Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/24

 

2025/ДШМ/24

 

 

        

Б.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Тулга  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Эр, В.У, О.Бн, Э.М

Шүүгдэгч: Б.А

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/54 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн  шүүгдэгч Б.Ат холбогдох 2212000000111 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

          

 Монгол улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ө ажилтай, ам бүл 0, нөхрийн хамт А аймгийн Э сумын 7 дугаар баг, Т хорооллын 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г овогт Бын А /РД:0000000000000/

Шүүгдэгч Б.А нь Ж.Дг А аймгийн Б сумын У нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох зорилгоор А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 37, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,

иргэн Дийн Ц А аймгийн Б сумын У нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-ээс 1990 оны 01 дүгээр сар хүртэл саальчнаар ажиллаж байсныг тогтоолгох зорилгоор А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64, 1985 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 87, 1986 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 31, 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,

Ж.Дгийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 37, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхэд гаргаж өгсөн, мөн гэрч Б.Т, Н.Д нарыг Ж.Д, Т нараар ятгуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ж.Дг У нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан, 

Дийн Цийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64, 1985 оны дугаар сарын 09-ний өдрийн 87, 1986 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31, 1987 оны дугаар сарын 25-ны өдрийн 25, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, мөн гэрч Б.Т, Ж.Б нарыг ятгаж, хэлж төөрөгдүүлэн 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Лын Ц гэх хүнтэй хамт ажиллаж байсан талаар нь А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Б.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

  А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/54 дугаартай цагаатгах тогтоолд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Бын Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Аийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2212000000111 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Б.А нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн  өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цагаатгах тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

           

Прокурор эсэргүүцэлдээ ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Прокуророос Б.Ат холбогдох эрүүгийн 2212000000111 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, Эрүүгийн хуулийн зүйл заалт, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэж байна. Анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/54 дугаартай цагаатгах тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт буюу 11 дүгээр хуудаст ...Объект нь: Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг нь давхар объекттой гэмт хэрэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах үйлдлийн улмаас хохирогч, шүүхээр хэрэг маргаанаа хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт, гомдол гаргасан оролцогчдын эрх ашиг, сонирхол байна... гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хэргийн үйл баримттай хамааралгүй, гэмт хэргийн улмаас хөндөгдөж буй нийгмийн харилцаа, эрх ашгийг зөв тодорхойлоогүй. Шүүхэд хуурамч баримт гаргаж өгч байгаа үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байгаагаараа объектын шинжийг хангаж байна. Учир нь дээр дурдагдаж буй шинжүүд нь прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн “нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэсэн үндсэн шинжийг дурдалгүй гээж, хэрэгт хамааралгүй өөр шинж, эрх ашгийн талаар дүгнэсэн, гэмт хэргийн улмаас хөндөгдсөн нийгмийн харилцаа, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг оновчтой зөв тайлбарлаагүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар “Ц”, “Д” гэх нэрээр гарсан архивын баримтуудыг “хуурамч болох”-ыг мэдсээр байж гэх шинжийг хангаагүй буюу эдгээр баримтууд нь Д.Ц, Ж.Д нарын ажиллаж байсан талаарх баримт биш гэдгийг анхнаасаа мэдэж, уг баримтыг ашиглаж үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох гэсэн субьектив санаа зорилго тогтоогдохгүй байна гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн талаар тайлбарлаж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь энэ хэргийн хувьд өөртөө мөнгө санхүүгийн ашиг олох зорилгоор, итгэмжлэлийн үндсэн дээр бусдыг шүүхэд төлөөлж, нотлох баримтын үнэн бодит эсэхийг нягтлах үүрэг хүлээн, шүүхэд нотлох баримтаа гаргаж өгөх эрхийг эдэлсэн төлөөлөгч этгээд байхад түүнийг ямар баримт гаргаж өгч байгаагаа нягтлаагүй, төлөөлж байгаа хүн нь малчнаар ажиллаж байгаагүй нь өөрийнх нь мэдүүлэг, бусад баримтуудаар тодорхой болсон байхад үүнийг мэдээгүй, ямар баримт гаргаж өгч байгаагаа мэдэх боломжгүй байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал тэтгэвэр тогтоолгосон иргэд болох Ж.Д нь “хуурамч баримтыг Б.А өмгөөлөгч гаргаж өгсөн. Хуурамч баримтыг өмгөөлөгч Б.А нь хаанаас авсныг нь мэдэхгүй. Нийгмийн даатгалын санд тушаах ёстой мөнгө төлж байгаа” гэж мэдүүлсэн. Гэрч Д.Ц нь “...Б.А өмгөөлөгч миний өмнөөс шүүх хуралдаанд оролцож, тэтгэвэр тогтоолгосон” гэж мэдүүлсэн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь “ иргэн Ж.Д нь хуурамч баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосноо хүлээн зөвшөөрч, нийгмийн даатгалын санд учруулсан мөнгөө төлж байгаа” гэж мэдүүлсэн. Гэрч Бы” би Б.А өмгөөлөгчийн гуйлтаар шүүх хуралдаанд гэрчээр оролцож байсан" гэж мэдүүлсэн. Гэрч Б.Т нь “Б.А өмгөөлөгч гэрчээр оролцоод өгөөч гэхээр шүүх хуралдаанд оролцсон” гэж тус тус мэдүүлсэн. Ажилласан жилийг тогтоох шүүх хуралдаанд гаргаж өгсөн хуурамч баримтуудыг тэтгэвэр тогтоолгосон иргэд олж авч, өмгөөлөгч Б.Ат өгөөгүй гэдгийг илэрхийлсэн, нүүрэлдүүлэн мэдүүлэг өгсөн байна. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаараа дүгнэлт хийгээгүй байна. Шүүхийн дүгнэлтэд нөлөөлөх онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэх ёстой. Гэтэл дээрх нотлох баримтуудыг бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж няцаан үгүйсгэж чадаагүй байна. Түүнчлэн Б.Аийн энэхүү гэмт үйлдэлдээ бусдыг татан оролцуулж худал мэдүүлэг өгүүлж, хуульч хүнийхээ хувьд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар, хуулийн эсрэг, бусдад тэтгэвэр тогтоолгох давуу байдал, өөртөө шан харамж олж авч байгаа давуу байдлыг бий болгосон гэж үзнэ. Мөн цагаатгах тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэг буюу 24 дүгээр хуудаст Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлд заасан гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинжээр зүйлчилсэн нь тодорхойгүй, ... гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй байхад яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болжээ гэсэн нь шүүхийн шийдвэр нэг мөр ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх шинж алдагдсан байна. Хэргийн үйл баримтын болон хууль хэрэглээний талаарх шүүхийн дүгнэлт нь утга, найруулгын хувьд алдаагүй, ойлгомжтой, тодорхой байхаас гадна холбогдох хуулийн зүйл, заалтыг ягштал баримталсан, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийг хуульчлан тогтоосон бөгөөд хуульд тусгайлан зохицуулаагүй асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-аар дэлгэрүүлэн тайлбарлаж журамласан болохыг дурдах нь зүйтэй Хэргийг хэрэгсэхгүй болгож, хүнийг цагаатгасан тохиолдолд хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн байна. Дээрх дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдал”-ыг тогтоох зарчимд нийцэхгүйн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3- т заасан “шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, ...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, ...харилцан зөрүүтэй баримт байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэх үндэслэлүүд хамаарч байх тул А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/54 дугаартай Цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно ... гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Прокурор эсэргүүцлээ дэмжиж оролцож байгаа. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна. н.Ц, н.Д нарын буруугаа хүлээн зөвшөөрөөд Нийгмийн даатгалын санд хохирлыг сайн дураар төлсөн байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Тын мэдүүлгээр нотлогддог. н.Тын мэдүүлсний дагуу малчнаар ажилласан жилийг, ажилласан жилээр тооцдог. Энэ нь хяналт шалгалтаар илрээд, зөрчил байна олгох ёсгүй хүмүүст олгосон байна гээд илрээд, олгогдсон хугацааны мөнгийг н.Д, н.Ц нар төлж барагдуулсан байсан. Иргэний төлөөллийн асуудал яригдаж байна. Төлөөллийг Иргэний хуулийн 67 дугаар зүйлд заасан байдаг. Төлөөлүүлж болно, төлөөлж байгаа хүн шүүх нэхэмжлэл гаргах, шаардлага ихэсгэх, багасгах, шаардлагатай тохиолдолд нэхэмжлэлээ татгалзах эрхүүдийг эдэлж ордог. Энэний гол арга хэрэгсэл нь нотлох баримт гаргаж өгдөг, тэгж байж шүүхээр нэхэмжлэлийн шаардлагаа хангуулдаг. Тэр гаргаж өгсөн нотлох баримт нь хуурамч байна гэдэг нь тогтоогдоод, буцаагаад хохирол төлбөр төлөгдсөн. Харин нотлох баримт гаргаж өгсөн хүн нь хэн бэ гэдэг нь чухал. Гаргаж өгч байгаа хүн нь шүүхийн өмнө үнэн зөвийг хариуцаж гаргаж өгөх ёстой. Үүнийг төлөөлж байгаа хүн хариуцна уу гэхээс цаана нь н.Д, н.Ц нар хариуцахгүй. Энийг бүгд хуульч хүмүүс учраас мэдэж байгаа байх. Субьектив шинж яриад байна. Субьектив шинжийг объектив шинж буюу гэмт санаа илрэн гарч байгаа гадаад хэлбэр, үйл баримт, түүнийг дэмжиж байгаа нотлох баримтуудаар сэргээж шинжлэн тогтоодог. Түүнээс бид Б.А гэдэг хүний толгойд байгаа бодлыг уншиж чадахгүй. Бодит байдал дээр нотлох баримтад суурилж субьектив шинжийг тогтоодог. Мөрдөх байгууллага болон прокурорын байгууллага субьектив шинжийг нотлох баримтад тулгуурлаж гэмт хэргийн шинжтэй байна гэж үзсэн байх. Гаргаж өгсөн баримтыг үндэслээд шүүхийн шийдвэр гарсан. Энэ гарсан шийдвэр нь хуурамч нотлох баримтад суурилсан учраас үндэслэлгүй шийдвэр болсон. Өмгөөлөгч нарын гаргасан санал, тайлбараас үзэхэд хэргийг нотолбол зохих байдлууд ч юм уу шаардлагатай ажиллагаа хийгдээгүй байна гэсэн, мөн нөгөө талдаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж байна. Ийм эрс тэрс байр суурьтай байгаа тохиолдолд заавал дахин хэлэлцэх шаардлага байхгүй. Шалгаж тогтоогүй байна, бүрэн шалгаагүй байна. Тэгвэл дахин хэлэлцээд, гүйцэтгэх ажиллагаагаа нэмж гүйцэтгэх юм уу гэдэг нөхцөл байдал үүсэж байна. Мөн хэт нэг талыг бариад, энэ хүнийг өмгөөлөгч, хуульч хүн гэдэг талаас хараад, хандаад байна гэж яригдаж байна. Нэг талыг бариад шалгаад байгаа зүйл байхгүй байна. Энэ нөхцөл байдлыг хэн үүсгэсэн юм вэ. Энэ нөхцөл байдлыг цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага Б.