| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2312001220051 |
| Дугаар | 2025/ДШМ/26 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/26
2025/ДШМ/26
Б.Пд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Тулга
Хохирогч Л.Ц \ цахим \
Хохирогчийн өмгөөлөгч Р.У \ цахим \
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э
Шүүгдэгч: Б.П
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Пд холбогдох 2312001220051 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Ж суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, аав, ээж, эгч, хүүхдийн хамт А аймгийн Э сумын 0 дугаар баг, Н хорооллын 0-0 тоотод оршин суух, Т овогт Бын П/РД:000000000000/
Шүүгдэгч Б.П нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Хны ам гэх газарт байрлах гэртээ хохирогч Б.Нн хүзүүг боосны улмаас түүний амьсгал механикаар бүтэж, амьсгалын цочмог дутагдалд оруулж амь насыг хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Б.П холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Т овогт Бын Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг 12/арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 77/далан долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дүгээр зүйлийн 508.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Паас 9.131.981 /есөн сая нэг зуун гучин нэгэн мянга есөн зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д аймгийн 0 дүгээр баг, 0-р байрны 0 тоотод оршин суух хаягтай, Ш овогт Лийн Ц/РД:00000000/-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 1.388.960 /нэг сая гурван зуун наян найман мянга есөн зуун жаран/ төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Пд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э давж заалдах гомдолдоо ... Гомдол гаргах учир нь: тус тогтоолоор хх-т авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.П нь 2023 оны 06 дугаар сарын 11-ны өдөр А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Хны ам гэх газарт байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Нг хүзүүг боож улмаар түүний амьсгал механикаар бүтэж, амьсгалын цочмог дутагдалд оруулж амь насыг хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Монгол Улсын хуулиар хамгаалагдсан “Хүний амьд явах эрх”-ийн эсрэг гэмт хэрэг мөн байна. Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.П үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц, гэрч Б.Б, гэрч М.Н, Гэрч Х.Г, гэрч Б.О, шинжээч эмч Б.О нарын мэдүүлэг, амь хохирогч нь амьсгал механикаар бүтэж амьсгалын цочмог дутагдалд орж нас барсныг тогтоосон А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 сарын 21-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Тий 2024 оны 01 сарын 02-ны өдрийн 5640 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.П нь амь хохирогч Б.Нн хоолойг боож, боолтын улмаас амьсгал механикаар бүтэж амьсгалын цочмог дутагдалд оруулсан гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон үр дагавар хооронд шалтгаант холбоотой, шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн түүний үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний дээрх хууль бус үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн объектив талын шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шүүгдэгч Б.Пыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт цугласан болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтыг анхан шатны шүүх зөрүүгүй гэж дүгнэж байгаа талаар шийтгэх тогтоолд дурджээ. А аймгийн Прокурорын газрын 2024 оны 05 сарын 08-ны өдрийн 90 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Б.