Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1084

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч Б.У шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.У-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А овгийн Б.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706034991305 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газрын үүдэнд БНХАУ-ын иргэн Н.Д эзэмшлийн Ай фоне-6 плас маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 642.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “…16-ны орой “Blue-Мооn” центрийн үүднээс хоёр хүн гараа өргөөд суусан. Тэгээд Ривер соундс оръё гээд замдаа тэр хоёр хоёулаа өөр газар очъё хүүхэнтэй газраар явъя гэсэн. Нэг найз нь Өвөр монголоос ирсэн гэсэн. Тэгээд чи хүүхэнтэй баар мэдэхүү гэж надаас асуусан. Би мэдэхгүй гэсэн чинь чи тэгвэл монгол хүүхэн олоод өгөөч гэсэн. Би мэдэхгүй гэсэн чинь массажны зараас олж өгч чадах уу гэхээр нь зар байвал залгаж үзье гэсэн. Тэгээд Ривер соундсын гадаа очоод Д нь машинаас буухдаа утсаа унагаасан. Би утасыг нь авч өгөөд тэгээд нөгөөдөх чинь цаашаа орж хүүхэн байна уу үзнэ гээд тэгээд үзэлгүйгээр үүдэнд нь зогсож байгаад буцаад суусан. Тэндээс хоёулаа Улаан-Хуарангийн тэнд байдаг караоке оръё гээд явсан. Ривер соундсын гадаа байхдаа ахтайгаа хэдэн цаг хамт байчих би чамд 30.000 төгрөг өгье тэгээд гэр рүүгээ хүргүүлье гэсэн. Тэгээд Ривер соундсын гадаанаас Улаанхуарангийн караоке руу явсан. Караокед очоод өрөөнд гурвуулаа байсан би хамт суусан. Тэндээс гараад нэг найз нь өлсөж байна, одоо хоолонд оръё гээд ‘‘Шөлөндөө’’ рүү явсан. ‘‘Шөлөндөө’’ рүү явж байхдаа түрийвчтэй мөнгөө хаячихлаа гээд Шөлөндөөгийн үүдэнд найз нь буугаад би гялс буцаад караоке руу очоод аваад ирье гэсэн. Тэгэхээр нь би наанаа унагаачихсан юм биш биз дээ та түрүүнээс хойш утсаа наанаа 2-оос 3-н удаа унагаасан ш дээ гэж хэлэхэд ах нь мэдэхгүй байна гэсэн. Би суудал доогуур үзье гээд үзтэл түрийвчтэй мөнгө нь байсан. Түрийвчийг нь өгөөд мөнгө чинь бүрэн бүтэн байна уу үз тоолж аваарай гэсэн чинь харсанаа за за бүрэн байна зүгээр гэсэн. Тэгээд буцаад Шөлөндөө рүүгээ явъя гээд Шөлөндөөгийн үүдэнд очоод буусан тэгээд би цаашаа явсан. Цаашаа явж байгаад гар утсаа мартаад буучихсан байсныг мэдсэн. Би мэдсэн боловч гар утсыг нь буцааж өгөлгүйгээр тэр чигээрээ явчихсан.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-6/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Дн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-9-11/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Ч гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.З гэрчээр өгсөн мэдүлэг /хх-ийн 14-15/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-20-21/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-44-45/, ял шалгах хуудас /хх-38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-51/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Уранцэцэгээс Б.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газрын үүдэнд БНХАУ-ын иргэн Н.Д эзэмшлийн Ай фоне-6 плас маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 642.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.    

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.т нь 2017 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө “Шөлөндөө” хоолны газрын үүдэнд БНХАУ-ын иргэн Н.Д эзэмшлийн Ай фоне-6 плас маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 642.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Д өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө МУИС-ийн 2 дугаар хичээлийн байрны орчим саарал өнгийн марк тодорхойгүй автомашинд гар өргөж зогсоож таксинд суугаад Энхтайвны гүүрний баруун талд очсон. Ривэр саунаар орж үйлчлүүлэх гэтэл хүн дүүрэн байна гэсэн. Тэгээд тэндээс хөдөлж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар хорооллын автобусны буудал дээр байрлах Агура нэртэй пабд орж үйлчлүүлсэн. Тэгээд тэндээс гарч уг такситайгаа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” түргэн хоолны газрын үүдэнд уг таксинаас буух үед таксины жолооч миний утсаар ярьж байсан. Тэгээд би машинаас буугаад гар утсаа авах гэтэл надад буцааж өгөхгүй шууд чигээрээ яваад өгсөн. Би уг таксины жолоочид 30.000 төгрөг өгөөд өөр газар явуулахгүй хамт л яваад байсан. Уг таксины жолооч нь махлаг биетэй 170 см орчим өндөр, хар өнгийн курткатай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хүн байсан. Тухайн үед би уг залуугаас утасыг нь асуухад 86260054 гэсэн утас надад өгч байсан. Надад нэр усаа хэлээгүй...." гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Э.Ч 017 оны 12 сарын эхээр манай ломбарданд 2017 оны 11 сарын 30-ны өдөр Ай фоне 6 плас тавьсан гэх залуу ирж утсаа буцааж авч чадхааргүй болчихлоо, банкины зээлээ төлөх болчлоо мөнгөний хэрэг гарчихлаа 200.000 төгрөг нэмээд авчихья гэж хэлэхээр нь би тэр залууд зөвшөөрч 200.000 төгрөг өгч гар утсыг нь 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд уг утсанд авсан өдрөө 89053433 гэсэн дугаар хийж ашиглаж байсан. Өнөөдөр буюу 2017 оны 12 сарын 14-ний өдөр цагдаагаас хүн ирж намайг энд авч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Б.З өгсөн “...2017 оны 11 сарын 30-ны өдөр үдийн хойно ажил дээрээ байх үед гаднаас 30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд утас авах уу гээд Ай фоне 6 плас маркийн гар утас гаргаж ирсэн. Тэгхээр нь би уг гар утасыг үзээд хэдэн төгрөгөөр тавих юм гэж асуухад 100,000 төгрөгөөр тавина гэж хэлэхээр нь зөвшөөрч 100,000 төгрөг өгөөд уг гар утсыг барьцаанд авсан. Уг гар утсыг тавихдаа надад ай ди хаягаа мартчихжээ л гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд авсан. Тэгээд удалгүй ломбарданд манай эхнэрийг байх үед 200.000 төгрөг нэмж аваад буюу эхнэр Э.Чулуунцэцэгт 300.000 төгрөгөөр худалдсан байсан. 2017 оны 12 сарын 07-ны өдөр над руу уг хүн залгаад би наад утсыг чинь авч чадахгүй нь ээ наад утсаа 300.000 төгрөгөөр авчих гэж хэлсэн. Тэгээд эхнэрлүүгээ яриад авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Б.Т өгсөн  "...Давхарбаяр чамайг зөндөө удаачлаа “Шөлөндөө”-гийн гадна очоод чамд мөнгөө өгөөд явуулна гэсэн. Шөлөндөөгийн гадна ирэхэд Давхарбаяр түрийвчээ алга болсон байна гээд хайгаад эхэлсэн. Шөлөндөө дээр Давхарбаяртай хамт явсан үл таних хүн үлдсэн. Тэгээд караокед мартсан байх гээд караокерүү эргэж очих замдаа машин дотор түрийвчээ хайсан чинь суудал завсраас гараад ирсэн. Тэгээд би түрийвчийг нь би өгөхөд түрийвчээ нээж үзээд за за буцаад Шөлөндөө явья гэсэн. Шөлөндөөрүү яваад буцаад явж байхад Давхарбаяр надад 30.000 төгрөг түрийвчнээсээ гаргаж өгөхөд нь Шөлөндөөгийн урд би буулгаад цааш явсан. Багшийн дээд орчим явж байхад хажуугийн суудал дээр гар утас байсныг мэдээд буцаагаад аваачиж өгье гэж бодсон ч за за утсаа хаяаад явсан байх гэж бодоод яваад өгсөн. Караокед байхад миний утасны дугаарыг тэмдэглэж авсан болохоор маргааш залгах байх гээд хараад байсан залгаагүй тэгээд хэд хоног болоод мөнгөний хэрэг гараад Давхарбаярын ай фоне-6 плас маркийн гар утсыг ломбарданд 100.000 төгрөгөөр барьцаалсан. 2017 оны 12 сард би ломбарднаас гар утёыг аваад эргүүлэн Д өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-44-45/,

            Шүүгдэгч Б.Т хохирогч Н.Д учирсан хохирлыг төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

            Шүүхээс шүүгдэгч Б.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.    

             Хэдийгээр шүүгдэгч улсын яллагчийн гаргасан 6 сар хорих ял оногдуулахаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн байгаа хэдий ч түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т  улсын яллагчийн тухайн гэмт хэрэгт хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.  

            Шүүгдэгч Б.Т  нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.