| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2020/02298/И |
| Дугаар | 210/МА2020/02110 |
| Огноо | 2020-10-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2020/02110
М-, Н- нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/02670 дугаар шийдвэртэй,
М-, Н- нарын нэхэмжлэлтэй, Б-д холбогдох, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 21 хороолол, 2б байрны 28 тоот 27 м.кв 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нар нь М-, Н- нар юм.
2003 оноос Н- нь А.Цэрэнпилтэй танилцаж, бие биеэ мэддэг болсон. А.Цэрэнпил нь дээрх орон сууцыг худалдан авах саналыг гаргаснаар орон сууцыг нийт 38 000 000 төгрөгөөр худалдан авагчид урьдчилгаа төлбөр 10 000 000 төгрөгийг төлөх, байранд засвар үйлчилгээ хийхгүй байх, тухайн үед хуримтлагдсан байсан байрны ашиглалтын үлдэгдэл төлбөр болох 5 000 000 орчим төгрөгийг байрны үнээс гадна А.Цэрэнпил бүрэн төлж барагдуулахаар тохирсон. А.Цэрэнпилын гүйлтаар түүнд итгэж түлхүүрээ өгсөн.
А.Цэрэнпил нь түлхүүр авснаас 10 хоногийн дараа уулзахад бидний байранд зөвшөөрөлгүй засвар хийсэн байсан.
Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 1 жил 8 сар болсон А.Цэрэнпил байрны мөнгө төлөөгүй бөгөөд түүний бэр Б- тус байранд өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр амьдарсаар байна.
Түүний бэр Б- 1 жил 8 сарын хугацаанд ямар ч мөнгө төлөлгүй, орон сууцыг суллаж өгөх талаар хэлэхэд засвар хийсэн зардал 10 000 000 төгрөг өг гэж маргадаг.
Н- өөрийн тэтгэврээрээ нийтийн байранд 1 сарын 130 000 төгрөгөөр төлж амьдарч байна.
Иймд иргэн Б-гийн хууль бус эзэмшлээс бидний өмчлөлийн орон сууцыг чөлөөлж, хариуцагчийг албадан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 5 дугаар сард нөхөр Б.Алтайбаатартай танилцаж, хамт амьдарч байгаад Б.Алтайбаатар нь 2018 оны 10 сард Н- гэх хүнтэй гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 21 хороолол нисэхийн 2б байрны 28 тоот орон сууцыг худалдан авахаар тохирсон.
Б.Алтайбаатар, Н- хоёр гэрээгээ байгуулсны дараа Н-н охин М- нь манай нөхөр, хадам ээж хоёрт орон сууцны түлхүүрийг өөрөө өгч байсан. Н- болон М- нартай тохиролцсоны дагуу нөхөр бид хоёр орон сууцандаа 10 00 000 гаруй төгрөгийн засварын ажил хийсэн юм.
Н- нь өөрөө 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орон сууцаа нөхөр Б.Алтайбаатарт 35 000 000 төгрөгөөр худалдах талаар, үүнээс 4 500 000 төгрөгийг орон сууцны тог цахилгаан, ус дулаан, СӨХ-ны төлбөрийн үлдэгдэлд төлж барагдуулахаар болсон. Б.Алтайбаатар бид хоёр 2018 оны 10 сард тус байранд засвар хийж ороод, байрны төлбөр 4 500 000 төгрөгийн төлбөрөөс 1 000 000 төгрөгийг нь төлж барагдуулсан.
Манай нөхөр Б.Алтайбаатар нь одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 409 дүгээр ангид цагдан хоригдож байгаа. Бидний хувьд хэрэв байранд засвар хийсэн 10 000 000 төгрөгийг болон байрны өрөнд өгсөн 1 000 000 төгрөгийг төлөх юм бол орон сууцыг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М-, Н- нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 21 хороолол 2б байр 28 тоот хаяг байршилтай, 21 м.кв, улсын бүртгэлийн Ү-2201004571 дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч Б-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг дурдаж, хариуцагч Б-гээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй. Манай нөхөр болох Б.Алтайбаатар нь Н-тэй харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулж Н- нь өөрөө 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орон сууцаа нөхөр Б.Алтайбаатарт 35 000 000 төгрөгөөр худалдах талаар, үүнээс 4 500 000 төгрөгийг орон сууцны тог цахилгаан, ус дулаан, СӨХ-ны төлбөрийн үлдэгдэлд төлж барагдуулах, үлдэх 30 500 000 төгрөгийг дараа төлөхөөр тохиролцсон.
Нөхөр бид 2 тус байранд 2018 оны 10 дугаар сард завсар хийж ороод, байрны өр 4 500 000 төгрөгийн төлбөрөөс 1 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл худалдан авахаар тохироод 1 000 000 төгрөгийг төлсөн ба 10 421 000 төгрөгийн завсар хийсэн. Тухайн үед Н- болон М- нараас өөрсдөөс нь түлхүүрийг нь авч өөрсдийн зөвшөөрлөөр 11 421 000 төгрөгийн засвар үйлчилгээг хийсэн. Гэтэл одоо байр орон сууцаа буцааж авая гэж байгаа нь үндэслэлгүй.
М- болон Н- нар засварын мөнгө төлчих юм бол орон сууцыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйл байгүй боловч энэ асуудлуудыг тус тусад нь шийдвэрлүүлээд засварын мөнгө төгрөг гаргуулах асуудал одоо болтол эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Одоогоор миний бие 2 бага насны хүүхэдтэй тул орон сууцыг чөлөөлөх боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч М- нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.
Нэхэмжлэгч М- нь нэхэмжлэлийг хариуцагч Б-д холбогдуулж гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч М- нь нэхэмжлэлдээ өөрт нь Н- болон насанд хүрээгүй иргэн А.Нандин-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ганчимэг нараас 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр олгосон итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 21 дүгээр хорооллын 26 байрны 28 тоот нэг өрөө орон сууцыг М-, Н-, А.Нандин-Эрдэнэ нарыг өмчлөгчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000740488 тоот гэрчилгээг хавсаргаж өгчээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талыг М- гэж тодорхойлж ажиллагаа явуулсан ба Н-гийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох тухай хүсэлтийг хүлээн авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар эрхийн акт гаргаагүй алдаа гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулуийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч оролцох боломжтой, тэдгээрийн ашиг сонирхол зөрчилдөхгүй бол хэн нэгнээрээ төлөөлүүлэх эрхтэй. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчдийг зөв тодорхойлох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Түүнчлэн, хариуцагч Б- нь маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмшилдээ авсан гэж тайлбарлаж Н- болон Б.Алтайбаатар нарын хооронд байгуулагдсан гэх худалдах, худалдан авах гэрээг шүүхэд баримтаар гаргажээ. Уг бичгийн баримтад маргаан бүхий орон сууцыг 35 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах, уг үнийн дүнгээс байрны ус, дулааны төлбөр болох 4 500 000 төгрөгийг суутгаж, 30 500 000 төгрөгийг тооцоо үлдсэн гэх агуулгыг заажээ.
Дээрхи орон сууцыг 35 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байсан талаар зохигч маргаагүй. Харин уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, уг гэрээнээс нэхэмжлэгч татгалзсан эсэх, үүнийг баримтаар хэрхэн нотолж байгаагаас хамаарч хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэх талаар дүгнэлт өгөх учиртай. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон эсэхийг тодруулсны үндсэн дээр гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг буцаах асуудлыг тодорхойлох боломжтой ба талууд нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэж боломжтой болох юм.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан орон сууцанд хийсэн засвар, ашиглалтын зардалд бусдын өмнөөс төлсөн төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өприйн 184/Ш32020/09218 дугаар зархирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохоор байх тул үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх боломжтой.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дах хэсэгт заасан шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/02670 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЗОЛЗАЯА