| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 1812000710341 |
| Дугаар | 2025/ДШМ/27 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/27
2025/ДШМ/27
Ж.Г, Б.Э, Б.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Тулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б, В.У, Д.Б /онлайн/
Шүүгдэгч: Ж.Г,
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/25 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ж.Г, Б.Э, Б.Б нарт холбогдох 1812000710341 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Э суманд суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “А” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал ажилтай, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 3 дугаар баг У байр 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Бийн Э /РД:000000000/,
Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр А аймгийн Б суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт А аймгийн Э сумын 0 дүгээр баг 0 дүгээр байр 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Жын Г /РД:0000000000/,
Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр У хотын С дүүрэгт төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “А” ХХК-д менежер ажилтай, ам бүл 0, нөхөр хүүхдийн хамт А аймгийн Э сумын 0-р багийн 0-р 0 айлын байрны 0 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт Бын Б /РД:00000000/,
Шүүгдэгч Ж.Г, Б.Э нар нь А аймгийн Э сумын Зар ажиллаж байсан Ж.Г, мөн тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Э нар нь бүлэглэн тус сумын иргэн Д.А, Ц.Э, Б.Б нарын Оросын Холбооны Улсын У хотод аялах аяллын зардлыг төсвийн хөрөнгөнөөс гаргах зорилгоор дээрх иргэдтэй утсаар ярьж, албан өрөөндөө дуудаж Засаг даргын нөөц хөрөнгөнөөс эмчилгээний зардал хүсэх тухай хүсэлт бичүүлж авсан байх бөгөөд уг хүсэлтийг үндэслэн тус сумын Засаг даргын зөвлөлийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, Д.А, Ц.Э, Б.Б нарт тус тус 150.000 төгрөгийн тусламж олгохоор шийдвэрлүүлж, улмаар уг шийдвэрийн дагуу тус сумын Засаг даргын орлогч Т.Гоор 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаартай “Буцалтгүй тусламж олгох тухай” захирамж гаргуулан, уг захирамжийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ц.Эийн Хаан банкны дансанд, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Аы Хаан банкны дансанд, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.Бийн Хаан банкны дансанд тус тус 150.000 төгрөгийг Э сумын Төрийн сангийн данснаас тэтгэмж гэсэн утгатайгаар шилжүүлүүлж бусдад давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн прокурорын газрын уулзалт, мэдүүлгийн өрөөнд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Ж.Г, Б.Э нарын өөрт нь болон бусдад давуу байдал бий болгож, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийн талаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Ж.Г, Б.Э нарт холбогдох хэргийг Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Бт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/25 дугаартай цагаатгах тогтоолд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Жын Г, Б овогт Бийн Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цовогт Бын Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Г, Б.Э, Б.Б нарыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1812000710341 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.Г, Б.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Ж.Г, Б.Э, Б.Б нар нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, Шүүгдэгч Ж.Г, Б.Э, Б.Б нарт нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нар цагаатгах тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Г, Б.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тайлбарлаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ ... Шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэсэн үндэслэлийн хувьд: Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюул ихтэй гэмт хэрэг юм. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгохоор заасан бөгөөд, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар хэрэгжүүлэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг. Шүүгдэгч Ж.Г нь Э сумын Зар ажиллаж байхдаа тус сумын засаг Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан С.Э нар нь иргэдийг гадаад улсад аялах зардлыг төсвийн хөрөнгөнөөс гаргаж, Д.А, Ц.Э, Б.Б нарт олгож, бусдад эдийн засгийн ашигтай байдлыг бий болгон эрх мэдлээ хэтрүүлсэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг хангаж байгаа бөгөөд төрд 450.000 төгрөгийн хохирол учруулсан, төрийн албаны нэр хүндэд харшаар нөлөөлөх үйлдэл буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн дээрх шинжийг хангаж байна. Учир нь Д.А, Ц.Э, Б.Б нар нь шинэ жилийн арга хэмжээнд оролцож гадаад аялах эрхийг хожсон байна. Тухайн аяллын зардлыг төсвийн хөрөнгөнөөс гаргасан үйлдэл нь хэрэгт авагдсан тухайн аялалд явсан иргэн Д.А, Ц.Э нарын мэдүүлэг болон бусад гэрч Б.Б, Г.Г, Р.С нарын мэдүүлэг, дансны хуулганы баримт, тусламж хүссэн тухай хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдсон болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаараа дүгнэлт хийгээгүй байна. Мөн Д.А, Ц.Э, Б.Б нарын тусламж хүссэн баримт нь гэмт үйлдлийг нуун дарагдуулах зорилгоор хийгдсэн баримт уу. Эсхүл тухайн үйл явдал үнэн зөв эсэхийг тодорхойлсон баримт уу гэдгийг ялгаж, салгаж зөв дүгнээгүй. Шүүхийн дүгнэлтэд нөлөөлөх онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэх ёстой. Гэтэл дээрх нотлох баримтуудыг бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж няцаан үгүйсгэж чадаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох боловч тухайн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээнээс хамаарч бодит хохирол, хор уршиг учраагүй бол гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үздэг болно. Гэтэл тус гэмт хэргийн улмаас төрд 450.000 төгрөгийн хохирол учруулсан, төрийн албаны нэр хүндэд харшаар нөлөөлсөн байхад хэлбэрийн төдий гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Бийн худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь нотлогдоогүй гэх үндэслэлийн тухайд: Аливаа гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа байдаг тул түүндээ сэтгэхүйн хувьд хэрхэн хандсан, ямар зорилго, сэдэлтийг удирдлага болгосныг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, зүйлчлэл, гэм буруу, ял оногдуулах зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан “Зориуд худал мэдүүлэг өгөх” гэдэгт хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг мэдсэн атлаа санаатайгаар тодорхой үр дагавар, хор уршигт хүргэхийн тулд бодит байдлаас өөрөөр мэдүүлэх буюу болсон зүйлийг болоогүй мэтээр, болоогүй зүйлийг болсон мэтээр гуйвуулан мэдүүлэх үйл ажиллагааг ойлгодог болно. Харин мэдүүлэг өгөгч этгээдийн 2 мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй, зөрүүгүй байх нь энэ гэмт хэргийн шинж болох обьектив талыг хангахгүй юм. Дээр дурдсанчлан Б.Б нь төсвийн хөрөнгөөр яваагүй талаар буюу Ж.Гаас бэлэн мөнгө авч явсан талаар илэрхийлж мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний энэхүү мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Тодруулбал түүний мэдүүлэг нь худал болох нь гэрч Р.Сийн “...Б нар нь У явах хүмүүсийн мөнгө орсон уу? Хэзээ орох уу гэж асуусан” гэх мэдүүлэг, түүний дансны хуулга, хүсэлт зэргээр нотлогдсон. Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хэрэг бүртгэлтэд буцаасугай гэсэн үндэслэлийн тухайд: Гэмт хэрэг үйлдсэн нь этгээдийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь хуульд нийцэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалт нь тухайн этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч уг гэмт хэргийг үйлдсэн өөр этгээд байгаа тохиолдолд уг үндэслэлийг хэрэглэж, хэрэг бүртгэлт явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоох тухай ойлголт юм. Эрүүгийн. хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан. Гэтэл дээрх хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж хэнд холбогдуулж хэрэг бүртгэлт явуулах нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүйн улмаас шүүгдэгчид ял завших нөхцөлийг бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны зарчмууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй, оролцогчийн хууль ёсны эрх ашгийг бүрэн хамгаалаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/25 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив ... гэжээ.
Прокурор Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Өөртөө давуу байдал бий болгосон гэдэг дээр тайлбар хэлье. Тухайн үед Ж.Г Э сумын З, Б.Э нь Засаг даргын Тамгын газрын дарга байсан. Өөрийн цаашдын улс төрийн замналдаа нэр хүнд олж авч байгаа хэлбэр юм. Энэ нь өөртөө давуу байдал үүсгэж байгаа хэлбэр мөн. Бусдад бий болгож байгаа давуу байдал гэдэг нь шинэ жилийн арга хэмжээн дээр сугалаа сугалаад хүмүүс шагнасан, өөрөөсөө гаргаад шагнасан бол хамаа алга, гэтэл төсвийн хөрөнгөнөөс гаргасан. Төсвөөс гаргаж байгаа зарцуулалт нь хандив, тусламж, тэтгэмж байж болох байсан байх. Гэтэл болохгүй байсан учраас аяллын зардлыг тэтгэмж гэж хуурамч баримт үйлдэж, хоорондоо үгсэн тохиролцож, 3 иргэнд гаргаж өгсөн 450.000 төгрөгийг шүүх ялимгүй, хэлбэрийн гэж үзэж байгаа. Энэ бол 150 төгрөг ч бай, нийлээд 450.000 төгрөг ч бай гарах ёсгүй мөнгийг гаргаж болохгүй гэж хориглосон үйлдэл байсан. Гэтэл 450.000 төгрөгийг гаргахдаа хуурамч баримт бүрдүүлж гаргасан. Тэгвэл аяллын зардал гээд гүйлгээний утга дээрээ бичихгүй яасан юм бэ. Тэрийг заавал төөрөгдүүлж, эрүүл мэндийн зардал мэтээр гаргаад байгаа. Энд гэмт хэргийн шинж байна гэж үзсэн. Прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Нийт 4 хүн 2018 оны 01 сарын 25-ны өдөр Зд өргөдөл гаргасан. Энэ өргөдөл гаргадаг өдөр З Ж.Г нь албандаа байгаагүй байдаг. Энэ өргөдөл хүсэлтийг Э сумын засаг даргын орлогч Т.Г хүлээн аваад өөрөө цохолт хийгээд энэ талаар захирамж гаргаад өөр албан тушаалтанд үүрэг өгсөн байдаг. Энэ захирамж дээр Ж.Гын нэр, гарын үсэг байхгүй. 2018 оны 01 сарын 25-нд төлбөрийн хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл З Ж.Гыг байхгүй хооронд бүх ажиллагаа явагдсан. Бүх зүйл 2018 оны 01 сарын 25-нд болсон. Тэр үед Ж.Г ажил дээрээ байгаагүй. Энэ нь Ж.Г энэ хэрэгт хамааралгүй гэдгийг хэлж байгаа. Т.Гийн гаргаад байгаа захирамж нь Сангийн сайдын 2012 оны 11 сарын 15-ны өдрийн 239 дүгээр тушаалын 2, 3-р заалтыг үндэслэн гаргасан. А аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын нөөцийн хөрөнгийн хэрхэн зарцуулах талаар тогтоол гарсан. 2018 оны 12 сарын 31 өдрийн Сангийн сайдын журмыг хүчингүй болгоод өөрчлөлт оруулаад харин бүр тодорхой болгоод өгсөн байгаа. Бүр боловсронгуй болгоод 2.1-4 дээр байгууллага иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу тодорхой хөрөнгө гаргаж болохоор заасан. Энэ хоёр заалтын алинаар ч олгож болохоор байгаа. Хориглосон заалт байвал З захирамж гаргавал буруудна. Засаг даргын нөөцийн хөрөнгийг хэрхэн яаж зарцуулах тухай тогтоол гарсан. А аймгийн Э сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын 2022 тоот тогтоол байдаг юм байна. 2018 оны 01 сарын 27-нд яваад 2018 оны 01 сарын 29-нд хилээр орж ирсэн. Ц.Эийн дансанд 2018 оны 02 сарын 06-нд Монголд ирсний дараа орсон Д.Аы дансанд 2018 оны 01 сарын 31-нд орсон. Б.Бийн дансанд 2018 оны 02 сарын 06-ны өдөр орсон. Миний хувьд Ж.Гыг буруутгаад ороод ирсэн гэмт хэргийн шинжгүй. Хүний өмнөөс хүнийг буруутгаад байгаа нь хуульд нийцэхгүй. Засаг даргын орлогч Т.Гийн хувьд хууль ёсны захирамж гаргасан. Б.Б энэ хэрэгт авлигатай тэмцэх газарт хоёр удаа мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг ямар ч зөрүүгүй мэдүүлэг өгсөн. 2020 оны 01 сарын 14-ний өдрийн мэдүүлгээр буруутгаад байдаг. Зөрүүгүй мэдүүлэг өгөөд байхад яллагдагчаар татсан. Адилхан мэдүүлэг өгөөд байхад нэгийг нь зөв нөгөөг нь буруу гээд байгаа нь хуульд нийцэхгүй. Шүүхээс хэрэг бүртгэлийн шатанд буцаасан нь буруу биш ээ. Гэмт хэргийн шинжгүй болохоор цагаатгана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гээд хэргийг хэрэг бүртгэлд буцаасан зөв юм. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/10 дугаартай буцалтгүй тусламж олгох захирамж гарсан эсэхийг тогтоож чадаагүй. Мөн зөвлөлийн хурал хуралдсан эсэх яллах дүгнэлтээр хуралдсан гэж үзсэн байдаг. Б.Э засаг даргын захирамжийг үндэслээд гүйлгээ хийсэн байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр тайлбарласан энэ дээр мэтгэлцээн үүсээгүй гэж үзэж байна. Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тайлбарласан. Сангийн сайдын 2012 оны 11 сарын 15-ны өдрийн 239 дүгээр журам энэ хэргийн шалгах явцад өөрчлөгдсөн. Тэр өөрчлөлтөөр 2021 оны 04 сарын 21 өдрийн 61 тоот тушаалд байгууллага хувь хүний хүсэлтээр зөвшөөрсөн заалт оруулаад ирсэн. Энүүгээр засаг даргыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Хэрхэн яаж нэгдэж давуу байдлыг Б.Э үүсгээд байгаа юм. Б.Э давуу байдал бий болгоогүй. Засаг даргын захирамжаар гүйлгээ хийсэн. Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж цагаатгасан нь зөв гэж үзэж байна. Б.Бийг эдгээр хүмүүсийг төсвийн мөнгө зориулалтын бус зарцуулсан үйлдлийн талаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэж гэмт хэрэг оруулж ирж байгаа. Гэтэл төсвийн мөнгө зориулалтын бус зарцуулсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны шат болон прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон. Хэрэгсэхгүй болсон үйлдэл нь худал байхад мэдүүлэг өгсөн гэж орж ирж байгаа нь хууль зөрчсөн. Анхан шатны шүүх тал бүрээс нь харж цагаатгах тогтоол гарсан хууль ёсных байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... 150.000 төгрөг авсан гурван хүн нь өөрсдөө хүсэлт гаргаад гарын үсэг зураад авсан. Нас биед хүрсэн хүмүүс гаргасан. Б.Э гэдэг хүн энэ мөнгөнөөс ганц төгрөг аваагүй. Б.Эыг эдгээр хүмүүсийг өрөөндөө дуудаж авчраад бичүүлээд байгаа гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан байна. Энэ үйлдэл дээр сэтгэл эмзэглэж байна. Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Г, Б.Э нарыг А аймгийн Э сумын Зар ажиллаж байсан Ж.Г, мөн тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Э нар нь бүлэглэн тус сумын иргэн Д.А, Ц.Э, Б.Б нарын Оросын Холбооны Улсын У хотод аялах аяллын зардлыг төсвийн хөрөнгөнөөс гаргах зорилгоор дээрх иргэдтэй утсаар ярьж, албан өрөөндөө дуудаж Засаг даргын нөөц хөрөнгөнөөс эмчилгээний зардал хүсэх тухай хүсэлт бичүүлж авсан байх бөгөөд уг хүсэлтийг үндэслэн тус сумын Засаг даргын зөвлөлийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, Д.А, Ц.Э, Б.Б нарт тус тус 150.000 төгрөгийн тусламж олгохоор шийдвэрлүүлж, улмаар уг шийдвэрийн дагуу тус сумын Засаг даргын орлогч Т.Гоор 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаартай “Буцалтгүй тусламж олгох тухай” захирамж гаргуулан, уг захирамжийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ц.Эийн Хаан банкны дансанд, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Аы Хаан банкны дансанд, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.Бийн Хаан банкны дансанд тус тус 150.000 төгрөгийг Э сумын Төрийн сангийн данснаас тэтгэмж гэсэн утгатайгаар шилжүүлүүлж бусдад давуу байдал бий болгосон,
шүүгдэгч Б.Бийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн прокурорын газрын уулзалт, мэдүүлгийн өрөөнд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Ж.Г, Б.Э нарын өөрт нь болон бусдад давуу байдал бий болгож, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийн талаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэж, шүүгдэгч Ж.Г, Б.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Ж.Г, Б.Э, Б.Б нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г, Б.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Г, Б.Э, Б.Б нарыг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын хэмжээ, шинж чанарын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад гэрч Б.Бийн ... 2017 оны 12-р сард буюу Э сумын шинэ жилийн арга хэмжээний үеэр З, нар нь азтан шалгаруулж У явах эрхийн бичгээр Б, Э, А нарыг шагнаж, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан. Мөнгийг өөрсдөөр нь У хотод эмчилгээнд явах гэж байгаа тул засаг даргын нөөц хөрөнгөнөөс мөнгө гаргаж өгнө үү гэсэн хүсэлт бичүүлж, эмчилгээ хийлгэх гэж байгаа мэтээр төрийн данснаас шилжүүлсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Аы ... 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Э сумын бүх багуудын шинэ жилийн арга хэмжээ болсон. Тус шинэ жилийн арга хэмжээний үеэр би азын сугалаанд ОХУ-ын У хотод үнэгүй аялах эрхийн бичиг хожсон. Надаас гадна Э сумын 0-р багийн иргэн бас хожсон. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний орчим би Э сумын З Г руу утсаар холбогдож хэзээ явах вэ, зардлын мөнгийг нь яаж өгөх вэ, явах хүмүүст би багтаж байгаа юу гэж асуухад Г дарга болноо болно, би зохицуулна л гэсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр аяллын компаний автобус Уийн чиглэлд явахаар болсон бөгөөд өглөө нь Г дарга над руу залгаад 150.000 төгрөгөө өөрөөсөө өгчхөөрэй, данс руу чинь араас чинь мөнгийг нь хийчихье гэсэн. Надад боломжгүй байгаа талаар хэлсэн чинь юу ч гэсэн А аймгийн О, Чуа О руу ярь гэсэн. О дарга У рүү явж байсан хүмүүсийг зохион байгуулаад явж байсан юм байна лээ. Тэгээд би О даргад мөнгө өгөх боломж алга байна, мөнгөө оронгуут Д дээрээс аваад өгье гэсэн чинь тэг тэг гэсэн. Ингээд У яваад ирэх хугацаанд мөнгө миний данс руу ороогүй ба О дарга чиний мөнгийг би өөрөөсөө өгчихлөө шүү мөнгөө орохоор өгөөрэй гэсэн. Уээс ирээд 2 хоногийн дараа миний Хаан банкны данс руу Э сумын төрийн сангаас 150.000 төгрөг орж ирсэн. У явахаас өмнө Э сумын засаг даргын тамгын газрын дарга Э намайг өрөөндөө дуудаад өргөдөл бичээд өгчих гэсэн. Юун өргөдөл юм бэ, ямар утгатай өргөдөл бичих юм бэ гэтэл Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гэж байгаа, 150.000 төгрөг олгож өгнө үү гэж бичээрэй гэхээр нь хэлснээр нь биччихээд гараад явсан. Ямар ч байсан сугалаагаар У явах эрх хожсон 3 хүний зардлыг Э сумын засаг даргын тамгын газраас гаргаж өгсөн. Э бид гурваар адилхан өргөдөл хүсэлт өргөдөл бичүүлж авсан ... гэсэн мэдүүлэг, дахин өгсөн ... Тухайн хүсэлтийг У явах замын зардал авахын тулд л Э даргын хэлж зөвлөснөөр хүсэлт бичиж өгөөд авсан. Миний тухайд У явах хүмүүсийг ахалж явсан О, Ч г Ч.О ахаас замын зардал зээлээд явсан байсан юм. Дээр хэлсэнчлэн О даргаас зээлсэн байсан замын зардлын мөнгийг дээрх байдлаар түүний данс руу шилжүүлсэн юм ... гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Эийн ... 2017 оны Э сумын Засаг даргын тамгын газрын шинэ жилийн арга хэмжээнд оролцоод урилганы дугаараар азтан тодруулахад Б бид хоёр азтан болж У хот руу аялах эрхээр шагнуулсан. Азтанг Э сумын З өөрөө тодруулж, эрхийн бичиг гардуулж өгсөн. Түүнээс хойш би 2018 оны 01 дүгээр сард Э сумын З Гаас 2, 3 удаа утсаар хэзээ явуулах вэ гэж асуухад 2018 оны 01 дүгээр сарын 20-ны орчим явна гэсэн. Тэгтэл 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Э сумын Засаг даргын тамгын газрын дарга Э намайг ажил дээрээ дуудаад эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэж хүсэлт бичээд өг, тэгээд У явах мөнгийг чинь гаргаж өгнө гэсэн. Э даргын хэлсний дагуу би эмчилгээ хийлгэх тухай хүсэлт бичиж өгөөд Хаан банкин дахь 000000000 дугаарын дансаа үлдээгээд явсан. Мөнгө нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр миний дансаар 150.000 төгрөг орж ирсэн. Э сумын төрийн сангийн дансаар мөнгө орж ирсэн. Дээрх 150.000 төгрөгийг бол эмчилгээ гэсэн шалтгаанаар хүсэлт бичүүлж авсан. Тус хүсэлтийг бичиж өгөх юм бол У орох мөнгө чинь орно гэсэн. Г хувиасаа бол надад мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй ... гэсэн мэдүүлэг, дахин өгсөн ... Аймгийн хэмжээнд явах хүмүүсийг бүгдийг нь нэг унаагаар явуулсан. А, Б бид гурав нэг автобусаар явсан. Бийн тухайд бөмбөг тоглож байгаад хөл, ууц, нуруугаа гэмтээсэн гэж байсан. Тухайн үед бие муу байгаа Итгэлт хамба явж мөргөвөл гайгүй болдог гэсэн гэж ярьж байсан ... гэсэн мэдүүлэг /6хх-ийн 63 хуу/, Гэрч Р.