А өмгөөлөгчийг зүгээр ажлаа хийгээд явж байхад саатуулаад, үндэслэлгүй шалгаад байгаа зүйл байхгүй. Нэгэнт энэ нөхцөл байдал тогтоогдсон, хяналт шалгалтаар зөрчил илэрсэн. Тэр нь гэмт хэргийн шинжтэй байгаа нь хуулийн байгууллагын сонорт хүрсэн учраас мөрдөх байгууллага хүлээж авч шалгах үүрэгтэй. Шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гээд эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурорт гаргасан. Саналыг прокурор н.Амарсанаа үндэслэлтэй байна гээд өөрийн дотоод итгэлээр яллах дүгнэлтээ үйлдсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд баримт хуурамч гэдэг нь нотлогдсон. Хохирол буцаж төлөгдсөн байсан нь тогтоогдсон. Г.Э өмгөөлөгч андуурал болсон, хайхрамжгүй байсан гэж байна. Нэг удаа байсан бол одоо яая гэхэв. Гэтэл 2-ын 2 удаа андуурагдаад яваад байна гэдэг надад үнэмшилтэй санагдахгүй байна. В.У өмгөөлөгчийн хувьд хүнд хандаагүй, эвэртэй туулай үзсэн юм шиг гэдэг нь содон санагдлаа. Өмгөөлөгч гэдгээр нь онцолж шалгаад байна гэсэн, тийм асуудал байхгүй. Өнөөдөр энэ танхимд үнэн байх ёстой, хуульч нарын ёс зүйтэй байдал байх ёстой, энэ танхимаас шударга ёс цоргиж байх ёстой. Жинхэнэ хуулийг хэрэгжүүлэх ёстой, чанга хатуу байх ёстой, ёс зүйтэй байх ёстой хүмүүс гэмт хэргийн шинжтэй үйл баримтыг жүжиг болгож болохгүй байх. Энэ хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэх нь зүйтэй байх. Үнэхээр эргэлзээтэй, шүүгдэгчид ашигтай нөхцөл байдал байх ёстой байтал шалгаагүй орхигдуулсан бол прокурорт буцаагаад дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж болдог. Хэрэв нотлох баримтуудаар Б.А гэдэг хүн буруугүй гэдэг нь тогтоогдох юм бол хуулийн дагуу шударгаар хэрэгсэхгүй болгох ёстой гэж саналтай байна ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Прокурорын дүгнэлтэд гаргаж өгч байгаа баримт нь хуурамч учраас хангалттай гэж байна. Юуны төлөө Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих асуудал байдаг юм гэдгийг анхаарах ёстой. Юу, юуг шалгасан юм, юу, юуг тогтоох ёстой юм, ямар, ямар нотлох баримтын хүрээнд байж ёстой юм. Нотлох баримтыг цуглуулаад, шалгаад эргэлзээгүйгээр нотолсон байх ёстой. Хэрвээ эргэлзээ байвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийднэ гэсэн ойлголт. Давж заалдах шатны шүүхэд мөрдөн байцаалтад буцаах асуудал яригдахгүй. Нотлох баримтыг хангалттай, тал бүрээс нь хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нэг бол шийтгэх тогтоол, нэг бол цагаатгах тогтоол гарч байх ёстой. Анхан шатны шүүх рүү буцаагаад, бүрдэл дутуу байвал мөрдөн байцаалтад буцаах, эсэргүүцэл бол тийм биш. Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд шийдвэрээ гаргасан гэж цагаатгах тогтоолд дурдсан байж байгаа. Хэт нэг талыг барьж шалгасан уу, шалгасан. Энийг хэлэхээс өөр арга байхгүй. Яагаад гэхээр гаргаж байгаа хүсэлтүүд хангаж байгаа юм уу, үндэслэлгүй хангахаас татгалзаад л байсан. Тэгээд хангасан, ажиллагаагаа хийхгүй яллах дүгнэлт үйлдсэн. Дахиад хүсэлт, гомдол гаргасан. Дахиад ажиллагаанууд явсан. Дутуу хийгдсэн, н.Д нүүрэлдэх ажиллагаа одоог хүртэл хийгдээгүй. Ерөөсөө нэг талыг барьж байгаа, цагаатгах талын нотлох баримтыг хараагүй. Анх н.А мөрдөгч шалгаж эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор оролцоогүй. Хэрэгт байхгүй болохоор зарим зүйлийг яримааргүй байна. Шүүхэд шилжиж ирсэн хэргийн хүрээнд, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийднэ. Миний дутуу орхисон зүйлийг О.Б өмгөөлөгч хэлж байсан. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан, хэрэгт байгаа баримтын хүрээнд шүүх шинжлэн судалсан байсан. Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь харж, шинжлэн судалсан, шийдвэрээ гаргасан. Аль нь, юуг нь орхигдуулсныг эсэргүүцэлд тодорхой дурдаагүй, ийм нөхцөл байдалтай байгаа. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий гарсан учир хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авахгүй шийдвэрлэж өгнө үү ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... 2025.02.17-ны 54 тоот цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, нотлох баримтад тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлэлтийг зөв өгч чадсан ийм цагаатгах тогтоол болсон. 2025.03.21-ний өдрийн 12 тоот прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Б.А гэдэг хүн энэ хүмүүсийн нотлох баримт хуурамч байсан байна. Гэмт хэргийн шинжтэй байжээ гэдгийг 3 жилийн дараа, цагдаагаас дуудахад л мэдэж байгаа. Тэр болтол энэ хүн тэдгээр 2 хүнийг 2-лаа Б сумын малчин хүн байна гэж бодоод явж байсан. Тэгэхээр урьдчилж мэдсэн байх боломж огт байхгүй ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Өмгөөллийн тухай хуульд 2019.10.18-ны өдөр шинэчлэн баталсан. Үүнээс өмнөх нөхцөл байдал Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд харьяалагдаж явна. Ямар хууль зүйн үйл ажиллагаа явуулахыг хориглосон нөхцөл байдал тогтоогдсон талаар яллах дүгнэлтэд бүрэн тогтоогдоогүй байдаг. 2021 онд анх шийдвэр гаргахад өгсөн нотлох баримт хуурамч гэдгийг мэдэгдсэн. Үүнээс өмнө тухайн 2 хүн болох н.Д, н.Ц нар нь шүүхийн шийдвэрээ аваад Нийгмийн даатгалд хүсэлтээ гаргаж өгч өндөр настны тэтгэврээ тогтоолгож, 2-3 жилийн хугацаанд авч байсан. Энэ хүнд бүрэн мэдээллээ өгсөн бол шүүхийн шийдвэр гарахад яагаад энэ 2 хүн намайг яагаад малчнаар оруулж байгаа юм бэ, би малчнаар ажиллаж байгаагүй гэдгээ хэлээгүй, тэр нь хяналт шалгалтаар тогтоогдсонд шүүх үнэлэлт дүгнэлтээ өгч байгаа байх. Анхан шатны шүүх хуралдааны үер Эрүүгийн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй учраас хэргийг хойшлуулах нөхцөл байдал гараагүй. Прокурорын шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсан. Ийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... А аймгийн Прокурорын газраас эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан ямар үндэслэл байгаа гэдгийг эсэргүүцэлд дурдаж өгөөгүй. Гэрч н.Дийн мэдүүлэг, гэрч н.Цийн мэдүүлэг гэсэн Б.А гэдэг хүнийг хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэж мэдүүлсэн, шүүх хуралдаанд эдгээр мэдүүлгүүд нь үгүйсгэгдсэн баримтуудыг дурдаад эсэргүүцэл бичээд байгаа үндэслэлгүй гэж харж байна. Б.А өмгөөлөгчийн тухайд яллах дүгнэлт үйлдэж хүргүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Яллах дүгнэлт үйлдэхдээ Б.А гэж хүний буруутай үйлдэл нь нотлогдоогүй, түүнтэй холбогдолгүй буюу нотлогдоогүй үйлдэл дээр оруулж ирсэн. Тухайн А аймгийн Б сумын У нэгдлийн 1983 оны 65, 1985 оны 67, 1986 оны 31, 1987 оны 15, 1989 оны 15 гэсэн эдгээр тогтоолууд бүгд хуурамч гэсэн зүйл байхгүй. Үүнийг Б.А гэдэг хүн архивын газарт хүсэлтээ тавиад архивын газраас гаргаж өгсөн. Түүнээс н.Цэрмаа гэдэг хүний материалыг гаргаад өгчих гэдэг байдлаар гаргуулсан зүйл огт байхгүй. Гэрч н.Т, н.Б, С.Т, н.Д гэх 4 гэрчийг бусдаар болон өөрөө ятгаж шүүхэд худал мэдүүлэг өгүүлсэн гэдгээр буруутгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна гэж яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Шүүх хуралдааны явцад эдгээр гэрчүүдийг оролцуулсан, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тухайн гэрчүүд нь арай өөр байдлаар мэдүүлж байсан. Яг энэ яллах дүгнэлтэд оруулж байгаа тэр мэдүүлгүүд нь шал өөрөөр шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Энэ яллах дүгнэлтэд эргэлзээтэй шийдвэр гаргасан А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.02.17-ны өдрийн 54 дугаартай цагаатгах тогтоол үндэслэлтэй, хууль ёсны гарчээ. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хориглох зүйлийн яг алийг нь зөрчсөн талаар яллах  дүгнэлтэд дурдаж өгөөгүй. Зүгээр гэрчийг ятгах, ятгуулах гэсэн өнгөц байдлаар оруулж ирж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна ... гэв.

 

Шүүгдэгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Би үйлчлүүлэгчийн өгсөн мэдээллийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан. Надад анх мэдээлэл өгөхдөө аль, аль нь өөр газар ажиллаж байсан гэдгээ хэлээгүй. Хэлсэн бол би ийм зүйл хийхгүй. н.Цэрмаагийн хувьд би аймгийн архиваас баримтын гаргаж авч байсан. Эргээд үзэх гэхээр нотлох баримт байхгүй байна. н.Ц малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж орж ирсэн. Гэхдээ би Эд ажиллаж байсан гэж хэлээд байдаг болохоор, би одоо дэвтрээсээ хараад чи тэгж хэлсэн байна гэх зүйлгүй болохоор тухайн үедээ төөрөгдөлд орсон болов уу гэж бодож байгаа. н.Дийн тухайд анхнаасаа өөр газар ажиллаж байснаа хэлээгүй. Малчин байсан гэж өөрөө материалтайгаа ирсэн. Үнэн зөвөөр шийдэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Энэ хэрэгт холбогдсоноос хойш 2021 оноос энэ хооронд үнэхээр хэцүү байна. Нас ч дээр гарлаа, 65 хүрч байна. Үзүүлэх баримттай бол үзүүлмээр байна. Би мэдсэн бол тийм ажил хийхгүй. Ингэж мэдээлэл өгсөн гээд гаргаад үзүүлчих баримт байхгүй болохоор үнэхээр хэцүү байна. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлттэй байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

    А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аийг иргэн Ж.Дг А аймгийн Б сумын У нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох зорилгоор А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 37, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,

иргэн Дийн Ц А аймгийн Б сумын У нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-ээс 1990 оны 01 дүгээр сар хүртэл саальчнаар ажиллаж байсныг тогтоолгох зорилгоор А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64, 1985 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 87, 1986 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 31, 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,

Ж.Дгийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 37, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхэд гаргаж өгсөн, мөн гэрч Б.Т, Н.Д нарыг Ж.Д, Т нараар ятгуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ж.Дг У нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан, 

Дийн Цийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64, 1985 оны дугаар сарын 09-ний өдрийн 87, 1986 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31, 1987 оны дугаар сарын 25-ны өдрийн 25, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, мөн гэрч Б.Т, Ж.Б нарыг ятгаж, хэлж төөрөгдүүлэн 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Лын Ц гэх хүнтэй хамт ажиллаж байсан талаар нь А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэж үзэж, Б.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

  Шүүгдэгч Б.Ат холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Аийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

 

             Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын хэмжээ, шинж чанарын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

 

             Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад гэрч Д.Цгийн ... 2018 оны 08 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Би А аймгийн Э суманд өмгөөлөгч Б.Атэй уулзаж өндөр насны тэтгэвэрт хэрхэн орох талаар зөвлөгөө авсан юм. Тухайн үед Б.А өмгөөлөгч миний бичиг, баримтыг үзсэнээ буцаагаад өгсөн. Тэгснээ тэр үед Б.А өмгөөлөгч намайг тэтгэвэрт орох нас чинь болсон байна гэж хэлсэн. Дараа нь Б.А өмгөөлөгч миний ажилласан жилийг тогтоох тухай шүүх хуралд миний өмнөөс оролцож шүүхийн шийдвэр гаргуулсан байсан.Тэгээд тухайн үед Б.А өмгөөлөгчийн хэлснээр малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байсан. Дээрх шүүхийн шийдвэрт дурдсанчлан би 1982 оны 06 дугаар сараас 1990 оныг хүртэл хугацаанд А аймгийн Б сумын У нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байгаагүй. Энэ талаар худал баримтыг шүүхэд А өмгөөлөгч гаргаж өгсөн байна. Би 1900 онд А аймгийн Ч сумын бүрэн дунд сургуульд 0 дугаар ангиа төгсөөд А аймгийн Э суманд буюу Ц хотод Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн тэжээл бэлтгэлийн механикжуулагчийн ангид орж суралцаад 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төгсөж, Д аймагт У нормчноор очиж ажилласан. Би Б.А өмгөөлөгчид тэтгэвэр хөөцөлдөж өгсний төлөө өмгөөлөгчийн төлбөрт 500.000 төгрөг бэлнээр өгч байсан … гэх мэдүүлэг, гэрч Д.Цгийн дахин өгсөн … Тухайн үед өмгөөлөгч хайж яваад өрөө нь онгорхой байхаар нь орж уулзаад бичиг баримтаа үзүүлээд буцаагаад авсан. Ямар нэгэн бичиг баримт үлдээгээгүй. Тэгээд 2018 оны намар тэтгэвэр чинь болчихсон гэж утсаар ярьж байсан. Би тухайн үед  өмгөөлөгч Б.Ат Дархан -УУл аймагт ургамал, газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнд хөрс аргохимийн лабораторид  нормчноор ажилласан тухайгаа хэлж байсан. Мөн Д аймгийн архивын газраас авсан лавлагаа үзүүлж байсан чинь тоогоогүй буцаагаад надад өгсөн. Энэ бүгдийг өмгөөлөгч Б.А өөрөө зохион байгуулсан. Би А аймгийн Б сумын Улаантуг нэгдэлд саальчнаар ажиллаж байгаагүй учир энэ талаар огт хэлээгүй. Тухайн үед гайхаад ингэж болчихдог юм байхдаа гэж бодоод өнгөрч байсан … гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ц, яллагдагч Б.А нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэгт Ц… Би тухайн үед өмгөөлөгч Б.Ат Д аймгийн Ургамал, газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнд хөрс агрохимийн лабораторид нормчноор ажиллаж байсан тухайгаа хэлж байсан. Би А аймгийн архивын тасгаас ямар ч материал авч А өмгөөлөгчид өгч байгаагүй. Би А аймгийн Б сумын Улаантуг нэгдэлд саальчнаар ажиллаж байгаагүй учир энэ талаар Б.А өмгөөлөгчид огт хэлж байгаагүй. Би тухайн үед Б.А өмгөөлөгчийг хуулийн хүн учраас болдог юм байхдаа л гэж бодсон. Би нийгмийн даатгалд өөрийн биеэр тэтгэвэрт орох өргөдлөө очиж өгөөгүй. Хэн бичиж өгснийг мэдэхгүй байна … гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Дийн … Би 2018 онд санагдаж байна. А аймгийн Б сумаас аймгийн төвд орж ирээд миний таньдаг өмгөөлөгч хийдэг Б.А гэх хүнтэй уулзаж өндөр насны тэтгэвэрт орох гэж байгаа талаараа хэлж зөвлөгөө авсан юм. Тэгээд тэр үед Б.А өмгөөлөгч би таны тэтгэврийг хөөцөлдөөд өгье гэхээр нь би Б.А өмгөөлөгчид итгэмжлэл хийлгэж өгөөд нотариатаар батлуулсан юм. Тэгээд Б.А өмгөөлөгч нь миний тэтгэвэр тогтоолгох тухай материал болон шүүхэд ажилласан жилийг тогтооход бичиг баримтыг бүрдүүлж өгөөд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр санагдаж байна би өмгөөлөгч Б.Аээс А аймгийн Б сумын “У” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан шүүхийн шийдвэрээ аваад Б сумын нийгмийн даатгалын байцаагч Цд материалаа өгөөд малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгож байсан юм. ... Би 1983 онд анх А аймгийн Б суманд А ажилд ороод 1991 оны 12 дугаар сар хүртэл ажиллаад тэгээд А татан буугдаж, Ө нэртэй хоршоо байгуулагдсан бөгөөд уг хоршоонд би 1995 он хүртэл ажиллаж байсан. Гэхдээ тэр үед би ихэнхдээ гэрээрээ оёдол хийдэг байсан юм. Дээрх баримтыг надад Б.А өмгөөлөгч гаргаж өгсөн. Намайг А аймгийн Б сумын “У” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан талаарх худал баримтыг өмгөөлөгч Б.А хаанаас авсныг нь би мэдэхгүй. Би дээрх цаг хугацаанд Б сумын Улаантуг нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байгаагүй, оёдолчноор ажиллаж байсан … гэсэн мэдүүлэг, гэрч Б.Төмөрбаатарын … Би Э сумын харьяат Дийн Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд гэрчээр оролцож байгаагүй. Харин Б сумын харьяат Лын Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд 2018 онд байх өмгөөлөгч Б.А гэрчээр оролцоод өгөөч гэхээр нь би шүүхэд гэрчээр оролцож байсан шиг санагдаж байна … гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Бы … Би өмгөөлөгч Б.А гэх хүний гуйлтаар Б.Тын хамт Л.Ц гэх хүний ажилласан байдлыг тогтоох тухай шүүх хуралд оролцож байсан шиг санагдаж байна ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Дын … Д.Цгийн талаар холбогдох архивын лавлагааг авахаар Б.А өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу архивын сан хөмрөгт байх Б сумын “У" нэгдлийн материалыг шүүж үзэхэд 1983, 1985, 1986, 1987, 1989 онуудад Д.Ц нь Б сумын “У” нэгдэлд ажиллаж байсан талаар 10 хуудас материал, мөн Б.А өмгөөлөгчөөс гаргасан Ж.Дгийн талаар холбогдох архивын лавлагааг авах тухай хүсэлтийн дагуу архивын сан хөмрөгт байх Б сумын “У” нэгдлийн материалыг шүүж үзэхэд 1984, 1986, 1987, 1988, 1989 онуудад Ж.Д нь Б сумын “У” нэгдэлд ажиллаж байсан талаар 10 хуудас материал гарсныг тус тус өмгөөлөгч Б.Ат хүлээлгэн өгсөн юм....Д.Цгийн талаар архивын лавлагаа авахаар өмгөөлөгч Б.Аээс гаргасан хүсэлтийн дагуу А аймгийн Б сумын “У” нэгдлийн материалыг  шүүн үзэхэд Д.Ц гэх иргэнд холбогдох лавлагааг л гаргаж өгсөн ... гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна.

