| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 309/2025/0028/Э |
| Дугаар | 2025/ДШМ/22 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/22
*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Оюунцэцэг
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч аймгийн ерөнхий прокурор Н.Доржсүрэнгийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2521000000011 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд 1985 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2-р баг, “*******” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. Урьд:
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. /РД: *******/
2. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2 дугаар багийн нутаг “Эрээний бүрд” гэх газар Тоёота приус-20 маркийн ******* ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдсон байна.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1/нэг/ жилийн хугацаанд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5. Аймгийн ерөнхий прокурор Н.Доржсүрэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Шүүгдэгч ******* 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/308 дугаар шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулж, 2 700 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн.
Анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/42 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолд 2024/ШЦТ/308 дугаар шийтгэх тогтоолын үндсэн ялыг төлж барагдуулсан талаар дурдаж, нэмэгдэл ялын талаар огт дүгнэлт хийлгүйгээр тогтоох хэсэгт шийдвэрлээгүй байна. Мөн *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, эрх хасах ялын хугацааг хэдий үеэс тоолох талаар заагаагүй орхигдуулжээ.
... Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолд 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хэдий хугацаанаас тоолохыг тогтоож өгөөгүй нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хүндрэл үүсгэсэн, өмнөх 308 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр заагаагүй нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, шүүхийн шийдвэрийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэжээ.
6. Прокурор Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байгаа гэдгээ илэрхийлье. ... Эсэргүүцэл дээр нэг алдаа гаргасан байна. 42 дугаартай шийтгэх тогтоолоор ... шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна гэж шүүхийн шийдвэрт тусгагдаагүй асуудлыг бичсэн байгааг залруулж хэлье.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2 дугаар багийн нутаг “Эрээний бүрд” гэх газар Тоёота приус-20 маркийн ******* ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-21, 64/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-08/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-09/, гэрч *******ын мэдүүлэг /хх-13/, 2 700 000 төгрөгийн торгууль төлсөн баримт /хх-57/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
3. Анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг гэмт хэргийн шинжтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзлээ.
4. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн, дээрх хугацаанд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглон, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.
5. Хавтаст хэрэг авагдсан баримтаар шүүгдэгч ******* нь урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/308 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, мөн тэрээр торгох ялыг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр биелүүлсэн болох нь тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, … өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан ба уг заалтаар тодорхойлсон ял гэдэг ойлголтод эрх хасах нэмэгдэл ял мөн адил хамаарна.
Шүүгдэгч нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эдэлж дуусаагүй байхдаа буюу 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн байхад анхан шатны шүүхээс уг ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нэмэгдэл ялын хэмжээг тогтоож шийдвэрлээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж тус тус заасантай нийцээгүй байна.
6. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг … зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, ... хугацааг тоолно.” гэж заасан байхад 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тоолох хугацааг зааж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, ... дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр тус тус заажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан нэг төрлийн нэмэгдэл ялыг нэмж нэгтгээгүй, мөн нэмэгдэл ялыг тоолж эхлэх хугацааг шийтгэх тогтоолд орхигдуулж шийвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээс гадна шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна.
7. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 09 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нэмэгдэл ялын хэмжээг 2 жил 8 сар 09 хоногоор тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аймгийн ерөнхий прокурор Н.Доржсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 09 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нэмэгдэл ялыг 2 жил 8 сар 09 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 8 сар 09 хоногийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэсэн 3 дахь заалт нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5, 6, 7, 8 дахь заалтын дугаарлалтыг 4, 5, 6, 7, 8, 9 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ С.ГАНЧИМЭГ