны зардлыг нэхэмжилнэ. Сард 520.000 төгрөгийн цалинтай байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 34-36-р тал/

Мөрдөн байцаалтанд  гэрч Б.Отгонбаатарын : …Би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 07:00 цагаас 15:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” захын баруун урд талын гэрлэн дохионы уулзварт “Ганга-89” постонд үүрэг гүйцэтгэж байсан. Би уг ослыг хараагүй. Би тэр үед уулзварын голд биет зохицуулагч хийж байсан. Дараа нь цайндаа орчихоод уулзвар дээр байхад бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн. Тэр үед би хөдөлгөөнийг нь зохицуулж өгсөн. Би ганцаараа үүрэг гүйцэтгэж байсан. Уулзварын гэрлэн дохио хэвийн ажиллаж байсан. Уулзварын зүүн талаас ирж байгаа машинууд уулзварт зүүн гар тийш эргэхийн тулд зүүн эргэх нэмэлт гэрлээр ордог юм. Үндсэн гэрэл нь улаан, нэмэлт гэрэл нь зүүн эргэх сумтай ногоон гэрэл асдаг. Би уулзварын голд байж байгаад 09 цаг 30 минутын орчимд өглөөгүүр “Дүнжингарав”-с ирж байгаа машины хөдөлгөөн их байдаг учраас уулзварын урд талаас ирж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүх чиглэлд баруун талаас ирж байгаа тээврийн хэрэгслийг баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн дохиог өгөөд биеийн байрлал баруун гар тийш хараад баруун гар мөрний харалдаа шулуун дохиур модоо барьсан байсан. Зүүн гар урдаас ирж байгаа машинуудыг яв гэсэн дохио өгсөн. Тэрний дараа хөдөлгөөнийг хаагаад уулзварын баруун гар талаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг бүх чиглэлд хойноос ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг баруун гар тийш эргэх дохиог өгсөн. Би камерийн бичлэгийг харлаа. Зохицуулалт хийж байгаа цагдаа би байна. Би тухайн үед осол гарсныг анзаараагүй зохицуулалтаа хийж байсан байна. Тэр үед “Тоёота Приус-10” маркийн автомашин явган зорчигчийг гарцаар биет зохицуулалтын дохиогоор гарч байхад нь мөргөсөн байна. Би камерийг харахад “Тоёота Приус-10” маркийн автомашины жолооч миний биет зохицуулалт хийж байсан дохиог зөрчсөн байна. Би тухайн үед нь анзаараагүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч С.Удвалын: Г.Цэрэнсодном өглөө бүр манай хүүхдийг цэцэрлэгт хүргэж өгдөг юм. Тэр өдөр 2017 оны 11 дүгээр сарын 15-ны 09:00 цагийн үед манай хүүхдийг хүргэж өгчихөөд ажил руугаа явах гээд “Нарантуул” захын уулзварын зүүн талын явган хүний гарцаар ногоон гэрлээр урдаасаа хойшоо чиглэлтэй гарч явсан. Урд талд хүмүүс явж байсан. Би араас нь ганцаараа явж байсан. Урд урсгалаа дуусгаад хойд урсгал руу ороод явж байгаад 2-оос 3 гишгээд зам дуусах гэж байхад машин ирж мөргөсөн гэсэн. Над руу 09:35 минутын орчимд залгаж осолд орчихлоо гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-н 38-39-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14336 дугаартай дүгнэлтэнд:

  1. Г.Цэрэнсодномын биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

  1. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ...гэх дүгнэлт /хх-ийн 46-р тал/

-Замын цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 633 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд:

  1. “Т.Приус- 10” маркийн 91-55 УНК улсын дугаартай автомашины жолооч Бямбаа овогтой Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.3 дахь заалтад “Зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа уулзварт гэрэл дохио болон дарааллын тэмдгийн заалтыг гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй”, мөн дүрмийн 5.9 дэх заалт “Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дор дурдсан утгатай байна: в/дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас /баруун гар буюу ар талаас/ яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаас зам хөндлөн гарахыг зөвшөөрнө.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Ганбат овогтой Цэрэнсодном нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Шинжээч, Цагдаагийн хошууч Б.Гомбсүрэн гэх дүгнэлт /хх-н 48-р тал/