Сийн ... Дээрх хүмүүс нь эмчилгээ хийлгэх шалтгаанаар Э сумын засаг даргын нэр дээр өргөдөл бичсэн байсан. Түүнийх нь дагуу засаг даргын орлогч захирамж гарган мөнгө олгохоор шийдвэрлэсэн байсан. Тухайн үед би эмчилгээний шалтгаанаар тэтгэмжийн мөнгө гарч байна гэж ойлгож байсан чинь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийнхөө 14 цаг 30 минутаас хойш Б, Э, А нар нь У явах хүмүүсийн мөнгө орсон уу, хэзээ орох вэ гэж асуусан. Ингэж асуухаар нь би тэтгэмжийн мөнгө биш, У явах хүмүүсийн мөнгө байна гэж ойлгосон ... гэсэн мэдүүлэг, Гэрч Р.Сийн дахин өгсөн ... Тухайн үед “буцалтгүй тусламж олгох” захирамж гараагүй байсан санагдаж байна би өөрийн нүдээр захирамжийг хараагүй. Харин төлбөрийн хүсэлт, өргөдлүүд нь бол байсан. Төлбөрийн хүсэлт дээр тамгын дарга Э 1-р гарын үсгээ зурсан, нягтлан бодогч Б.Т бас 2-р гарын үсгээ зурсан байсан учраас зарлагын гүйлгээг хийсэн. Тухайн 2018 оны 1 сарын 25, 26-ны өдөр бил үү гүйлгээ хийсний дараахан Б, Э нар над руу яриад У явах хүмүүсийн мөнгө шилжигдээгүй юм уу гэж асууж байсан. Тэр үед энэ мөнгө нь У явахад зарцуулагдаж байгаа мөнгө юм байна гэж ойлгосон. Энэ талаараа би өмнө нь мэдүүлсэн. Харин өмнөх мэдүүлэгтээ засаг даргын захирамж гарсан байсан мэтээр андуурч хэлсэн байна. 2018 оны 01 сарын 25-ны өдрийн Ц.Э, Б.Б, Д.А нарт мөнгө шилжүүлсэн төлбөрийн хүсэлт дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Би тухайн өдөр төрийн сангийн тэмдгээ дарсан байна. 2018 оны 01 сарын 25-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хурал болсон эсэхийг би мэдэхгүй байна. Харин 2018 оны 1 сарын 25-ны өдөр байх Б.Т явахаасаа өмнө надад Б.Б, Ц.Э, Д.А нарт мөнгө шилжүүлэх төлбөрийн хүсэлтийг тамгын даргаар гарын үсэг зуруулаад, өөрөө гарын үсэг зураад өргөдлүүдтэй нь хамт өгсөн. Тэгээд би гүйлгээг хийсэн. Нягтлан бодогч Б.Т, санхүү албаны дарга Б.Э нар нь энэ мөнгийг У хот руу явах аяллын зардалд зарцуулагдах мөнгө гэдгийг мэдэж байсан эсэхийг мэдэхгүй байна. Гүйлгээ хийсний дараа Б, Э нар нь яриад У явах мөнгө гээд яриад байсан юм. Намайг гүйлгээ хийсний дараа Санхүү албаны дарга хянаж баталгаажуулдаг тэгж байж мөнгө нь шилжигдэнэ, хянаагүй тохиолдолд шилжигдэхгүй. Засаг даргын нөөц хөрөнгө нь бүхэлдээ төсвийн хөрөнгө юм. Засаг даргын нөөц хөрөнгийн хэмжээг сумын иргэдийн хурлаар баталдаг бөгөөд тэр батлагдсан төсвийн хуваарийн хүрээнд захиран зарцуулна ...гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Сийн ... 2018 онд бол Э сумын иргэдээс ирүүлсэн Э сумын З, Засаг даргын тамгын газарт хандаж гаргасан өргөдлийг би хүлээж авч бүртгээд сумын З, түүний орлогч, эсхүл тамгын газрын даргаар холбогдох албан тушаалтнуудад нь цохуулдаг. Зарим иргэд мэдэхгүй шууд дарга нар луу өргөдлөө бариад ордог бөгөөд тэр тохиолдолд З, орлогч дарга, тамгын дарга нар бичиг хэрэгт өргөдлөө өг гээд зааж өгөөд явуулдаг. Тэгээд албан ёсоор бүртгэлд оруулдаг юм. Би бүртгэлийг харахад 2018 оны 01 сарын 25-ны өдөр Д.А, Б.Б, Ц.Э, М.М нар тусламж хүссэн өргөдөл гаргаагүй би хүлээж аваагүй байна. Харин 2018 оны 02 сарын 05-ны өдөр Э сумын 1-р багийн иргэн М.М тусламж хүссэн өргөдөл гаргасан бөгөөд би үүнийг нь тэр дор нь орлогч дарга Т.Гоор цохуулаад Д.Ч гэдэг хүнд өгсөн байна. Би өөрөө М.М гэдэг хүнээс өргөдлийг нь авсан байна, бүртгэлээс харахад 1 хуудас өргөдөл өгсөн байна. 2018 оны 1 сарын 26-ны өдөр би дээрх нэр бүхий Ц.Э, Б.Б, Д.А, М.М нараас тусламж хүссэн өргөдөл хүлээж аваагүй ... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Түвшинцэцэгийн дахин өгсөн ... Би тухайн үед захирамжийг бол нүдээр хараагүй. Гэхдээ 1-р гарын үсэг буюу Э сумын З Б.Э надад захирамж нь асуудалгүй эдгээр хүмүүст яаралтай мөнгийг нь өгөх хэрэгтэй байна гүйлгээгээ хий гэж хэлсэн юм. Тэгээд би төлбөрийн хүсэлтийг нь бэлдээд Б.Эаар өөрөөр нь гарын үсэг зуруулж Ц.Э, Д.А, Б.Б нарт тус бүр 150.000 төгрөгийг шилжүүлэх төлбөрийн хүсэлтийг бэлдээд би өөрөө гарын үсэг зураад төрийн санд өгсөн. Засаг даргын орлогч Т.Г мэдэж байсан эсэхийг мэдэхгүй байна. Аяллын зориулалтаар мөнгө олгох боломжгүй харин тэр нь нэг удаагийн буцалтгүй тусламж гэж тамгын дарга Э надад хэлсэн юм. Дээрх Э сумын иргэн Д.А, Ц.Э Б Б нарт олгосон тус бүр 150.000 төгрөг нь төсвийн хөрөнгө мөн. Энэ нь төлбөрийн хүсэлтээс тодорхой харагдана. Төлбөрийн хүсэлтэд орон нутгийн нөөц хөрөнгө гэж харагдаж байгаа нь Засаг даргын нөөц хөрөнгө байгаа юм. Энэ Засаг даргын нөөц хөрөнгө нь бараа үйлчилгээний бусад зардал гэсэн зардлын зүйл ангиллаар зарцуулагддаг ... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бийн ... Тухайн үед Г нь утсаар хүнтэй яриад байсан. Жаахан маргах маягтай яриад байсан. Би тухайн үед Зтай яриад байна гэж ойлгосон. Ямар ч байсан Э орж ирээд нэг захирамжин дээр гарын үсэг зуруулж байсан ... гэсэн мэдүүлэг, Гэрч С.Хийн ... 2019 онд санагдаж байна өдөр хугацааг нь санахгүй байна би өрөөндөө байж байтал Э сумын засаг даргын орлогч Т.Г орж ирээд аймаар их ажилтай гурил тарааж байхад надаар баримтан дээр гарын үсэг зуруулсан тэр нь мөнгө төгрөгтэй холбоотой байсан байна гээд бухимдаад байсан. Тухайн үедээ би мөнгө төгрөгтэй холбоотой юман дээр чи юу гэж зурдаг юм гэж хэлээд өнгөрч байсан. Тэгэхээр Г энэ мөнгийг аялалд хүмүүсийг явуулах зорилгоор олгож байна гэдгийг мэдээгүй байх боломжтой байх гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Эын дахин өгсөн ... Би 2018 оны 1 сарын 25-ны өдөр А аймагт байсан. Би тухайн 2018 оны 1 сарын 25-ны өдөр би хэдэн цагийн үед хөдөлсөн эсэхээ санахгүй байна. Тухайн 2018 оны 1 сарын 25-ны өдөр ажлын өдөр байсан бол ажил үүрэг гүйцэтгэсэн байх. Би дээрх гүйлгээг хянаж баталгаажуулсан гэхдээ яг хэзээ хянаж баталгаажуулсан эсэхээ санахгүй байна. Тухайн хүний дансанд орсон байдлаас харахад 2018 оны 01 сарын 31-ний өдөр орсон байгаа болохоор тухайн өдөр дээрх гүйлгээг хянаж баталгаажуулсан юм шиг байна. Бага дүнтэй гүйлгээ учраас тэр өдөртөө ордог. Би дээрх гүйлгээг баталгаажуулах үедээ захирамжийг нь бол хараагүй. Төлбөрийн хүсэлтээс харахад дээрх 150.000 төгрөгийн гүйлгээнүүд нь А аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын данснаас гарч байна. Энэ мөнгө нь тамгын газрын төсөв буюу орон нутгийн нөөц хөрөнгө, хөтөлбөрөөс гарсан байна ... гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Гийн ... 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б.Б, Д.А, Ц.Э, М.М нарын буцалтгүй тусламж хүссэн хүсэлтийг шийдвэрлэх А аймгийн Э сумын засаг даргын зөвлөлийн хурал болоогүй. Тухайн хуралд би оролцоогүй. 2018 оны 02 сарын 05-ны өдөр ойролцоогоор 18 цагийн орчимд байх намайг Э сумын Н төвийн подволд ахмадуудад гурил тарааж байх үед Э сумын засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Э над дээр ирээд авлигатай тэмцэх газраас хүмүүс ирээд шалгаад байна энэ захирамж дээр гарын үсэг зураад өгөөч Г байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би тэр доор нь Г луу залгаад энэ захирамж дээр та өөрөө гарын үсгээ зур буцалтгүй тусламж олгож байгаа мөнгө гаргах захирамж засаг даргын орлогчийн үүрэгт байхгүй засаг даргын бүрэн эрхэд байдаг гэж хэлэхэд чи наадах дээрээ зур, чи миний ачаар өдий зэрэгтэй яваа гэж дарамталсан маягтай хэлсэн учраас би гарын үсэг зурсан. Мөн яг тэр үед надаар Б.Б, Д.А, Ц.Э, М.М нарын буцалтгүй тусламж хүссэн хүсэлтийг цохуулсан бөгөөд 2018 оны 01 сарын 25-ны өдрөөр цохуулсан харин захирамж дээр он, сар, өдрийг тавиагүй байсан. 2018 оны 02 сарын 06-ны өдөр авлигатай тэмцэх газраас юм тодруулах гэсэн юм гээд дуудах үед нь би Г дарга руу утсаар ярьж та нарыг дуудсан уу юу болсон юм бол гэхэд буцалтгүй тусламж олгосон асуудлаар зөвлөлийн хурал болсон тэгээд тусламж олгосон гэдэг байдлаар хэлээрэй гэж хэлсэн. Энэ Б.Б, Д.А, Ц.Э, М.М нарт буцалтгүй тусламж олгох захирамж 2018 оны 01 сарын 25-ны өдөр гараагүй байсан. Энэ захирамж 2018 оны 02 сарын 05-ны өдөр гарсан би өөрөө гарын үсэг зурсан учраас мэдэж байна. Мөн 2018 оны иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дэвтрийг би шүүж үзэхэд М.М гэдэг хүн 2018 оны 02 сарын 05-ны өдөр дээрх тусламж хүссэн өргөдлөө гаргасан бүртгэл нь байсан. Иргэн 2018 оны 02 сарын 05-ны өдөр өргөдөл гаргаад байхад бид 2018 оны 01 сарын 25-ны өдөр хурал хийж өргөдлийг шийдэх боломжгүй бөгөөд үүнээс харахад нөхөж үйлдсэн нь тодорхой харагдаж байна. Мөн 2018 оны 01 сарын 25-ны өдөр би ажил дээрээ байхгүй байсан бөгөөд З Г өөрөө байсан тэр ч байтугай захирамж гаргасан байсан ... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Чгийн ... Би Э сумын засаг даргын зөвлөлийн гишүүн биш. Дээрх хурал болсон болоогүйг нь би мэдээгүй бөгөөд тамгын даргаар ажиллаж байсан Э эсхүл орлогч дарга Г хоёрын хэн нэг нь надад авлигатай тэмцэх газраас хүмүүс ирчихсэн баримт асуугаад байна бид нар энэ хурлыг өөрсдөө хийчихсэн харин тэмдэглэл нь байхгүй байгаа учраас чи нөхөөд бичээд өгөөч гэж хэлсэн. Би хэдий зөвлөлийн гишүүн биш ч гэсэн тухайн үед нэг хэсэг иргэдээс ирсэн өргөдлийг надад цохож өгдөг байсан би зөвлөлийн хуралд нь танилцуулдаг байсан юм. Энэ утгаараа надаар тэмдэглэл бичүүлсэн байх. Тухайн үед М гэдэг хүний өргөдөл ирчихсэн байсан бөгөөд энэ хүний өргөдлийн хамт тэмдэглэлдээ биччих энэ хүнд 100.000 төгрөг, Б.Б, Д.А, Ц.Э нарт тус бүрд 150.000 төгрөг гэж бичээрэй гэсэн. Би тухайн үед засаг даргын зөвлөл хуралдчихсан тэгээд тэмдэглэл нь байхгүй гэхээр нь бичиж өгсөн. Би 2018 оны 02 сарын 06-ны өдөр А аймгийн Прокурорын газарт авлигатай тэмцэх газраас мөрдөгчид мэдүүлэг өгсөн бөгөөд өмнөх өдрийнх нь орой ажил тарах үеэр буюу 2018 оны 02 сарын 05-ны өдөр 18-19 цагийн орчимд байх Э дарга намайг өрөөндөө дуудсан. Улмаар дээрх хурлын тэмдэглэлийг бичээд өг авлигатай тэмцэх газраас баримт шалгах гээд байна гэж хэлсэн. Э даргаас намайг дуудаж байна гэтэл өчигдрийн хурлын тэмдэглэлийн талаар асуух байх хурал болсон, би тэмдэглэл хөтөлсөн гэж хэлээрэй гэсэн юм. Дэвтэрт 2018 оны 02 сарын 05-ны өдөр М.Мийн өргөдлийг хүлээж авсан байна. Энэ гарын үсэг миний гарын үсэг мөн байна ... гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна.
Дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, гэрчүүдийн мэдүүлгүүдэд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй, гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо, мөн бусад нотлох баримттай шалтгаант холбоотой байна.
Гэтэл анхан шатны шүүх дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн, гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримттай шалтгаан холбоотой эсэх, анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийн алийг үнэн зөв гэж дүгнэсэн, бусдыг нь ямар үндэслэлээр үнэлэхгүй буйгаа няцааж тайлбарлан дүгнэх нь хууль болон хэргийн жинхэнэ байдалд нийцэхээр байхад энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийсэн, нотлох баримтуудыг эрүүгийн эрх зүйн онолтой уялдуулж тайлбарласан гэж дүгнэхээс илүүтэй нотлох баримтуудыг хэт хийсвэр байдлаар дүгнэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг эрүүгийн эрх зүйн ойлголттой уялдуулж тайлбарлаж чадаагүй, дүгнээгүй зэрэг нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэхээр байна.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэн, шүүгдэгч Ж.Г, Б.Э, Б.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэлтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6, 39.8 дахь хэсэгт тус тус заасан алдаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Г, Б.Э, Б.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр, шүүгдэгч Ж.Г, Б.Э, Б.Б нарын хэрэг анхан шатны шүүхэд очтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/25 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Ж.Г, Б.Э, Б.Б нарт хэрэг анхан шатны шүүхэд очтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Т.ГАНЧИМЭГ