2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/08415

 

 

 

 

 

 

2025 10 20 192/ШШ2025/08415

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Х

Хариуцагч: Г

85 620 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Э

нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А

хариуцагчийн төлөөлөгч Б.Б

хариуцагчийн өмгөөлөгч Г.Э

гэрчээр Д.М

нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ********хариуцагч **********, ********** нарт холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 105 719 000 төгрөг гаргуулахаар шаардсныг,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар ********г оролцуулж, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 105 719 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч ********нь хамтран хариуцагч **********, ******** нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч **********т холбогдуулан 85 620 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

1.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани анх **********той орон сууц худалдан авахаар харилцан тохиролцож орон сууцны төлбөртөө цемент, автомашин болон 34 000 000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Тухайн үед орон сууцны гэрчилгээ гараагүй байсан тул зөвхөн аман байдлаар тохироод явсан. Ингээд 2023 онд холбогдоход танай гүйцэтгэх захирал байсан ********** руу шилжүүсэн гэсэн тайлбарыг хэлсэн. Бид ямар учраас, яагаад шилжсэн гэдгийг сайн мэдээгүй учир ********** болон ********** нарыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас харахад бидний худалдан авахаар тохиролцсон орон сууц нь *********** болон түүний хүүхдүүд рүү шилжиж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байсан. ********** нь Хан-Уул дүүргийн 21-р хороо, Буянт-Ухаа хороолол, Наадамчдын зам *** байр *** тоот орон сууцыг 2021.08.27-ны өдөр *********тай Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулж *********** ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээгээ шилжүүлсэн. Бид ********** руу орон сууцны төлбөрт тооцон 23 719 000 төгрөгийн үнэ бүхий цемент, RХ маркийн автомашин болон түүний данс руу 34 000 000 төгрөгийг шилжүүлсэн ч ********** нь уг орон сууцыг манай компани руу биш өөр этгээд рүү шилжүүлсэн учир түүнд төлсөн 85 620 000 төгрөгийг **********оос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсантай холбогдуулан хариуцагч У************ нарыг хариуцагчаар татахаас татгалзаж байна. Мөн бид анх нэхэмжлэл гаргахдаа 105 719 000 төгрөг гэж гаргасан ба тооцоо нийлсэн актын дагуу 85 620 000 төгрөгийг шилжүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагаа 20 099 000 төгрөгөөр багасгаж **********оос 85 620 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид **********т 23 719 000 төгрөгийн үнэ бүхий цемент, мөн RX маркийн автомашин, түүний данс руу 34 000 000 төгрөг, нийт 85 620 000 төгрөгийн үнэ бүхий зүйлй шилжүүлсэн ч ********** манай компанид биш өөр этгээдэд орон сууц захиалгын гэрээг шилжүүлсэн тул бидний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу буюу бичгээр байгуулаагүй тул тухайн тохиролцоо хүчин төгөлдөр болж чадалгүй дуусгавар болсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу ********** нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

2.Хариуцагч **********ийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ********** нь 2021 оны 02 дугаар сарын 24-өөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Х**********-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Хариуцагч ********** нь нэхэмжлэгч Х**********-ийн тухайн үед итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирлын хэлсэн шийдвэрээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ******** аппартмент хотхоны В блокийн 1-р орц *-р давхар *** тоот хаягт байрлах 87.37 м.кв талбайтай орон сууцыг түүний эхнэр болох ********д 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Орон Сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх тухай гэрээгээр тухайн орон сууцыг шилжүүлж өгсөн. Тухайн орон сууцанд өнөөдрийн байдлаар ********** нь гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь **********ын эхнэр ********, хүүхэд *************нарын нэр дээр бүртгэлтэй байдаг. Иймд хариуцагч ********** нь 85 620 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, дансны хуулга, зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн акт, Х**********-ийн хөдөлмөрийн дотоод журам, тооцоо нийлсэн акт, тооцооны үлдэгдлийн баталгаа, Х**********-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мөнгөн шилжүүлэгийн баримт, зарлагын баримтууд зэргийг ирүүлсэн./1-хх-ийн 3-13, 201-242/

4. Хариуцагчаас хэрэгт итгэмжлэл хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Х**********-ийн 2021.12.31-ний өдрийн** дугаар захирлын тушаал, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***********ХХК-ийн 2024.10.18-ны өдрийн *** дугаар албан бичиг, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, оршин суух хаягийн тодорхойлолт, дансны хуулга, Хөдөлмөрийн гэрээ, 2021.02.05-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 2021.07.06-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 2021.08.27-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх тухай гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 26,27, 36,37, 59, 121-137, 177-187/

5. Шүүхээс талуудын хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.01.31-ний өдрийн *** дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр **********, ********, ********* нарыг асууж мэдүүлэг авсан ба нэхэмжлэгч тал гэрч *********г оролцуулах хүсэлтээсээ татгалзсан байна./хх-ийн 66-75/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ********хариуцагч **********, ******** нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Бид анх **********той орон сууц худалдан авахаар харилцан тохиролцож, орон сууцны гэрчилгээ гаргаагүй тул зөвхөн аман байдлаар тохирсон. Бид **********т 23 719 000 төгрөгийн үнэ бүхий цемент, мөн RX маркийн автомашин, түүний данс руу 34 000 000 төгрөг, нийт 85 620 000 төгрөгийн үнэ бүхий зүйл шилжүүлсэн ч ********** манай компанид биш өөр этгээдэд орон сууц захиалгын гэрээг шилжүүлсэн тул бидний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу буюу бичгээр байгуулаагүй тул тухайн тохиролцоо хүчин төгөлдөр болж чадалгүй дуусгавар болсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу Ганзориг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. гэж тайлбарласан.

4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Х**********-ийн тухайн үед итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирлын хэлсэн шийдвэрээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ******** аппартмент хотхоны В блокийн 1-р орц 3-р давхар *** тоот хаягт байрлах 87.37 м.кв талбайтай орон сууцыг түүний эхнэр болох ********д 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Орон Сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх тухай гэрээгээр тухайн орон сууцыг шилжүүлж өгсөн. Тухайн орон сууцанд өнөөдрийн байдлаар ********** нь гэр бүлийн хамт амьдарч байгаа. Иймд хариуцагч 85 620 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, гэрч **********, ********, ********* нарын мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1 Нэхэмжлэгч ********хариуцагч **********оос Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** апартмент хотхоны В блокийн 1 дүгээр орц, 3 давхар, *** тоотод байрлах, 87.37 м.кв талбайтай орон сууцыг 150 000 000 төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцож, улмаар тус орон сууцны төлбөрийг дараах байдлаар төлсөн байна.

5.2 Гэрээний дагуу ********нь **********т 2020 оны 5 сарын 25-ны өдрөөс 2021 оны 07 сарын 05-ны өдрийн хооронд бараа материал болон мөнгөөр нийт 85 620 000 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн ба үүнд: 34 000 000 төгрөгийг хариуцагч **********ийн Худалдаа хөгжлийн банкны *********** тоот данс руу ********барааны үнэ ********** 2********** гэх утгатайгаар, 23 620 000 төгрөгийн цемент,**** УНЧ улсын дугаартай Lexus RX350 марктай, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 28 000 000 төгрөгөөр худалдан борлуулж, нийт 85 620 000 төгрөгийг төлсөн талаар тооцоо нийлсэн акт үйлдсэн байна. /хх-ийн 13, 214-242/

5.3 Талуудын хооронд Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** апартмент хотхоны В блокийн 1 дүгээр орц, 3 давхар, *** тоотод байрлах, 87.37 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулахаар харилцан тохиролцсон, уг тохиролцооны дагуу орон сууцны төлбөрөөс ********нь 85 620 000 төгрөгийг төлж барагдуулсан эсэх асуудлаар талууд маргаагүй.

5.4 Харин талуудын хооронд Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** апартмент хотхоны В блокийн 1 дүгээр орц, 3 давхар, *** тоотод байрлах, 87.37 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч ********** нь өөр этгээдийн нэр дээр шилжүүлсний улмаас талуудын хооронд маргаан үүссэн гэж үзэхээр байна.