 

              

 

 

Дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, гэрчүүдийн мэдүүлгүүдэд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй, гэрчүүдийн мэдүүлэг бусад нотлох баримттай шалтгаант холбоотой байна.

 

               Гэтэл анхан шатны шүүх дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн, гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримттай шалтгаан холбоотой эсэх, анхан шатны шүүх нэг гэрчийн хэд хэдэн мэдүүлгийн алийг үнэн зөв гэж дүгнэсэн, бусдыг нь ямар үндэслэлээр үнэлэхгүй буйгаа няцааж тайлбарлан дүгнэх нь хууль болон хэргийн жинхэнэ байдалд нийцэхээр байхад энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

                Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийсэн,  нотлох баримтуудыг эрүүгийн эрх зүйн онолтой уялдуулж тайлбарласан гэж дүгнэхээс илүүтэй  нотлох баримтуудыг хэт хийсвэр байдлаар дүгнэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг эрүүгийн эрх зүйн ойлголттой уялдуулж тайлбарлаж чадаагүй, дүгнээгүй зэрэг нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэхээр байна.

               

 

              Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэн, шүүгдэгч Б.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэлтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

     Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6, 39.8 дахь хэсэгт тус тус заасан алдаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

 

               Иймд  цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Ат холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр, Б.Ат хэрэг анхан шатны шүүхэд очтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэлээ.

 

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/54 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар  Б.Ат хэрэг анхан шатны шүүхэд очтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Ч.БАЯРЦЭНГЭЛ