Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/20

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               Б.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Б.Солонго

                                                                                    Ч.Эрдэнэбат

Шүүгдэгч                                                                   *******

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч аймгийн ерөнхий прокурор Н.Доржсүрэнгийн бичсэн эсэргүүцэлээр шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2521000390050 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, харуулчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 327 дугаар ангид харуулчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/

2. Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны шөнийн 22 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алслагдсан харуулын цэгийн ойролцоо иргэн *******ыг үл ялих зүйлийн улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны цууралт, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, баруун нүдний дотор булан орчим болон зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Зэвсэгт хүчний 327 дугаар ангид үүрэг гүйцэтгэж байхдаа жагсаалын талбайд Монгол Улсын Цэргийн дүрмийн гуравдугаар бүлгийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан "цэргийн алба хаагчид харилцахдаа нэгтгэн удирдах, захирах захирагдах, харилцан хүндэтгэх зарчмыг баримтална" гэх заалт, мөн 7 дугаар зүйлийн 7.11-т заасан "цэргийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн нийтлэг дүрмүүдээр тогтоосон хэм хэмжээг зөрчиж хоорондоо харилцахыг дүрмийн бус харилцаа гэж үзнэ" гэсэн заалтуудыг зөрчиж бие биедээ захирагдахгүй ижил албан тушаалтай харуулчин *******ыг "Жагсаалд хөдөлсөн, бохь зажилсан, төрийн дуулал дуулаагүй" гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 28.4 дүгээр зүйлийн 1 дэх тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500,000 төгрөгийн ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тусад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Хунгашайд тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй хохирогчид 10,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ******* дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэжээ.

5. Аймгийн ерөнхий прокурор Н.Доржсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй боловч прокурор ял тохиролцохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг зөвтгөлгүйгээр прокурорын саналын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангид заасан 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Тэнсэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хэм хэмжээний агуулгад нийцүүлэн хэрэглэх бөгөөд мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.” гэх хуулийн хориглосон зохицуулалтыг зөрчиж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан “тэнсэх” ерөнхий журам нь мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тусгайлсан зохицуулалтын хүрээнд хэрэглэгдэнэ.

… Шүүх шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 санаатай гэмт хэргийг үйлдсэн байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулаагүй нь шударга ёсны зарчимд нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

6. Прокурор Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байхад мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Тэнсэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хэм хэмжээнд тохируулж хэрэглэнэ. 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн байх юм бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй” гэж хуулиар хориглосон заалтыг зөрчиж ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тэнсэх ерөнхий журам нь өөрөө хуулийн 7.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд хэрэглэгдэх юм.

... Энэ тохиолдолд яагаад эсэргүүцэл бичсэн бэ гэхээр хяналтын прокурор хялбаршуулсан журмаар ял тохиролцож явуулсан хэрэг дээрээ хоёр санаатай гэмт хэрэг үйлдсэн байхад тэнсэх албадлагын арга хэмжээ авахаар яллагдагчтай тохиролцож хэргийг шүүх рүү шилжүүлж байгаа нь өөрөө эрүүгийн хуулийг зөрчсөн. Үүнээс улбаалаад шүүхээс алдааг нь зөвтгөхгүйгээр хэргийг шийдвэрлээд, торгоод, тэнсэх албадлагын арга хэмжээ авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилд хамаарч байгаа юм гэж дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн нь үндэслэлтэй. 

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах дүгнэлтийг гаргаж оролцож байна гэв. 

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн хэрэг дээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эсэргүүцэл бичих хуулийн зохицуулалттай. Гэтэл эсэргүүцэл дээр нэг бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж бичээд байгаа юм шиг, нөгөө талаас процессийн хуулийг ноцтой зөрчсөн гэж бичээд байгаа юм шиг хоёр агуулгыг тусгасан байгаа.

... Анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдлуудыг бүхий л талаас харгалзан үзсэний үндсэн дээр прокуророос ирүүлсэн саналын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байгаа. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлтэй 6.7 дугаар зүйл нь хамаарах юм гэж эсэргүүцлээ бичсэн байсан. Энэ хэргийн хувьд прокуророос эрх хэмжээнийхээ хүрээнд 6.7 дугаар зүйлийг журамлаад ялыг тэнсэхээр оруулж ирсэн. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд ялыг тэнссэн асуудал байхгүй. Хоёр өөр агуулгатай байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалт хамаарахгүй юм гэж тайлбар гаргаж оролцож байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэснийг анхан шатны шүүхээс хэрэглэсэн байгаа. Энийг яг ямар үндэслэлээр буруутгаад байгаа талаар хууль зүйн тодорхой үндэслэл эсэргүүцэлд байхгүй. Энэ бол шүүхэд хуулиар олгосон бүрэн эрх хэмжээний асуудал юм. Шүүхээс ингэж шийдвэрлэх бүрэн эрхтэй.