    Мөрдөн байцаалтын шатанд Б.Б гийн яллагдагчаар өгсөн: …Надад

сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Сонсгож байгаа зүйл ангитай холбоотой санал хүсэлт байхгүй. БИ 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 09 цаг 30 минутын орчимд “Тоёота Приус-10” маркийн 91-55 УНК улсын дугаартай автомашиныг жолоодон “Нарантуул” ОХУТ-н баруун урд уулзварын зүүн талын замаас зүүнээс баруун тийш 2 дугаар эгнээгээр уулзварт иртэл ногоон гэрэл асаж байсан учир шууд уулзварт орсон. Миний урд машин байгаагүй. 3 дугаар эгнээнд зүүн гар тийш эргэх гээд 7-оос 8 машин зогсож байсан. Тэгтэл хамгийн урд талд зогсож байсан машины урд талаар замын урдаас 1 хар куртиктай хүүхэн гарцаар гүйгээд гараад ирсэн. Тэгэнгүүт нь би тормоз гишгээд жолоогоо баруун гар тийш дартал гулгаад буруу талын толь хаалганд тэр эмэгтэй мөргөн газарт унасан. Тэгээд би гарц өнгөрч зогсоод машинаасаа буугаад шууд тэр хүүхэн дээр яваад очсон. Тэгтэл тэр хүүхэн “та намайг мөргөчихдөө шүү дээ” гээд орилоод уйлаад байсан. Тэгэхээр нь би сандраад тэр хүүхнийг машиныхаа хойд суудал дээр хэвтүүлээд шууд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэгээд очоод эмчид үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэг рүү явах замдаа 102 руу дуудлага өгсөн. Ослоос тэр эмэгтэйн баруун талын шилбэний яс хугарсан, өөр ил гэмтэл харагдаагүй. Зогсож байгаа машинтай зэрэгцэж ирэхэд гэнэт урдуур гараад ирсэн. 1 метр орчим зайд байсан байх. Тормоз гишгээд баруун тийш дарахад зүүн толинд мөргөгдөөд газарт унасан. Би машинаа 30-аас 40 км цагийн хурдтайгаар жолоодож явсан. Би ослын схем зурагтай танилцсан. А, Б цэгийг хүлээн зөвшөөрч байна. Ослын газарт хэмжилт, үзлэг хийхэд би өөрөө зааж, тэр мөргүүлсэн охины 2 найзыг нь дуудаж хамт байсан. Би Г.Цэрэнсодномын эмчилгээний зардлын 857.194 төгрөгийн баримттай танилцлаа. Би одоогоор 900.000 төгрөг төлсөн. Цалингийн тодорхойлолттой танилцсан. Хоорондоо ярилцаж байгаад төлж барагдуулна. Бид хоёрын тал дээр эд хөрөнгийн болон гэм буруугийн талаар маргаан байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 53-56-р тал/

    -Ослын талаарх камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээс: Narantuul

PTZ-Camera-01-2017-11-15…17.11.23 14.:27 Windows Media A……239125 KB гэж хаягласан камерын бичлэгт үзлэгийг хийхэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзварын баруун хойд талд байрлах ЗХУТ-ийн камертай шонгийн гол хэсэгт байрлах бөөрөнхий хэлбэртэй камер доошоо харсан байрлалтай байв. Уг камерын бичлэг нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 09 цаг 26 минутаас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 09 цаг 27 минут 54 секундын хооронд 01 минут 08 секунд үргэлжилж байлаа. Үзлэгээр 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 09 цаг 26 минут 46 секундэнд бичлэг эхлэхэд Нарантуул захын баруун урд уулзварын гол руу замын хойд талаас нэг замын цагдаа алхаж орж байлаа. Энэ үед уулзварын баруун зүүн талын гэрэл дохио үндсэн ногоон гэрэл асаж байв. Гэтэл уулзварын голд орсон замын цагдаа 09:26:56 секундэнд биет зохицуулалт хийж уулзварын урд талаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг бүх чиглэлд, уулзварын баруун талаас ирж байгаа тээврийн хэрэгслийг баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн дохиог өгч биеийн байрлал нь баруун гар тийш харж баруун гартаа барьсан дохиур модоо баруун урагш шулуун мөрний тэгш хэмд барьсан байрлалтай, зүүн гараараа урд талаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг явах дохиог өгч байв. Энэ үед уулзварын зүүн талын явган хүний гарцаар явган зорчигч хохирогч Г.Цэрэнсодном малгайг нь өмссөн өвлийн куртиктай урдаасаа хойшоо чиглэлтэй гарч байхад уулзварын зүүн талаас зүүнээс баруун тийш явах чиглэлээс Т.Приус 10 маркийн 91-55 УНК дугаарын машин 1 дүгээр эгнээнээс зүүнээс баруун чиглэлд явж байгаад явган зорчигч зүүн гар тийш эргэхээр зогсож байгаа машины урдуур гарч яваад 1 дүгээр эгнээний харалдаа гарцаар гарч явахад нь 09:26:56 секундэнд Т.Приус 11 машин зүүн хойд дугуйгаар хөл дээгүүр нь гарахад явган зорчигч газар бөгсөөрөө суун унаж байв. Тэр үед Т.Приус-10 маркийн 91-55 УНК дугаарын машин явганы гарц өнгөрч зогсоод жолооч нь болох ногоон куртиктай хүн явган зорчигч дээр очиж тэвэрч аваад машиндаа суулгаж байв. Энэ үед уулзварын голд зохицуулалт хийж байсан замын цагдаа зохицуулалтаа өөрчилж, уулзварын баруун гар талаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг бүх чиглэлд явахыг, уулзварын хойд талаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг баруун гар тийш эргэх дохиог өгч биеийн байрлал нь уулзварт хойшоо харсан байрлалтай баруун гар дохиур модоо мөрний харалдаа чигээрээ барьсан байрлалтай байлаа. 09:27:54 секундэнд жолооч явган зорчигчийг машинд суулгаад хаалгаа хаагаад машиндаа суух гэж байгаа байдалтай камерт харагдаад камерын хяналтаас гарч байв. Үзлэгийн явцад Нарантуул захын баруун урд уулзварын камерын цаг нь 09:26:46 эхэлж, 09:27:54 секунд буюу бичлэг 00:00 секундэнд эхэлж 01:08 секундэнд дууссан бичлэгийг харуулж хөндлөнгийн гэрч нарт уншиж танилцуулан 10 цаг 55 минутанд дуусгаж, уг СиДи-г хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргахаар тогтов. /27-28-р тал/

  • Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 16-19–р тал/

 

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21-р тал/

 

-Хохирлын баримтууд /хх-ийн 8-14-р тал/

           -Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-ийн 68-р тал/

           -Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 101-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудаас  дүгнэхэд: …. хохирол учруулсан  үйл баримт болсон байна.

          Шүүгдэгч  Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” худалдааны төвийн баруун урд уулзварын замд “Тоёота- Приус” маркийн 91-55 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.3 дахь заалт “Зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа уулзварт гэрэл дохио болон дарааллын тэмдгийн заалтыг гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй”, мөн дүрмийн 5.9 дэх заалт “Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дор дурдсан утгатай байна: в/дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас /баруун гар буюу ар талаас/ яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Цэрэнсодномыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл ,гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын талаарх камерын  бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож  байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 Тээврийн Прокурорын газраас Б.Б гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.

          Шүүгдэгч Б.Бгийн  гэм  буруугийн  болгоомжгүй  үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг  зүйлчилсэн  хуулийн зүйл,хэсэг  тохирсон   гэж шүүх үзэв.

        Шүүгдэгч Б.Б нь хохиролд 2.100.000 төгрөгийг хүлээлгэн  өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 101-р тал/

         Хохирогч  Г. Цэрэнсодном нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

         Шүүгдэгч Б.Б нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний   ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 68-р тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн  1 хэсгийн  1.1- д... энэ хуулийн  тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл  түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн  бол ялаас чөлөөлөх, эсхүл   3 жил хүртэл  хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх  хязгаарласан албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилжээ

        Шүүгдэгч  үйлдсэн гэмт хэрэг  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан хөнгөн гэмт хэргийн  ангилалд хамаарч байна.

 

 Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д  заасан  гэмт хэрэг үйлдсэний дараа  хохирогчид шууд эмнэлэгийн болон бусдад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.6 дугаар зүйлд  заасан   хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

       Шүүгдэгч Б.Бнь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн хор уршгийн байдлыг харгалзан дээрхи хуулийг хэрэглэх боломжтой  гэж үзлээ.

           Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Т овогт Б.Б автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний  дүрмийн заалтыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүнд  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Б.Бг тээврийн хэрэгсэл  жолоодох  эрхийг  1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хасч 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.Б 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.      

        4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн  1 дэх  хэсгийн  1.2, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Б оногдуулсан  2 /хоёр/ жилийн хорих ялыг 2 /хоёр/ жил хүртэл хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

        5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Б ял тэнссэн хугацаанд хяналт тавихыг оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

        6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар    Б.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн  6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурьдсугай.

         7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.   

         8.  Хохирогч Г.Цэрэнсодном нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

         9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон  үеэс эхлэн хугацааг тоолсугай.

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1 дэх  хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хураагдан ирсэн Б.Б В, С, Д ангилалын ¹146833 дугаарын тэээврийн хэрэгсэл  жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Ленцийн төвд шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсарган үлдээхээр шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст   хүргүүлэхээр шийдвэрлэсүгэй.

            11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            12. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

           13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