| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00428/И |
| Дугаар | 157/ШШ2025/00504 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 157/ШШ2025/00504
2005 12 16 157/ШШ2005/00504
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Х аймгийн Б сум, "Хбанк" ХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х аймгийн Б сум, 2 дугаар баг 48 дугаар байрны 00 тоотод оршин суух, Б овогт Б-ийн Б,
Х аймгийн Б сум, 1 дүгээр баг 40 дүгээр байрны 00 тоотод оршин суух, М овогт Б-ийн У нарт холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 28,705,716.10 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2005 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Хбанк" ХК-ийн Х аймгийн Б тооцооны төвийн захирал Б.Цогтбилгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Бат-Эрдэнэ овогтой Б нь ХасБанкны Б тооцооны төвөөс 2004 оны 08 сарын 13-ны өдөр 1430089487 дугаартай цалингийн Зээлийн гэрээ байгуулан 40,00,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2004 оны 8 сарын 13-ны өдөр зээлдэгч Б.Бгийн Х банкдахь 5003688800 тоот дансанд 40,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 12,368,474.15 төгрөг, зээлийн хүү 4,746,839.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,527.00 төгрөг төлсөн байна.
Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1430089487 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2005 оны 07 сарын 13-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 92 хоног хугацаа хэтрүүлээд байна.Х банкнь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1/Иргэн хуулийн 003 дугаар зүйлийн 003.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1430089487 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 27,631,525.85 төгрөг, 2005 оны 10 сарын 13-ны өдрийн байдлаарх хүү 1,057,541.21 нэмэгдүүлсэн хүү 16,649.04 төгрөг нийт 28,705,716.10 төгрөгийг зээлдэгч Б.Б болон хамтран зээлдэгч Б.У нараас гаргуулах,
2/Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.
Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хас банкинд 28,705,716.10 төгрөгийн зээлтэй. 2005 оны 11 сар дуустал 6,000,000 төгрөгийн алдангаа Хас банкны дансанд төлнө. Хамтран зээлдэгч Б.У зээлэнд хамааралгүй болно. Б.Б би өөрөө төлж барагдуулна.” гэв.
Хариуцагч Б.У шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие 2004 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Б.Бгийн зээлэнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Би хамтран төлнө гэж аваагүй. Би Б.Бтай харилцаа холбоогүй байдаг. Цаашид зээлийг төлөлцөхгүй.” гэв.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч Б.Бгийн 1430089487 тоот зээлд хамтран гарын үсэг зурсан Б.Уыг 1430089487 тоот зээлийн үүргээс чөлөөлж, Б.Бгаар нэхэмжилсэн дүн болох 28,705,716 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Хбанк" ХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч Б.Б, Б.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,705,716.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Хас банкинд 28,705,716.10 төгрөгийн зээлтэй. 2005 оны 11 сар дуустал 6,000,000 төгрөгийн алдангаа Хас банкны дансанд төлнө. Хамтран зээлдэгч Б.У зээлэнд хамааралгүй болно. Б.Б би өөрөө төлж барагдуулна.” гэж хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгч байгуулагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У хүлээн зөвшөөрч “Хариуцагч Б.Бгийн 1430089487 тоот зээлд хамтран гарын үсэг зурсан Б.Уыг 1430089487 тоот зээлийн үүргээс чөлөөлж, Б.Бгаар нэхэмжилсэн дүн болох 28,705,716 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрчлөх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 28,705,716.10 төгрөгийг хариуцагч Б.Бгаас гаргуулахаар нэхэмжлэлээ өөрчилсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбарууд нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлага болох 28,705,716.10 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "Хбанк" ХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,479 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 301,479 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 150,739.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 150,739.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Хбанк" ХК-ийн Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Хбанк" ХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,705,716.10 (хорин найман сая долоон зуун таван мянга долоон зуун арван зургаан төгрөг, арван мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Хбанк" ХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,479 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 150,739.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 150,739.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Хбанк" ХК-ийн Б тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