Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 752

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: А нам, иргэн М.Мө*******, Д.Энхт, Ж.Б

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо

Гуравдагч этгээд: Ү.Б, Б.Б, Т.Г, Д.Г, А.М, Э.Т, Г.Ц, П.Г, А.Б, Б.Х*******а, А.О, А.Д, Э.Тжаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар “Бие даан нэр дэвшигчдийг бүртгэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Т.Г, Д.Г, А.М, Э.Т, Ү.Б, П.Г, А.Б, А.О, Э.Тжаргал нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц,  гуравдагч этгээд А.Д, Д.Х*******а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд: “А нам нь Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хуульд заасан шаардлага хангасан намын гишүүн нэр бүхий 35 иргэдийн нэрийг дэвшүүлэн орон нутгийн сонгуульд оролцож байна.

Нэхэмжлэгч М.Мө*******, Д.Энхт, Ж,Б нар нь Хан-Уул дүүргийн А намаас 2016 оны Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 9, 10, 12 дугаар тойрогт тус тус нэр дэвшсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн билээ.

Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо нь 2016 оны 09 дүгээр сарын эхээр “Бие даан нэр дэвшигчдийг бүртгэх” асуудлыг хэлэлцэхдээ, 5 гишүүний ирцтэй буюу хууль бус бүрэлдэхүүнээр хуралдан тогтоол гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 "Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхын саналаар шийдвэрлэнэ" гэсэн заалтыг зөрчсөн байна. Учир нь тус Сонгуулийн хороо нь 9 гишүүнтэй боловч 5 гишүүний ирцтэйгээр хуралдсан нь хууль бус болжээ.

Энэхүү тогтоол нь мөн Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д хууль дээдлэх, 5.1.2-т ил тод байдлыг хангах, 5.1.3-д шудрага ёсыг хангах гэсэн зарчмуудтай зөрчилдсөн шийдвэр болсон.

Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо нь хууль бус ирцтэйгээр хуралдан “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчид” болох 13 иргэнийг бүртгэхээр шийдвэрлэн, хууль зөрчиж байгаа нь мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцон, бусад нэр дэвшигч нартай өрсөлдөхөөр А намаас нэр дэвшигчдийн тэгш өрсөлдөх, хууль дээдлэх, шударга ёсыг хангах, адил боломжоор хангах эрх ашиг сонирхлыг зөрчсөн, шударга бус, хууль зөрчсөн шийдвэр болсон хэмээн үзэж байна.

Улмаар эдгээр хууль бусаар бүртгэгдсэн бие даан нэр дэвшигч 13 иргэн нь дээрх хууль бус шийдвэрийн дагуу нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, хууль ёсны дагуу бүртгэгдсэн нэр дэвшигч бидэнтэй сонгуулийн нэг тойрогт өрсөлдөхөд хүрч байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлагдах хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг хангах зэрэг зарчмуудтай зөрчилдөж байх бөгөөд нэр дэвшигч бидний сонгуульд ямар нэгэн ялгаваргүй, шударга, эрх тэгш өрсөлдөх эрх, ашиг сонирхлыг хөндсөн, хууль бус үйл ажиллагаа, шийдвэр болсонд гомдолтой байна.

Түүнчлэн энэхүү сонгуулийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас сонгуулийн үйл ажиллагаа, сонгууль хүчингүйд тооцогдож, дахин сонгууль болон нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсч болзошгүй сөрөг үр дагавартай хэмээн үзэж байна.

Энэ тохиолдолд нэр дэвшигч бидэнд маш их хэмжээний хор хохирол учрах сөрөг үр дагавартай байх тул бидний эрх ашиг сонирхол зөрчигдөж байна.

Дээрх Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 сард гаргасан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд “Бие даан нэр дэвшигчийг бүртгэх тухай” тогтоол нь “Өдрийн сонин” өдөр тутмын сонины 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн № 210 (5475 ) дугаарт гарсан өдөр, дугаар тодорхойгүй байдлаар нийтлэгдсэн байна. Түүнчлэн “Ийгл” телевизийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн мэдээгээр Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо нь 2016 оны 09 сарын эхний 7 хоногт хууль бус ирцтэйгээр хуралдан бие даан нэр дэвшигчдийг бүртгэхээр шийдвэрлэсэн талаар олон нийтэд мэдээлэгдсэний үндсэн дээр Хан- Уул дүүргийн Сонгуулийн хорооны хууль бус үйл ажиллагаа, шийдвэрийн талаар бид мэдсэн.

“Өдрийн сонин ”-ны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн № 210 (5475 ) дугаарын 10 дугаар хуудсанд нийтлэгдсэн Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны нэр дэвшигчдийг бүртгэх мэдээлэлд зөвхөн “Бие даан нэр дэвшигчдийг бүртгэсэн" тогтоолын гарсан өдөр, дугаар тодорхойгүй байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9, 113 дугаар зүйлийн 113.4 дэх хэсгүүдэд заасан “Сонгуулийн хорооны хуралдаан нээлттэй, ил тод байна гэсэн заалтууд мөн зөрчигдсөнийг илэрхийлж байна.

Иймд дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 7-ны өдрийн 06 дугаар /гарсан өдөр, дугаар тодорхойгүй байсан/ “Бие даан нэр дэвшигчийг бүртгэх тухай” тогтоолыг хууль бус хэмээн хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.” гэв.

Хариуцагч хариу тайлбартаа: “...Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-д заасны дагуу бие даан нэрээ дэвшүүлэгчид холбогдох баримт бичгийг дүүргийн Сонгуулийн хороонд 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн. Дүүргийн сонгуулийн хорооны 7 гишүүн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дүүргийн бие даан нэрээ дэвшигчдийн дэмжигч, сонгогчийн бүртгэлийг хуваан авч, дэмжигчдийн 10 хувьтай нь утсаар ярьж шалгасан. 

Дүүргийн сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 16.00 цагт “Бие даан нэр дэвшигчийг бүртгэх" хуралдаан хуралдахаар товлосон байсан боловч дарга Ж.И шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. Тэгээд нарийн бичгийн дарга Ч.О*******тай утсаар холбогдож хуулийн хугацаа хэзээ дуусах талаар асуухад “бие даан нэрээ дэвшүүлэгчид 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр материалаа өгсөн, тиймээс 09 дүгээр сарын 08-ны өдрийн 24 цагаар хугацаа дуусна” гэж хэлээд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хийхээр тохирсон. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 22.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооны гишүүнтэй холбогдож асуухад “08-ны дотор гэдэг нь 08-ны өдөр орохгүй 07-ны өдрийн 24.00 цаг хүртэл, тиймээс хурлаа өнөөдөртөө багтааж хийх хэрэгтэй” гэж зөвлөснөөр нарийн бичгийн дарга Ч.О******* руу утасдаж хуулийн хугацаагаа дахин асуухад “Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д заасны дагуу 08-ны өдөр хуралдах боломжтой” талаар хэлсэн. Дүүргийн Сонгуулийн хорооны гишүүн Б.А*******тэй утсаар холбогдоход мөн “хуулийн хугацаа маргааш дуусна, та хэд хурлаа хийгээд тогтоолын төсөл бэлэн байгаа гарын үсгээ зурчих” гэсэн. Гишүүн П.Эын утас холбогдох боломжгүй байсан. Гишүүн Т.О*******тай  утсаар холбогдоход “одоо очлоо” гээд ирээгүй. Хуралд дарга Ж.И, гишүүн У.С*******, Ж.Б*******, Ч.М, Ц.Ц******* нар ирж оролцсон. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цаг 30 минутанд хурал эхлээд асуудлуудыг танилцуулж хэлэлцсэн. Өмнө шалгасан байсан учраас 13 бие даан нэр дэвшигчийг бүртгэсэн. Нарийн бичгийн дарга ирээгүй учраас гишүүн Ч.М хуралдааны тэмдэглэлийг хөтөлсөн.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:  “Хууль бус ирцтэй хуралдсан гэж үзэхгүй. Сонгуулийн хорооны гишүүд хуралдаан хойшлогдсон талаар мэдсэн, хуралдааныг 9 дүгээр сарын 7-ны өдрөө багтааж хийх талаар гишүүдэд мэдэгдсэн. Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга олон 2 гишүүн энэ талаар мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаа ирээгүй тул Сонгуулийн тухай хуулийн 27.3-т зааснаар ирж оролцсонд тооцно, тиймээс ирц хүрсэн гэж үзнэ. О******* гишүүн нь “намайг байгаагаар тэмдэглэлд тусгачих би маргааш гарын үсэг зурчихна” гэсэн байдаг. Хуралдааны тэмдэглэлд Сонгуулийн хорооны гишүүд бүгд дэмжиж гарын үсгээ зурсан, бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх дээр эсрэг саналтйа хүн байгаагүй. Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 6 дугаар “бие даан нэр дэвшигчдийг бүртгэсэн” тогтоолд дарга, нарийн бичгийн дарга гарын үсгээ зурсан байгаа. Сонгуулийн тухай хуулийн 27.7-д зааснаар шаардлагатай тохиолдолд ажлын бус цагаар хуралдаж болно. Сонгуулийн хорооны гишүүдийн хурлын тэмдэглэл дээр ч, мөн гэрчийн мэдүүлгүүд дээр ч 13 бие даан нэр дэвшигчдийн материалд бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй гэдгийг тэмдэглэсэн байгаа тул Сонгуулийн хорооны хуралдааны зохион байгуулалтын асуудлаар бие даан нэр дэвшигчдийн эрхийг хязгаарлаж болохгүй. Хуульд нийцүүлэн дахин хуралдах гэхээр материалыг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор бие даан нэр дэвшигчдийг бзртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн заалтыг зөрчих асуудал үүснэ.”   гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “А нам Хан-Уул дүүргийн сонгуульд оролцоогүй, тухайн дүүргийн намын салбар буюу Хан-Уул дүүргийн А намын хороо нь оролцож байна. Орон нутгийн сонгууль нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг орон нутгийн иргэд өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга юм. Хан-Уул дүүргийн намын салбар байгууллага нь сонгуульд оролцох эрхтэй байхад А нам нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэдгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Мөн шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргахаар хуульд заасан, 9 дүгээр сарын 7-ны өдрийн тогтоолд нэхэмжлэл гаргах хугацаа 9 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг шүүх хүлээж авахгүй гэж заасан байгаа. дээрх 2 үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй. Монгол Улсын иргэд өөрсдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх гэхээр хүний эрх ардчиллыг зарчмаа болгодог А нам бид нарын эрх ашиг зөрчигдөөд байна гэж нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Энэ эрхийг Монгол Улсын төрөөс баталгаатай эдлүүлнэ гэж Үндсэн хуульд баталгаажуулсан байгаа. Гэтэл сонгогдох энэ эрхийг хааж өгөөч гэсэн нэхэмжлэл гаргачихаад өөрсдийн эрх ашиг зөрчигдлөө гэж яриад байгаа юм. Гуравдагч этгээдээр 13 нэр дэвшигчийг татаад шүүхэд дуудаж байгаа нь энэ 13 нэр дэвшигчийн сонгогдох эрхээ хэрэгжүүлэх, сурталчилгаа хийх боломжийг алдагдуулж ашиг сонирхлыг зөрчиж байна. Үндсэн хуулиар баталгаажсан хүний үндсэн эрхийг Сонгуулийн хуулиар хязгаарлаж болохгүй. Энэ нь өөрөө шүүхийн хянан хэлэлцэх асуудал мөн үү гэдэг маргаан үүсгэж байна. А нам 28000 гишүүнтэй, тэр хүмүүсийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэж шүүхэд тайлбарлах эрх байхгүй. Нэхэмжлэгч өөрөө тэгш байх эрхийг зөрчиж байна.” гэв. 

Гуравдагч этгээд Ү.Б тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр тойрогт бие даан нэр дэвших эрхээ хуулийн дагуу материал бүрдүүлэн, хуулийн хугацаанд ажилласан. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан А нам, гишүүдийн гаргасан нэхэмжлэл нь бие даан нэр дэвшигчидтэй хамааралгүй бөгөөд зөвхөн Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны дотоод зохион байгуулалт, ажлын хариуцлагатай шууд хамааралтай үйлдэл байна.

Иймд тухайн Сонгуулийн хорооны дарга, гишүүдэд хамааруулан шалгаж, бие даан нэр дэвшигч болон иргэдийн Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг эдлүүлж, үнэн зөвөөр шийдвэрлэнэ үү” гэжээ.

Гуравдагч этгээд Э.Тжаргал тайлбартаа: “...А нам болон иргэн М.Мө*******, Д.Э******* Ж.Б нараас Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-д заасны дагуу бие даан нэр дэвшигч миний бие холбогдох баримт бичгийг дүүргийн Сонгуулийн хороонд 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүртгүүлсэн. Дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цаг 30 минутад хуралдсан тогтоолыг Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу хууль зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байна.” гэжээ.

