Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/23

 

2025/ДШМ/23

 

 

        

Л.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Тулга

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : П.Н

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч : М.А  

Шүүгдэгчийн өмгөөлөгч : Г.Э

            Нарийн бичгийн дарга:  Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.Тт холбогдох 2412000000218 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

          

 Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Х сумын Х багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Х овогт Лийн Т /РД:0000000/

Шүүгдэгч Л.Т нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Х сумын Ө багийн нутаг дэвсгэрт Г.Б болон бусад хүмүүстэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба улмаар Г.Бтай “чи миний өмнөөс тушаал гаргадаг хэн бэ” гэх ялимгүй зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, түүний зүүн шанаа тус газарт гараараа нэг удаа цохиж, газарт унахад нь нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж амь насыг нь хохироож, алах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Л.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

             А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Х овогт Лийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тт оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тын баривчлагдсан, цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Шүүгдэгчээс нийт  100,980,042 /нэг зуун сая есөн зуун наян мянга дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэснээс шүүгдэгч шүүх хуралдааны явцад 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Таас  98,980,042 /ерэн найман сая есөн зуун наян мянга дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А аймгийн Х сумын Ө багийн Ургах наран хороололд оршин суух М овогт Пын Н /РД:000000/-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 5,518,900 /таван сая таван зуун арван найман мянга есөн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н давж заалдах гомдолдоо ... Л.Т нь 2024 оны 09 сарын 12-ны өдөр миний нөхөр Г.Быг ялимгүй зүйлээр шалтаглан нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж газар унахад нь нүүрэн тус газар нь хөлөөрөө дахин өшиглөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн. Шүүх түүнд 8 жилийн хорих ял оногдуулсан нь хэтэрхий хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Л.Т нь хийсэн хэрэгтээ гэмшихгүй хохирол төлбөр төлөхгүй байна. Би 8-аас 9-н насны хоёр хүүхэдтэй өнчин үлдсэн. Хүүхдүүд аавыгаа нэхэж бэтгэрч өвчин ороож байнга сэтгэл санааны хямралтай өдөр хоног өнгөрөөж байна. Миний бие маш их гомдолтой байгаа тул тухайн зүйлийн дээд хэмжээгээр нь хорих ял оногдуулахаар гомдол гаргаж байна. Шүүхийн 48 тоот шийтгэх тогтоол 2025 оны 03 сарын 18-ны өдөр 15 цагт Х сумын шууданч Ө.Бд ирснийг2025 оны 03 сарын 26-ны өдрийн 14 цаг 47 минутад миний бие хүлээн авч энэ гомдлыг гаргаж байна. Өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцоно. Шуудангаас хүлээн авсан бичиг баримтын дугтуй болон хүлээн авсан хүснэгт зэргийг хуулбарлан авч гомдолд хавсаргав ... гэжээ.  

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд ял багадсан гэж гомдол гаргасан. Хохирол төлбөр төлөөгүй гэдэг дээр анхан шатны шүүх хурал дээр 15.000.000 төгрөг төлсөн байдаг. Өшөө хохирол төлнө гэж хэлдэг. Ял шийтгэлийн хувьд тохирсон ял гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

 

Хохирогч П.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Ял шийтгэл нь маш бага байгаа. Хохирол төлбөр барагдуулаагүй. Миний нөхөр гэр орноо аваад явдаг байсан. Одоо хүүхдүүд аавыгаа нэхээд хэцүү байна ... гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч М.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Миний үйлчлүүлэгч 8-9 насны хоёр хүүхэдтэйгээ үлдсэн. Талийгаач аав, ээжийгээ  болон гэр орноо авч явдаг хүн байсан. Сэтгэл санаа маш хэцүү байна. Хохирол төлбөрөө барагдуулбал 1 өрөө орон сууцны урьдчилгаа хийвэл зүгээр байна. Бага насны хүүхэдтэй болохоор ханиад шуухнаа хүрээд хэцүү байгаа. Гэр хороололд байдаг болохоор ус, түлээ бэлдэхээс авхуулаад ганц бие эмэгтэй хүнд маш хэцүү байна. Анхан шатны шүүхийн тогтоолыг 03 сарын 18-нд Х сумын шууданчаас авсан. Тухай үед хүүхдийн толгой дээр юм гараад хагалгаанд орж эмчлүүлж байгаад ирсэн. Иймд би хохирогчийн гомдлыг дэмжиж байна ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Миний өмгөөлүүлэгч бодит хохирлоо төлсөн. Сэтгэл санааны хохирлыг төлөх гээд бүх юм аа зарсан. Зарсан юмыг нь авсан хүмүүс байгаад байдаг мөнгөө авч чадахгүй өөрөө цагдан хоригдсон.  Хорих ангид очоод 14 хоног гадагш холбоо бариулдаггүй юм байна. Хохирол төлбөр дээр санаа зовох зүйлгүй. Шүүгдэгч ядаж хохирогчид 2 өрөө байр аваад өгий гэсэн зорилго байдаг юм. Шүүгдэгчийг ял нэмэх тусам хохирол барагдуулах ажил удааширна. Шүүгдэгч бол аль болох хохирол барагдуулъя болж өгвөл үлдсэн хүмүүст нь байр авч өгөөд ажил амьдралыг нь жигдлээд өгий гэдэг хүн. Тухайн өдөр гай болсон болохоос тэр хоёр хувьд харьцаа хандлага гайгүй байсан байдаг. Үүндээ маш их харамсдаг болохоор хохирогч нарт аль болох туслахыг хичээдэг. Шүүгдэгч хэнээс хэдэн төгрөг авахаа анхан шатны шүүх хурал дээр хэлсэн. Үйлдсэн хэргийн тал дээр ял тохирсон байдаг. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд  ял нь тохирсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж өгнө үү ... гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Л.Т нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Х сумын Ө багийн нутаг дэвсгэрт, Г.Б болон бусад хүмүүстэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба улмаар Г.Бтай “чи миний өмнөөс тушаал гаргадаг хэн бэ” гэх ялимгүй зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, түүний зүүн шанаа тус газарт гараараа нэг удаа цохиж, газарт унахад нь нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нын ... Би яг нарийвчлан гаргасан зүйл байхгүй. Ойролцоогоор 12 гаруй сая төгрөгийн зардал гарсан байх гэж бодож байна. Гэхдээ тэр бүх баримт нь байгаа. Мөн сэтгэл санааны хохирлыг тэд, эд гэж хэлж, үнэлж чадахгүй байна. Баримтуудыг шүүхийн шатанд гаргаж өгнө ... гэсэн мэдүүлэг, гэрч О.Цийн ... Тэгэхэд Т нь Бын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохих шиг болсон. Тэгсэн Б газар ухаан алдаж унасан. Ухаан алдаж унаад босохгүй болохоор нь шууд эмнэлэг рүү машинаар авч очсон. Би Тын хамт хэргийн газар үлдсэн. Сүүлд сонсох нь ээ Б нас барсан талаар дуулсан ... гэсэн мэдүүлэг, гэрч М.Бын ... Тэгтэл Т Г.Быг цохичихлоо гээд шуугилдаад унасан. Тэгээд бид хэд яваад очих үед Г.Б дээшээ харчихсан хэвтэж байсан. Яг тэр үед нь бид нар очоод хамар аман дээр нь дараад яасан ийсэн болоход гайгүй амьсгаатай байсан. Тэгээд бид нар нэг л болохоо байсан бололтой гээд эмнэлэг рүү дуудлага өгсөн ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Сын ... Тэгээд гал тойроод сууж байсан. Бид нарын хажууд ирснээ О буюу Т тэр залууг чих рүү нь цохиж, арагшаа саваад унахаар нь нүүр рүү нь хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Т нь тэр Б гэх хүнийг гараараа зүүн талынх нь шанаа, эсхүл чих хавьцаа нь цохиод л савж унасан ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ж ... Тэнд байсан залуусаас Б /амь хохирогч/ Б гэх залууд хандан ахын дүү одоо яв, ажлаа бод гэтэл Т гэх залуу чи миний өмнөөс тушаал гаргадаг хэн бэ, хоёулаа уулзъя гэж дуудаад л цохичихсон. Би бол тухайн үед цохисныг нь өөрийн нүдээр огт хараагүй. Хүмүүс бужигнаад л эхэлсэн тийм зүйл болчихсон байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч М.Цын ... Т гэх залуу чи миний өмнөөс тушаал гаргадаг хэн бэ гээд маргалдаад байсан. Удалгүй хоёулаа уулзъя гэж дуудаад л цохичихсон. Ухаан алдаад унасан хойно нь нүүрнийх нь шанаа хавьцаа өшиглөж байхыг нь харсан ... гэсэн, гэрч Б.Бгийн ... Б Т нар нь маргалдах болсон шалтгааныг сайн мэдэхгүй байна. Гэнэт хоорондоо хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Амь хохирогч Г.Б намайг нэг цохь гэж Тт хандаж хэлэх үед Т амь хохирогчийг баруун гараараа нүүр хэрэг рүү нь цохисон ба тэр үед амь хохирогч гэнэт тонгорог гаргаж ирсэн ба Т Б гэх хүний “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн ачаан дээр байсан 4 ширхэг өвс хамах зориулалт бүхий сэрээнээс нэгийг авч өөдөөс нь биеэ хамгаалж зогссон ба тэр үед тэр хоёрыг бид нар очиж салгах үед амь хохирогчийн зүүн шанаа хэсэг нь цус мэт улаан зүйл урссан байсан ба сэрээ болон хутга зэргийг хурааж авч холдуулсан юм. Тэгээд тэр хоёр салснаас хойш эвлэрч хэсэг босоогоороо юм ярьж байснаа Т амь хохирогчийн зүүн шанаа хэсэг рүү нь цохисон ба тэр үед амь хохирогч нь газарт унасан үед нь хөлөөрөө шанаа хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд дахиж сэрээгүй, ухаан алдсан байдалтай сумын эрүүл мэндийн төвд Галаа, Б нар хүргэж ирсэн ба би араас нь ирж эмнэлэг орж Бын биеийн байдлыг эмч нараас асуухад зүрхний пулс уначихсан байна гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Бгийн ... Амь хохирогч Г.Б нь анх Эрүүл мэндийн төвд ирж үзүүлэх үед ухаангүй, зүрхний пулс унасан байдалтай, толгойдоо хүнд гэмтэл авсан байна гэж би дүгнэсэн ба нас барсан байна гэж би харсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Л.Ггийн ... 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би өөрийн найз Ц, Л нарын хамт Цын гэрт өвсний хадуурын эр эрлэж байх үед миний гар утас руу Т нь залгаж Х сумын Ө баг болох сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн талд байх гандангийн хажуу талд байна, миний машин асахгүй байна, хүрээд ир гэхээр нь би ганцаараа явж очтол Т амь хохирогч Б, Б, Б, Ц, Б, Ц гэх залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай замын хажууд сууж байсан. Би тухайн үед өдрийн 15 цагийн үе байсан гэж би бодож байна. Тэнд байсан залуучууд бүгд пиво уусан байсан ба тэгээд таныг дуудлаа гэж Т надад хэлсэн ба надтай цуг байсан Ц болон Л нарыг би хүрээд ир, пиво уу гэж хэлсэн ба удалгүй тэр хоёр ирсэн бөгөөд тэнд байсан залуучуудын хамт пиво хэрэглэж суусан. Тухайн үед Б гэх залуу гэр рүү явъя гэтэл Т Б гэх хүнд хандаж та байж бай, пиво уугаад сууж бай гэж хэлтэл Б нь одоо яв гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж Бын нүүр хэсэг рүү нь Т нэг цохисон. Тэгээд байж байтал Б халааснаасаа хутга гаргаж ирээд Т руу дайрсан ба тэр үед Т ачааны машин руу гүйж очиж ачаан дээр нь байсан өвсний сэрээ авч биеэ хамгаалж өөдөөс нь чичилж байсан. Тэгээд бид нар очиж тэр хоёрын барьсан сэрээ болон хутгыг нь хурааж аваад байж байтал тэр хоёр өөр өөрсдийн машин машиндаа суугаад байж байтал Б нь хоёулаа индүүцэлдбэл индүүцэлдий гэж хэлэхээр нь бид нар тэр хоёрыг машинаас буулгаж салгатал Б болон Т нар нь хоорондоо хүнээс зайдуу очиж байгаад зодолдъё гэж хэлээд тэр хоёр явах гэтэл бид нар явуулаагүй байж байтал Т өөрийгөө ялагдсан болог, больё гэж хэлтэл Б нь Тт хандаж хоёулаа сайхан үзье, түрүүлж цус гарсан нь ялагдсан гэж тооцно  гэж хэлээд гар бариад тэр хоёр доош өрөлт авч зодолдох үед Т шанаа хэсэг рүү нь цохисон. Тэгтэл Б нь хойш суух маягаар унасан. Тэгээд тэнд байсан хүмүүс очиж биеийг нь асуутал ухаангүй байсан. Тэгээд Ц гэх залуугаар түргэн дуудуулахаар сум руу явуулсан ба бид нар араас нь Б гэх хүнийг машинтай Эрүүл мэндийн төв рүү авч явсан ... гэсэн, гэрч Ц.Бын ... Зайнд гараад нөгөө хоёр зодолдох болоод Т түрүүлээд амь хохирогчийг цохисон. Тэгсэн чинь амь хохирогч ухаан алдаж унасан. Ухаан алдаж унаад ахиж сэрээгүй ... гэсэн мэдүүлэг, Л.Тын сэжигтэн, яллагдагчаар өгсөн ... Амь хохирогч намайг зүүн гараараа цохих үед зүүн гараараа хамгаалаад баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү цохисон. Тэгэхэд амь хохирогч газар унасан. Газар унахаар нь баруун хөлөөрөө өшиглөсөн бөгөөд яг аль хэсэг рүү нь өшиглөснийг санахгүй байна. Газар унаад босохгүй болохоор нь яваад очиход ухаангүй юм шиг байсан. Тэр үед А амь хохирогчийн хамрын доод хэсэгт гараараа дараад байсан. Тэгэхээр нь би цээжин дээр нь хэсэг дээр хиймэл амьсгаа хийсэн. Тэгэхэд Б хамаагүй хөдөлгөж болохгүй байх гэхээр нь би өөрөө эмнэлэг дуудъя гэсэн. ...Эмнэлэг дээр очсоны дараа надтай хамт байсан хүмүүсийн нэг рүү эмнэлэг явсан хүмүүсийн нэг гар утсаар ярихад пулс нь 55 байна гэж хэлсэн. Тэнд үлдсэн хүмүүс болон бид нар Х ууланд залбиръя, гайгүй байлгүй гэж залбирцгаасан. Ингээд байж байхад амь хохирогчийн пулс нь өсөж байна, 61 болчихлоо гэсэн. Үүний дараа хэсэг хугацааны дараа амь хохирогчийг нас барчихлаа гэж хэлсэн. ...Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа. Зүйлчлэл болон бусад зүйл дээр ямар нэгэн маргаан байхгүй ... гэсэн мэдүүлэг, А аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвийн “Яаралтай тусламжийн хуудас”, А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 104 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 1 дугаартай, нэмэлт шинжилгээний дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тыг 8  жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.

 

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н нь хэрэгт 27.776.580 төгрөгийн оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийг нэхэмжилсэн боловч хэрэгт баримтаар 27.498.942 төгрөгийн баримт авагдсан бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан 21.980.042 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгчийн хохиролд төлсөн 20.000.000 төгрөгийг хасаж, 1.980.042 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй, юу авсан нь тодорхойгүй “ Х” гүйлгээний баримт бүхий “Б” баримтууд, “Х” ХХК гүйлгээний баримт бүхий “материалын үнэ” баримтууд зэрэг 5.518.900 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

                             

Мөн гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож гаргуулахаар, шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нд 2.000.000 төгрөгийг төлснийг хасаж, шүүгдэгчээс 98.980.042 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нд олгож тус тус шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

                 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н ... Шүүх түүнд 8 жилийн хорих ял оногдуулсан нь хэтэрхий хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Л.Т нь хийсэн хэрэгтээ гэмшихгүй хохирол төлбөр төлөхгүй байна. Миний бие маш их гомдолтой байгаа тул тухайн зүйлийн дээд хэмжээгээр нь хорих ял оногдуулахаар гомдол гаргаж байна ... гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хэмжээний дотор ял оногдуулсан, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан ялыг хөнгөрүүлээгүй, хасаж ял оногдуулаагүй байна.

 

Мөн шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд түүнээс гарсан зардлыг төлсөн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролыг төлөхөө илэрхийлсэн энэ талаараа үндэслэл бүхий тайлбар мэдүүлэг гаргасан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх тул хохирогчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

   Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

              Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Л.Т нь  41 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон 41 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

          

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

              2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Тын цагдан хоригдсон 41 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлБс өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Ч.БАЯРЦЭНГЭЛ