| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00509/И |
| Дугаар | 157/ШШ2025/00492 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 157/ШШ2025/00492
2025 12 11 157/ШШ2025/00492
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Х аймгийн Х сум 3 дугаар баг Т гудамж Д-55 тоот "Х банк" ХК-ийн Х салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х аймгийн Б сум 3 дугаар баг Х 4-426 тоотод оршин суух ,Б овогт С-ийн А-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 22,461,389.45 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн Х салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.А нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Х аймаг дахь ХБанкны Х тооцооны төвөөс 27,800,000.00 төгрөгийн онлайн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 19 хувийн хүүтэйгээр, орон сууцны урьдчилгаа төлөх зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд өөрийн цалингийн орлогыг барьцаалсан.
С.А нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 7,105,086.72 төгрөг, зээлийн хүүнд 3,565,835.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг нийт 10,670,922.32 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй 144 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Иймээс зээлдэгч С.Агээс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:
1. Үндсэн зээлийн төлбөр 20,694,913.28 төгрөг
2. Зээлийн хүүгийн төлбөр 1,734,081.20 төгрөг
3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 32,394.97 төгрөг, нийт 22,461,389.45 төгрөг.
Жич: Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж, хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. Тэмдэгтийн хураамж 270,257 төгрөг төлсөн.” гэжээ.
Хариуцагч С.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие нь 2026.01-03 сар хүртэл 1,000,000 төгрөг, үлдсэн саруудад нь үлдсэн зээлээ хувааж төлөхөөр нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчтэй ярилцаж тохирсон. 22,461,389.45 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн Х салбар нь хариуцагч С.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,461,389.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...2026 оны 01-3 сар хүртэл 1,000,000 төгрөг, үлдсэн саруудад нь үлдсэн зээлээ хувааж төлөхөөр нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчтэй ярилцаж тохирсон. 22,461,389.45 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч С.А-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 22,461,389.45 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,257 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 270,257 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч С.Агээс улсын тэмдэгтийн хураамжид 135,128.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 135,128.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн Х салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн Х салбарын нэхэмжлэлтэй хариуцагч С.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 22,461,389.45 (хорин хоёр сая дөрвөн зуун жаран нэгэн мянга гурван зуун наян есөн төгрөг, дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,257 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч С.Агээс улсын тэмдэгтийн хураамж 135,128.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 135,128.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн Х салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