Гуравдагч этгээд Т.Г, Д.Г, А.М, Э.Т, П.Г, А.Б, А.О, А.Д, Э.Тжаргал, Ү.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Г.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай бие даан нэр дэвшигч 13 иргэнд сонгогдох эрх байгаа. Уг 13 иргэн маань сонгуульд оролцоход бие даагчдад тавигдсан шаардлагыг хангасан байх ёстой. Холбогдох материалаа хуульд заасны дагуу бүрдүүлж бие даан нэр дэвшигчээр бүртгүүлсэн, үнэмлэхээ гардан авсан. Энэ бүгдээс эхлээд сонгуулийн сурталчилгаа, ажил болон ажиллах хүч гээд их зардал гаргаад явж байгаа. Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны шийдвэр гарснаас 10 хоногийн дотор А нам болон нэр бүхий 3 иргэн нь Захиргааны шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой байсан, нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн. 

Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо нь хууль дээдлэх зарчмаа бариад 13 бие даан нэр дэвшигчийг бүртгэсэн байна. Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тухайн үед Сонгуулийн хорооны 9 гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгаанаар тасалсан ч бай, орхисон ч бай ирцийг бүртгэнэ гэж заасан байна. 4 гишүүн оролцоогүй тул Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Сонгуулийн хорооны ажилтан, албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхисон, тасалсан тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож, хэлэлцсэн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцно” гэж тодорхой зааснаар хуралдаанд оролцсонд тооцно. Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т хуралдааны ирцийг зохицуулсан, 27.3-т гишүүдийг хариуцлагажуулж, хэрвээ хуралдаа хүндэтгэх шалтгаангүй оролцоогүй бол оролцсонд тооцно гэсэн. Хэрэв ийм заалт байгаагүй байсан бол хуралдааны ирц бүрдэхгүй байх хүндрэл үүсэх байсан. Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны нийт 9 гишүүний 4 гишүүн ороогүй тогтоол гаргасан нь ямар ч хууль зөрчсөн асуудал биш. Сонгуулийн хорооны чиг үүрэг нь тэгш өрсөлдөх боломжийг олгох ёстой. Бие даан нэр дэвшигч 13 иргэнийг бүртгэсэн нь А нам болон нэр бүхий 3 хүний эрх ашгийг зөрчөөгүй гэдгийг хэлье. Сонгуулийн байгууллагын зохион байгуулалтын асуудлаас шалтгаалж хуулийн дагуу материалаа бүрдүүлэн нэр дэвшигчээр бүртгүүлсэн бие даан нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг зөрчих үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч А нам болон иргэн М.Мө*******, Д.Э******* Ж.Б нараас Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар “Бие даан нэр дэвшигч бүртгэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч тал “дүүргийн Сонгуулийн хороо ирц дутуу хууль бус хуралдсан тул тогтоол нь хууль бус” хэмээн, хариуцагч “А нам нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш, нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” хэмээн тус тус маргаж, гуравдагч этгээдүүдүүд “ирц дутуу гэж үзэхгүй, сонгуулийн байгууллагын зохион байгуулалтын асуудлаас шалтгаалж хуулийн дагуу материалаа бүрдүүлэн нэр дэвшигчээр бүртгүүлсэн бие даан нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг зөрчих үндэслэл болохгүй” гэж тайлбарлажээ.

Нам нь Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д зааснаар “... зохион байгуулалтын бүтцийг төв, орон нутгийн тд байгуулан ажиллуулах” бөгөөд Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 29.6-д зааснаар салбар хороо нь хуулийн этгээдийн эрхгүй, үйл ажиллагаагаа тухайн намаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулахаар байх тул намын салбар хороо нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш юм. Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх заалт нь намыг төлөөлж намын салбар байгууллага нь орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэхийг нарийвчлан зохицуулсан болохоос намын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах зохицуулалт биш.

Нэхэмжлэгч А нам болон иргэн М.Мө*******, Д.Э******* Ж.Б нар Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-т заасан нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна. 

Учир нь Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолоо мэдээллийн самбарт хэдийд байршуулснаа буюу нийтэд ил тод мэдээлэх үүргээ биелүүлсэн гэдгээ хариуцагч нотлоогүй тул хэвлэлд нийтлэгдэхээс өмнө уг тогтоолыг нэхэмжлэгч нар мэдсэн гэж үзэх боломжгүй, харин Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.13-т зааснаар бүртгэх шийдвэр гарснаас хойш 5 хоногийн дотор  хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх байдлаар нийтэд мэдээлсэн гэх боловч ийнхүү өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-д 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нийтлүүлэхдээ актыг батлан гаргасан огноо, дугааргүй нийтлүүлсэн байх тул нэхэмжлэл гаргах хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс тооцох боломжгүй, хэвлэлд нийтлэгдсэн 9 дүгээр сарын 12-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хугацааг тооцож А нам 2016 оны 9 дүгээр сарын 21, иргэн М.Мө*******, Д.Э******* Ж.Б нар 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлээ тус тус гаргасныг нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй. 

Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуралдааныг дараах үндэслэлээр ирц хүрээгүй хууль бус гэж үзэхгүй.

Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр, 8 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд бүхий нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байх бөгөөд Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны даргын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар захирамжаар бие даан нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг мөн өдрийн 16.00 цагт хуралдуулахаар товлосон, хуралдааны товыг болон уг хуралдаан 9 дүгээр сарын 8-ны өдөр хийгдэхээр хойшлогдсон талаар хорооны гишүүд мэдсэн байдаг.    

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх заалтыг хэрхэн хэрэглэх талаар зөрүүтэй ойлголтоос шалтгаалан хуралдааныг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны дотор хуралдуулахаар Сонгуулийн хорооны дарга гишүүдэд мэдэгдсэн, хуралдаанд хорооны дарга Ж.И, гишүүн Ч.М, Ц.Ц*******, Ж.Б*******, У.С******* нар оролцсон, хуралдаанд оролцсон эдгээр 5 хүнээс гадна хуралдааны товыг нарийн бичгийн дарга Ч.О*******, гишүүн Т.О*******, Б.А******* нар мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг тасалсан болох нь тэдгээрийг гэрчээр асуусан мэдүүлгээс тогтоогдож байна.  

Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ”, 27.3-т “Сонгуулийн хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхисон, тасалсан тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож, хэлэлцсэн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцно” гэж заасан, өөрөөр хэлбэл бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх хуралдааны товыг мэдсэн хорооны нарийн бичгийн дарга Ч.О*******, гишүүн Т.О*******, Б.А******* нар хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүйг дээрх 27.3 дахь заалтын дагуу тэдгээрийг хуралдаанд оролцож, хэлэлцсэн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцохоор байх тул Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг 27.2-т заасан ирц хүрээгүй хуралдсан гэж үзэхгүй. 

Уг хуралдаанаар бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг нэр дэвшигч тус бүрээр хэлэлцээд санал хурааж, нэр дэвшигч Б.Х*******аас бусад 12 нэр дэвшигчийг дэмжиж шийдвэрлэсэн, татгалзсан гишүүн байгаагүй, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэр дэвшигч Б.Х*******ыг бүртгэх эсэх асуудлыг дахин хэлэлцэж бүртгэхээр шийдвэрлэж нарийн бичгийн даргаас бусад гишүүд дэмжин гарын үсэг зурсан, бие даан нэр дэвшигчдийн материалыг гишүүд урьдчилан шалгасан ба бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй болох нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан төдийгүй гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 6 дугаар тогтоолыг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д Сонгуулийн хороо ... шаардлагатай бол ... илүү цагаар ажиллаж болохоор заасан тул Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороог 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23.30 цагаас хуралдсаныг буруутгахааргүй байна.  

Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны дарга бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг товлосон цагтаа хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдуулаагүй, улмаар гишүүдийг оролцох боломжит хугацаанд дахин зарласан хурлын товыг мэдэгдэж хуралдаанд оролцуулаагүй, Сонгуулийн хорооны хуралдааны дэгийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь эрх бүхий этгээд Сонгуулийн хорооны хуралдааны дэг болон Сонгуулийн хууль тогтоомжийн дагуу түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болохоос бус, энэ нь бие даан нэр дэвшигчдийн Үндсэн хуулиар баталгаажсан сонгогдох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Иймд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн дээрх хууль зүйн үндэслэлүүдээр А нам болон иргэн М.Мө*******, Д.Э******* Ж.Б нараас Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар “Бие даан нэр дэвшигч бүртгэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 34 дүгээр зүйлийн 34.1.8, 113 дугаар зүйлийн 113.4, 115 дугаар зүйлийн 115.1, 157 дугаар зүйлийн 157.9, 157.13 дахь заалтуудыг баримтлан А нам болон иргэн М.Мө*******, Д.Э******* Ж.Б нараас Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар “Бие даан нэр дэвшигч бүртгэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА