Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/21

 

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               Э.Хилчинбаатар

Яллагдагч *******гийн өмгөөлөгч                  Л.Наранбаяр

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/199 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч *******ийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор, яллагдагч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2421002920014 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Яллагдагч нарын биеийн байцаалт

******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1982 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн инженер мэргэжилтэй, “ДБЭХС” ТӨХК-д захиргаа хүний нөөцийн хэлтсийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД: *******/

Баяжих овогт *******гийн , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1970 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “ДБЭХС” ТӨХК-д техникийн бодлого төлөвлөлт шуурхай ажиллагааны албаны ахлах инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорнод аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг, Дан байр тоотод оршин суух, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байсан, ял шийтгэлгүй. /РД: /

2. Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Чадангууд төвийн гадна 2024 оны 06 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед согтуугаар хохирогч *******той таарамжгүй харилцааны улмаас маргалдаж гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, баруун хацарт шанааны зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны ар гадаргын зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, цээжний цус хуралт, баруун цавь, зүүн гуя, бүсэлхийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Чадангууд төвийн гадна 2024 оны 06 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед согтуугаар хохирогч *******той маргалдах явцдаа хохирогч ийг гараас нь шувтарч цементэн дээр унагаасны улмаас эрүүл мэндэд нь зүүн өвдөгний урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, зүүн өвдөгний хоёр талын хажуугийн холбоосын суналт бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Чадангууд төвийн гадна 2024 оны 06 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед согтуугаар хохирогч *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь 11 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас яллагдагч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

яллагдагч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд… Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд яллагдагч *******гийн өмгөөлөгч Л.Наранбаярын гаргасан … “хохирогч т дахин шинжилгээ хийлгэх” болон “хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллагаар тогтоолгох” хүсэлтүүдийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа нэмж явуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

… Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шинжээчийн анхны дүгнэлтэд хохирогч т учирсан гэмтэл нь “...мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна...” гэж, нэмэлт дүгнэлтэд “...тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...” гэж тус тус дурдсан байна.

Тухайн хэрэг болсон цаг хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 06-ны орой яллагдагч ******* нь хохирогч ийг гараас нь шувтарч цементэн дээр өвдгөөр нь унагаасны дараа хохирогч нь босож чадахгүй байсан талаар гэрч, хохирогч нар мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл шинжээч эмчээс мэдүүлэг авсан боловч хохирогч т учирсан гэмтэл нь нэг удаа татаж унагаасны улмаас учирч болох эсэх, анхны дүгнэлтэд дурдсан хуучин гэмтэл болон 2 дүгнэлтэд дурдсан олон удаагийн үйлчлэлийн улмаас учирсан гэмтэл гэдгийг юу гэж ойлгох талаар асууж тодруулаагүй, дээрх шинжээчийн 2 дүгнэлт нь эргэлзээ төрүүлэхүйц байна.

Мөрдөгч, прокурор нь гэмт хэргийн үйл баримтыг нарийвчлан тогтоож дахин шинжээч томилон хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хуучин гэмтэл нь хэзээ учирсан, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэдгийг юу гэж ойлгох, хатуу гадаргуу дээр өвдөглөж унахад энэ гэмтэл учирч болох эсэх зэрэг асуултуудыг оновчтой тавьж, шинжээч дүгнэлт гаргасан тохиолдолд энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлуулах нь хэрэгт чухал ач холбогдолтой болно.

… Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулсан бөгөөд хохирогч *******, ******* нарын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөрдөгч сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан хүснэгтийг танилцуулсныг хууль ёсны гэж үзэх боломжгүй байх бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгон ирүүлэх шаардлагатай.” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

5. Яллагдагч *******ийн өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч байна. ... ийн гэмтэл нь хуульд заасан үндэслэлээр шинжээч томилох тогтоолын дагуу тусгай мэргэжлийн хүрээнд гаргаж байгаа дүгнэлтүүд юм. Эхний дүгнэлт бол MRI-н шинжилгээ хийлгээгүй байх үеийн дүгнэлт бөгөөд дараа нь 2024.07.12-ны өдөр Улаанбаатар хотод MRI-н шинжилгээний хариуг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Оюунбаясгалангаар уншуулж дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн ойлголт болохгүй юм.

Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг заавал шинжилгээний байгууллагаар тогтоолгох шаардлагагүй бөгөөд 2 яллагдагч зэрэглэл тогтоох хүснэгтийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн нотлох баримт болохгүй юм.

Шинжээчийн дүгнэлтийг заавал дахин шинжээч томилж зөрүүг арилгах шаардлагагүй, анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулан хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

6. Яллагдагч *******гийн өмгөөлөгч Л.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “ ... Анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч Уранчимэгийн биед хэд хэдэн гэмтэл учирсан. Гэхдээ энэ гэмтэл нь яг тухайн үед гэмтсэн гэмтэл эсэх нь эргэлзээтэй байгаа. Тиймээс дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн шүүгчийн захирамж, дүгнэлт нь үндэслэлтэй гэж үзэж байна. Яллагдагч нарын хэн алин нь хохирогч бөгөөд тэдний сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох нь энэ хэрэгт зайлшгүй шаардлагатай. Тиймээс гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

7. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзээд ямар нэг гомдол эсэргүүцэл бичээгүй. Гэхдээ ганц нэг зүйлийг тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Буцаасан захирамжийн 2 дугаар хэсэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар дурдсан. Гэхдээ энэ тохиолдолд анхан шатны шүүхээр жич нэхэмжлэх эрхтэй байгаа. ... Тиймээс захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч *******ийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

       ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх яллагдагч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Дорнод аймгийн Прокурорын газраас яллагдагч *******г Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Чадангууд төвийн гадна 2024 оны 06 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед согтуугаар хохирогч *******той таарамжгүй харилцааны улмаас маргалдаж гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, баруун хацарт шанааны зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны ар гадаргын зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, цээжний цус хуралт, баруун цавь, зүүн гуя, бүсэлхийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж,

мөн тухайн цаг хугацаанд согтуугаар хохирогч *******той маргалдах явцдаа хохирогч ийг гараас нь шувтарч цементэн дээр унагаасны улмаас эрүүл мэндэд нь зүүн өвдөгний урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, зүүн өвдөгний хоёр талын хажуугийн холбоосын суналт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн,

Яллагдагч *******ийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Чадангууд төвийн гадна 2024 оны 06 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед согтуугаар хохирогч *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь 11 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Анхан шатны шүүх, яллагдагч нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, “...хохирогч ийн биед учирсан гэмтлийн талаар дүгнэлт гаргасан шинжээчийн 2 удаагийн дүгнэлт эргэлзээтэй, мөн мөрдөгч, прокурор нь гэмт хэргийн үйл баримтыг нарийвчлан тогтоож дахин шинжээч томилон хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хуучин гэмтэл нь хэзээ учирсан, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэдгийг юу гэж ойлгох, хатуу гадаргуу дээр өвдөглөж унахад энэ гэмтэл учирч болох эсэх зэрэг асуултуудыг оновчтой тавьж, шинжээч дүгнэлт гаргасан тохиолдолд энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлуулах нь хэрэгт чухал ач холбогдолтой,

… Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу ...  хохирогч *******, ******* нарын ... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгон ирүүлэх шаардлагатай.” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

4. Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.5-д заасан нотлогдвол зохих үйл баримт буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээний талаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй юм.

4.1. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч ийн биед шинжилгээ хийсэн хоёр удаагийн дүгнэлтээр хэрэг учрал болсон 2024 оны 06 дугаар сарын 06-ны орой яллагдагч *******гийн хохирогч ийг гараас нь шувтарч цементэн дээр өвдгөөр нь унагаасан үйлдлийн улмаас  хохирогчийн биед учирсан гэмтэл нь нэг удаа татаж унагаасны улмаас учирч болох эсэх, анхны дүгнэлтэд дурдсан хуучин гэмтэл болон хоёрдугаар дүгнэлтэд дурдсан олон удаагийн үйлчлэлийн улмаас учирсан гэмтэл гэдгийг юу гэж ойлгох талаар асууж тодруулаагүй болох нь тогтоогдож байх ба дээрх нөхцөл байдлыг шинжээчээс дахин тодруулах нь хэрэгт  ач холбогдолтой гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

4.2. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т тус тус заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулсан.

Яллагдагч нар нь хэн алиныхаа эсрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч болсон бөгөөд тэдний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгон ирүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой гэж үзнэ.

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг нэхэмжлэх эсэх нь тухайн хохирогчийн эрх бөгөөд хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд “сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоож ирүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус зааснаас үзвэл гэмт хэргийн улмаас хохирогч ийн биед учирсан гэмтлийн талаар дахин шинжээч томилуулах, *******, ******* нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тус тус шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох  ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад заавал хийгдэх ажиллагаа юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул яллагдагч *******ийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан “... шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. ...” гэх  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Яллагдагч *******ийн өмгөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/199 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                       Ц.ЭРДЭНЭЗУУ

     ШҮҮГЧИД                                                                        С.ГАНЧИМЭГ                                                                                                                    Г.УРТНАСАН