| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/00835/И |
| Дугаар | 192/ШШ2025/08794 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/08794
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******** дүүрэг, ********* дугаар хороо, ********** 36 гудамж, ****** тоот хаягт оршин суух, ****** ургийн овогт ***** Г- /РД:************/,
Хариуцагч: ********* дүүрэг, ******** дугаар хороо, ********* байр, ******* тоот хаягт оршин суух, ********* ****** ургийн овогт ********* О- /РД: *************/,
Нэхэмжлэлийн шаардлага: 282,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А,
Хариуцагч Я.О-,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, Ц.Б,
Гэрч С.Б,
Гэрч М.Д,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.Г- нь хариуцагч Я.О-өд холбогдуулан 282,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Я.О- нь 2019 оны 12 дугаар сарын 10-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу адууны мах гаргаж өгнө гэж тохиролцож нийт 340,000,000 төгрөгийг өөрийн хаан банк дахь 5046242511 тоот данс руугаа авсан байдаг. Харин Я.О-тэй хамт мах гаргадаг гэх Баярсайхан нь 50,000,000 төгрөгийг авсан. Ингээд нийт Я.О-тэй хэлэлцээ хийж мах гаргуулахаар 390,000,000 төгрөгийг миний зүгээс Я.О-өөр мах гаргуулахаар өгсөн. Гэвч хэлж тохирсоны дагуу адууны махыг гаргаж өгөөгүй бөгөөд сүүлд цагдаагийн байгууллагад хандахад Баярсайхан 50,000,000 төгрөг, Я.О- нь 45,000,000 төгрөг, сүүлд нэмж 12,100,000 төгрөгийг буцаан өгсөн ч өнөөдрийг хүртэл үлдэгдэл 282,900,000 төгрөгийг өгөөгүй байна. Иймд хуулийн дагуу тохиролцсон үүргээ биелүүлээгүй Я.О-өөс үлдсэн төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: нэхэмжлэгч У.Г-, хариуцагч Я.О- нар 340 сая төгрөгтэй холбоотой асуудал эхлэх тухайн цаг хугацаанд 2 биетэйгээ уулзаж байгаагүй, 2 биеэ танихгүй байсан. У.Г-ын зүгээс Я-ийн О-ийн Хаан банкны тоот данс руу 340 сая төгрөг шилжиж орсон. Мөнгө орсон цаг хугацааг болон мөнгийг данс руу шилжүүлэх болсон шалтгааныг тооцохоор энэ нь гэрчээр дуудаад олдоогүй Г.Г- гэдэг хүнтэй холбогдолтой байдаг. Г.Г- авсан мөнгөө өгсөн гэж нэхэмжлэгч ярьж байна. Тэгэхээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь дээрх мөнгийг Я.О- аваагүй. Я.О- У.Г-од махны зөвшөөрөл гаргаж өгнө гэж хэлээгүй. Тухайн цаг хугацаанд Я.О-, У.Г- нар 2 биеийгээ огт таньдаггүй байсан. Тийм учраас дээрх шалтгаанаар Я.О- нь хариуцагч биш юм гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлыг ярьдаг. Гэтэл хэргийн материалд авагдсан байгаа баримтууд, эрүүгийн журмаар шалгасан гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч нарын өгсөн мэдүүлгээр тухайн мөнгийг хэн захиран зарцуулсан бэ гэдэг маш ойлгомжтой тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл, эрүүгийн журмаар шалгагдсан бол Я.О- гэдэг хүний дансаар шилжүүлж аваад захиран зарцуулсан, мах гаргана гээд зарцуулсан Г.Г- гэдэг хүн, У.М-гэдэг хүн магадгүй ял авах байсан байх. Гэтэл У.Г- гэдэг хүнд эрүүгийн журмаар шалгуулах сонирхол байгаагүй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхэд хуульд заасан урьдчилсан нөхцөл хангах шаардлагатай, үүрэг хүлээгээгүй байх ёстой. Энэ мөнгөний зориулалт нь мах гаргах гэж Я.О-ийн дансаар Г.Г- руу хийсэн мөнгө гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Хэргийн материалын 52 дугаар талд авагдсан 2019 оны 12 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ байдаг. Энэ нь Баатар овогтой Г-, Д овогтой М-нарын хийж хэрэгжүүлэх гэж байсан зээлийн гэрээ байдаг. Энэ мөнгийг М-давтамжтай зарцуулаад байдаг. М-бичиг баримт бүрдүүлээд Баярсайхантай харьцаад байдаг. Баярсайхан эргээд У.Г- гэдэг хүнтэй харилцаатай, үүнд Я.