6. Хариуцагч ********** дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн ********гийн өмчлөлд шилжүүлсэн үндэслэлийг ...Х**********-нд ********** ажиллаж байсан бөгөөд тухайн орон сууцыг анх **********од хүлээлгэн өгсөн ба тэдний гэр бүл амьдарч байсан. Ингээд ********нь төлбөрийг төлж байсан бөгөөд байрны үлдэгдэл төлбөрт ********** өөрийн өмчлөлийн байрыг шилжүүлэн өгсөн тул өмчлөх эрхийг түүний эхнэр ******** болон хүүхдүүдийн нэр дээр гаргаж өгсөн. гэж тайлбарласан.

6.1 Түүнчлэн гэрч ********** ...миний бие Х**********-нд 2019 онд /сарыг нь сайн санахгүй байна./ ерөнхий инженерээр ажилд ороод 1 жил 8 сар ажилласан бөгөөд гэрээ байгуулах үед тухайн байрыг миний ажлын хөлсөнд тооцож, ********өгөхөөр тохиролцсон. Мөн байрны төлбөрийг тус компаниас төлж байсан. Харин намайг ажлаас 2021 оны 12 сарын 31-ний өдрөөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, тус компанид ажиллахаа больсон. Ингээд байрны үлдэгдэл төлбөрийг ********** нэхээд байсан тул өөрийн өмчлөлд байсан орон сууцыг шилжүүлэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг эхнэр болон хүүхдүүдийн нэр дээр гаргуулж авсан. миний бие тухайн компанийн захирал нэртэй байсан хэдий ч бүх асуудлыг захирал ********г мэддэг байсан, энэ тохиролцоог ********г захирал надтай анх тохирч ажилд орсон. гэж мэдүүлсэн, гэрч ******** ...манай нөхөр ********** нь Х**********-нд ерөнхий инженерээр 2020 онд ажилд орсон бөгөөд ажлын хөлсөндөө тухайн орон сууцыг авахаар тохиролцлоо гэсэн. Ингээд нөхрийг ажилд орохтой зэрэгцээд бид тухайн байранд орж, амьдарч эхэлсэн. Орон сууцны төлбөрийг ********төлж байсан, үлдэгдэл төлбөрт бид хуучин байраа өгч, гэрчилгээгээ авсан. гэж мэдүүлсэн.

6.2 Мөн хэрэг ********болон ********** нарын хооронд 2020 оны 07 сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ирүүлсэн байх ба уг гэрээний 2.1-т энэхүү гэрээ нь 2020 оны 07 сарын 01-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар үргэлжлэх ба 2023 оны 07 сарын 01-ны өдөр дуусгавар болно., 3.4-т Ажилтан ********** нь 3 жилийн хугацаатай тус компанид авто зам гүүрийн инженер /Ерөнхий инженэрээр/ ажиллах бөгөөд, компаниас нийгмийн асуудлыг шийдвэрлэн, ажилтны зээлээр авч буй 2 өрөө орон сууцны төлбөртэй дүйцэх 139 000 000 төгрөгийг 2020 онд багтаан төлнө., 7.4.1-т гэрээ дуусгавар болох үед ажил олгогч нь ажилтанд төлбөл зохих цалин хөлс болон бусад төлбөрөөс түүнд урьдчилан олгосон эсхүл ажил олгогчид төлөх аливаа төлбөрийг суутгах эрхтэй.гэж тохиролцсон байна.

7. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч ********нь **********той хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд хариуцагч **********оос Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** апартмент хотхоны В блокийн 1 дүгээр орц, 3 давхар, *** тоотод байрлах, 87.37 м.кв талбайтай орон сууцыг худалдан авч, үнийг төлөхөөр тохиролцсон болон орон сууцны үнэд 85 620 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

8. Нөгөөтэйгүүр, ажил олгогч ********нь ажилтан **********ыг ажлаас чөлөөлөх үедээ хөдөлмөрийн гэрээний дээрх заалтаар тохиролцсон тохиролцоог хэрхэн дүгнэж, гэрээг дуусгавар болгосон нь тодорхойгүй байх ба тухайн орон сууцны үнэд төлөгдсөн төлбөрийг хариуцагч **********оос гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, хариуцагч ********** нь нэхэмжлэгч Х**********-тай амаар тохиролцсон гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлэн өгснийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй ба түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х**********-ийн хариуцагч **********оос 85 620 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ********нь хариуцагч **********, ******** нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х**********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 686 545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