Пыг хохирогч Б.Нг хүзүүнийх нь зүүлтээр нь боож чангалсны улмаас түүний амьсгал механикаар бүтэж, амьсгалын цочмог дутагдалд оруулан хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн ЭХТА- ын 10.1-р зүйлийн 1 хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг зүйлчлэл тохирсон гэж дүгнэсэн. Гэтэл хавтаст хэрэгт цугласан нотлох баримт болох 2023 оны 07 сарын 21-ний өдрийн 48 тоот шинжээчийн дүгнэлтэд цогцсын гадна үзлэг хийсэн шинжээч эмчийн үзлэгийн тэмдэглэлд амь хохирогч Б.Нгийн хоолойдоо сахиус болгон зүүсэн байсан 56см урттай, ардаа 3 зангилаатай, урд хэсэгтээ бурхны дүрс бүхий дугариг төмөр зүүлттэй, ногоон, шар, хар, улаан өнгө хосолсон 0,2 см өргөн хэмжээтэй эрчилсэн утас бүхий зүүлт зүүсэн... гэж дурдагдсан. Мөн ...хүзүүний ард шилэн хүзүүнээс урагш бүдгэрч үргэлжлэн төвөнхийн зүүн хажуу хэсэгт битүү төгссөн хөндлөн байрлалтай бүх талдаа 0.3-0.4 см хэмжээтэй, арьсны түвшнээс доош хонхойсон хүрэн улаан өнгийн дарагдлын ором үүссэн болох нь тогтоогдсон. ӨХ: Амь хохирогчийн хоолойд боолтын улмаас үүссэн гэх дарагдлын ормын өргөн нь 0.3-0.4см өргөн, харин түүний хоолойг боомилоход ашигласан гэх сахиусны өргөн 0.2см өргөн байна. ХХ-т авагдсан дээрх баримтаас үзэхэд амь хохирогчийн хоолойг боомилоход сахиусыг ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэхээр байна. Шүүх эмнэлгийн шинжлэн магадлалаар боомилолтоос үүсэх дарагдлын ором нь олс, уяаны өргөнтэй ижил буюу тохирдог болох нь тогтоогдсон байдаг. Дээрх байдлаас дүгнэвэл амь хохирогчийн хоолойг сахиусаар боомилсон гэх байдал тогтоогдоогүй, яг ямар олс, уяа хэрэглэсэн нь эргэлзээгүй нотлогдоогүй. Амь хохирогчийн хүзүүнд зүүсэн байсан сахиуснаас Б.Пын ДНХ тогтоц илрээгүй. ЭХХШТХ-ийн 1.7-р зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг нь мөрдөгч, прокурорт байдаг ч энэ үүргээ бүрэн биелүүлээгүй, хэргийн газрын үзлэг болон бусад ул мөр илрүүлэх ажиллагаа дутуу байсан. ...Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй... гэж УДШ-ийн 2020.03.02-ны 120 тоот тогтоолд дурджээ. ЭХХШТХ-ын 16.2-р зүйлийн 1.1, 1.3. 1.6-д заасан нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Б.Пд холбогдох эрүүгийн 2312001220051 тоот хэргийг бүхэлд нь хянан 2025 оны 02 сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/61 тоот А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Энэ хэргийн хувьд дан ганц хүзүүний зүүлтээр нотолсон хэрэг биш. Бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр хүзүүний зүүлт, тэр зангиаг 0.2 см байна гэсэн. Хүзүүнд үүссэн дарагдал, ором нь 0.3-0.4 см гэж ойролцоогоор дүгнэсэн байдаг. Шинжээч боломжит байдлыг л тогтоодог, дүгнэлтээ тэгж гаргадаг. 0.3, 0.2-ын хооронд 0.1 см зөрүү гэж Н.Э өмгөөлөгч ярьж байна. Шинжээч боломжит, үнэн байдалд ойртох дүгнэлтийг л хийдэг. Энэ хэргийг 0.1 см-ээс болж бүхэлд нь цагаатгах, бусад нотлох баримтууд няцаах хангалттай нотлох баримт болж чадахгүй. Бусад нотлох баримт гэж яриад байгаа нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс байдаг. Гэрч Н гэж саахалт айлын хүний гэрчээр өгсөн мэдүүлэгт ...нас барахын урд өдөр эхнэр Б.Пын хамт мотоциклоо унаад хонио усалж явсан... тэр нь 06 сарын 10-ны өдрийг хэлж байгаа. Хэрэг явдал 06 сарын 11-ний өдөр гэж яллах дүгнэлтэд дурддаг. Түүнээс 2023.06.11-ний өдөр гэрээсээ гарч ийш тийшээ яваагүй гэж мэдүүлсэн. Эдний гэрт Б.П, талийгаач 2-оос хүн байгаагүй гэдгийг гэрчүүд мэдүүлсэн байдаг. Б.П н.