| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/1010/Э |
| Дугаар | 1039 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 1039
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б, улсын яллагч /томилолтоор/ Б.Ч, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.С-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт Д.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806033261050 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Д.Б нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Х гар утас, 80.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Д.Х гаргасан өргөдөл /хх-н 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-7, 8/, эд зүйл хураан авсан тухай /хх-н 9/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 10/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Д.Х өгсөн мэдүүлэг /хх-н 13-14/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.М өгсөн мэдүүлэг /хх-н 15/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ч.Ц өгсөн мэдүүлэг /хх-н 17/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Д.Б өгсөн мэдүүлэг /хх-н 22/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас Д.Б нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Х гар утас, 80.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Б 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Хн гар утас, 80.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Х өгсөн: "...ирээд мөнгө төгрөг байна уу ална шүү гээд нэг залуу нь гараа далайгаад цохих гэхээр нь би айгаад хар өнгийн цүнхнээсээ утасны маркийг нь санахгүй байна, сайн сүлжээ барьдаг бандгар ногоон өнгийн гар утас 2016 онд 20.000 төгрөгөөр хувь хүнээс авсан, бэлнээр 80.000 төгрөг гаргаж өгсөн..." гэх мэдүүлэг /хх-н 14/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ч.Ц өгсөн: “...Ногоон хүрээтэй утас нь өвгөний цүнхэнд байсан түүнийг нь би авсан юм. Түрүүвчийг нь би мэдэхгүй өглөө намайг эрүүлжүүлэхээс гарахад цагдаа надад эд хүлээлгэж өгөхдөө хамт өгсөн. Утсыг нь согтуудаа цүнхнээс нь ухаад авчихсан юм. 20.000 төгрөгийг нь утастай нь аваад зугтаасан” гэх мэдүүлэг /хх-н 18/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Б өгсөн: “...Би 2018 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Нарантуул захын хойд талын улаан худаг дээр Цэдэнбал болон өөр хоёр хүний хамт байсан бөгөөд бид нар архи уусан. 20.000 төгрөг, марк тодорхойгүй ногоон өнгийн хятад утас зэргийг нь авсан бөгөөд 10000 төгрөгөөр дахиад 2 шил архи авсан. 10.000 төгрөгөөр бэлэн гоймон болон хоол хүнсний зүйл авсан. Тэгээд архиа уучихаад зугтаачихсан юм. Цэдэнбалыг би зүс харж байсан юм. Сайн танихгүй зүгээр л зугатаагаад Цэдэнбалын таньдаг айлд нь орсон тэгтэл нэг хүүхэн байсан бөгөөд хаалгаа түгж гэсэн бид хоёр ороод хаалгаа түгжсэн тэгтэл цагдаа ирээд хаалга тогшсон тэгээд бид эзэнгүй юм шиг суугаад байсан тэгээд цаг гаран болсны дараа дахиад тогшсон, тэр хооронд нь бид нар 2 шил архи болон авчирсан хоолоо идээд дуусч байсан. Тэгтэл дахиад хаалга тогшсон тэгтэл нөгөө хүүхэн хаалгаа онгойлгоод өгчихсөн юм. Тэгээд цагдаатай хамт нөгөө мөнгө утсаа алдсан өвгөн орж ирээд Батцэнгэл бид хоёрыг заагаад өгчихсөн юм.” гэх мэдүүлэг /хх-н 16/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.