2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/09178

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж ХХК-д холбогдох,

372,969,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гэрч Б.Д, М.Х, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Х.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Стар К..ХХК нь хариуцагч Ж...ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зээлээр барилгын материал худалдах, худалдан авах тухай .. тоот гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 1,126,795,000 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа, материалыг нийлүүлсэн бөгөөд гэрээнд зааснаар худалдан авагч тал дараах нөхцөлтэйгөөр төлбөрийг шилжүүлэхээр тохиролцсон. Үүнд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 30 хувь буюу 338,038,500 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 20 хувь буюу 225,359,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 50 хувь буюу 563,397,500 төгрөrийг төлөхөөр тохирсон. Хариуцагч Ж..ХХК 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 450,780,000 төгрөгийг шилжүүлээд үлдсэн төлбөрийг шилжүүлээгүй. Нэхэмжлэгч С..ХХК нь хариуцагч Ж.. ХХК-ийн хуулийн зөвлөх, нягтлан, хангамжийн албаны дарга гэх зэрэг 10-д албан хаагчтай утсаар холбогдон үлдэгдэл төлбөрийг төлөхийг сануулж байсан. Хариуцагч Ж..ХХК-ийн ажилтнуудтай тухайн үед хэд хэдэн удаа зөвхөн утсаар ярьж холбогдож байсан ба хариуцагч Ж.. ХХК нь төлбөрөө төлөхгүй байсан тул бараагаа буцааж авахаар аман тохиролцоо хийсэн. Ингээд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаанд 606,091,500 төгрөгийн бараа материалыг буцаан татан авсан. Нэхэмжлэгч С..ХХК-ийн нийлүүлдэг барилгын бараа материал болох хэв хашмал, пум, сапуд нь барилга барихад дахин дахин хэрэглэгддэг онцлогтой. Барилгын гүйцэтгэгч компаниуд тус бараа материалыг түрээсээр авч хэрэглээд барилгаа барьж дууссаны дараа буцаах эсвэл шууд худалдан авалт хийгээд өөрсдийнхөө барих барилгуудад дахин дахин хэрэглэдэг билээ. Хариуцагч Ж..ХХК нь нэхэмжлэгчээс зээлээр барилгын материал худалдах, худалдан авах гэрээ нэртэй хэдий ч мөн чанартаа худалдах, худалдан авах гэрээ хийсэн бөгөөд нэхэмжлэгч компаниас энэхүү барилгын дахин дахин хэрэглэгддэг онцгой бараа материалыг худалдан авчихаад төлбөрөө бүрэн шилжүүлээгүй ч хэрэглэж байгаа нөхцөл байдал үүссэн. Гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө төлөхгүй байсан тул нэхэмжлэгч С..ХХК нь бараа материалаа буцаан татаж авахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон. Нэхэмжлэгч нь шинэ, анхны хэрэглээнд ороогүй барилгын хэв хашмал, пум, сапуд зэрэг дахин ашиглагддаг материал нийлүүлсэн төдийгүй монголд дөнгөж орж ирээд байсан бөгөөд нэхэмжлэгч С..ХХК нь шинэ, анхны хэрэглээнд ороогүй барилгын хэв хашмал, пум, мунийг нотлох бичиг баримтууд байгаа. Энэхүү барилгын бараа материал нь хэрэглээнд орох тусам Монголд зарагдах үнэлгээ буурч байдаг. Нэхэмжлэгч С..ХХК нь Монголд орж ирсэн барилгын бараа материалаа хариуцагч Ж.. ХХК-д худалдаад, бараа материал нийлүүлснээс хойш 7 сарын дараа буюу барилгын улирал дууссаны дараа увуулж цувуулан 5 сарын хугацаанд бага багаар буцаан таталт хийж авсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд шинэ бараа материал нийлүүлээд хэрэглээнд орсон, чанар муудсан байдалтай, зах зээлд борлуулах боломж хязгаарлагдмал хуучин, хэрэглэсэн бараа материал буцаан авч материалуудаа засварлаад анх худалдсан үнээсээ 2 дахин бага өртөгтэйгээр худалдахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон. Гэрээний 6.2-т гэрээний аль нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нөгөө талд учирсан шууд болон шууд бус хохирол, гомдлыг барагдуулна., 6.3-т гэрээний талууд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас аль нэг талд хохирол учирсан тохиолдолд уг хохиролыг гэм буруутай тал нь хохирлыг бүрэн хариуцаж арилгах үүрэгтэй. гэж тус тус заасны дагуу хохирлыг нөхөн барагдуулахыг шаардах хууль ёсны үндэстэй. Нэхэмжлэгч С..ХХК-ийн хувьд шинэ барааны үнэ болон буцаан авсан хэрэглэгдсэн барааны үнэлгээний зөрүүнээс 50 хувь буюу 303,045,750 төгрөгийн бодит хохирол учирсан. Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохиролоо нөхөн төлүүлэх, үлдэгдэл төлбөрөө авахаар хариуцагч Ж.. ХХК-д удаа дараа хандсан боловч хохирол болон үлдэгдэл төлбөрөө өнөөг хүртэл авч чадахгүй нөхцөл байдалд хүрлээ. Нэхэмжлэгчийн нийлүүлсэн хэв хашмал, пум, сапуд зэрэг барилгын материал нь дахин дахин ашиглагддаг онцлогтой. Хэрэглэсэн бараа зах зээлд дахин борлогдохдоо үнэ цэнэ нь мэргэжлийн зах зээлийн жишиг дагуу ихээхэн хэмжээгээр буурдаг. Нэхэмжлэгч нь шинэ бараа нийлүүлсэн ч 7 сарын дараа хэрэглэгдсэн барааг буцаан авч, зах зээлд анхны үнээс 2 дахин бага үнээр борлуулах шаардлагад орсон нь нэн тодорхой эдийн засгийн хохирол учруулсан. Гэрээний 6.2, 6.3 дугаар заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь хохирлоо бурэн нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас нийт 372,969,250 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Хариуцагч Ж.. ХХК нь нэхэмжлэгч С..ХХК-аас гаргасан иргэний хэрэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор дор дурдсан тайлбарыг гаргаж байна. Талууд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч компанитай 1,126,795,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлээр барилгын материал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь үнэн бөгөөд энэхүү гэрээний хүрээнд барилгын ажилд шаардлагатай материалуудыг үе шаттайгаар нийлүүлж, хүлээн авсан болно. Уг гэрээний дагуу хариуцагч талаас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 450,780,000 төгрөгийн төлбөрийг бэлнээр шилжүүлэн төлсөн бөгөөд үүнийг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Гэвч 2022 оны 11 дүгээр сараас эхлэн тухайн төслийн санхүүжилт саатсан, барилгын ажлын гүйцэтгэл зогсонги байдалд орсон зэрэг шалтгаанаар гэрээний дагуу цаашид төлбөр төлөх боломжгүй болсон тул хоёр тал харилцан зөвшилцлийн үндсэн дээр үлдэгдэл бараа материалын тодорхой хэсгийг 2023 онд буцаан хүлээлцэж, буцаалт хийгдсэн болохыг нэхэмжлэгч тал ч хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийн зүгээс 606,091,500 төгрөгийн үнийн дүн бүхий бараа буцаагдсан гэж мэдүүлсэн нь бодит байдалтай нийцэж байгаа бөгөөд хариуцагч тал үүнийг үгүйсгэхгүй болно. Харин үлдэгдэл төлбөрийн тухайд, хоёр талын гэрээ, нийлүүлэлт, буцаалт, төлбөрийн үлдэгдлийг үндэслэн тооцоход 69,923,500 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдсэн нь үнэн бөгөөд хариуцагч тал энэхүү дүнг гэрээний үүрэг хариуцлагын хүрээнд хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг үл хүлээлгэн сайн дураар төлөхөд бэлэн байна. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс дээрх үндэслэлээс гадна үнэлгээний уналтаас үүссэн хохирол" нэрийн дор 303,045,750 төгрөгийг нэмж шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, гэрээний нөхцөлөөр зохицуулагдаагүй болохыг онцлон мэдэгдэж байна. Нэгдүгээрт, талуудын хооронд байгуулсан гэрээнд бараа материалыг буцаахтай холбоотойгоор ямар нэгэн үнэлгээ буурах, үнийн уналтаас үүдэлтэй хохирлыг нөгөө талд нөхөн төлүүлэх нөхцөл заагаагүй бөгөөд ийм агуулгатай заалт гэрээнд байхгүй болно. Хоёрдугаарт, буцаасан бараа материал нь тухайн үед ашиглагдаагүй, анхны байдалтай, чанарын хувьд доголдолгүй байсан бөгөөд хүлээлцсэн акт дээр хоёр тал гарын үсэг зурсан. Гуравдугаарт, эдийн засгийн ерөнхий нөхцөл, үнийн хэлбэлзэл, тухайн бараа материалыг дахин борлуулах явц дахь эрсдэл нь нэхэмжлэгчийн бизнесийн үндсэн эрсдлийн нэг бөгөөд гэрээний үүргээ биелүүлсэн хариуцагч талд хамаарахгүй. Хариуцагч нь барааг чанартайгаар буцааж өгсөн нөхцөлд үнэлгээний уналтад хариуцлага хүлээх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн 69,923,500 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн хэсгийг хүлээн зөвшөөрч, төлөхөд бэлэн байна. Харин 303,045,750 төгрөгийн "үнэлгээний уналтаас үүссэн хохирол" гэх нэртэй шаардлагыг үндэслэлгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгохыг шүүхээс хүсье. гэж маргажээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар зээлээр худалдах худалдан авах гэрээ, Ж..ХХК болон С...с ХХК-ийн хоорондын тооцоо нийлсэн акт, С...ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар албан бичиг, 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаар албан бичиг, голомт банкны цахим гүйлгээний баримт, орлого, зарлагын баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, зарлагын баримт, 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн .. дугаар барилгын туслах материал түрээслэх гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, фото зураг, орлогын баримт шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр М.Х.., З.Д.. нарыг асуусан байна. Нэхэмжлэгч тал гэрчээр О.Б..г асуулгах, хариуцагч тал гэрчээр Б.Л..г асуулгах, үзлэг хийлгэх хүсэлтүүдээсээ татгалзсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хангах үндэслэлгүй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч нь буцаан авсан барааг хямдруулж зарсны хохиролд 303,045,750 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 69,985,500 төгрөгөөс бусдыг эс зөвшөөрч, барааг шаардлага хангасан байдлаар ялгаж аваад үлдсэн барааны төлбөр 69,985,500 төгрөг тул бусад барааны үнийг төлөхгүй гэж маргажээ.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

С..ХХК болон Ж.. ХХК нар 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр барилгын материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1,126,795,000 төгрөгийн материалын төлбөрийг хэсэгчилж төлөхөөр тохиролцжээ. /хэргийн 9-11 тал/

Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч С..ХХК нь 1,126,795,000 төгрөгийн барилгын материал нийлүүлсэн бол хариуцагч Ж.. ХХК нь 450,718,000 төгрөгийг шилжүүлж, 606,091,500 төгрөгийн барилгын материалыг буцаан өгч, 69,985,500 төгрөгийн барилгын материалыг шаардлага хангаагүй гэж өөртөө үлдээжээ. Зохигч энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.

606,091,500 төгрөгийн буцаасан барилгын материал хүлээлцсэн орлого зарлагын баримтад 50 хувь элэгдэл тооцов гэснийг сүүлд нэхэмжлэгч компани дангаараа тамгаа дарж, тэмдэглэл үйлдсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч М.Х..н мэдүүлгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С..ХХК нь С..ХХК-д 8078 ширхэг, 606,091,500 төгрөгийн үнэтэй хэв хашмал, дотор гадар булан, сапудыг 298,845,500 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, гэрээ байгуулсан бөгөөд зарлагын баримт үйлджээ. /хэргийн 73-80 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь 606,091,500 төгрөгийн бараа материал 50 хувь элэгдэж, хорогдсон болохоо баримтаар нотлоогүй байна.

7. С..ХХК болон Ж.. ХХК нар 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,126,795,000 төгрөгийн үнэтэй барилгын материалын төлбөрийг хүүгүй хэсэгчилж төлөхөөр тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Нэхэмжлэгч С..ХХК нь 1,126,795,000 төгрөгийн үнэтэй хэв хашмал, дотор гадар булан, сапудыг нийлүүлсэн бол хариуцагч Ж.. ХХК нь 450,718,000 төгрөгийг төлж, энэ хэмжээнд гэрээ биелжээ.

Гэтэл хариуцагч компани нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзаж эрхтэй. зааснаар гэрээний үлдэх хэсгээс татгалзсан бөгөөд нэхэмжлэгч үлдэгдэл 606,091,500 төгрөгийн барилгын материалаа буцаан авчээ.

8. Гэрээний талууд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул тэдгээрт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй заасан эрх, үүрэг үүсжээ.

Гэрээнээс татгалзахыг гэрээ байгуулагдаагүй байх үеийг сэргээх, анх байсан байдалд оруулсантай адилтган үзэх тул татгалзсан гэрээнээс хариуцлага, үр дагаврыг шаардах боломжгүй, зөвхөн учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, татгалзсан гэрээний 6.2, 6.3 дахь хэсэгт заасны дагуу хохирол шаардах эрх нэхэмжлэгчид олгогдоогүй байх тул зах зээлийн ханшын дагуу хямруулан зарсан гэх нэхэмжлэлийн 233,060,250 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-д үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө зааснаар 606,091,500 төгрөгийн барилгын материалыг хариуцагч ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан гэдгээ нотолж чадсангүй. Тухайлбал, нэхэмжлэгч 606,091,500 төгрөгийн барааг буцаан авахдаа шаардлага хангахгүй 69,985,500 төгрөгийн барилгын материалтай хамт үлдээх боломж байсан бөгөөд бусдад худалдан борлуулах үнээ өөрөө тодорхойлсон, барааны элэгдэл, хорогдлыг хүлээн авсны дараа дангаараа хорогдол тооцсон тул шаардлага бодитой биш байна.

Иймд нэхэмжлэлийн 69,985,500 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн тул хангаж, үлдэх 233,060,250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,022,797 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээ, хариуцагчаас 507,877 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.. ХХК-иас 69,985,500 төгрөг гаруулан нэхэмжлэгч С..ХХК-д олгож, үлдэх 233,060,250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,022,797 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 507,877 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