О-ийн ямар ч оролцоо байхгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар шүүх, шүүх бүрэлдэхүүн хамтран хариуцагчаар Г-ийг татан оролцуулж өгнө үү. Өнөөдөр Г- гэдэг хүнийг гэрчээр авчрах гээд үнэхээр чадсангүй. Өнөөдөр энэ хэдэн төгрөгийг нь Г- аваад зарцуулсан, яасан бэ гэдэг асуудлыг Г-ийг өөрийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Зөвхөн одоо О-ийн данс руу 340 сая төгрөг орсон гэдгээр түүнийг буруутгаж болохгүй. Г-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12 сая 100 мянган төгрөгийг өгсөн тэмдэглэл үйлдсэн мөрдөгчийн тогтоол байгаа. Энэ хэрэгт Г-, М-гэдэг 2 хүн байх шаардлагатай, хэдэн төгрөгийг яаж зарцуулсан гэдэг асуудлыг тогтоож тодруулах шаардлагатай. М-гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлдэг. Мөн сүүлд Д-, Б-ийн гэрчийн мэдүүлгээр тодорхой байдаг. Зөвхөн дансаар нь орсон гэдэг агуулгаар бүх үүрэг хариуцлагыг зөвхөн О-өд оногдуулж байгаа нь өөрөө шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадахгүй гэж үзэж байна. Я.О- нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн хариуцлагагүй, нэхэмжлэгчээс мөнгө шилжүүлэх үед нэхэмжлэгчийг огт таньдаггүй байсан. Я.О-ийн Хаан банкны тоот дансаар, нөхөр Г-, мөн нөхөр М-нар мөнгө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлджээ гэж 2020 оны 3 сарын 27-ны өдөр эрүүгийн 2010002490301 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэгдэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсэн баримт нь хэрэгт авагдсан гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /1хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх 2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /1хх 3/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 4/, итгэмжлэл /1хх 5, 10, 287/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1265 дугаар тогтоол /1хх 6-7/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх 112-113/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /1хх 20/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Хариу мэдэгдэх хуудас /1хх 37/, Я.О-ийн Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 38-41/, М.Д-гийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 42-45/, Я.О-, Б.Г-ийн Гэрч /хохирогч/ нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 46-47, 49-51/, Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /1хх 48/, Зээлийн гэрээ /1хх 52-53/, Үндэсний бизнес, үйлдвэрлэл эрхлэгч залуучуудын холбооны тодорхойлолт /1хх 54/, Тодорхойлолт /1хх 55/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 56, 65-67/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /1хх 57/, Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 58/, Зураг /1хх 59-63/, Бичиг баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 64/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх 68-70, 72-74/, Мөрдөгчийн санал Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай /1хх 71/, Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын Хэргийн харъяаллыг өөрчлөн тогтоох тухай тогтоол /1хх 75-76/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 1/2500 тоот албан бичиг /1хх 77/, Нийслэлийн Прокурорын газрын 1/2891 тоот албан бичиг /1хх 78/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /1хх 79-81/, Тодорхойлолт /1хх 82, 83/, Б.Дашдаваагийн нас барсны гэрчилгээ /1хх 84/, Эмнэлгийн магадлагаа /1хх 85/, Э.Баярсайханы системийн мэдээлэл /1хх 86/, Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 87/, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 26к 1-2/107 тоот албан бичиг /1хх 88/, Мөрдөгчийн санал Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай /1хх 89/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын Нэмэлт хэрэг бүртгэлт явуулах тухай тогтоол /1хх 90/, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 28к 1-2/6756 тоот албан бичиг /1хх 91/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/АБ2022/04720 тоот албан бичиг /1хх 92/, Мөрдөгчийн санал Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай /1хх 93/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /1хх 94-95/, Прокурорын шийдвэр мэдэгдэх хуудас /1хх 96/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Хариу мэдэгдэх хуудас /1хх 97/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын Хүсэлтийг бүрэн хангах тухай тогтоол /1хх 98/, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор Анхцэцэг танаа хүсэлт гаргах нь /1хх 99/, Ажлын байр түрээслүүлэх гэрээ /1хх 169-174/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Хорих ял эдлүүлэх албаны 02-05/2561 тоот албан бичиг /2хх 7/, Я.О-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 20-22, 53-68/,
5. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 1/2253 тоот албан бичиг, хавсралт /1хх 129-155/, Нийслэлийн Прокурорын газрын 1/5976 тоот албан бичиг /1хх 188/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 1/4793 тоот албан бичиг /1хх 193/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 776 тоот албан бичиг /1хх 196/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 234 тоот албан бичиг /1хх 200/, Д.Мөнхбатаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх 80/, Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Chen Bin /Чен бин/-ээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх 91-92/,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч У.Г-ын нэхэмжлэлээс 232,900,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 50,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Хариуцагчийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу адууны мах гаргаж өгнө гэж тохиролцож нийт 340,000,000 төгрөг авсан гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд: Дээрх мөнгө миний дансанд орсон боловч мөнгийг Г-ийн хэлснээр шилжүүлж байсан, би захиран зарцуулаагүй гэж, хамтран хариуцагчаар Г.Г-ийг оролцуулах шаардлагатай гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Хэрэгт нэхэмжлэгч У.Г-ын Хаан банк дахь 5032333232 тоот дансны хуулгаас үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 340,000,000 төгрөгийг махны үнэ гэх гүйлгээний утгаар хариуцагч Я.О-ийн 5046242511 тоот данс руу шилжүүлсэн байна.
4.2.Хариуцагч Я.О- нь нэхэмжлэгчээс 340,000,000 төгрөгийг бэлэн бусаар хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд харин хариуцагч нь хүлээн авсан мөнгийг өөрөө захиран зарцуулаагүй, Г.Г- гэх хүний хэлснээр шилжүүлж байсан гэж маргаж байна.
Зохигчдын хооронд аливаа нэгэн хэлцэл бичгээр болон амаар хийгдсэн баримтгүй байхад тэдний хооронд иргэний эрх зүйн харилцаа буюу үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй байна.
4.3.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.
Нөгөө талаар Я.О- нь дээрх мөнгийг Г.Г- гэх хүний хэлснээр шилжүүлж байсан гэх баримтгүй бөгөөд нэгэнт хүлээн авсан мөнгийг яаж зарцуулах нь нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй байна.
4.4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 282,900,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ хариуцагч Я.О-өөс 45,000,000 төгрөг, 12,100,000 төгрөгийг тус тус буцаан өгсөн гэж тодорхойлж байна.
Хавтаст 1 дэх хэргийн 139 дүгээр талд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр У.Г-оос гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл авагдсан байна. Гэрчийн мэдүүлэгт нэхэмжлэгч У.Г-оос ...надад О-, Г- хоёр авсан ланд 200 машинаа 123 сая төгрөгөөр зарсан гээд надад 95,000,000 төгрөг буцааж өгсөн байгаа гэх мэдүүлэг өгсөн байна. Нэхэмжлэгчээс дээрх гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн тайлбар гаргаагүй учир гэрчийн мэдүүлгийг үндэслэн шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болох 282,900,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг хасах нь зүйтэй гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Я.О-өөс 232,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
5.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,572,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.О-өөс 1,322,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Г-од олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Я.О-өөс 232,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Г-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,572,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Я.О-өөс улсын тэмдэгтийн хураамжид 1,322,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Г-од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН