Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/22

 

2025/ДШМ/22

 

 

        

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: Ж.Ундармаа  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э

Шүүгдэгч: Ц.Б

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Бд холбогдох 2312000000164 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

          

 Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Я баг, Яын өвөр гэх газар оршин суух, урьд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ч овогт Цын Б/РД:000000000000/

Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрийн хооронд А аймгийн Ө сумын Я багийн нутаг дэвсгэрт байрлах газраас хохирогч Н.Бын 1 тооны хул хонгор зүсмийн шүдлэн байдсан морь буюу малыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Ц.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

           

                  А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Ч овогт Цын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 7/долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух А аймгийн Ө сумын нутаг дэвсгэрээс явахыг 7/долоо/ сарын хугацаанд хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Бын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 5/тав/ хоногийн 1/нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шүүгдэгч Ц.Бд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

           

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдолдоо ... Учир нь миний бие тухайн адууг анх харсан үедээ Н.Агийн байдас байна гэж хараад Н.А рүү утсаар ярьж хэлсэн. Би тэр хул байдсыг өнгө зүс, нас гээд бүх юм нь адилхан байсан учир харсан даруйдаа шууд Н.Агийн байдсыг мөн гэж хөнгөн бодсоноосоо болоод хулгайн хэрэгт холбогдоод байна. Надад тэр адууг хулгай хийх сэдэл зорилго байгаагүй, надад хулгай хийх ч шаардлага байхгүй манайх амьдралын баталгаатай олон тооны малтай. Миний энэ 1 тооны адууг таниагүй нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгаж хэрэгт оруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж миний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо ... Гэм буруугийн талаар шүүх дүгнэхдээ: Ц.Б нь 2023 оны 04 сарын 10-11-ний өдрийн хооронд А аймгийн Ө сумын Я багийн нутаг дэвсгэрт байрлах газраас хохирогч Н.Бын 1 тооны хул хонгор зүсмийн шүдлэн байдсыг буюу малыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр захиран зарцуулж гэрч Н.Ад өгсөн үйл баримт тогтоогдсон энэ нь гэмт хэрэг гэж үзжээ. Гэтэл Ц.Б нь тухай адууг миний адуу гэдгийг лавтай буюу эргэлзээгүйгээр мэдээгүй. Өөрийн адуунд байсан Н.Агийн байдас гэж ойлгоод Ад утсаар хэлж танай байдас байгаа ирж ав гэж хэлсэн. А ирж авахдаа им тамгыг үзэлгүй өөрийнхийгөө гэж итгээд авч явсан. Ингэж авч явахдаа өөрийн эрүүл мэндийн байдал муу байгааг тайлбарлаад хүнд юм өргөж чадахгүй шалтгаанаа хэлж өргөлцүүлж машинд ачсанаас биш хулгайн зорилго сэдэл агуулж зориудаар бусдад ачуулсан үйлдэл байхгүй. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдэх боломжтой байхад эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэлээ гэж гомдон хэргийг хянуулж Ц.Бын үйлдлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна ... гэжээ.  

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны болсон гэж үзэж байна. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Ц.Б зүйчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэрэг дотор Ц.Бын хулгай хийснийг нотолсон зүйл байхгүй. Н.Аын адуу гэж ойлгоод түүнтэй яриад өгч явуулсан. Н.А тухайн үед бие муу байсан учраас Ц.Б өргөөд тавиад өгсөн. Им тамгыг нүдээр харах боломж байгаагүй. Тухайн адуу нь их муудсан байсан. Хулгайн санаа зорилго байгаагүй. Иймд  хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

Шүүгдэгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Би Н.А утсаар яриад танай адуу үлдсэн байна шүү гээд хэлсэн. Тэгсэн Н.А эхнэртэйгээ ирж үзээд надаар өргүүлээд тавиад аваад явсан. Ө аймгийн Т гэдэг хүн танай адуу гээд хэлэхээр нь Н.Аын адуу гэж бодоод хэлсэн. Тэр үед мал их муу байсан. Тухай үед дөрвөн хөл дээрээ тогтохгүй их муу адуу байсан. Би орхиод явсан бол тэр орой үхэх байсан ... гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

               Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрийн хооронд А аймгийн Ө сумын Я багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Бын 1 тооны хул хонгор зүсмийн шүдлэн адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч  Н.Бын ... 2023 оны 04 дүгээр сарын 10-дын үеэр манай адуунаас 1 тооны хул хонгор зүсмийн шүдлэн байдас хулгайд алдагдсан. Тэгээд би өөрийн адууг хайгаад олдохгүй байсан чинь Ө аймгаас отор хийж яваа Тогтох гэж дууддаг залуу танай хул хонгор байдастай адилхан байдсийг Ц.Б манайх гээд аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би Ц.Бтай очиж уулзаад асуухад тэр байдас чинь Н.Аын байдас байсан юм гэсэн. Тэгэхээр нь би Аынд очоод үзэхэд манай хулгайд алдсан байдас мөн байсан. Тэгээд би А гэх хүнээс энэ хул хонгор зүсмийн байдсыг танайд хэн авчирч өгсөн гэж асуухад энийг Ц.Б надад танай байдас гэж хэлээд өгсөн гэсэн. Тэгээд би гэртээ ирчихээд А аймгийн төв яваад ирэхэд манай хул хонгор байдсыг гэрийн гадна авч ирээд орхисон байсан. Тэгээд нөгөө байдас нь гэрийн гадна байж байгаад үхсэн. Тэгээд би Ц.Б гэх хүнтэй уулзах гэсэн боловч надаас зугтаагаад уулзахгүй байгаа ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Цын ... Ц.Б гэх хүнийг манай адуунаас аваад явсан сураг гараад манай нөхөр очиж уулзахад би аваагүй гээд байсан. Тэгээд Н.А гэх хүнд өгсөн гэхээр нь манай нөхөр очиж үзэхэд манай хулгайд алдсан байдас мөн байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч С.Бын ... 2023 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр манай хажуу талд хул хонгор зүсмийн байдас байсан. Тэгээд байж байхад Ц.Б гэх хүн ирээд энд им тамгагүй хул хонгор зүсмийн байдас байна гэсэн чинь энэ манайх байгаа юм гэсэн. Хоёулаа ачаадахъя гэж хэлсэн тэгээд очиж ачилцаагүй яг яаж авч явсныг нь би мэдээгүй. Тэгээд сүүлд нь Н.Б ах манай хул хонгор зүсмийн байдас харагдахгүй байна хараагүй биз гэж сурсан. Тэгэхээр нь би урд хул хонгор зүсмийн байдас байсан Ц.Б ах манайх мөн гээд байсан гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Н.Ан ... Манай нэг гүү Ц.Б гэх хүний адуунд унагатай гүү 2 жил шахуу болсон. Уг гүүний унага охин хул унага байсан. Тэгээд саяхан 2023 оны 04-р сард Ц.Б гэх хүн над руу яриад танай хул хонгор зүсмийн шүдлэн байдас Я багийн худгийн толгой гэх газар унасан байсан. Ц.Бтай хамт яваад нөгөө хул хонгор зүсмийн байдсаа өөрийн портер маркийн авто машинаар ачаад ирсэн. Тэгээд гэрийн гадаа 10 гаран хоног тэжээл өгөөд бага зэрэг сэргээд ирсэн. Тэгээд нэг өдөр манай хамаатан Н.Б гэх залуу ирээд манай хул хонгор зүсмийн шүдлэн байдас олдохгүй байна танай гадаа байна гэхээр нь би уг адууг үзүүлтэл манай адуу мөн байсан гэсэн. Би Ц.Бд авчирсан байдас нь Н.Б гэх хүнийх юм байна. Манай байдас танай адуунд байна уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд хүн явуулаад Ц.Бын адуунд үзүүлэхэд манай байдас байсан … гэсэн мэдүүлэг, гэрч Н.Ан дахин өгсөн … Ц.Баас миний байдас танай адуунд байна уу энэ авч ирсэн байдас чинь Н.Бын байдас байна гэж хэлэхэд Ц.Б надад чиний байдас байхгүй байна би адуундаа үзээд ирлээ гэж утсаар 2 удаа хэлсэн. Мөн сумын төвд ирээд биеэр таараад уулзахад байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь байгаадаа гэсэн чинь тэгвэл байгаа байхаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийн биеэр очиж үзсэн. Адуунд очоод үзэхэд миний хул хонгор зүсмийн байдас өөрийнхөө ээжийг дагаад явж байсан. Тэгээд унага байхад нь харж байсан болохоор би таньсан ... гэсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Быг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.

               

 Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар … Ц.Б нь тухайн адууг хохирогчийн адуу гэдгийг лавтай буюу эргэлзээгүйгээр мэдээгүй. Өөрийн адуунд байсан Н.Агийн байдас гэж ойлгоод Ад утсаар хэлж танай байдас байгаа ирж ав гэж хэлсэн. Хулгайн зорилго сэдэл агуулж зориудаар бусдад ачуулсан үйлдэл байхгүй. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдэх боломжтой байхад эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэлээ. Ц.Бын үйлдлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна ... гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Бын өмчлөлийн адуунд гэрч Н.Ан гүү, хул хонгор зүсмийн шүдлэн байдас, унага байдаг бөгөөд тухайн цаг хугацаанд дээрх адуунууд сүрэгтээ байсан болох нь гэрч Н.Ан ... Манай нэг гүү Ц.Б гэх хүний адуунд унагатай гүү 2 жил шахуу болсон. Уг гүүний унага охин хул унага байсан. Би Ц.Бд авчирсан байдас нь Н.Б гэх хүнийх юм байна. Манай байдас танай адуунд байна уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд хүн явуулаад Ц.Бын адуунд үзүүлэхэд манай байдас байсан … гэсэн мэдүүлэг, гэрч Н.Ан дахин өгсөн … Ц.Баас миний байдас танай адуунд байна уу энэ авч ирсэн байдас чинь Н.Бын байдас байна гэж хэлэхэд Ц.Б надад чиний байдас байхгүй байна би адуундаа үзээд ирлээ гэж утсаар 2 удаа хэлсэн. Мөн сумын төвд ирээд биеэр таараад уулзахад байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь байгаадаа гэсэн чинь тэгвэл байгаа байхаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийн биеэр очиж үзсэн. Адуунд очоод үзэхэд миний хул хонгор зүсмийн байдас өөрийнхөө ээжийг дагаад явж байсан. Тэгээд унага байхад нь харж байсан болохоор би таньсан ... гэсэн мэдүүлгүүдээр нотлогдсон байна.

 

 Шүүгдэгч Ц.Б нь өөрийн өмчлөлийн адуун сүрэгт байсан гэрчийн эзэмшлийн хул хонгор зүсмийн шүдлэнг шунахайн сэдэлтээр хууль ёсны эзэмшигч болох гэрч Н.Ад өгөхгүйгээр өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах зорилгоор хохирогч Н.Бын эзэмшлийн адууг гэрчид өгч өөртөө эдийн ашигтай байдлыг бий болгосон болох нь тогтоогджээ.

 

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б нь өөрийн эзэмшлийн адуун сүрэгт буй гэрч Н.Ан шүдлэн адууг байхгүй мэтээр эзэмшигчид ойлгуулж, бусдын адуу гэдгийг мэдсээр байж шунахайн сэдэлтээр Н.Аг адуугаа танихгүйг нь далимдуулан хохирогчийн эзэмшлийн адууг гэрч Н.Ад өгч, улмаар өөртөө Н.Ан шүдлэн адууг авч үлдэж ашиг олох зорилготой уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

  

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Ч.БАЯРЦЭНГЭЛ