2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/07666

 

 

 

 

 

 

2025 09 29

192/ШШ2025/07666

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Очир центр, 8 давхрын 802 тоотод байрлах Т…ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г ХХК-д холбогдох,

143,927,552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай Т..ХХК нь Г..ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ..дугаартай Цахилгаан шат нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр нийлүүлэгч тал болох Г..ХХК нь захиалгын дагуу зохих чанарын шаардлага хангасан, эвдрэлгүй, Монгол улсын … стандарт болон олон улсын .. нийцсэн, ..загвартай зорчигчийн лифт (цахилгаан шат)-ийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нийлүүлэх, захиалагч болох Т.  ХХК нь цахилгаан шатны үнэ болох 518,759,240 төгрөгийн үнийн дүнд Т..ХХК-ийн … өрөө орон сууц, .. 2 өрөө орон сууц, Б-блок, 9 давхрын .. м.кв 2 өрөө орон сууцуудыг .. нь 2,390,000 төгрөгөөр тооцож, нийт .. м.кв буюу нийт 399,369,000 төгрөгийн орон сууцыг Гэрээний 3.4-т заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр .. дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Үлдсэн төлбөр болох 119,390,240 төгрөгт 4 ширхэг автомашин тухайн үеийн ханшаар тооцон харилцан тохиролцож дараах .. улсын дугаартай, 2007 онд үйлдвэрлэсэн, .. арлын дугаартай, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр импортолсон, .. маркийн автомашиныг Г..ХХК-ийн борлуулалтын албаны дарга Б.Г..2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Автомашин хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгсөн. .. улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэсэн, .. арлын дугаартай, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр импортолсон, .. машиныг Г..ХХК-ийн борлуулалтын албаны дарга Б.Г..2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Автомашин хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгсөн. .. 30-маркийн авто машин болон Ssayung coronda-маркийн машиныг нийт 40,000,000 төгрөгт тооцон Г..ХХК-ийн нягтлан бодогч Б.Э..т 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Тооцооны үлдэгдэлийн баталгаа гэх хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгснөөр нийт 518,759,240 төгрөгийн үнэ бүхий орон сууц болон автомашинуудыг нийлүүлэгч талд шилжүүлэн өгсөн. Гэвч нийлүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй буюу нэг ч цахилгаан шат лифт нийлүүлээгүй ба гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .. тоот, мөн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн .. тоот албан бичгээр шаардсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Хариуцагч гэрээний үүргээ огт биелүүлээгүйгээс болж манай төлөвлөсөн ажлууд хойшлогдож барилгын ажил удаашран захиалагч нарынхаа өмнө хугацаа хэтрүүлсний алданги, түрээс төлж, мөн лифт суулгуулах хугацаа хэтэрсний улмаас цамхагт кран ажиллуулан өдрийн 200,000 төгрөгийн цалинтай ажилчин ажиллуулах болсон. Цахилгаан шат нийлүүлэх гэрээний 8.1-т гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан хугацааны дагуу цахилгаан шатыг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутам 0,01 хувийн алданги төлөхөөр заасан байх бөгөөд нийт гэрээний үнийн дүн нь 518,759,240 төгрөг байна. Гүйцэтгэгч тал нь үүргээ гүйцэтгээгүй .. хоног хэтэрсэн байх ба гэрээний нийт үнийн дүнгийн 0,01 хувь нь хоног тутам 51,875,924 төгрөг байх тул гүйцэтгэгч талын үүргээ биелүүлээгүй 473 хоногийн нийт алданги нь 24,537,312 төгрөг байна. Иймд 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Г..ХХК-тай байгуулсан .. гэрээг цуцлаж Г..ХХК-д гэрээний дагуу үндсэн үүрэгт гүйцэтгэсэн 119,390,240 төгрөгийг, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.. ХХК-тай байгуулсан гэрээний 8.1-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэгт алдангийг дараах байдлаар тооцож 24,537,312 төгрөг нийт 143,927,552 төгрөгийг Г..ХХК-иас гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

  3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа, компанийн дүрэм, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээнүүд, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн цахилгаан шат нийлүүлэх гэрээ, мөн өдрийн цахилгаан шат угсарч, солиулах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, автомашин хүлээлцсэн акт шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн цахилгаан шат нийлүүлэх гэрээний төлбөрт шилжүүлсэн 119,390,240 төгрөг, алданги 24,537,312 төгрөг, нийт 143,927,552 төгрөгийг хариуцагч Г. ХХК-иас гаргуулахаар шаардсаныг хариуцагч компани эс зөвшөөрч маргаагүй байна.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Х…ХХК-ний нэр 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Т…ХХК болж өөрчлөгджээ. /хэргийн 8 тал/

Х..ХХК болон Г..ХХК нар … талбайтай 2 өрөө орон сууцыг 133,123,000 төгрөгт, Б блок, 1 дүгээр орц, 4 дүгээр давхар, .. талбайтай 2 өрөө орон сууцыг 133,123,000 төгрөгт, Б блок, 1 дүгээр орц, 9 дүгээр давхар, 901 тоот, 55.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 133,123,000 төгрөгт болон тээврийн хэрэгслийг .. үйлдвэрийн GLP 51922 загварын цахилгаан шатаар харилцан солилцохоор тохиролцсон болох нь 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн …. дугаар орон сууц захиалан бариулах гэрээ, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ..цахилгаан шат нийлүүлэх гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 14-42 тал /

Талууд гэрээндээ цахилгаан шатны нийт үнийг 518,959,240 төгрөгөөр тохирч, 399,369,000 төгрөгт .. талбайтай 2 өрөө орон сууц, .., 1 дүгээр орц, 4 дүгээр давхар, 401 тоот, 55.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, .., 1 дүгээр орц, 9 дүгээр давхар, 901 тоот, 55.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус тооцож, үлдэх 119,390,240 төгрөгт автомашин шилжүүлэхээр тохиролцжээ. /хэргийн 33 тал/

Нэхэмжлэгч байгууллага нь гэрээний төлбөрт .. улсын дугаартай, 2007 онд үйлдвэрлэсэн, .. арлын дугаартай, .. маркийн автомашин, .. улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэсэн, ..арлын дугаартай, .. маркийн автомашин, Toyota prius 30 маркийн автомашин болон Ssayung coronda маркийн тээврийн хэрэгслийг 110,000,000 төгрөг тооцон шилжүүлсэн болох нь тооцооны үлдэгдлийн баталгаа, автомашин хүлээлцсэн актаар тогтоогдож байна. Хариуцагч энэ талаар хүсэлт гаргах замаар нотлох баримт бүрдүүлж, маргаагүй болно.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ, 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус заасан.

Хариуцагч Г..ХХК нь нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар хариу тайлбар, нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч Х..ХХК болон Г..ХХК нар .. 2 өрөө орон сууц болон автомашиныг G LOONG үйлдвэрийн .. загварын цахилгаан шатаар харилцан солилцохоор тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч байгууллага нь 9,390,240 төгрөгөөс гадна арилжааны гэрээний дагуу 110,000,000 төгрөгийн тээврийн хэрэгсэл нийлүүлсэн бол хариуцагч компани нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 4 ширхэг цахилгаан шат нийлүүлэх хариу үүргээ биелүүлээгүй байна.

9. Нэхэмжлэгч нь тогтоосон хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзаж, түүний үр дагаврыг арилгуулах, гэрээний хариуцлага хүлээлгэхийг шаардахдаа шилжүүлсэн тээврийн хэрэгслийн өртөг нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч 110,000,000 төгрөгийн өртөг бүхий 4 тээврийн хэрэгсэл шилжүүлснийг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг хариуцагчийн нэр заасан этгээдэд шилжүүлсэн, хариуцагч автомашиныг буцаан өгөх талаар хүсэлт зоригоо илэрхийлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын 119,390,240 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.

10. Гэрээний талууд арилжааны гэрээнээс татгалзсан тул тэдгээрт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй заасан эрх, үүрэг үүсжээ.

Гэрээнээс татгалзахыг гэрээ байгуулагдаагүй байх үеийг сэргээх, анх байсан байдалд оруулсантай адилтган үзэх тул татгалзсан гэрээнээс хариуцлага, үр дагаврыг шаардах боломжгүй, зөвхөн учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл татгалзсан гэрээний дагуу алданги шаардах эрх нэхэмжлэгчид олгогдоогүй байх тул нэхэмжлэлийн 24,537,312 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ.

Иймд нэхэмжлэлийн 119,390,240 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх 24,537,312 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 877,588 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 754,901 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г..ХХК-иас 119,390,240 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.ХХК-д олгож, үлдэх 24,537,312 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 877,588 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 754,901 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