... Нэгэнт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгоод шийдвэрлэсэн байхад заавал Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг заавал хэрэглэх албагүй, хууль хэрэглээний хувьд зөрчилтэй гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх хуулийг бол зөв хэрэглэсэн. Дээрх хэргүүд нь цаг хугацаа, орон зайн хувьд тус тусдаа үйлдэгдсэн байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн нөхцөл байдлыг үнэлж шийдвэрийг гаргасан байгааг буруутгах үндэслэлгүй юм. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бүхэлдээ үндэслэлтэй байна. Дараагийн дугаарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдох юм бол ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрийг гаргахаар хуульчилсан. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй, прокурорын байгууллагын саналын хүрээнд л шийдвэрлэх ёстой байдалд орсон. Тиймээс ялыг тус тусд нь эдлүүлэх хуулийг хэрэглэж байгаа нь оновчтой зохицуулалт юм. Тухайн хэрэг доторх асуудлыг ердийн журмын хэрэг шиг шүүх шийдвэрлэх шаардлагагүй болно гэсэн үг. Прокурорын байгууллага өөрөө шүүх хуралдааны хэв шинжийг ойлгоогүй юм уу гэж харж болохоор байна. Энэ чинь өөрөө ердийн журмаар шийдвэрлэж байгаа хэрэг биш байгаа. Ердийн журмаар явж байсан бол талууд мэтгэлцэж болох юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт ... шүүхийн шийдвэрт прокурор оролцогч гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар эсэргүүцэл гаргана гэж заасан. Тэгвэл процессын хуулийг буруу хэрэглэсэн эсэхийг нягтлах хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа харах ёстой болно. Тэрнээс биш зүйлчлэлтэй холбоотой эсэргүүцлийг прокурор гаргах эрхгүй гэж тайлбарламаар байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Дорнод аймгийн Прокурорын газраас *******г 2025 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 22 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алслагдсан харуулын цэгийн ойролцоо *******ыг үл ялих зүйлийн улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны цууралт, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, баруун нүдний дотор булан орчим болон зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

-2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Зэвсэгт хүчний 327 дугаар ангид үүрэг гүйцэтгэж байхдаа жагсаалын талбайд Монгол Улсын Цэргийн дүрмийн гуравдугаар бүлгийн 7 дугаар зүйлийн  7.1-т заасан “цэргийн алба хаагчид харилцахдаа нэгтгэн удирдах, захирах захирагдах, харилцан хүндэтгэх зарчмыг баримтална.” гэх заалт, мөн 7 дугаар зүйлийн 7.11-т заасан “цэргийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн нийтлэг дүрмүүдээр тогтоосон хэм хэмжээг зөрчиж хоорондоо харилцахыг дүрмийн бус харилцаа гэж үзнэ.” гэсэн заалтуудыг зөрчиж бие биедээ захирагдахгүй ижил албан тушаалтай харуулчин *******ыг “Жагсаалд хөдөлсөн бохь зажилсан, төрийн дуулал дуулаагүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Яллагдагчийн хүлээн зөвшөөрсөн прокурорын саналд энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас гадна дараах нөхцөл байдлыг тусгаж, хэрэгт хавсаргана.” гээд 5.10-т “яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол түүний үйлдэл тус бүрд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ;” гэж заажээ.

Гэтэл прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тусад нь эдлүүлэхээр ял тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санал гаргаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, өөрөөр хэлбэл прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцээгүй байхад  анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “..., эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. ...” гэснийг зөрчиж прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4. Гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангасан байхын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгаас арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.” гэж заасантай нийцэхгүй байх ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

6. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх бөгөөд мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарна.

7. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

8. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 2. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      С.ГАНЧИМЭГ

    ШҮҮГЧИД                                                                        Г.УРТНАСАН

                                                                           Ц.ЭРДЭНЭЗУУ