Г гэж гэрчтэй таарахдаа хониндоо яваад иртэл нөхөр ийм болсон байна гэж хэлсэн байдаг. Гэтэл 1 гэрч нь энэ 2-ыг гэрээсээ гараагүй гэдгийг нотолж өгсөн. Гэх мэтчилэн эдгээр нотлох баримтууд байгаа юм. Зөвхөн тэр зангиа буюу хүзүүний зүүлтээр энэ хэргийг нотлоогүй юм. Тийм учраас өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол, мөн тэр олс, уяа нь дээрээс ДНК илрээгүй гээд байна. Ямар байдлаар илрэх байсан юм бол гэдгийг ойлгохгүй байна. Өмгөөлөгчийн гаргасан гомдол 0.1 см яригдаж байгааг би бусад нотлох баримтаар няцааж байгаа, энэ 2 хүн хоёулхнаа гэртээ байсан учраас өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна, гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн тайлбартай байна ... гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Дүү маань Б.Птай нэг гэрт амьдраад 2 жил болж байгаа. 2023.06.11-ний өдөр гарсан энэ хэрэгтэй холбогдуулаад Б.П бүтэн өдөржин хамт байсан нь шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Б.П яагаад өнөөдөр миний дүүгийн амь нас хохирсон байхад эрүүл мэндийн тусламж үзүүлээгүй, хажуугийн айлд дуудлага өгөөгүй, 4 цагт би утсаар ярихад нас барсныг нь мэдсээр байж хэлээгүй юм. Энэ бүх байдал өөрөө бүх зүйлийг нуун дарагдуулаад, цаашид ямар хүмүүстэй бүлэглэсэн, эсвэл санаатайгаар энэ хэргийг үйлдсэн үү. Мэдүүлэг өгөхгүй байгаа нь манай дүүг өөрийгөө боомилсон гэж гөрдөх гээд байгаа юм уу. Манай дүү хэзээ ч өөрийгөө боомилох хүн биш. Сахиусны асуудал яригдаад, шинжээч эмчийн дүгнэлтэд, би өөрийн нүдээр харахад сахиусны дүрс арьсан дээр тэр чигтээ гарсан байсан. Хүзүүнд гарсан толбон дээр гарсан боолтын өргөний хэмжээ сулрахдаа өөр гардаг юм билээ. Би судалж үзсэн. Үүнтэй холбоотой миний хувьд гомдолтой байна. Яагаад үүнийг үнэн зөвөөр хүлээчихгүй, уучлаарай ч гээд хэлчихгүй байгаа юм бэ. Үлдсэн ээж болон хүүхдийг нь хэн харах бэ гэдэг асуудал өнөөдрийг хүртэл хурцадсаар хэцүү байна. Тэгээд анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гэж бодож байна ... гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байгаа. 2023.06.11-ний өдрийн 15.00 цагт гэрч н.О, н.Г нар мотоциклтой очиход өөдөөс нь гэрээс гарч ирээд ийм хэрэг болсныг мэддэг. Гэтэл урд шөнө нь, маргааш өдөр нь эднийд гаднаас ямар ч хүн ирээгүй. Саахалтын айлууд нь 500 м, 200 м зайтай байдаг айлууд байгаа. Энэ хүмүүсийн мэдүүлгээр 2023.06.09-ний орой наадам тараад, 2023.06.10-ны өдөр эдний гадаа ямар ч хүн ирээгүй. Б.П мотоциклтой сундалдаад яваад ирсэн гэж ярьдаг боловч энэ нь нотлогдож, тогтоогддоггүй. Тэр өдрийн өглөө гэрээсээ хэн нь ч гараагүй байхад өдрийн 15.00 цагт н.Г, н.О нар ирэхэд Б.Пыг цогцостой хамт байсныг хэлдэг. Тэгээд ч цогцос нь гадны нөлөөтэй буюу боомилсон гэдгийг шинжээч эмч н.Оын дүгнэлтээр хангалттай нотлогдож байгаа. Хамгийн гол нь шүүгдэгчийн өмгөөлөгч боосон ормын олс буюу тэр уяа дэндүү нарийнхан байгаа учраас тогтоогдохгүй байна гэж яриад байдаг. Энэ хэдийгээр нарийхан байгаа боловч амь насанд нь хүрээд, хүүрийн толбонд өргөнөөр хэмжигдэж гарч ирж байгаа. Түүнээс талийгаач Б.Пын хэлээд байгаа шиг өөрийгөө боомилоод нас барах тийм залуу биш байна. Ээж нь байдаг, охин нь байдаг. Мөн энэ хүнтэйгээ 2 жил амьдарсан байдаг. Б.П руу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 15.00 цагт залгахад, шууд утсаа таслаад авахгүй байж байгаад бүр холбогдох боломжгүй болгочихдог. Ийм нөхцөл байдлыг үзэхээр Б.Пын хувьд гэрч бөгөөд холбогдогч нь гэдгийг анхан шатны шүүх хангалттай 2 хавтаст хэргээр дүгнэж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авахгүй байх нь зүйтэй байна ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... 2024.05.28-ны өдрийн 90 дугаартай яллах дүгнэлтээр Б.Пыг 2023.06.11-ний өдөр А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр, Хны ам гэх газар гэртээ хохирогч н.Нг хүзүүний зүүлтээр боож чангалсны улмаас түүний амьсгал механикаар бүтэж, нас барсан. Дээрх үйлдлийг Б.П үйлдсэн гэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүн алсан гэж яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Яллах дүгнэлтэд шууд утгаараа амь хохирогчийн хүзүүнд зүүлттэй байсан сахиусыг чангалсны улмаас, тухайн зүүлтийг хэрэглэж, амь насыг хохироож, хүн алсан гэж шууд яллаж бичсэн. Гэтэл сая прокурорын тайлбарт сахиусны тухайд зөрүүтэй байгаа, нотлогдоогүй байгааг хүлээн зөвшөөрсөн ийм тайлбар хийж байна. Хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгээр гэм буруутай нь нотлогдож байна гэж дүгнэж байна. Нотлох баримт гэдэг дотор юу байгаа юм. Гэрчүүдийн мэдүүлгүүд байгаа. Гэрчүүдийн мэдүүлгээр 2023.06.11-ний өглөөний 06.00 цагт хөрш айлын хүмүүстэй таарсан. Б.П тухайн өглөө малынхаа байранд ямаагаа саагаад сууж байсан. Энэ цаг хугацаанд амь хохирогч гэрээсээ орсон, гарсан зүйл байхгүй. Эдний гэрт хүн ороогүй. 2023.06.11-ний өдөр тухайн гэрт амь хохирогч, Б.П нар байсан гэж мэдүүлээд байдаг. Гэтэл Б.Пыг амь хохирогчийн хоолойд зүүлттэй байсан сахиусыг хэрэглээд боосон гэх шууд нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, байхгүй. Яллах дүгнэлтэд яллахдаа үндэслээд байгаа нөхцөл байдал ч бүрэн нотлогдоогүй байгаа. Энийгээ ч прокурор шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч хэлж байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийнх нь яриад байгаа өөрийнхөө амь насыг хохироосон гэсэн зүйлийг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс огт яриагүй. Хохирогчийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр гадны нөлөөтэй нөхцөл байдлын улмаас боомилогдож нас барсан байна. Энэ нь хоолойд үүссэн байгаа дарагдлын ором мөн 2 гарын эрхий хуруунд үүссэн байгаа дарагдлын ором, тэмцэлдсэн ул мөрөөс харагдаж байгаа. Энэ нь 2023.06.10-ны өдөр үйлдэгдсэн хэрэг үү, 2023.06.11-ний өдөр үйлдэгдсэн хэрэг үү. Гэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Энэ хэрэгт хэн холбогдсон бэ гэдэг нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байна гэж үзэж байна. ДНК бүтэц ерөөсөө тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлтээр ч тогтоогдоогүй. Тухайн сахиус болон хэргийн газраас ямар нэг ул мөр олдоогүй. Хохирогчийн өмсөж явсан хувцас, бие цогцос дээрээс ч гэсэн Б.Пын ДНК бүтэц олдоогүй. Амь хохирогчийн бие цогцост үлдсэн ул мөрөөс харахад, бие хамгаалах гэж оролдсон ул мөр, хөнгөн зэргийн согтолттой хүн биеэ хамгаалах бүрэн чадвартай байсан байх нөхцөл байдал тогтоогддог. Хөнгөн зэргийн согтолттой хүн хоолойг нь боомилж байхад ямар нэгэн байдлаар тэмцэх, амиа хамгаалах бүрэн чадвартай. Шүүгдэгчийн биеийн өндөр, нам, биеийн хэмжээг харахад амь хохирогчоос туранхай, жоохон байгаа. Ийм хүн эрэгтэй хүнтэй тэмцэлдэхэд аль нь давамгай байдал гарах вэ гэдэг нөхцөл байдал тогтоогдох вэ гэдэг дээр дүгнэлт хийх бүрэн боломжтой. Шинжээчийн дүгнэлт дээр ч гэсэн 2023.06.11-ний өдрөөс өмнө амь хохирогч нас барсан байхыг үгүйсгэхгүй ийм нөхцөл байдал байдаг. Ийм учраас өмгөөлөгчийн зүгээс гомдлыг гаргасан. Шүүгдэгч Б.Пын тухайд би хэрэг холбогдсон цаг хугацаанаас нь хойш хэд хэдэн удаа уулзаж байна. Анхан шатны шүүх хурал, давж заалдах шатны шүүх хуралдаанд гэсэн тэр ерөөсөө энэ хүнтэй ярилцаж, ойлголцож чаддаггүй. Өөрийгөө бусдад илэрхийлж гаргаж чаддаггүй. Санаа нь ярих гээд байдаг, тэрийгээ илэрхийлж, гаргаж хэлж мэддэггүй байдалтай байгаад байдаг. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэргийг бүрэн бодиттой, тал бүрээс нь тогтоогоогүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай тооцож шийдэх боломжгүй гэсэн дүгнэлттэй байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатанд буцааж өгнө үү гэсэн саналтай байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Пыг 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Хны ам гэх газарт байрлах гэртээ хохирогч Б.Нн хүзүүг боосны улмаас түүний амьсгал механикаар бүтэж, амьсгалын цочмог дутагдалд оруулж амь насыг хохироосон буюу хүнийг алсан гэж үзэж, Б.Пд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ ... гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт ... баримт мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулж авсан лавлагаа, тодорхойлолт, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно ... гэж тус тус хуульчилжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 90 дугаартай яллах дүгнэлтэнд ... шүүгдэгч Б.Пыг хохирогч Б.Нг хүзүүнийхэн зүүлтээр нь боож, чангалсны улмаас түүний амьсгал механикаар бүтэж, амьсгалын цочмог дутагдалд оруулж амь насыг хохироосон буюу хүнийг алсан ... гэж дүгнэсэн.
Яллах дүгнэлтэнд зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх хүзүүний зүүлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт мөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно ... гэж заажээ.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх хүзүүний зүүлтийг нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулж хурааж, тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт бэхжүүлэх ажиллагаанууд хийгээгүй атлаа яллах дүгнэлтэнд гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэж дүгнэсэн, анхан шатны шүүх яллах дүгнэлтэнд заасан ... хүзүүнийхэн зүүлтээр нь боож, чангалсны улмаас ... гэсэн дүгнэлтийг хэрхсэн талаараа шийтгэх тогтоолдоо дүгнэлгүй, ... хохирогч Б.Нг хүзүүг боож ... гэж яллах дүгнэлтээс зөрүүтэй дүгнэлт хийсэн, ямар зүйлээр боосон асуудалд дүгнэлт хийгээгүй нь хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх ба гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх хүзүүний зүүлтийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсарган анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
А аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлт нь хуульд заасан шаардалгыг хангаагүй, уг дүгнэлт нь эргэлзээтэй байна.
Тухайлбал шүүгдэгчийн одоогийн сэтгэцийн байдал хэсэгт хариулсан хариултад шинжээч эмч нар дүгнэлт өгөөгүй, шинжээч эмч нар мэргэжлээр хэдэн жил ажилласан, ажлын ямар туршлагатай талаар бичээгүй, дүгнэлтэд он, сар, өдөр бичигдээгүй, дугааргүй, зөвхөн шүүгдэгчээс асуулт асуух аргаар дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй байх тул Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр дахин дүгнэлт гаргуулах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч, хохирогч нарын биеийн харьцаа, хүчний байдал зэргийг тогтоож, шүүгдэгч нь ганцаараа уг гэмт хэргийг үйлдэх боломжтой эсэхийг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иймд өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Пд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Пд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Ч.БАЯРЦЭНГЭЛ