| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0827/Э |
| Дугаар | 872 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 872
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Б.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Я овогт Б.Г холбогдох эрүүгийн 1806 0177 81004 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Г
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Гнь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсгийн 6-321 тоот буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн хүүхэд болох 11 настай Б.Батбаярыг гурилын модоор зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018.02.21-ний орой хичээл 18 цаг гэж тараад гэртээ харилгүй шууд найз Тэмүүжингийн гэр рүү явсан. Тэмүүжин бид хоёр сургууль дээр манай гэрийн тэнд байдаг Дөлгөөнөө гэдэг хүүхдийг 19 цаг хүртэл хүлээсэн юм. Тэгээд бид гурав хамт манай гэрийн тийшээ явж байгаад оройтсон байсан учир би аав, ээжээс айгаад Тэмүүжинтэй хамт гэр рүү нь явсан юм. Тэгээд би Тэмүүжингийнд байж байгаад орой 22 цагийн алдад ээж рүү би Тэмүүжингийнд байна гэж мессеж бичсэн. Тэгээд ээж 23 цагийн алдад ирээд намайг аваад гэртээ харьсан. Тэгээд гэртээ очоод ээж намайг зодсон. Манай ээж намайг гадуур тэнэлээ гээд уурлаад гурилын модоор миний хөл гар руу цохисон. Тэгээд тэр шөнө гэртээ хоноод маргааш өглөө нь би хойд дэлгүүр рүү гүйж очоод Дархан хотод байдаг Ганзориг ах руу манай ээж намайг зодоод байна гэж хэлсэн чинь Ганзориг ах 108 дугаарын утсанд дуудлага өгсөн байсан...”
“...Манай ээж дахиж намайг зодсон зүйл байхгүй. Ээж бид хоёрын харилцаа сайн байгаа. Ээж надад тавих анхаарал халамж бол сайжирсан байгаа. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-11, 64 дүгээр хуудас/,
Гэрч М.Амар-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо болох ажил дээрээ байж байтал над дээр бид нар 108 хүүхэд хамгаалах газраас явж байна гээд хүмүүс ирсэн. Тэр хүмүүс ирээд хорооны нийгмийн ажилтан Мөнхцэцэгтэй уулзаад таны хариуцсан хэсэг дээр байдаг Ургац гэх хүнсний дэлгүүр хаана байдаг вэ, хаягийг нь заагаад өгөөч ээ гэхээр нь би ямар асуудлаар явж байгаа вэ гэтэл мэдээлэл нь нууц гэхээр нь би тэр хүмүүст хаягийг нь цуг яваад зааж өгсн. Тэгээд тэр хүмүүс дэлгүүр рүү нь ороод нэг эрэгтэй хүүхэд дагуулаад гараад ирсэн. Надад бол ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байна. Тэгээд би тэр хүүхдийг аав, ээж нь зодсон юм байна гэж ойлгосон. Тэгээд намайг ажил дээр тэр хүмүүс буулгаад тэр хүүхдийг аваад явсан ...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Д.Ганхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Манай хүү Б.Батбаяр сүүлийн үед хичээлээ тараад гэртээ ирэхгүй гадуур тэнээд байхаар нь би ганц хоёр удаа гар хүрч зодож байсан удаа байгаа. Б.Батбаярыг гадуур тэнэлээ гээд эхнэр А.Ганчимэг гурилын модоор зодсон. Түүнээс би зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018.02.21-ний өдрийн орой 22 цагийн үед ажлаа тараад харьж явж байтал манай нөхөр Ганхүү над руу залгаад хүү Батбаяр гэртээ ирээгүй байна гэхээр нь би шууд хүүгийнхээ найз Бат-Эрдэнийн гэрт очсон чинь манай хүүхэд байхгүй байхаар нь би Бат-Эрдэнээс хичээл тараад Батбаяр хэнтэй хамт явсан талаар нь асуусан чинь Тэмүүжин тэр хоёр хичээл тараад хамт явсан гэхээр нь би шууд Тэмүүжингийн гэрт очсон чинь манай хүү Бат-Эрдэнэ байхаар нь дагуулж гараад харих замдаа чи гадуур тэнэлээ гээд зүүн хацар руу нь нэг удаа алгадсан. Тэгээд гэртээ хариад би уурандаа гурилын модоор гар, нуруу, хөл, хэсэг рүү нь олон удаа цохиж зодсон. Тэгээд би хүү Батбаярыг хувцасаа тайлж угаалгын машинд хий гэж хэлсэн чинь манай нөхөр Ганхүү босч ирээд бас Батбаярыг чи яагаад гадуур тэнээд байгаа юм гээд уурлаад загнаад байсан. Тэр гар хүрсэн байж магадгүй, би бол хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,
Гэрч Ч.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би мэдэж байгаа Баянзүрх дүүргийн 28-р хорооны нийгмийн ажилтан Мөнхцэцэг над руу залгаж танай сургуулийн хүүхэд Г.Батбаяр гэртээ ээждээ зодуулж Хамгаалах байранд очсон гэж надад хэлсэн. Тэгээд би 28-р хороон дээр очиж хамтарсан багийн хуралд суусан. Хурлаар хамгаалах байранд очиж хүүхэдтэй уулзах, мөн хүүхдийн гэрээр орж аав, ээжтэй нь уулзаж ярилцах шийдвэр гарсны дагуу энэ ажиллагааг хамтарсан багаар хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,
Гэрч Ц.Туяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018.02.22-ны өдөр манай сургуулийн нийгмийн ажилтан Ч.Эрхэмбаяр надад танай ангийн хүүхэд Г.Батбаяр гэртээ ээждээ зодуулаад хамгаалах байранд очсон байна гэхээр нь бид хоёр Баянзүрх дүүргийн 28-р хорооны хамтарсан багийн хуралд суусан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹2867 дүгнэлтэд “Г.Батбаярын биед нуруу, 2 бугалга, баруун сарвуу, өгзөг, 2 гуя, 2 шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 22 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 26 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсгийн 6-321 тоот буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн хүүхэд болох 11 настай Б.Батбаярыг гурилын модоор зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Гпрокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Я овогт Б.Г ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Гг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн гурилын элдүүр модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА