| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0882/Э |
| Дугаар | 921 |
| Огноо | 2018-06-21 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 921
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал ҮД:27-14 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ч.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0000 01117 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч.Б
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ч.Б нь өсвөр насны яллагдагч Б.Энхбаттай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 24 дүгээр байрны гадна иргэн М.Эрдэнэболдын “Ай Фоне-6 плас” маркийн 624.000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бүлэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Хохирогч М.Эрдэнэболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой 00:30 цагийн орчим гадуур явж байгаад нилээд согтуу байдалтай гэрийнхээ гадаа найзаараа машинтай хүргүүлээд буугаад орцныхоо үүдэнд утсаар яриад байж байтал миний хойноос утсыг маань шүүрээд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Яруу” дэлгүүрийн хажуугаар гүйгээд явсан. Би араас нь гүйхэд халтирч унасан юм. Миний алдсан гар утас хар өнгийн гэртэй, Ай Фоне-6 плас загварын саарал өнгийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,
Гэрчээр Ч.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 28-ны орой Гэрэлээ, Шинэбаяр нар байранд ирэхээр нь бид нар хоолыг нь идэж байтал Ч.БУндрахбаяртай тамхи татахаар гарсан. Ингээд Энхбат бид хоёрыг хоолоо идэж байтал Гэрэлээ, Шинэбаяр нарыг өрөөнд байхад Ч.Бгаднаас гүйж орж ирээд гадаа согтуу хүн байна, унаж тусаад явж чадахгүй байна, Ай Фоне-6 плас гар утас барьсан байна, үнэтэй утас, очоод зодчих, эсхүл араас нь утсыг нь шүүрчих гээд намайг утасны мөнгө Ч.Баваад ир гээд байхаар нь би Энхбатын хамт пудволоос гараад утсаар ярьж байсан согтуу хүний хажууд явж байхад Ч.Бшүүрээч гээд байхаар нь араас нь шүүрээд зугтаагаад такси бариад Шинэбаярын дугаар руу залгаад Ч.Б, Ундрахбаяр, Шинэбаяр, Энхбат, Гэрэлцэцэг бид нар Модны 2 ороод утсаа ломбарданд Шинэбаярын бичиг баримтаар тавьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,
Гэрч У.Гэрэлцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...тэгээд бөөндөө гаръя гээд Бямбажаргалын Энхбат түрүүлж гарсан. Бид хэд араас нь гарсан чинь орцны гадна шатан дээр зогсож байсан. Тэгээд Шинэбаяр, Ч.Б, Ундрахбаяр, нөгөө Энхбат бид хэд юм яриад явж байтал Бямбажаргалын Энхбат түрүүлээд алхаж байсан. Баянцээлийн гудамжаар алхсан. Тэгтэл нэг хүн утсаараа оролдоод явж байсан. Тэгсэн уг залуугийн утсыг Бямбажаргалын Энхбат шүүрээд бид нарын өөдөөс гүйгээд хажуугаар өнгөрөөд зугтаасан...Тухайн үед гар утас булаах санааг Ч.Бгаргаж, Бямбажаргалын Энхбат утсыг булааж авч зугтсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,
Гэрч Ц.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тухайн үед Ч.Бгаднаас орж ирэхдээ гадаа нэг согтуу хүн утсаар оролдож байна гэж хэлсэн чинь Энхбат өрөөнөөс гараад явсан. Тэгэхээр нь бид араас нь гараад би ажилдаа явахаар болоод намайг найз нар маань хүргэж өгөхөөр гартал Энхбат нөгөө согтуу залууг ажиглаад харж байсан. Бид тоохгүй хажуугаар нь гарсан чинь Энхбат нөгөө залуугийн утсыг шүүрээд зугтаасан юм. Тэрнээс биш хоорондоо ярилцаж уг хэргийг хийгээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар тал/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29 дүгээр тал/,
Яллагдагчаар өгсөн Ч.Б: ...Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Зүүн хараа руу яваад ангийнхаа найзуудтайгаа уулзаад тэгээд эргээд Улаанбаатар хотод найз Ундрахбаяр, хоёр Энхбат бид дөрөв вагоноор ирсэн...оройн 17:00 цагийн орчим буудлаас гараад Сансарын 24-р байрны подволд өрөө түрээслүүлхээр Шинээ дагуулан ирсэн, тэгсэн байрны эгч та нар олуулаа байна гээд байхаар нь бид нар энд байхгүй хоёр үлдэнэ гэж хэлээд Шинээ чемодантай хувцасаа орхиод мөнгө олох гээд бид нар байрнаас гарах гээд эхэлж Ундрахбаяр бид хоёр тамхи татах гээд гарсан чинь гадаа нэг согтуу ах гайгүй утас барьчихсан байсан тэгэхээр нь би эргэж ороод Энхбатад гадаа нэг залуу гайгүй утас барьчихсан байна гэж хэлсэн чинь Энхбат гарсан. Тэгээд бид нар байрны эзэнд мөнгөө олчихоод ирье гэж хэлээд байрнаас гараад бөөндөө Сансар өөд явж байтал Энхбат нөгөө согтуу залуугийн гар утсыг шүүрээд зугтсан. Тэгтэл араас нь бас нөгөө Энхбат гүйсэн. Тэгээд бид такси бариад Энхбатыг олоод Цайзын тэндээс гар утас шүүрсэн Энхбат дээр очсон. Тэгээд бид утсыг ломбарданд тавьж буудалд хоносон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 90 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ч.Б нь өсвөр насны яллагдагч Б.Энхбаттай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 24 дүгээр байрны гадна иргэн М.Эрдэнэболдын “Ай Фоне-6 плас” маркийн 624.000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ч.Бд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Эрдэнэболд нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Ч.Б бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Ч.Бтэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 5 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА