Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/15

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               Б.Оюунцэцэг

Хохирогч                                                                   *******

Яллагдагч                                                                 *******

Нарийн бичгийн дарга                                      Г.Болормаа нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/124 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлээр яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2521000000006 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ы *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1985 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11-р баг, Хивс ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй. Урьд:

Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 сарын 05-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар,

мөн шүүхийн 2018 оны 8 сарын 13-ны өдрийн 201/ШЦТ/230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар,

мөн шүүхийн 2022 оны 01 сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар,

мөн шүүхийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн. /РД: *******/

2. Яллагдагч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уул хорооллын ******* тоот гэртээ 2024 оны 11 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн үед согтуугаар хохирогч *******ыг “архины мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан үснээс нь зулгаах, толгойн тус газарт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “зулайн ар дээд хэсгийн шарх, хоёр нүдний доод зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас ялладагч ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх: “... хохирогч ******* нь яллагдагч ийн хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай  хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т зааснаар ... хамтран амьдрагч ...  нь хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хамаарч байна.

 Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8/ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарна.

Хохирогч ******* хохирогчоор болон шүүх хуралдаанд зөрүүтэй мэдүүлж байгаагаас дүгнэхэд энэ гэмт хэргийн зүйлчлэл тохирсон эсэх нь эргэлзээтэй байна.

... Яллагдагч ******* нь хохирогч *******тай хамтран амьдардаг ба гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нь тэдний өгсөн мэдүүлгүүдээр, бие махбодид нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа нь хохирогчийг “үсдэж, 10 орчим удаа аль таарсан газраа өшиглөсөн” гэж мэдүүлж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж үзлээ.” гэж дүгнэн яллагдагч *******д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

5. Прокурор Д.Ганчимэг бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүгчийн захирамжийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж эс зөвшөөрч байна.

...Яллагдагч *******, хохирогч ******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох нь тогтоогдож байх боловч гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан хүндрүүлэн зүйлчлэх ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарах хүний эсрэг өөрийн хяналтаа тогтоож, эрх мэдлийн тэнцвэргүй байдалд оруулж буй үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Гэтэл шүүх яллагдагч *******, хохирогч ******* нарын хамт амьдарсан цаг хугацаа, энэ хугацаандаа ******* нь хохирогч *******ын эсрэг гэр бүлийн хүчирхийллийн аливаа үйлдэл гаргаж байгаагүй, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч хохирогч нар нь харилцан маргалдах явцдаа ******* нь ийг эхэлж алгадсан, үүний улмаас ******* *******ын нүүрэн тус газарт нь гараараа цохих үед ор мөргөж унасан талаарх мэдүүлгийг анхааралгүй орхигдуулж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” талаар хуульчилсан атал шүүх “… яллагдагч ******* нь хувийн байдлын хувьд урьд … Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна…” гэж хүндрүүлэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.” мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

Прокурор Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүх яллагдагч ийн үйлдсэн гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүдийн хооронд үйлдэгдсэн, гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх ёстой мэтээр хууль зүйн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр хуульчилсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хамааралтай байдлаар далимдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн аль нэг үйлдлийг давтамжтай хийсэн байхыг ойлгоно.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн өгсөн мэдүүлэг, прокурор, шүүх хуралдаан даргалагчаас асуусан асуултад хариулсан байдлаас дүгнэн үзвэл яллагдагч ******* нь хохирогч *******ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байдлыг далимдуулан байнга зодож, харгис хэрцгий аргаар хандаж, догшин авирлаж, тарчлаасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Тухайн өдөр яллагдагч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ архины мөнгө хохирогч *******ас нэхсэн. Тухайн үед хохирогч нь яллагдагчийн биед эхэлж халдаж гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримт тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгчийн захирамжид яллагдагч ******* нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан гэж яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан хууль ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоож, хэргийн зүйлчлэлийг зөвтгөх, нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 124 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Прокуророос яллагдагч ийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уул хорооллын ******* тоот гэртээ 2024 оны 11 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн үед согтуугаар хохирогч *******ыг “архины мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан үснээс нь зулгаах, толгойн тус газарт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “зулайн ар дээд хэсгийн шарх, хоёр нүдний доод зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулан, улмаар мөн зүйлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Анхан шатны шүүх “... хохирогч ******* нь яллагдагч ийн хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т зааснаар ... хамтран амьдрагч ... нь хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байна.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8/ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарна.

Хохирогч ******* хохирогчоор болон шүүх хуралдаанд зөрүүтэй мэдүүлж байгаагаас дүгнэхэд энэ гэмт хэргийн зүйлчлэл тохирсон эсэх нь эргэлзээтэй байна.

Яллагдагч ******* нь хохирогч *******тай хамтран амьдардаг ба гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нь тэдний өгсөн мэдүүлгүүдээр, бие махбодид нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа нь хохирогчийг “үсдэж, 10 орчим удаа аль таарсан газраа өшиглөсөн” гэж мэдүүлж байгаа зэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж үзлээ.” гэж дүгнэн яллагдагч *******д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

4. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор тодорхойлсон.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай юм.

Яллагдагч ******* нь хохирогч *******ыг гэр бүлийн хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодож байсан, байнга харгис хэрцгий хандаж догшин авирласан, тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч нарын хоорондын харилцаа, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг зөрчсөн яллагдагчийн зүй бус үйлдэл зэргээс шалтгаалж гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул яллагдагчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна.

5. Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгасан байх бөгөөд мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/124 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн “... шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү.” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/124 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД                                                                     С.ГАНЧИМЭГ

                                                                                      Ц.ЭРДЭНЭЗУУ